| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2025/0005/э |
| Дугаар | 2025/ШЦТ/09 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004880455 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хэрээд овогт ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь “*******” маркийн мотоцикл ашиглан Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө иргэн 1 тооны адууг бэлчээр дээрээс бусдад худалдан борлуулж хохирогч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Хэрээд овогт ******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас “*******” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хохирогч 1 тооны адууг бэлчээр дээрээс хулгайлж, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үедээ надад мөнгөний хэрэг гараад бусдын адууг хулгайлж зарсан. Машин, мотоцикл хоёр миний эзэмшийн тээврийн хэрэгсэл. Харин мотоциклоо 2022 онд худалдаж авч байсан ба авснаас хойш тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулаагүй. ...Би хохирогч хохирлын төлбөр гэж 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2019 онд би өөрийн найз цаашдаа уях зорилгоор өмнө уралдаж байгаагүй хээр зүсмийн шүдлэн үрээг 500,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үеэс хойш унаж эдэлсэн болон уяж хурдлуулаагүй эмнэгээрээ хээр зүсмийн морь маань энэ жил 7 нас хүрсэн. Миний хээр зүсмийн морь маань адуунаасаа сарниад сумын төвийн урд “*******” гэх газар нутагладаг гэх ахын ухаа зүсмийн үрээтэй ижилсээд ахын адуугаар болон ойр орчмын айлуудын адууны захаар яваад байсан. 2024 оны 06 дугаар сарын сүүлээр миний тамгагүй хээр зүсмийн морь сураггүй алга болчихсон байсан. Хүмүүсээс сонсоход миний хээр морьтой хамт явдаг ахын ухаа зүсмийн үрээ адуундаа байгаа талаар мэдсэн. Нутгийн хүмүүсээс ажиг сураг тавихад 2024 оны 06 дугаар сарын 20-ны үеэр манай сумын харьяат надад хэлэхдээ чиний хээр зүсмийн морийг манай хөрш гэх хүн өглөө 04 цагийн орчим хөөгөөд явж байсан ба тухайн өдөр хашаандаа хашчихсан байсан талаар хэлсэн. ...Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. нь надад 3,000,000 төгрөгийг хохирол төлбөрт шилжүүлсэн. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. ...шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,
гэрч Ч.ын “...2024 оны 06 дугаар сарын 20-ны үеэр /өдрийг нь сайн санахгүй байна/ зуны дэлгэр цаг болохоор хонио хашилгүй хашааныхаа гадна талд хэвтүүлж хонуулсан. Манай хонь үүрийн гэгээ оронгуут бэлчээрт гарчихдаг юм. Ингээд би үүрийн 04 цагийн үед хонио харах гээд хойд талынхаа толгойд гарахад манай хөрш мотоциклтой адуугаа хурааж байсан. Энэ үедээ гэх залуугийн тамгагүй хээр зүсмийн морь болон ахын ухаа зүсмийн сартай Монгол бичгийн “Би” тамгатай шүдлэн үрээ зэргийг адуунаасаа тасдаад гэр рүүгээ хөөж байсан. Намайг машинтай руу дөхөж очих үед хөөж байсан 2 адуугаа үлдээчихээд над руу хүрч ирсэн. Би тухайн үед нь өөрийнхөө хонийг аас асуучихаад цааш хониндоо явсан. Түүнээс хойш өглөөний 10 цагийн орчим ы гэр рүү очиход эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан ба ахын ухаа зүсмийн шүдлэн үрээ болон ....... хээр зүсмийн морь зэргийг өөрийнхөө 4 орчим толгой үрээтэй хамт хашчихсан байсан. Тухайн үед нь би харчихаад яваад өгсөн. Би ыг хүний адуу хулгайлах гэж байна гэж бодоод түүнээс 2 хоногийн дараа манай сумын малын эмч гэх хүний эхнэр манай хөрш адууны гарал үүслийн бичиг авсан эсэх талаар утсаар тодруулахад “ гэх хүн 1 толгой адууны гарал үүслийн бичиг авсан” талаар надад хэлсэн. Түүнээс хойш манай авга ах нь ухаа үрээгээ олж авсан байсан. Харин 10 орчим хоногийн дараа хээр зүсмийн тамгагүй морио олохгүй байна гэхээр нь би “ авчихсан байх, хөөж аваачиж хашаандаа хашсан байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
гэрч “... нь манай махны бөөний төвд байнга л хонь, ямаа, адууны мах авчирч худалдан борлуулдаг. Хэзээ, хэзээ өгснийг нь мэдэхгүй байна. махаа борлуулчихаад мөнгөө эхнэрийнхээ дансаар авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн РЦ-24-359 тоот, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн РЦ-24-307 тоот дүгнэлтүүд /хх-ийн 26-34, 40-45/, мал эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 71/, прокурорын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 74-75/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-78/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон бусдын өмчлөлийн 1 тооны адууг мотоцикл ашиглан хулгайлж ашиг олох зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 1 тооны адууны үнэ буюу 2,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрт 3,000,000 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан тул шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, “*******” маркийн улсын дугааргүй мотоциклыг хураан авч улсын орлого болгож, тус мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрээд овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ы өмчлөлийн 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, “*******” маркийн улсын дугааргүй мотоциклыг хураан авч улсын орлого болгосугай.
5. Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА