Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/150

 

      2021           2              4                                             2021/ДШМ/0150                           

 

 

     Ч.Гт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ч.Болдбаатар

иргэний хариуцагчийн төлөөлөгч О.Хишигжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Д.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Гт холбогдох эрүүгийн 1739000710229 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Т овгийн Ч-ийн Г,

 

          Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

 

          Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 101 гэсэн тэмдэгт бүхий замд 69-89 УБН улсын дугаартай “Nissan Elgrand” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч О.Мөнхзул, Ц.Цогтбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Мөнхбат, Р.Мягмарсүрэн, С.Гүлсара, Т.Солонго нарын амь хохирсон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

             Тээврийн прокурорын газраас: Ч.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тэргүүн овгийн Чойдоржийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч О.Мөнхзул, Б.Цогтбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Мөнхбат, Р.Мягмарсүрэн, С.Гүлсара, Т.Солонго нарын амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Гийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон нийт 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гоос 11,540,000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч О.Хосбаярт олгож, хохирогч Т.Солонгын хууль ёсны төлөөлөгч Г.Уртбаяр, хохирогч Д.Мөнхбатын хууль ёсны төлөөлөгч Р.Дүгэрсүрэн нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Д.Мөнхтуяа нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирч байх тул шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч О.Мөнхзул, Б.Цогтбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Мөнхбат, Р.Мягмарсүрэн, С.Гүлсара, Т.Солонго нарын амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв ...” гэжээ.

 

Мөн прокурорын яллах дүгнэлтэд “... яллагдагч Ч.Г нь ... тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдсон ...” гэж дүгнэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...” бусдад гэм хор учруулсан байхаар хуульчилж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл гаргахыг шаардаж байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэн буруутгасан байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/14 дугаартай дүгнэлт, тээврийн цагдаагийн албаны 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 306 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт зөрчсөн гэж дүгнэлт хийсэн байна.

 

Тус хэргийг мөрдөн шалгах явцад Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар нийт 4 удаагийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд тэдгээрийн дүгнэлтүүдийн Ч.Гийг буруутгасан дээрх 2 дүгнэлтэд л зөвхөн үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Гэтэл Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх 2 дүгнэлтэд шүүхээс ямар дүгнэлт хийсэн талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй байна.

 

Эхний дүгнэлт болох Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 66 тоот дүгнэлтээр “жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт зөрчсөнийг дүгнэх боломжгүй” гэх,

 

Сүүлийн дүгнэлт болох Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13/14 дугаартай дүгнэлт 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “жолооч Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөнийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлтүүдийг бусад дүгнэлтүүдтэй харьцуулан үзэж, шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь заалт, мөн хуулийн 16.15 дугаар заалтыг зөрчсөн, хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлтийг харьцуулан шалгалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болох Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/14 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 131/14 дугаартай дүгнэлт 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүдийг ямар байдлаар харьцуулан үзэж, 12/14 гэсэн дүгнэлтийг нь үндэслэлтэй гэж яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан нь ойлгомжгүй байна.

 

            Дээрх хоёр дүгнэлтүүдийг нэг байгууллага буюу Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн шинжээчид гаргасан байх бөгөөд хамгийн сүүлийн дүгнэлт болох 13/14 тоот дүгнэлт нь 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сард хийгдсэн, шинжээчдийн бүрэлдэхүүнд шинжээчээр 10-21 жил ажиллаж байгаа доктор, профессор эрдмийн зэрэгтэй, туршлагатай хүмүүс ажиллан дүгнэлт гаргасан байтал уг дүгнэлтийг шүүхээс яаж үнэлсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байгаа нь шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт яллах талыг баримталсан гэж үзэж байна.

 

            Ч.Гийн зөрчсөн гэх Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтад “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан баримт материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр осол болох үеийн цаг агаар, замын нөхцөл байдлыг баталгаажуулан фото зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан байгаа юм.

 

            Өөрөөр хэлбэл, осол болох үед суурин газрын гаднах зам учир ямар нэгэн замын хөдөлгөөний эрчим буюу машины хөдөлгөөн байгаагүй, тээврийн хэрэгслийн онцлог байдал гэх зүйлгүй суудлын автомашинаар явж байсан, замын болон цаг агаарын нөхцөл байдал нь хатуу хучилттай, шулуун зам дээр осол гарсан бөгөөд цаг агаарын хувьд осол гарахад нөлөөлөх хүчин зүйлгүй байсан байна. Мөн хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан бөгөөд тухайн зам нь тэгш, шулуун, хатуу хучилттай учир үзэгдэх орчин хязгаарлах зүйлгүй нөхцөл байдалд уг осол гарсан байна.

 

            Ч.Гийг “хурд хэтрүүлсэн” гэдгийг тогтоосон шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн ямар нэгэн шинжээчийн дүгнэлт, нотлох баримт хэрэгт огт байхгүй байтал ямар үндэслэлээр дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж дүгнээд байгааг огт ойлгохгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг хуульчлан тогтоож өгсөн бөгөөд тус зүйлийн 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой юм.

 

            Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар хоорондоо зөрүүтэй 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч, хамгийн сүүлийн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “жолооч Ч.Гийн Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөнийг тогтоох боломжгүй байна” гэсэн байтал гэм буруутайд тооцон, хэргийг нэг мөр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 

            Уг эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/1831 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, Ч.Гийн тухайн үед худалдан авсан дугуйнууд нь чанар стандартын шаардлага хангасан эсэхийг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан юм.

 

            Болсон үйл явдлаас харахад осол гарахын урьд өдөр нь Ч.Г нь хөдөө явахын тулд машиныхаа аюулгүй байдлыг хангаж “Өгөөмөр” худалдааны төвөөс 4 ширхэг ижилхэн дугуйнуудаас хээ сайтай 2 дугуйг худалдан авч машиндаа тавьсан байна. Гэтэл осол болох үед уг худалдаж авсан 2 дугуй нь ямар нэгэн гадны үйлчлэлгүйгээр зам дээр явж байгаад гэнэт хагарч, хээнүүд нь салж унасан, троснууд нь ил гарсан байдалтай болсны улмаас, машины тэнцвэрт байдал алдагдсаны улмаас осол болсон талаар Г.Цэндсүрэн шинжээчийн дүгнэлтэд дурдсан байна. Мөн хэргийн газрын үзлэгээр осол гарах үед цаг агаарын болон замын нөхцөл байдал хэвийн үед дугуй хагарны улмаас осол болсон нь тогтоогдож байгаа юм.

 

            Дугуй хагарч, осол болсон нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх нь үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.

 

            Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчдийн зүгээс хүсэлт гарган Ч.Гийн худалдан авсан дугуйнууд нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа талаар хоёр ч удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан юм.

 

            2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4261 тоот дүгнэлт, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 49а гэсэн дүгнэлтүүдээр дугуйнууд нь MNS4598-2011 стандартын 5.14.3-т суудлын автомашины дугуй хээний гүн нь 1,6 мм-ээс багагүй байхыг шаарддаг бөгөөд шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь 5,3-7,4 мм хээний гүнтэй байх тул стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлтүүд гарсан.

 

            Дээрх дүгнэлтүүдээр дугуйны хээний гүнийг л хэмжсэн болохоос биш, дугуйны чанарын шаардлага хангаж байгаа талаар дүгнэлтэд огт дурдаагүй.

 

            Тийм учраас өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дугуйны чанарын шаардлага хангаж байгаа талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/1831 дугаартай шүүгчийн захирамжаар дугуйнуудыг чанарын шаардлага хангаж байгаа талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар прокурорт даалган, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.

 

            Гэтэл нэмэлт мөрдөн байцаалтаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийг шинжээчээр томилсон боловч “... тус сургууль нь автомашинд ашиглаж байгаа дугуйны чанар, стандартын шаардлага хангаж байгаа талаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй ...” гэсэн хариуг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2/190 тоот албан бичгээр ирүүлсэн байсан.

 

            Мөн дугуйны дүгнэлт гаргасан шинжээч Г.Цэндсүрэнгээс 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт “... чанарын стандарт хангаж байгааг нь стандартчиллын төв байгууллагаас баталсан стандартын дагуу хяналтын байгууллага болон шинжилгээний байгууллага тогтооно” гэж дугуйны чанарын талаар ямар байгууллага дүгнэлт гаргах боломжтой талаар мэдүүлсэн байтал прокурор нь шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгүйгээр, дугуйны чанарын шаардлага хангасан эсэхийг шинжээч томилж тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

 

            Автомашинд ашиглаж байгаа дугуйны чанар, стандартын шаардлага хангаж байгаа талаар хяналт тавих эрх бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын газар энэ талаар стандарт боловсруулж, хэрэгжүүлдэг “Стандарт, хэмжилзүйн газар” зэрэг байгууллагаас мөрдөгддөг стандарт, журам байдаг талаар асууж тодруулах, эдгээр байгууллагаар дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байтал энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт явуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хэргийн бодит байдлыг нотлохын тулд  мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

 

            Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “... Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна. ...” гэж заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн дугуйны хээ нь яагаад салж унасан, наалттай байдаг эсэх, эсвэл дугуйг хэвэнд цутгаж хийдэг эсэх талаар тодруулах бүрэн боломжтой байтал 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/1831 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг огт хийгээгүй байтал хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

 

            Дугуйнууд чанарын шаардлага хангасан эсэх, гэнэт хагарсны улмаас олон хүний амь нас хохироход хүрсэн зэрэг асуудал нь жолоочийн гэм буруутай үйлдлийг тогтооход ач холбогдолтой юм.

 

            Монгол улсад албан ёсоор импортлогдон орж ирж байгаа тээврийн хэрэгслийн “хуучин” дугуйнууд нь чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь ийм дугуй худалдан авч, зам тээврийн осолд орж байгаа асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

 

            Энэхүү гомдолд дурдсан асуудлаар шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм.

 

            Иймд дээр дурдсан тайлбар, гомдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдолд дурдсан эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах, тус шүүхийн 2019/ШЗ/1831 шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч О.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэрэг дээр иргэний хариуцагчаар Ж.Солонго татагдсан байгаа. Ж.Солонго нь иргэний хариуцагчийнхаа хувьд 4 хохирогчийнхоо хохирлыг бүгдийг барагдуулсан. Аль болох бүх хохирогч нарынхаа хохирлыг барагдуулсан. Харин хохирогч Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Хосбаяр нь бид нартай уулзахгүй “наад асуудлаа дараа бол” гээд байдаг. Бид “таны нэхэмжилсний дагуу хохирлыг чинь барагдуулах гээд байна” гэхээр “уулзахгүй” гээд байдаг. Бусад хохирлыг барагдуулсан байгаа. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн.” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр явна гэсэн заалтыг зөрчсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Уг хэрэг 4 жил гаруй хугацаанд шалгагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Уг осол жолоочийн буруутай үйлдэлтэй шалгаант холбоотой. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 101 гэсэн тэмдэгт бүхий замд 69-89 УБН улсын дугаартай “Nissan Elgrand” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч О.Мөнхзул, Ц.Цогтбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Д.Мөнхбат, Р.Мягмарсүрэн, С.Гүлсара, Т.Солонго нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч Д.Мөнхбатын хууль ёсны төлөөлөгч Р.Дүгэрсүрэнгийн “... би зам тээврийн ослыг хурд хэтрүүлснээс л боллоо гэж бодож байна. Тухайн үед талийгаач маань фэйсбүүк групийнхээ найзуудын хамт 4 автомашинтай Дорнод аймаг руу явж байсан юм шиг байгаа юм. Тэгээд талийгаачийн маань сууж явсан автомашины жолооч бусад 3 автомашинаасаа хоцорчихоод араас нь гүйцэх гэж хурд хэтрүүлэн хурдтай давхиж байгаад л зам тээврийн осол гаргачихсан юм шиг байгаа юм. Би хувьдаа ингэж бодож байна. Зам тээврийн ослын газрыг харахад талийгаач маань сууж явсан машинаасаа нилээн хол шидэгдсэн байсныг харахад уг автомашин нь маш их хурдтай явсан юм шиг байгаа юм. ..” /1хх 44-45/,

 

          хохирогч Р.Мягмарсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч О.Хосбаярын “... намайг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сум руу ажлаар явж байхад 13 цаг 10 минутад миний гар утас руу манай эхнэр Мягмарсүрэнгийн найз нь гэх эмэгтэй утсаар залгаж яриад Мягмарсүрэнг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг эмэгтэйгээс Мягмарсүрэнгийн биеийн байдлыг нь асууж тодруулахад уг эмэгтэй надад юу ч хэлэлгүй утсаа салгачихсан юм. ... Мягмарсүрэнгийн эгч нь над руу утсаар залгаж яриад Мягмарсүрэнг “зам тээврийн ослын улмаас нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд бид хамаатан саднаараа Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ирэхэд манай эхнэр Мягмарсүрэн нас барсан байсан. ... талийгаачийн маань сууж явсан автомашины жолооч хурд хэтрүүлэн давхиснаас л болж эхнэр маань нас барчихлаа гэж бодож байна. ...” /1хх 50-51/,

 

          хохирогч С.Гүлсарагийн хууль ёсны төлөөлөгч С.Бат-Эрдэнийн “... 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд манай эхнэрийн найз гэх эмэгтэй хүн надтай яриад манай эхнэр Гүлсараг автомашины осолд орсон тухай анх хэлсэн. ... 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ирэхэд манай эхнэр Гүлсара аль хэдийн нас барсан байсан. ... би талийгаачийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 5 цаг өнгөрч байхад Дүнжингарав худалдааны төв дээр хүргэж өгсөн бөгөөд уг газраас манай эхнэртэй хамт сайн дурын аянд явах хүмүүс нь машинтай хөдөлнө гэж байсан. ... би зам тээврийн ослыг хурд хэтрүүлснээс л болсон гэж бодож байна. Учир нь, талийгаачийн маань сууж явсан автомашин нь цуваанаасаа хоцорчихсон явж байсан бөгөөд тэгээд л цуваанд явж байсан машинуудынхаа араас очих гээд хурд хэтрүүлээд л осол гарчихлаа гэж бодож байна. ...” /1хх 57-58/,

 

          хохирогч Б.Цогтбаатарын “... 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Кофэнд дурлагсад” фэйсбүүк групийнхээ ах, эгч, найз нөхдийнхөө хамт Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвөөс Дорнод аймгийн Мэнэнгийн отряд руу дөрвөн автомашинтай сайн үйлсийн аян хийх ажлаар ар араасаа цувраад хөдөлцгөөсөн юм. Тухайн үед бид нар ойролцоогоор 06-07 цагийн хооронд Дорнод аймгийн Мэнэнгийн отряд руу хөдөлсөн бөгөөд миний хувьд Г ахын автомашины арын дунд талын суудлын дунд сууж явсан. Миний зүүн гар талд Гүлсара эгч, баруун гар талд Мөнхбат ах хоёр тус тус сууж явсан. Г ахын машины арын хойд талын суудлын дунд нь Ууганцэцэг сууж явсан бөгөөд Ууганцэцэгийн зүүн гар талд Солонго, баруун гар талд Мягмарсүрэн эгч тус тус сууж явсан. Харин Г ах өөрөө автомашинаа жолоодож явсан бөгөөд жолоочийн хажууд буюу урд талын суудал дээр Мөнхзул сууж явсан. Тэгээд бид нар ар араасаа цувраад дөрвөн автомашинтайгаа Дорнод аймгийн Мэнэнгийн отряд руу явцгаасан бөгөөд замдаа Г бид хэд машинаа түр зогсоож тамхи татаж зогсоод нөгөө гурван автомашиныхаа араас хөдөлсөн юм. Тэгээд бид хэд Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу бараг орох гээд явж байхад гэнэт Г ахын автомашины хойд хэсэгт “тар” гэсэн үү ямар ч гэсэн нэг чимээ гараад л машин маань онхолдчихсон юм шиг санагдаж байна. Би яг сайн тодорхой санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд би газарт шидэгдчихсэн хэвтэж байснаа санаж байна. Тухайн үед цагдаа, эмнэлгийнхэн ослын газарт ирчихсэн байсан. ...” /1хх 61-62/,

 

          хохирогч Д.Ууганцэцэгийн “... бид хэд дөрвөн машинтайгаа ар араасаа цувраад явцгаасан бөгөөд миний хувьд Г ахын автомашиных нь хамгийн хойд талын суудлын дунд нь сууж явсан бөгөөд миний зүүн гар талд Солонго, баруун гар талд Мягмарсүрэн эгч хоёр сууж явсан, харин автомашины дунд талын суудлын дунд нь Цогтбаатар, хоёр хажуу талд нь хоёр талийгаач болох Гүлсара, Мөнхбат нар сууж явсан бөгөөд Г ах өөрөө автомашинаа жолоодоод хажуу талд нь буюу урд талын суудалд Мөнхзул сууж явсан. Тэгээд Г ахын автомашинд Г ахаас гадна 7 хүн сууж явсан бөгөөд бид хэд нөгөө гурван автомашиныхаа араас нь цуваанд орцгоогоод явсан юм. Тэгээд замдаа түр зогсож зарим хүмүүс нь тамхи татчихаад эргээд хөдөлсөн юм. Тэгээд тэр газраасаа хөдлөөд нэг их хол явж амжаагүй байтал гэнэт дуу чимээ гараад автомашин маань онхолдох шиг болсон. Тэгээд би юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг сэрэхэд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын эмнэлэгт сэрсэн бөгөөд тэндээсээ шууд эмнэлгийн машинаар Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт ирсэн. ...” /1хх 65-67/,

 

          хохирогч О.Мөнхзулын “... явж байгаад бид хэд замдаа түр зогсож биеэ засан, тамхи татчихаад нөгөө гурван машиныхаа араас нь хөдөлсөн. Тэгээд надад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Жаргалтхаан гэсэн самбар харагдсан бөгөөд бид хэд цааш засмал замаар явж байсан чинь гэнэт нэг дуу чимээ гарах шиг болсон бөгөөд уг чимээг яг хаанаас гарсныг мэдээгүй, нэг мэдэхэд надад ногоон өнгө, зүлэг харагдаад автомашин дотор сууж байсан бид нар хашгирилдаад тэгээд яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай автомашины жолооч Г ах машинаас намайг татаж гаргаж байсан бөгөөд автомашин дотор сууж явсан бусад хүмүүс дээрээ очиж хараад тусалж байсан. Тэгээд би Гоос тухайн үедээ Гоос “юу болчихов оо” гэж асууж тодруулахад Г надад хандан “уначихлаа” л гэж хэлсэн. ... тухайн үед би утсаар яриад явж байсан учир автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсныг би хараагүй, би урд талын суудалд суудлын бүсээ зүүчихсэн, ард талын суудалд сууж байсан хүмүүс суудлын бүсээ зүүгээгүй явж байсан. ... Тухайн үед Г надад хэлэхдээ “Дорнод аймгийн Мэнэнгийн отряд орох гэж байна. Хоёр шинэ дугуй авлаа, мөн машинаа угаалгасан” гэж байсан. ...” /1хх 69-71/,

 

          гэрч Н.Ууганцэцэгийн “... Гүлсара гэх эмэгтэйн биеийн байдал маш хүнд, ухаангүй, артерийн даралт 70, 40, пульс 104 удаа, нүүр нь битүү зулгарч, хөхөрч хавагнасан, хуйх нь духны хэсгээс арагш бараг дагз хүртэл хууларч, гавлын яс ил гарсан байсан. мөн баруун хөлийн дунд чөмөг хугарч арьсаа цоолсон, баруун гар нь суга нь урдаасаа арагшаагаа хүртэл гүн зүсэгдсэн шархтай байсан. ... зэрэг эмчилгээнүүдийг хийж байхад Түвшинжаргал эмч эрүүл мэндийн төв дээр ирээд Гүлсара гэх эмэгтэйн биеийн байдлыг үзэж эхлэн эмчилгээнүүдийг үргэлжлүүлэн хийсэн боловч Гүлсара гэх эмэгтэйн биеийн байдал дээрдэхгүй ухаангүй байсаар байгаад нас барсан. ... Ууганцэцэг гэх эмэгтэйн биеийн байдлыг үзсэн бөгөөд тухайн үед уг эмэгтэйн биеийн байдал хүнд, ухаантай, асуусан асуултанд хариулна, орчны харьцаатай, амьсгал зүрх судас хэвийн, аарцаг яс орчмоор маш их эмзэглэлттэй байсан учир би уг эмэгтэйд өвчин намдаах эмчилгээ хийгээд байж байхад Түвшинжаргал эмч ирээд уг Ууганцэцэг гэх эмэгтэйн биеийн байдлыг үргэлжлүүлэн үзэж хянан эмчилгээнүүдийг эхэлсэн. ...” /1хх 73-74/,

 

          гэрч Ж.Амгаланбаярын “... Жаргалтхаан самбарын хойд талд байсан бөгөөд бид хэдийг уг ослын газарт анх очиход засмал замын баруун талд хар өнгийн 69-89 УБН улсын дугаартай автомашин нилээн хэд өнхөрсөн бололтой онхолдсон байсан бөгөөд уг автомашин дотор сууж явсан хүмүүсийн биеийн байдал нь хүнд байсан, тэгээд манай эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Түвшинжаргал нь ослын улмаас гэмтэж бэртэж ослын газарт байсан бүх хүмүүсийн биеийн байдлыг үзээд биеийн байдал нь хүнд байсан хоёр хүнийг яаралтай сумын эрүүл мэндийн төв дээр хүргэх хэрэгтэй юм байна гээд сувилагч Цэцэгжаргал бид хоёр уг биеийн байдал нь хүнд байсан хоёр хүнийг машиндаа суулгаад эрүүл мэндийн төв дээр авчран их эмч Ууганцэцэгт уг хоёр хүнийг хүлээлгэж өгөөд сувилагч Цэцэгжаргал бид хоёр буцаж ослын газар луу явсан. ...” /1хх 75-77/,

 

          гэрч Г.Цэцэгжаргалын “... онхолдсон машин дотор байсан 8 хүн сууж явсан байсан бөгөөд уг 8 хүнээс 2 хүн нь солын газар дээр бид хэдийг анх очиход л нас барсан байсан. Тэгээд уг ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг Түвшинжаргал эмч нэг бүрчлэн бүгдийг нь үзэж яаралтай эмнэлгийн түргэн хэрэгтэй, биеийн байдал нь хүнд байсан Ууганцэцэг, Гүлсара гэх хоёр эмэгтэйг яаралтай эрүүл мэндийн төв рүү хүргэж өг гэхээр нь жолооч бид хоёр эрүүл мэндийн төвийнхөө их эмч Ууганцэцэгт хүлээлгэж өгчихөөд буцаж ослын газар луу явж эрхлэгч их эмч Түвшинжаргал болон ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг машиндаа суулгаж эрүүл мэндийн төв дээрээ ирсэн. ... эрүүл мэндийн төв дээр биеийн байдал нь маш хүнд хүргэгдэн ирсэн Гүлсара гэх эмэгтэйн биеийн байдал нь огт дээрдэхгүй байсаар байгаад 11 цаг 20 минутад нас барсан. ...” /1хх 79-80/,

 

          гэрч Н.Түвшинжаргалын “... намайг хэргийн газарт анх очиход уг газарт хар өнгийн 69-89 УБН улсын дугаартай автомашин засмал замаас гарч засмал замынхаа баруун талд онхолдсон байсан бөгөөд уг автомашин дотор сууж явсан хүмүүс тал, тал тийшээ шидэгдэж, энд тэнд тарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би уг хүмүүсийн биед үзлэг хийж хамгийн хүн дгэсэн хоёр хүнийг эхний ээлжинд эрүүл мэндийн төвийн машиндаа суулгаж эрүүл мэндийн төв хүүгээ явуулсан. ... хэргийн газар дээр намайг анх очиход осолд өртсөн хүмүүсийн хоёр хүн нь газар дээрээ нас барсан байсан учир би уг хоёр хүнд үзлэгээ хийж дуусаад уг нас барсан хоёр хүнийг цагдаад хүлээлгэж өгөөд эрүүл мэндийн төв дээрээ ирэхэд манай машинаар анх эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн хоёр хүнд манай эрүүл мэндийн төвийн их эмч Ууганцэцэг нь анхны эмчилгээнүүдийг хийгээд эхэлчихсэн байсан бөгөөд би үргэлжлүүлэн уг хүмүүсийн биеийн байдлыг үзэж хамгийн хүнд байдалтай байсан Гүлсара гэх эмэгтэйн биеийн байдлын дахин үзэхэд Гүлсара гэх эмэгтэйн маш хүнд, ухаангүй байдалтай, хуйхнаасаа арагш дагз хүртэл гүн ярагдсан шархтай, нүүр хэсэг нилэнхүйдээ гүн зулгарсан, хөхрөлт, няцралттай, цээжний битүү гэмтэлтэй, олон хавирганы хугаралтай, баруун гарын суганы урд хэсгээс ард хэсэг хүртэл гүн зүсэгдэж язарсан шархтай, баруун хөлийн дунд чөмөгний ил хугаралтай, нуруу нь нилэнхүйдээ гүн зулгарсан шархтай байсан. ... эмчилгээнүүдийг хийж эхэлсэн боловч Гүлсарагийн биеийн байдал дээрдэхгүй байсаар байгаад 5 минут орчим болоод 11 цаг 20 минутад нас барсан. Тэгэхээр нь би дараагийн хүн болох Солонго гэх эмэгтэйн биеийн байдлыг дахин үзэхэд нугас, нурууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй, ухаан санаа орж гарсан, ерөнхийдөө ухаангүй байсан. ...Ууганцэцэг гэх эмэгтэйн биеийн байдлыг үнэлэхэд аарцаг ясны хугаралтай, доод мөч хөдөлгөөнгүй, мэдрэхүй алдагдаагүй байсан тул өвчин намдаах тариа хийж хөдөлгөөнгүй хэвтүүлсэн. ... дараагийн хүн болох Цогтбаатар гэх эрэгтэйн биеийн байдлыг үнэлэхэд зүүн талын дунд чөмөгний дээд хэсгээр хугаралтай, тархины оройн хэсэгт 6 см орчии гүн язарсан шархтай байсан тул өвчин намдаах тариа хийж толгойд нь 6 оёдол тавин хөдөлгөөнгүй хэвтүүлсэн. Мөнхзул гэх эмэгтэйн биеийн байдлыг үнэлэхэд зүүн талын мөр болон ташаа орчмоор хөндүүрлэсэн, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул өвчин намдаах тариа хийн хөдөлгөөний хориглож хэвтүүлсэн. Онхолдсон автомашины жолооч Г гэх эрэгтэйн биеийн байдлыг үнэлэхэд толгойн оройн хэсэгт 5-6 см орчим язарсан гүн шархтай, баруун талын чихний дээд хэсэгт өнгөц зүсэгдсэн шархтай, зүүн гарын тохойны ард хэсэгт 1 см гүн шархтай 1 оёдол тавигдсан, өөрийнх нь зовиур бол нуруу хэсгээр нь өвдөж байсан гэх бөгөөд бусад үзүүлэлтүүд хэвийн байсан тул Гт зөвлөгөө өгөн өвчин намдаах тариа хийсэн. ...” /1хх 82-83/,

 

          гэрч Э.Батбаярын ”... тэгээд уг ах надаас худалдаж авсан хоёр дугуйгаа авч яваад ойролцоох дугуй засвар дээр угсруулаад буцаж тойрч над дээр ирээд надад хандан “сая чамаас авсан дугуйнууд чинь тавган дээр хавираад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ахад “харин яагаад хавираад байгаа юм бол доо, уг нь хавирмааргүй юм” гэхэд уг ах надад “уг нь энэ хоёр дугуйны чинь хээ нь гайгүй юм” гэхээр нь би уг ахад хандан “таны урд нь тавьж байсан дугуйнуудын хээ нь муу байсан болохоор хавирахгүй байсан юм болов уу, хээ нь бага зэрэг муудаад ирвэл гайгүй болж магадгүй, эсхүл та дугуйнуудаа буцаах юм уу” гэхэд уг ах надад “нэг их зүйл хэлэлгүй, за за” гэж хэлээд яваад өгсөн бөгөөд буцаж над дээр ирж уулзаагүй. ...” /1хх 84-85/,

 

           гэрч Б.Амаржаргалын “... 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 6-7 цагийн үед Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвөөс Дорнод аймгийн Мэнэнгийн отряд руу нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлсөн юм. ... Тэгээд манай машин хамт явж байсан гурван автомашины хамгийн урд талд нь явсан бөгөөд манай машины араас нөгөө гурван машин маань явсан. Тэгээд манай цувааны машинууд нэг нэгнээсээ нилээн зайтай явцгаасан бөгөөд замдаа нэг түр зогсож бие засах нь засаж, тамхи татах нь татсан юм. Тэгээд манай машин түрүүлээд хөдлөөд яваад өгсөн бөгөөд манай машин засмал замаас гараад шороон зам руу орчихсон байхад Бурмаа над руу утсаар залгаж яриад Гийн жолоодож явсан автомашин нь онхолдсон талаар хэлсэн юм. ..” /1хх 91-92/,

 

          гэрч М.Энхнямын “... үзлэгийг хийхэд 69-89 УБН улсын дугаартай хар өнгийн Ниссан Элгранд загварын автомашины тоормосны мөр асфальтан зам дээр болон шороон зам дээр үргэлжлээд гарсан байсан. Уг машины зүүн талын дугуйны тоормосны мөр асфальтан зам дээр 28 метр асфальтан замаас гараад шороон хэсэг дээр 31 метр урт гарсан нийт 59 метр тоормосны мөртэй ба тоормосны мөр дуусаад онхолдоод цаашаа буюу ертөнцийн зүгээр зүүн урагшаа 5 удаа хөрвөөж зүүн талаараа харж машины хамар хэсэг нь хойд зүг рүү харсан байдалтай зогссон байсан. Анх машин тормосны мөрний эхлэлээс машин онхолдоод зогссон хүртэл нийт 97,5 метр байсан энэ хооронд машин онхолдоод нийтдээ 5 удаа хөрвөөгөөд зогссон. Онхолдоод зогссон машины хойд тэнхлэгээс зорчих хэсгийн баруун урд ирмэг хүртэл хэмжихэд 20,40 метр байсан. Харин анхны тоормосны мөрнөөс хамгийн захын буюу 6 гэсэн тоогоор тэмдэглэсэн эрэгтэй хүний цогцос хүртэл 146,54 метр байсан. ... Замын нөхцөл байдал нь налуу газар явж байгаад тэгширэх замын хэсэг дээр осол болсон. Зам ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, тухайн үед харагдах орчин чөлөөтэй зам халтиргаа, гулгаа байхгүй машин тэрэгний хөдөлгөөн бага, цаг агаар тогтуухан байсан. ...” /2хх 107/,

 

          шинжээч Г.Цэндсүрэнгийн “... тухайн зам тээврийн осолд Ниссан Элгранд загварын 69-89 УБН улсын дугаартай автомашины хойд тэнхлэгийн баруун зүүн талын дугуйнууд 10 жил ашиглагдсан, резиний хуучралт явагдсан, зориулалтын бус улиралд хэрэглэгдсэн, тээж яваа ачаа, замын гадаргууны байдал, үрэлтийн хүч, халалт тэлэлт, автомашины хурд зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж хойд дугуй буудаж хагарсан. Үүний дараа дугуй өнхрөх явцад хоёр дугуйны хээ бүрэн салж унасан байна. Хэргийн газрын бүдүүвч зургаас харахад анх замаас гарсан 1 дугаараас тэмдэглэсэн цэгээс авахуулаад автомашин өнхөрч, онхолдож, хажуулдаж зогсох хүртэл 104,1 метр байна. Автомашинаас цаашаа 49,04 метр газарт цогцос шидэгдсэн байна. Энэ нь маш их хэмжээний тойрог хүч буюу шидэх хүч их байгаа нь тухайн автомашин хөдөлгөөний явцад хурд ихтэй явсныг харуулж байна. Хэрвээ Ниссан Элгранд загварын 69-89 УБН улсын дугаартай автомашины жолооч хурд бага /80 км.цагаас бага хурдтай явсан бол учрах хохирол бага, онхолдох магадлал тэр хэмжээгээр буурна. ... Шинжилгээнд ирүүлсэн дугуйны хээний гүн стандарт шаардлага хангасан байна. ...” /3хх 41-42/, гэрч М.Буянжаргалын /1хх 93-94/, гэрч Д.Базаррагчаагийн /1хх 95-96/, гэрч Ч.Алтанбаганын /1хх 97-98/, гэрч Ч.Алтанцэцэгийн /1хх 99-100/, гэрч Б.Бурмаагийн /1хх 101-102/, гэрч Н.Ариунсанаагийн /1хх 103-104/, гэрч П.Ундрахгэрэлийн /1хх 105-106/, гэрч Б.Гантөгсийн /1хх 107-108/, гэрч Д.Мөнх-Одын /1хх 109-110/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Содгэрэлийн /1хх 232-234/, Г.Уртбаярын /2хх 116-118/, О.Хосбаяр /1хх 48-51/, Р.Дүгэрсүрэнгийн /1хх 42-45/, С.Бат-Эрдэнийн /1хх 57-58/, гэрч Д.Мөнгөнийн /2хх 109-110/, гэрч Ц.Алтанцэцэгийн /4хх 37-38/, шинжээч Г.Цэндсүрэнгийн /4хх 176-178/, шинжээч С.Мөнхдалайгийн /4хх 180-181/, гэрч Д.Төрмөнхийн /4хх 183-184/ мэдүүлгүүд,

 

          Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр /1хх 4-17, 3хх 39-40/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр /4хх 59-62/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 63-70/,

 

          Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 119 -126/, /1хх 134-137/, /1хх 141-144/, /1хх 154-156/, /1хх 158-161/, /1хх 172-177/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 46, 47 /1хх 116-117, 1хх 162-163/, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 48 /1хх 145-146/, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11422, 11423, 11424 /1хх 182, 188, 194/, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1810 /2хх 127-129/, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5917 /2хх 131-137/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4861 /2хх 141-159/, 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 10833 /3хх 22/, 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 4672 /4хх 106-107/ дугаартай дүгнэлтүүд,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 66 /2хх 118-120/, Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/14 /2хх 125-126/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 306 /4хх 77-78/, Техникийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13/14 /4хх 209-210/ дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч О.Мөнхзул, Ц.Цогтбаатар нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Д.Мөнхбат, Р.Мягмарсүрэн, С.Гүлсара, Т.Солонго нарын амь насыг хохироож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.

         

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Д.Мөнхтуяа нарын гаргасан “... Анхан шатны шүүх Ч.Гийг буруутгасан Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/14, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай хоёр дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хэрэгт авагдсан бусад хоорондоо зөрүүтэй дүгнэлтүүдийг харьцуулан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Мөн тээврийн хэрэгслийн дугуйны хээ салж унасан байдал нь дугуйны чанартай холбоотой эсэх, дугуйнууд чанарын шаардлага хангасан эсэх талаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.  Дугуй хагарч улмаар осол болсон нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

          Нэгдүгээрт, зөрүүтэй шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлсэн гэх гомдлын хувьд, Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/14 дугаартай дүгнэлтэд “... 69-89 УБН улсын дугаартай Ниссан Элгранд загварын автомашины жолооч Ч.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “... тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна 80 км.цагийн хурдаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна“ /2хх 125-126/ гэж, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай дүгнэлтэд“... Ниссан Элгранд загварын 69-89 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ч.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /4хх 77-78/ гэж, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаартай дүгнэлтэд “... жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт зөрчсөн үйлдэл байгаа талаар шууд дүгнэх учир дутагдалтай байна. ...” /2хх 118-120/ гэж, Техникийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 13/14 дугаартай дүгнэлтэд “... жолооч Ч.Гийг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөнийг тогтоох боломжгүй байна. ...” /4хх 209-210/ гэснээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан 66 болон 13/14 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь 12/14 болон 306 дугаартай дүгнэлтүүдийг үгүйсгэсэн дүгнэлт биш, өөрсдийн зүгээс дүгнэлт гаргах боломжгүй талаар гаргасан дүгнэлт байх бөгөөд хэрэгт авагдсан дээрх дүгнэлтүүдийг бие биенийгээ үгүйсгэсэн, хоорондоо зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

         

          Хоёрдугаарт,  дугуй хагарч улмаар осол болсон нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлын хувьд, Техникийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/14 дугаартай “... автомашины анхны хурд 96,8 км.цагийн хурдтай. ... Жолооч Ч.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасныг зөрчсөн байна. ” /2хх 125-126/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5917 дугаартай “... Хураан авсан гэх хоёр дугуй Ниссан Элгранд загварын автомашины хойд тэнхлэгт байсан хагарсан хоёр дугуйнууд нь ижил хийц, загвар, марктай дугуйнууд байна. ... Хагарсан хоёр дугуй болон хураан авсан хоёр дугуйнууд нь MNS4598-2011 стандартын 5.14.3-т заасан шаардлага хангана.” /2хх 131-137/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4861 дугаартай “... автомашины хойд тэнхлэгийн баруун, зүүн талын дугуйнууд хагарч буудсан ...” /2хх 141-159/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаартай “... Осол гарах үндсэн шалтгааныг автомашины хойд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнууд хагарч буудсанаас болсон гэж үзэх үндэслэлтэй ...” /2хх 118-120/, шинжээч Г.Цэндсүрэнгийн “... тухайн зам тээврийн осолд Ниссан Элгранд загварын 69-89 УБН улсын дугаартай автомашины хойд тэнхлэгийн баруун зүүн талын дугуйнууд 10 жил ашиглагдсан, резиний хуучралт явагдсан, зориулалтын бус улиралд хэрэглэгдсэн, тээж яваа ачаа, замын гадаргууны байдал, үрэлтийн хүч, халалт тэлэлт, автомашины хурд зэрэг олон хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж хойд дугуй буудаж хагарсан. Үүний дараа дугуй өнхрөх явцад хоёр дугуйны хээ бүрэн салж унасан байна. Хэргийн газрын бүдүүвч зургаас харахад анх замаас гарсан 1 дугаараас тэмдэглэсэн цэгээс авахуулаад автомашин өнхөрч, онхолдож, хажуулдаж зогсох хүртэл 104,1 метр байна. Автомашинаас цаашаа 49,04 метр газарт цогцос шидэгдсэн байна. Энэ нь маш их хэмжээний тойрог хүч буюу шидэх хүч их байгаа нь тухайн автомашин хөдөлгөөний явцад хурд ихтэй явсныг харуулж байна. Хэрвээ Ниссан Элгранд загварын 69-89 УБН улсын дугаартай автомашины жолооч хурд бага /80 км.цагаас бага хурдтай/ явсан бол учрах хохирол бага, онхолдох магадлал тэр хэмжээгээр буурна. ... Шинжилгээнд ирүүлсэн дугуйны хээний гүн стандарт шаардлага хангасан байна. ...” /3хх 41-42/ гэсэн мэдүүлэг зэрэг

баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

          Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Г нь автомашиндаа өвлийн зориулалттай дугуйг зуны улиралд хэрэглэсний улмаас хэт хурдтай явах үед дугуйнд үрэлтийн хүчний нөлөөгөөр халалт, тэлэлт үүсэн дугуй хагарч онхолдох үндсэн шалтгаан болсон байх тул уг осол нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

          Гуравдугаарт, тээврийн хэрэгслийн дугуйны хээ салж унасан байдал нь дугуйны чанартай холбоотой эсэх, дугуйнууд чанарын шаардлага хангасан эсэх талаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын хувьд, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-03/1446 тоот албан бичгээр “... автомашинд ашиглаж байгаа дугуйны чанар, стандартын шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэлт гаргах боломжгүй ...” /4хх 197/, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-4/587 тоот албан бичгээр “... автомашины дугуйнд сорилт, шинжилгээ хийх талаар дурдагдаагүй бөгөөд шинжилгээ хийх тоног төхөөрөмж байхгүй тул магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй ...” /4хх 199/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 06/1873 тоот албан бичгээр “... Монгол Улсад автотээврийн хэрэгслийн дугуйтай холбоотой олон стандарт байдаг боловч чанарын талаар заагаагүй байдаг тул дугуйн чанарыг тогтоох шинжилгээ хийх боломжгүй ...” /4хх 201/ гэсэн албан бичгүүд зэргээр дугуйнууд чанарын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй болох нь тогтоогдсон байх тул гомдлыг мөн хүлээн авах боломжгүй байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/811 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН         

ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                   Б.БАТЗОРИГ