Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00404

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 02 сары 06 өдөр

181/ШШ2020/00404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Саруул/РД:н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын сан/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Саруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Саруул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Саруул миний ажил хөдөлмөрийн гараа 2003 оноос Газар зүй Геоэкологийн хүрээлэнд Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн урт хугацааны экосистемийн төсөлд судлаачаар ажилд орсноор эхэлж үүнээс хойш АНУ-ын Азийн санд төслийн ажилтан, 2011 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Зохицуулах Алба зэрэгт тус тус мэргэжилтнээр ажилласан. Ингээд 2015 оноос одоогийн Байгаль орчин, уур амьсгалын сан/БОУАС/-д тусгай мэргэжилтнээр ажиллаж байгаад мөн оноос төслийн менежерээр үргэлжлүүлэн ажилласан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн сангийн захирлын 64 тоот тушаалаар намайг тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Намайг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан байх бөгөөд уг үндэслэлд ажил олгогч гэрээг цуцлах хоёр тохиолдлыг хуульчилсан байна. Үүний нэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл гэрээнд заасан зөрчил гаргасан гэх асуудал байна. Миний бие тус санд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж хариуцлага тооцогдож байсан удаа байхгүй тул ажил олгогч намайг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь харагдаж байна. Ингээд тушаалын нэг дэх заалтад дурдагдсан ажлын цагийн цахим бүртгэл хангалтгүй, БОУАС-ийн захирлын тушаал гараагүй байхад гадаад томилолтоор ажилласан, ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангалтгүй гэх үндэслэлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1-рт бичигдсэн Цахим бүртгэл хангалтгүй гэх үндэслэлийн тухайд тус сангийн Цахим бүртгэлийн систем тогтмол биш, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цагийн бүртгэлийг зөвхөн сангийн ажилтан, албан хаагчид хийнэ гэж заасан ба төслийн нэгжийн ажилчдын тухайд нэгдсэн байнга хуруугаа хийж бүртгүүлж байх тухай тодорхой зохицуулалт тусгагдаагүй, ойлгомжгүй байдаг.

Ийм учраас би хуруугаа уншуулдаггүй байсан. Гэвч би ажил үүргээ тасалж сангийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж байсан тохиолдол нэг ч удаа байхгүй бөгөөд харин ч тогтмол илүү цагаар, шөнө орой сууж ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Энэ ч утгаараа надаас хөдөлмөрийн дотоод журмын 5.7-д зааснаар цалингийн хасалт хийж байсан тохиолдол байхгүй болно. Үүнээс гадна манай сангийн журам тодорхойгүй байдаг тул сангийн бусад ажилчид ч цагийн бүртгэлийн системийг ашиглаж хуруугаа байнга уншуулан өдөр тутмын хэвшмэл зүйл болгоогүй байдаг атал зөвхөн надад энэ үндэслэлээр арга хэмжээ авч ажлаас халж байгаад гомдолтой байна. 2-рт сангийн захирлын тушаал гараагуй байхад гадаад томилолтоор ажиллаж, ажил тасалсан гэх үндэслэлийн тухайд би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06-ны өдөр БНСУ-д зохион байгуулагдсан Хотуудын бага нүүрстөрөгч бүхий хөгжлийн 2 дугаар форум-д оролцсон.

Манай сангийн журмын 9.1-д зааснаар гадаад томилолтоор ажиллахад сангийн захирлын тушаалын төслийг баталгаажуулахаар заасан. Уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор миний бие тушаалын төслийг боловсруулж 08 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 28 минутад Бичиг хэргийн ажилтанд хүргүүлсэн. Үүнийг бичиг хэргийн ажилтанд хүргүүлэх болсон шалтгаан нь тухайн үед сангийн Захирал 08-р сарын 26-30-ны өдрүүдэд бүтэн ажлын 5 өдөр ажилдаа ирээгүй, биечлэн уулзах боломжгүй байсан учраас бичиг хэргийн ажилтан Б.Баярбат санд төвлөрсөн бичгүүдийг захирлын байгаа газар нь аваачиж зуруулна гэсэн тул өгч явуулсан.

Ингээд би тушаалын төсөл нэгэнт хүргэгдсэн, олон улсын хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгэгдсэн байсан тул тушаал гарна гэж ойлгоод хуралд оролцоод ирсэн болно. Иймд би тушаал гарах өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан байхад ийнхүү уг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хурал нь миний хариуцсан ажлын чиглэлээрх олон улсын хурал байснаас гадна Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй чухал арга хэмжээ байсан тул манайх байнгын хамтын ажиллагаатай байдгын хувьд оролцохгүй өнгөрч болохгүй арга хэмжээ байсан болно. 3-рт намайг өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангалтгүй гэж дурдсан байна. Энэхүү үндэслэлийг миний бие огт ойлгохгүй байна. Хэзээ, ямар үүрэг даалгавар өгөгдөөд биелэгдээгүй вэ гэдэг нь огт тодорхойгүй байна.

Харин ч миний бие ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн ажил үүргээ тогтмол, ягшилт биелүүлж ажилласаар өдийг хүрсэн бөгөөд өөрийнхөө ажилд хувийн ашиг сонирхлоор хандаж байсан удаа байхгүй. Улмаар сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, тасалдалгүй байлгах зорилгоор байнга ачаалал авч олон цагаар сууж ажиллдаг байсан ба үүний үр дүнд нийт 8 төслийг шинээр боловсруулан олон улсын байгууллагуудад хүргүүлж, нийт 11 сая орчим ам.долларын төслийн санхүүжилтийг татан төвлөрүүлж хэрэгжүүлж ажилласан байна. Гэтэл намайг ажлаа хийдэггүй мэтээр үзэж ажлаас чөлөөлж байгаад би гомдолтой байна.

Мөн би тус санд төслийн менежерийн ажлын байрнаас гадна уур амьсгалын санхүүжилт, тэр дундаа Уур амьсгалын ногоон сан гэх олон улсын байгууллагын үндэсний эрх бүхий байгууллагын зохицуулагчийн ажил үүргийг давхар гүйцэтгэж байсан. Энэ ажил нь ажлын ачаалал асар ихтэй, үйл ажиллагааны цар хүрээ нь Монгол Улсын байгаль орчны салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа ажил бөгөөд би эдгээр бүгд ажлыг өөрийнхөө сэтгэл зүрхийг зориулан гүйцэтгэж байсан. Иймд ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж байгаа болно. гэв.

 

Нэхэмжлэгч Д.Саруулын өмгөөлөгч Б.Анхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасан ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлийг Д.Саруул гаргасан. Үүнээс үндэслэж ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан. Үүнд, 1. Сануулах, 2. Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 3. Ажлаас халах. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан. Хөдөлмөрийн дотоод журамд хурууны хээгээ бүртгүүлэхээр заасан байдаг. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа, хурууны хээгээ бүртгүүлээгүй тохиолдолд цалин хасах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Энэ бүхнийг хариуцагч тал өөрийнхөө үзэмжээр шийдвэрлэх ёстой. Д.Саруул нь 2019 оны 04 дүгээр сараас хойш нэг ч удаа хурууныхаа хээг бүртгүүлээгүй. Тэгэхээр ажлаа хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмаар хурууны хээгээ бүртгүүлээгүй бол ажлаас халах талаар нарийн заагаагүй гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн гэрээг ажилтаны ажлыг хийлгэх гэж байгуулж байгаа. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, ажлаа хийхгүй байсан учраас Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзсэн.

Мөн ажилтан даргын тушаал гараагүй байхад гадаад улс руу томилолтоор явсан. Бичгийн хэргийн ажилтан 2018 оны 10 дугаар сараас эхэлж ажиллаж байгаа. Энэ хүнийг ажилд орсноос хойш хэн ч тушаал гараагүй байхад урьдчилж гадаад улс руу яваагүй. гэв.

 

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сан шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Долгорсүрэн овогтой Саруулын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Д.Саруулыг дараах шалтгаануудын улмаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

1. Д.Саруул нь 2015 оны 03 сарын 22-ны өдрийн Байгаль хамгаалах сангийн /хуучнаар/ захирлын 05 тоот тушаалаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төслийн зохицуулалт, хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээ, үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ буюу НАМА, экологи дамжуулалтын асуудал хариуцсан туснай мэргэжилтээр томилон ажиллуулсан.

2. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төсөл нь дууссаж, санхүүжилт зогссон Хөдөлмөрийн гэрээг сунгаж, ажилуулах боломжгүй болсон учир ажлаас чөлөөллөх тушаал гаргасан.

3. Байгаль орчин, уур амьсгалын сан болон сангийн дэргэдэх хэрэгжиж буй төслүүлийн ажилтанууд бүгд цахим хурууны бүртгэлд бүртгүүлдэг. Уг бүртгэлд үндэслэн цалинг тооцдог. Гэтэл Д.Саруулын хурууны бүртгэл 2019 оны 4 дүгээр сараас хойш огт байхгүй байна. Сангийн хуруу бүртгэлийн машин 2019 оны 4 дүгээр сард системийн алдаанаас болж эвдэрсэн ч цаг тухайд нь холбогдох байгууллагаар засварлуулан хэвийн ажилуулсан. Гэтэл Д.Саруул нь бүртгэлээ дахиж хийлгээгүй байна.

4. Д.Саруул нь Олон улсын хурал зөвлөгөөнд Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирлын гадаадад томилолтоор ажиллах тушаал эцэслэн гараагүй байхад томилолтоор явсан нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.1 заасан Гадаад болон дотоод томилолтоор ажиллуулах ажилтны талаар Сангийн захиралд урьдчилан танилцуулж санал авсаны дараа Сайдын болон Сангийн захирлын тушаалын төслийг боловсруулан баталгаажуулна заалтыг зөрчсөн болно. Мөн хоёр өөр хүний хоёр өөр улсруу гадаадад томилолтоор ажиллах тушаалыг нэг тушаал дээр гаргасан байсан учир тус тусад нь тушаалын төсөл боловсруул хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл Д.Саруул нь гадаадад томилолотоор явсан байсан. Мөн ажлаас халагдах тушаал гарсны дараа ч гэсэн гадагшаа явсан байсан.

Мөн 2019 оны 08 сарын 26-30-ны өдрүүдэд ажилдаа ирж байсан. Эдгээр өдрүүдэд БОУАСангаас гарсан санхүүгийн гүйлгээ, БОУАСангийн захирлын тушаалаар батлагдана.

5. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төслийн ажилчдын төсвийн зохицуулалт, зарцуулалтыг зөв хийгээгүйгээс болж төслийн ажилчдын нэг сарын нийгмийн даатгалын асуудал үүссэн байгаа. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төсөл дуусаж, санхүүжилт нь дууссан ч гэсэн төслийн ажилчдын цалинг өөр эх үүсвэрээс шийдэх боломжтой эсэхийг холбогдох хүмүүстэй нь холбогдож судлах танилцуулах хугацаатай үүрэг өгсөн боловч эргэж танилцуулаагүй.

2019 оны 09 сарын 13-ны өдөр Д.Саруулыг өөрөөндөө дуудаж БОУАСангийн бичиг хэргийн ажилтныг байлцууллан цаашид хамтран ажиллах боломжгүй талаар Д.Саруулд урьдчилан хэлж танилцуулсан болно.

Гадаад улс руу томилолтоор ажиллах тушаалтай холбоотой тайлбар хийе. Байгаль орчин, уур амьсгалын сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-т Гадаад болон дотоод руу томилолтоор ажиллахдаа сангийн захиралд урьдчилан танилцуулж, санал авсаны дараа сайдын болон сангийн захирлын тушаалын төслийг боловсруулан баталгаажуулж авна гэж заасан байдаг. Д.Саруул нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэйл хаягаар явуулсан. Бичиг хэрэг хөтлөлтийн журмаар албан ёсны албан бичиг гэж тооцохгүй. Өөрөө цаас нь дээр төслөө боловсруулж, гарын үсэг зураад, дараа нь захиралд танилцуулах ёстой байсан. Д.Саруул хэлэхдээ, тухайн үед захирал ажилдаа ирдэггүй байсан гэж хэлдэг. Захирал ажилдаа ирдэг байсан. гэв.

 

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангийн өмгөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан 3 зөрчил Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарна. Дангаараа байсан ч ажлаас халах үр дагаврыг бий болгоно. 2019 оны 03 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн тэрхүү төслийг урагшлуулаад хийх боломж Д.Саруулд байсан. Энэ ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй, 03 дугаар сар хүртэл хойшилсон шүү гэж нэхэмжлэгч Д.Саруул хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал н.Ганбаатарт танилцуулж, хэлсэн байдаг. 2019 оны 03 дугаар сараас хойш нэгжийн ажилчид цалин аваагүй гэж гэрч хэлсэн. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Төсөл байхгүй учраас санхүүжилт байхгүй байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн асуудлыг манай байгууллага хариуцах боломжгүй. Ажилд эгүүлэн томилох асуудал шинэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Д.Саруул анх 3 дугаар тайлан илтгэл боловсруулах төслийн менежерийн ажилд томилогдсон байдаг. Тэгэхээр хариуцагч үндэслэлтэй шийдвэр гаргаж ажлаас халжээ. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Саруул хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 14 236 750/арван дөрвөн сая хоёр зуун гучин зургаан мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сан нь Ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан 3 зөрчил Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид Уур амьсгалын өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлэх нэгжийн менежерээр ажилладаг болох нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 8 Хөдөлмөрийн гэрээний болон № А0201104 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч ажлын цагийн цахим бүртгэл хангалтгүй, захирлын тушаал гараагүй байхад гадаад томилолтоор ажилласан, ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэх үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.4ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

Хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/41 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5-ын 5.7-д Ажилтнууд ажлын цагийн ирцийг цахим бүртгэлд бүртгүүлнэ. гэжээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 5-ын 5.7-д заасныг хэрэгжүүлж цаг бүртгэлийн төхөөрөмж ажиллуулдаг болох нь зохигчийн тайлбар болон гэрч Б.Тэгшжаргалын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сараас хойш ажлын цагийн ирцийг цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй талаар маргахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2Ажилтан нь ... хөдөлмөрийн ... гэрээ, хөдөлмөрийн дотоод журам ... нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 5-ын 5.7-д заасан ажлын цагийн ирцийг бүртгүүлэх заалтыг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Ажлын цагийн ирцийг цахим бүртгэлд бүртгүүлээгүй зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахгүй болох нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 8 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 9-ийн 9.1-т Гадаад болон дотоод томилолтоор ажиллуулах ажилтны талаар Сангийн захиралд урьдчилан танилцуулж ... Сангийн захирлын тушаалын төслийг боловсруулан баталгаажуулна. гэжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн цахим шуудангаас хариуцагчийн ажилтан Б.Баярбатад 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллах тухай тушаалын төслийг илгээсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад ажилласан байх боловч Хөдөлмөрийн дотоод журмын 9-ийн 9.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн захирал нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр илгээсэн тушаалыг баталгаажуулаагүй болох нь нэхэмжлэлд дурдсан ... тушаал гарна гэж ойлгоод хуралд оролцоод ирсэн ... гэх тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн захирал гадаад улсад томилолтоор ажиллуулах тушаалын төслийг баталгаажуулаагүй байхад гадаад улсад ажилласан, ажил тасалсан зөрчил гаргасан байх боловч тус зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаардаг болох нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 8 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан № 8 Хөдөлмөрийн гэрээг үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэх үндэслэлээр цуцалсан байх боловч цаг хугацааны хувьд хэзээ өгсөн, ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба уг үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2 дахь заалтад зааснаар зохигчид № 8 Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан болох нь № 8 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ажлаа гүйцэтгэж байсан байх ба нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байх тул № 8 Хөдөлмөрийн гэрээг сунгагдсан байсан гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж маргаж байх боловч зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 8 гэрээг Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийг удирдлага болгон байгуулсан байх ба зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь № 8 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар зохигчид № 8 Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь № 8 Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 8 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно., 128 дугаар зүйлийн 128.1Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 2 448 727/2496000+2354182+2496000=7346182, 7346182:3=2448727/ /хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун хорин долоо/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 111 305/2448727:22=111305/ /нэг зуун арван нэгэн мянга гурван зуун тав/ төгрөг болох нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 8 Хөдөлмөрийн гэрээний болон № А0201104 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 15/арван тав/ хоног, 4/дөрөв/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 11 464 483/15х111305=1669575, 4x2448727=9794908, 1669575+9794908=11464483/ /арван нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2 772 267/14236750-11464483=2772267/ /хоёр сая долоон зуун далан хоёр мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Саруулыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 11 464 483/арван нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Саруулд олгож, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, үлдсэн 2 772 267/хоёр сая долоон зуун далан хоёр мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Саруулыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 11 464 483/арван нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Саруулд олгож, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, үлдсэн 2 772 267/хоёр сая долоон зуун далан хоёр мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Саруулын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 198 381 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ