Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 114/ШШ2022/0013

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *******

            Хариуцагч: *******

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгч *******

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

        Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах,******* нар

оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч  шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2017 оны 06 сард төсөл сонгон шалгаруулалтаар нийтийн орон сууцны зориулалттай 0.1 га газрыг, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг авсан. 2018 оны 04 сараас байгаль орчны газраар үнэлгээ хийлгэсэн. *******наас А даалгавар гаргуулах хүсэлт гаргаж 2019 оны нэгдүгээр сард А даалгавраа авсан. Газар дээрээ үйл ажиллагаа эхлэхийн тулд заавал инженерийн байгууллагуудаас зөвшөөрөл авч, зургаа хийлгэсний дараа, газрын албанаас барилга эхлүүлэх зөвшөөрөл авч  байж, хашаагаа татах нөхцөлтэй гэж *******ны мэргэжилтэн *******аас зөвлөгөө авсан. Үүний дагуу явж байтал 2019 оны сүүлээс 2020 он дуустал хөл хориотой байсан. 2021 оны 06 сард газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлэх гэж очсон. Энэ хугацаанд буюу 2020 онд Нинж бар ХХК-аар барилгын эскиз зургаа хийлгэсэн. “Ланд тест”  гэдэг компаниар геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулсан. 2021 оны 03 сард Ноёдын туурь ХХК-аар ажлын зургаа хийлгэж эхэлсэн. Ажлын зураг  хийлгэж байхад Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн шинэчилсэн гэрээ, гэрчилгээгээ авчир гэсэн. Иймээс 2021 оны 06 сарын 30-нд *******нд хүсэлт өгсөн. 2021 оны 06 сараас хойш гэрчилгээ солих боломжгүй, таны газар дээр  аудитын дүгнэлт гарсан учраас газрын гэрээ гэрчилгээ сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Миний хувьд барилгын ажлаа төлөвлөөд техникийн мэргэжлийн байгууллагуудаас  Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Холбооноос тус тус техникийн нөхцөлөө авсан. Дулаанаас техникийн нөхцөлөө авах гэхээр 24-р хорооллын ерөнхий төлөвлөгөө ирээгүй гэдэг хариу гарсан. Миний техникийн нөхцөлийн хурал дээр *******наас хоёр мэргэжилтэн суусан гэж байгаа. *******нд ерөнхий төлөвлөгөөг нь батлуулж авчир гэсэн нэг мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Дулаанаас надад дулаан холбох нөхцөл байхгүй байна гэсэн хариу өгсөн байгаа. 2018 оны сүүлээс миний бие доошоо цус алдаж, геморейгоор өвдөж, 2019 оны 02 дугаар сард хагалгаанд орсон. Хагалгаанд ороод, гам бариад явж байгаад, 2020 оны сүүлээс ээжийн минь бие муудаж 2021 онд хагалгаанд орсон. Давхар ээжийгээ асардаг. 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс төрийн байгууллагууд үйл ажиллагаа эрчимжсэн.

******* тухайн үед зөвхөн цонхоороо үйлчилгээ үзүүлж байсан. Ингээд газрын албаны ******* гэдэг мэргэжилтэнтэй уулзахад, 2017 оноос хойших газрын төлбөрт 643,000 төгрөгийг тушаагаад ир, 14 хоногийн дотор хуралдаад гэрчилгээг шинэчилж өгөх юм байна гэсэн хариуг өгсөн. Үүнээс хойш 2021 оны 10 сар хүртэл амаар асууж байгаад, албан бичгээр хандахад аудитын дүгнэлт гарсан учраас гэрээ, гэрчилгээг шинэчлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу *******ны дарга*******тай уулзахад аудитын дүгнэлт гарсан учраас миний мэдэх эрхийн асуудал биш,  Дархан- Уул аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Дархан-Уул аймгийн засаг даргад хандахад, газрын албанаас 2019 аудитын албан шаардлагад орсон гэсэн утгатай албан бичиг өгсөн. 24-р хороолол дээр барилга баръя гэхэд Дулаан дээр 24-р хорооллын Ерөнхий төлөвлөгөө байхгүй. Дулаанаас зөвлөхдөө 24-р хороололд баригдаж байгаа Хийморь гардены 4 блок баригдаж байгаа, энэ компани дулааны асуудлаа өөрийн хөрөнгөөр шийдэж байгаа, энэ дээр Хийморь гардентай зөвлөлдөж, эднийхээс дулаанаас татах боломжтой гэсэн хариу өгсөн.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022.06.07-ны өдрийн 01-А/161 тоот захирамжийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосныг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Маргаж байгаа гол үндэслэл бол дээрх хугацаанд зураг төсөл, бичиг цаасны ажил хийгдээд явсан. Хоёрдугаарт өнөөдрийг хүртэл газар дээрээ барилга бариагүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд өөрийнх нь биеийн байдал тодорхой хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан. Мөн нэхэмжлэгчийн төрсөн ээж нь хорт хавдартай байнгын асаргаанд байдаг гэдгийг холбогдох байгууллага тодорхойлсон. Эрүүл мэндийн болон ээжийгээ асардаг байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна. Мөн 2019 оноос хойш цар тахлын нөхцөл байдлын улмаас барилгын үйл ажиллагаа зогссон, мөн төрийн үйл ажиллагаа ч хязгаарлалттай нөхцөл байдалд явж байсан. Үүнтэй холбоотой техникийн нөхцөл батлуулах ажил удааширсан нөхцөл байдлууд байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулахгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэдэг агуулгаар дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх нь тодорхой баримтаар тогтоогдох боломжтой. Дараагийн нэг үндэслэл нь 24-р хорооллын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шаардаж Дархан дулааны сүлжээ компаниас техникийн нөхцөл гаргаж өгөөгүй.

*******аас үл шалтгаалсан төрийн байгууллага хоорондын ойлгомжгүй харилцаанаас мөн шалтгаалсан байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд орно гэж үзэж байна. Үзлэг хийгдэх үед ерөнхий төлөвлөгөө, дулааны шугам нь барилга барихад бэлэн байна уу гэхээр тухайн газар дээр өөрсдөө шугам сүлжээгээ татаж барих боломжтой гэсэн тайлбар хэлдэг. Хийморь гардений хэрэгжүүлж буй төсөл дээр шугам татаж буй зардлаас хуваалцах байдлаар дулааны шугамын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбарыг хэлж байгаа. Мөн барилгын ажлын болон эскиз зураг хийлгэсэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуулийн дагуу хийлгэсэн. 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн гэдэг нь харьцангуй урт хугацаа. Энэ хугацаанд төслийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэж болно. 2017 онд газрын авснаас хойш тодорхой хэмжээний ажлууд хийгдээд, зардал гаргаад, дунд эрүүл мэндийн шалтгаан болон Ковидын нөхцөл байдлын улмаас удааширч байгаа. Тухайн олгогдсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Дээрх хугацаанд бичиг цаасны ажил, зөвшөөрлийн асуудал хийгдээд явж байсан учраас энэхүү хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх дээр 2019 оны аудитын албан шаардлага гарсны дагуу үндсэн ажиллагаанууд хийгдээд явсан. Захирамж гарснаас хойших хугацаанд аудитын дүгнэлтийг хангуулах үүднээс сонсох ажиллагаа хийгдэж байсан. Ирүүлсэн хариу тайлбар нь шаардлага хангахгүй байсан. 2019.11.20-ны өдрийн 755 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхэд, үүний дагуу 2017 оны инженер геологийн дүгнэлт, 2018 оны эскиз зураг, байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт зэрэг баримтыг 2020 оны 01 сард ирүүлсэн байдаг. Тухайн газар дээр бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явагдаагүй гэж үзэж гэрээнд заасны дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг үндэслэж хүчингүй болгосон. 2021.06.30-ны өдөр газрын гэрээ, гэрчилгээ шинэчлүүлэх хүсэлт ирүүлсэн байдаг. Мэргэжилтэн Б.******* нь 2019 оны аудитын дүгнэлтийн дагуу газрын гэрээ, гэрчилгээ шинэчлэхэд газрын төлбөр төлөх шаардлагатай гэж төлбөр төлүүлсэн. Газрыг ашигласан эсэхээс үл хамаараад газрын төлбөр төлнө гэж газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д заасан байдаг. Сая шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад хүндэтгэн үзэх шалтгаан нь аудитын дүгнэлт гарахаас  өмнөх байдалд хамаарахгүй гэж үзэж байна. Тийм учраас засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Иргэн ******* нь төсөл сонгон шалгаруулалтаар анх газар авахдаа 12 давхар байшин барина гэж авсан. Төсөл сонгон шалгаруулалтын үед инженер шугам сүлжээний асуудлыг өөрөө хариуцан татна гэдгээ хүлээн зөвшөөрч авсан. Инженерийн шугам сүлжээгээр хангах боломжгүй гэдэг дээр төрийн байгууллага хоорондын ойлгомжгүй харилцаа үүсээгүй. ******* нь анх *******тай уулзах гэж ирэхдээ аудитын дүгнэлтийг анх удаа мэдэж байгаа талаараа хэлж байсан. 2019 онд ******* нь өөрийн биеэр сонсох ажиллагааны мэдэгдлийг ирж аваад гарын үсэг зурсан байдаг. Мөн үүний дагуу хариу тайлбараа ч ирүүлсэн байдаг.  ******* таны хувьд газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй хэдий ч та гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна, газрын хянан баталгааны дүгнэлт хийлгээгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй учраас газрын гэрээ, гэрчилгээг шинэчилж өгөх боломжгүй талаар хариуг цаг тухай бүрд нь өгөөд явсан. Тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, барилга баригдаагүй ашиглалтгүй, хоосон байгаа. 2017 онд “Лэнд тест” компаниар инженер геологийн судалгаа хийлгүүлсэн. 2018 онд “Нинж бар” ХХК-аар 10 давхар барилгын эскиз зураг хийлгэж, батлуулсан гэж тайлбарлах боловч, хувийн хэрэгт хадгалагдаж байгаа материалаас үзэхэд 2021 онд аймгийн ерөнхий архитектураар батлуулсан баримт байгаад байна. Энэ зөрүүтэй байгаа мэдээллийг засаж өгөхийг *******т манай мэргэжилтнүүд хэлсэн байгаа. Төрийн аудитын дүгнэлтээр 2 жил ба түүнээс дээш ашиглаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйл, 25 дугаар зүйлийг үндэслээд батлагдсан зураг төсөл, экспертийн дүгнэлтээ гаргуулаагүй гэсэн дүгнэлтээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, аудитын дүгнэлтийг биелүүлэх чиглэл ирсэн. Хэрэгт холбогдуулж барилгын эскиз зураг үзүүлдэг боловч, энэ зураг нь албан ёсны батлагдсан зураг биш байгаа юм гэжээ.

 

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

    Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх,ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/129 дугаар захирамжийн дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож 8 дугаар нэгж талбарт ялагч болж улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/269 дугаар захирамжаар иргэн *******т 1000 м.кв талбай бүхий газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосныг үндэслэн, газар эзэмших эрхийн 000662591 дугаартай гэрчилгээг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгож, мөн өдөр иргэнд газар эзэмшүүлэх 04501-2017/00536 дугаартай гэрээг байгуулсан байна.

          Хариуцагч ******* нь маргаж буй 01-А/161 дугаартай захирамжийг  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар иргэн *******ын Дархан сум, 10 дугаар баг, 24-р хороолол, Барилгачдын өргөн чөлөөний 5 дугаар гудамж 525 тоотод байрлах нийтийн орон сууцны зориулалттай, нэгж талбарын 4506102727 дугаартай 1000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6 дахь заалтад  ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй.” гэжээ.

         Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”

         Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно ” гэж тайлбарлажээ.

        Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардаж байна.

       Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 41/14, 40/13 дугаартай албан шаардлагад иргэн ******* нь газрыг гэрээнд заасны дагуу хоёроос дээш жил ашиглаагүй, хоёроос дээш жил газрын төлбөр төлөөгүй, иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад орсон байгаа хэдий ч хариуцагчаас дээрх захирамжийг гаргахдаа газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, хэргийн оролцогчид уг үндэслэлээр маргаагүй болно.

        Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь газар эзэмших эрхийг нийтийн орон сууцны зориулалтаар олж авсан байх боловч тухайн зориулалтаар газрыг ашигласан гэж үзэх үйл баримт шүүхээс хийсэн үзлэг болон талуудын тайлбараар тогтоогдсонгүй.

          Хэдийгээр нэхэмжлэгч нь 2017 оны 04 сарын 05-ний өдөр ТСШ-17/22 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр 19/01 дугаартай  Архитектур төлөвлөлтийн даалгавруудыг батлуулан авсан байх боловч бодит байдал дээр 9,12 давхар орон сууцны барилга баригдаж эхлээгүй болох нь нэхэмжлэгч,хариуцагч нарын “газар дээрээ барилга барьж эхлүүлээгүй юм чинь шүүхээс газар дээр үзлэг хийлгэх шаардлагагүй гэх” тайлбараар тогтоогдсон бөгөөд дэлхий нийтийг хамарсан хамарсан  Ковид-19 цар тахлаас өмнө төлөвлөсөн обьектоо барьж байгуулах боломжтой байсан байна гэж шүүх үзлээ.

         Нэхэмжлэгчийн “... дээрх хугацаанд зураг төсөл, бичиг цаасны ажил хийгдээд явж байсан, нэхэмжлэгч болон түүний ээжийн биеийн байдал тодорхой хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай, ээжийгээ асардаг байсан, цар тахлын улмаас техникийн нөхцөл батлуулах ажил удааширсан, дулааны сүлжээ компаниас техникийн нөхцөл гаргаж өгөөгүй” гэх үндэслэлүүд нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна. 

         Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2019 оны 07 сарын 17-ны өдөр дууссан байна.

         Нэхэмжлэгч ******* Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий 01-А/161 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж  буруутгасан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

         Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу маргаж буй 01-А/161 дугаар захирамжийн 2 дахь заалтаар гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон талаар иргэн *******т мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд маргасан байх тул хариуцагч сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулсан  байна.

          Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/161 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага

                ТОГТООХ нь

         1. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/161 дугаартай “ Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНЧИМЭГ