2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч М.Ариунцэцэг /томилолтоор/

          Шүүгдэгч Ц.Б**********, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-ийн **********-д холбогдох эрүүгийн “2406 05490 2441” дүгээр 1 хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ********** тоотод оршин суудаг, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 20** оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан , мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 20** оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,

********** овогт **********-ын ********** /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********** нь 2024 оны 7 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ********** тоот хашаанд байрлах хохирогч **********-ын эзэмшлийн төмөр чингэлгийн цоожийг эвдлэн орж, тэгш бус 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, лантуу 1 ширхэг, хөөс 75 ширхэг, цилкон 16 ширхэг, модон хаалганы нугас, цоожны иж бүрдэл 6 ширхэг, паркетан шал 18 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.573.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар тал/, хохирогч **********-ын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/, гэрч **********-ийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, гэрч **********-ын мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Балхүүгийн 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 02/562 дугаар дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БЗДЗ-24-698 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар тал/, шүүгдэгч **********-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ********** нь 2024 оны 7 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ********** тоот хашаанд байрлах хохирогч **********-ын эзэмшлийн төмөр чингэлгийн цоожийг эвдлэн орж, тэгш бус 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, лантуу 1 ширхэг, хөөс 75 ширхэг, цилкон 16 ширхэг, модон хаалганы нугас, цоожны иж бүрдэл 6 ширхэг, паркетан шал 18 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.573.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **********-ын өгсөн: “Манайх Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг хашаатай бөгөөд 2 давхар байшин барьж байгаа. Уг хашааны зүүн талд байрлах бор өнгийн контейнер барилгын материалын болон барилгын багаж эд зүйлээ хийгээд цоожилж Хан-Уулд байрлах гэр рүүгээ яваад 6 хоногийн дараа ирэхэд уг контейнерт хадгалсан паркет шал, дугуйны данхраад, хаалганы ком, нугас, цоож 6 хос, цохилттой дрилл, барилгын лазер пүүз, викторникс загварын хутга, портер машины түлхүүр зэрэг зүйл хулгайд алдагдсан байдаг. Манай хашаанд 1 айл түрээсээр байсан бөгөөд тэр айлын залуу манай контейнероос ********** гэх манай хашааны хойд талд байдаг залуу ирээд “би 40 хувийг нь эзэмшдэг юм” гэж хэлээд хаалгыг нь эвдэж орж уг контейнероос эд зүйл түрдэг тэргэн дээр ачаад явсан гэж хэлсэн.

Би тухайн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ********** тоот хашаанд 2024 оны 3 дугаар сараас хойш байшин барьж байгаа юм тэгээд би БНХАУ-с авчирсан барилгын материалуудаа уг тоот хашаандаа байр төмөр чингэлэгт хадгалдаг байсан ба тухайн чингэлгээс цоожийг эвдэн хулгайч орж 16 тусгалтай лакер /тэгш хэмжигч/, түрдэг хөрөө, гар дрилл, гринерь /тасдагч/, 50 метр уртасгагч, төмөр лантуу зэрэг багаж мөн шахдаг хөөс 5 хайрцаг /хайрцагтаа 15 ширхэгтэй/, цилкон 16 ширхэг, модон хаалганы цоож, нугас 6 ширхэг, паркетан шал 18 хайрцаг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би дээрх багажуудыг 16 тусгалтай лазер /тэгш хэмжигч/-г шинээр 150.000 төгрөгөөр түрдэг хөрөөс БНСУ-с худалдан авч байсан 75.000 төгрөг, гар дрилл 80.000 төгрөг, гринерь /тасдагч/-г 80.000 төгрөг, 50 метр уртасгагчийг 150.000 төгрөгөөр, төмөр лантуу 35.000 төгрөгөөр худалдан авч байсан мөн шахдаг хөөс 5 хайрцаг /хайрцагтаа 15 ширхэг/-г нийт 600.000 төгрөг, цилкон /16 ширхэг/-г 96.000 төгрөг, модон хаалганы цоож, нугас 6 ширхэг нэг бүрийн үнэ 40.000, паркет нь шал 18 хайрцаг 1.620.000 төгрөгөөр үнэлж байна. ********** бол манай арын хашааны залуу, би өөрийн чингэлэг, барьж байгаа барилга, хашаандаа нэвтрэн орох зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********-ийн өгсөн: “Би **********-ийг олон жилийн өмнөөс мэднэ ээ манай гэрийн ойролцоо байдаг бид бага байхаасаа тэнд амьдардаг байсан учраас сайн танина. Би өөрийн хашаандаа хувийн 1 давхар байшин барьж байгаа юм. Гэтэл 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “хайрцагтай цилкон аваач зарах гэсэн юм” гэхээр нь би 45.000 төгрөгөөр ********** тоот дансанд шилжүүлэн худалдан авсан. 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ********** “18 хайрцаг паркет нь шал худалдан аваач, манай барилга дээр ажилладаг ах, эгч нар маань надад өгсөн юм” гэж хэлсэн тул би нэг бүрийг нь 25.000 төгрөгөөр нийт 450.000 төгрөг **********-ий өгсөн Хаан банкны ********** тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн юм. Би **********-ийг надад ямар нэгэн хулгайн эд зүйл зарсан гэж мэдээгүй. Би ********** надад чамд би 2 шуудай хар замаск бэлэг болгон өгсөн.” гэх  мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********-ын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ********** тоотод 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр анх нүүж ирсэн ба тухайн хашаанд би 1 сарын 80.000 төгрөгийн түрээс өгч түр оршин сууж байгаа. Манай хашааны эзэн ********** гэх хүн байдаг юм. Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Нэг орой 19 цагийн орчим бороо орж байхад гадаа чингэлэг нь дотор байсан ба тухайн хүмүүс “та нар юун хүмүүс вэ? ********** хаана байна” гэж асуухад тэр залуу надад хэлэхдээ “манай гэрт согтуу унтаж байгаа ********** бид хоёр энэ барьж байгаа байшинг нийлж барьж байгаа юм. Би өөрийнхөө барилгын материалыг авч байна” гэж хэлсэн. Тэгээд би **********-оос асуух зорилгоор ********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул за энэ эзэд нь юм байх гэж бодоод тэр залуучуудын үгэнд итгээд гэртээ орсон. Маргааш өглөө нь мөн нөгөө хоёр залуу усны тэрэг нь дээр 9 хайрцагтай юм ачаад гарахыг нь харсан. Яг юу байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай хашааны эзэн **********-ын чингэлгээс нь хайрцагтай юм усны тэрэг нь дээр ачаад гарч байсан залуу мөн байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Балхүүгийн 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 02/562 дугаар дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №БЗДЗ-24-698 дугаар: “тэгш бус 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, лантуу 1 ширхэг, хөөс 75 ширхэг, цилкон 16 ширхэг, модон хаалганы нугас, цоожны иж бүрдэл 6 ширхэг, паркет шал 18 ширхэг нийт 2.573.600 төгрөгөөр үнэлсэн.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-47 дугаар тал/,

шүүгдэгч **********-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **********-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч ********** нь 2024 оны 7 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ********** тоот хашаанд байрлах хохирогч **********-ын эзэмшлийн төмөр чингэлгийн цоожийг эвдлэн орж, тэгш бус 1 ширхэг, хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, лантуу 1 ширхэг, хөөс 75 ширхэг, цилкон 16 ширхэг, модон хаалганы нугас, цоожны иж бүрдэл 6 ширхэг, паркетан шал 18 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.573.600 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрснийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** нь 2.573.600 төгрөг /”Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/ нэхэмжилсэн байх тул шүүгдэгч **********-ээс 2.573.600 төгрөгийг гаргуулж хохирогч **********-д олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч **********-ий гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч **********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч **********-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, , шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь энэ хэрэгтээ 2025 оны 01 дүгээр сарын 21-ний эхлэн 20 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********** овогт **********-ын **********-ийг “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар **********-ий цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож нийт эдлэх түүний биечлэн ялын хугацааг 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********-д оногдуулсан 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч **********-ээс 2.573.600 төгрөгийг гаргуулж хохирогч **********-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч **********-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС