Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

- шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

  • шүүгдэгч У.Ууганбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Удвалын Ууганбаярт холбогдох Эрүүгийн 201719000320 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг, 3В-р гудамж 3-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Удвалын Ууганбаяр /РД:НГ92111811/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.Ууганбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 1-р гудамжны зүүн талд 2017 оны 05-р сарын 13-ны өдөр 13 цагийн үед иргэн О.Бямбадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр О.Бямбадорж архи ууж, согтуурсан үедээ надаас архины мөнгө нэхэж бид хоёр маргасан. Би уурандаа барьж байсан пивоны шилээрээ түүнийг цохисон. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Цаашдаа гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй” гэв.

 

Хохирогч О.Бямбадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би 2017 оны 05 сарын 13-ны өдөр 5-р хорооны 1-р гудамжны зүүн үзүүрт байрлах дэлгүүрийн буланд найз нартайгаа согтуу зогосж байсан чинь Ууганбаяр машин замаар явж байхаар нь дуудсан чинь ирэхгүй яваад байсан болохоор нь араас нь очоод чамайг дуудаад байхад сонсохгүй байгаа юм уу гэсэн. Тэгээд би танидаг болохоор Уугнаа чи надаа 2,5 литрийн том пиво аваад өгчих гээд шилэн хүзүүн дээр нь дарсан чинь намайг дэгээдэж унагаах гэж байгаад бид хоёр хамт газар унасан тэгээд босч ирээд барьж явсан пивоны шилээрээ миний зүүн нүдэн тус газар цохиод авсан тэгээд би нүүрээ дараад газар суугаад байж байхад Маам ах ирээд Ууганбаярыг барьж аваад хашааны хажууд байлгаж байгаад цагдаа дуудсан цагдаа ирээд Ууганбаяр бид хоёрыг авч яваад намайг эмнэлэгт хүргэж өгөөд Ууганбаярыг цагдаа руу аваад яваад өгсөн. Намайг эмнэлэг дээр үлдээсэн тэгээд миний хөмсөг задарсан байсан тул хөмсгөнд оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

 

Гэрч Ч.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 05-р сарын 13 ны өдөр 13 цагийн үед 5-р хорооны 1-р гудамжны зүүн үзүүрт байрлах хүнсний дэлгүүрийн хажууд Бямбадорж Баяраа Гансүх Батсүх нар согтуу архи уугаад байж байхаар нь очоод хамт зогсож байсан засмал замаар нэг залуу нэг шилтэй пиво бариад явж байсан чинь Бямбадорж дуудаад байсан тэгсэн нөгөө залуу чихэндээ чихэвч зүүчихсэн сонсохгүй яваад байсан чинь Бямбадорж тэр залуу дээр очоод заамдаж аваад тэр залууг тонгорч унгаах гэж байгаад өөрөө газар унсан тэгсэн тэр залуу бас газар хамт унаад өгсөн тэгээд босч ирээд Ууганбаяр гэх залуу барьж явсан пивоны шилээ Бямбадоржлуу шидсэн тэгсэн нүдээ дараад газар суугаад өгсөн тэгэхээр нь би очоод шил шидсэн залууг барьж байлгаж байгаад Баяраа цагдаа дуудсан тэр хооронд Бямбадорж надаа хоёр шил архи аваад өгчих тэгээд чамд гомдолгүй яв гээд байсан тэгсэн Ууганбаяр гэх залуу надаа мөнгө байхгүй 1000 төгрөг байна. Ууганбаяр гэх залуу зүгээр явж байсан чинь Бямбадорж согтуу томорч очоод тийм зүйл болсон тэгээгүй бол Ууганбаяр гэх залуу зүгээр яваад өгөх байсан..” гэх мэдүүлэг /хх-12- тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №262 дүгээр дүгнэлтэнд

-   О.Бямбадоржийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-  Уг гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

- О.Бямбадоржийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-14-15 тал/,

 

- хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-2 тал/,

- яаралтай тусламжийн хуудас /хх-16-17 тал/,

- Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-31 тал/,

- Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-32-39 тал/,

 

  • шүүгдэгч У.Ууганбаярыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-24-25 тал/, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-28 тал/,
  • Шүүгдэгч У.Ууганбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30 тал/ зэргийг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч У.Ууганбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 1-р гудамжны зүүн талд 2017 оны 05-р сарын 13-ны өдөр 13 цагийн үед иргэн О.Бямбадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Бямбадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “Тэгээд би танидаг болохоор Уугнаа чи надаа 2,5 литрийн том пиво аваад өгчих гээд шилэн хүзүүн дээр нь дарсан чинь намайг дэгээдэж унагаах гэж байгаад бид хоёр хамт газар унасан тэгээд босч ирээд барьж явсан пивоны шилээрээ миний зүүн нүдэн тус газар цохиод авсан тэгээд би нүүрээ дараад газар суугаад байж байхад Маам ах ирээд Ууганбаярыг барьж аваад хашааны хажууд байлгаж байгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №262 дүгээр дүгнэлтэнд О.Бямбадоржийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, О.Бямбадоржийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт, гэрч Ч.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч У.Ууганбаярын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхийн шатанд хохирогч О.Бямбадорж нь шүүгдэгч У.Ууганбаяртай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч У.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Удвалын Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Бямбадорж нь шүүгдэгч У.Ууганбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул У.Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. У.Ууганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. У.Ууганбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж У.Ууганбаярт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА