| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00975/И |
| Дугаар | 155/ШШ2021/01093 |
| Огноо | 2021-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2021/01093
| 2021 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2021/01093 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, Модоч овогт Нын Г -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр баг / түр оршин суух хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 58-08 тоот/-т оршин суух, Бэсүд овогт Дгийн Т (РС81031510)-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охиндоо оногдох хувьд 6.000.000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Д.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хауралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие Н.Г нь нөхөр Д.Ттэй танилцаж үерхэж байгаад 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин Т.У төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн байсан боловч бид хоёр 2010 оны 09 дүгээр сараас эхлэн үзэл бодол, зан байдлын хувьд таарахгүй, маргалдан хэрэлдэх болсон. Д.Тийн хувьд архи уух нь ихсэж, гар хүрдэг болсон. Сүүлдээ ажил дээр ирж дарамталж, доромжилж ажил хийх боломж бололцоогүй болгосон. Дээрх байдлууд нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, хүүхэд болон миний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байдал бий болсон тул 2019 оноос хойш одоог хүртэл бид тус тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, Охин Т.Уийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд байрлах 6x6 хэмжээтэй дүнзэн байшинтай хашаа, байшин байсан ба нөхөр Д.Т нь уг хашаа байшинг 2021 оны 5 дугаар сард 9.000.000 төгрөгөөр бусдад зарсан.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охиндоо 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
...Байшин доторх тавилгыг би авсан. Тиймд дээрх шаардлагаа 4.000.000 төгрөг болгон багасгаж байна.
...нөхөр Д.Тийн аав өвчтэй байдаг нь үнэн.Миний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тодорхой хувь буюу 3.000.000 төгрөгийг гаргуулна.Түүнээс илүүгээр багасгах боломжгүй гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын иргэн Дгийн Т би тус сумын иргэн Нын Гтай 2010 оноос хамт амьдарч эхэлсэн. Манай хүн хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгч хийдэг байсан ба бид хоёр энгийн сайхан амьдарч байсан. Бид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн. Н.Г одоо өөр хүнтэй амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин хамтран өмлөх дундын эд хөрөнгийн тухайд анх хашаа байхгүй дан байшинг 2.000.000 төгрөгөөр худалдан авч хашаа барьж байсан.Тэгэхдээ 1.500.000 төгрөгийг нь би өөрөө гаргаж Н.Гаас авах ёстой байсан 500.000 төгрөгөө авч нэмсэн юм. Биднийг салахад гэр доторх бүх тавилгыг Н.Г авч, надад байшин, хашаа үлдсэн.
Н.Г нь 2012 оноос эчнээгээр сургуульд 5 жил суралцаж, багш мэргэжилтэй болсон. Энэ хугацаанд би сургалтын төлбөр мөнгө бусад зүйлсээр туслаж төгсгөсөн.Мөн манай аав хүнд өвчтэй эмчилгээний зардал хэрэг болсон тул 2021 оны 5 сард уг хашаа байшингаа зарж, аавынхаа эмчилгээнд зарцуулсан. Иймд би дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй.
...1.000.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Д.Тэд холбогдуулан гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон охинд оногдох хувьд 6.000.000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0157268, № 370 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн гэрлэгчид нь 2019 оноос одоо хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байгаа болно.
Иймд шүүх нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Д.Т нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 03 дугаар сарын 09-ны өдөр охин Т.У төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр нээж олгосон №0367217, №37 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,... харилцан тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч Н.Г нь охин Т.Уийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Т зөвшөөрсөн, хүүхдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Н.Гы асрамжид охин Т.Уийг үлдээж, эцэг Д.Тээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн охин Т.Уийг эх Н.Гы асрамжид үлдээж байгаа нь эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Т, эх Н.Г нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 6.000.000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн хэмээн заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Г нь шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 6.000.000 (зургаан сая) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 3.000.000 (гурван сая) төгрөг гаргуулахаар багасгасан.
Хариуцагч Д.Т нь...дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 ( нэг сая) төгрөгийг зөвшөөрч байна...гэх тайлбар, мэдүүлэг өгсөн.
Нэхэмжлэгч Н.Г нь..бидэнд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд байрлах 6x6 хэмжээтэй дүнзэн байшинтай хашаа, байшин байсан ба хамтран өмчлөх дундын дээрх хөрөнгөөс тодорхой хувь буюу 3.000.000 төгрөгийг хариуцагч Д.Тээс гаргуулна...гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Иймд хариуцагчийн зөвшөөрч байгаа хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 2.000.000 ( хоёр сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Т.Уийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Т төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Т сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 28.550 төгрөг, нийт 154.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Модоч овогт Нын Г , Бэсүд овогт Дгийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Т.Уийг төрсөн эх Н.Гы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Т.Уийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Тээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.Т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Г нарт тус тус даалгасугай.
5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д зааснаар хариуцагч Д.Тээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гд олгож, үлдэх 2.000.000 / хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.487 /хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154.750 /нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ