Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2019/01191

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар баг, 17 дугаар байрны 4-61 тоотод оршин суух, Модон овогт Т.Б/РФ…............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 20 дугаар байрны 2-19 тоотод оршин суух, Чинос овогт Г.А /ЖИ…............../-т холбогдох

Гэм хорын хохирол 1.930.820 /нэг сая есөн зуун гучин мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2019/01155/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч Г.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Бнь 4 настай хүү Ж.Тхамтаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар цэцэрлэгийн урд замд Т.Сай маркын 68-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж биедээ гэмтэл авсан юм. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр миний болон хүүгийн маань биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч хүү болон миний бие байнгын өвдөөд байсан тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж холбогдох зардлууд гарсан юм. Тодруулбал миний бие Т.Бхүү Ж.Тхамтаар авто осолд орж тархи толгой байнгын өвдсөнөөс болж Улаанбаатар хот руу 13 маягтаар яаралтай явсан боловч очёр, дарааллаас шалтгаалан хувийн Сонгдо,, эмнэлэгт үзүүлэн оношоо тодруулахад хүү бид 2-ын хэн алиныг тархины доргилттой гэж онош тогтоогдож эм бичиж өгсөн. Ингээд хүүгийн хамт буцаж Хөвсгөл аймагтаа ирээд миний бие Хөвсгөл аймгийн Ренчинжугнай эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 35.000 төгрөгөөр нийт 7 хоног 245.000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн. Хүү Т2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Энх-Үрс,, хүүхдийн хувийн эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээний төлбөрт 120.000 төгрөг төлсөн. Би эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэснээс шалтгаалан 2019 оны 09, 10 дугаар саруудад нийтдээ 21 хоног ажиллаагүйгээс цалингийн зээлээ ч төлж чадаагүй юм. Миний нэг өдрийн цалин 39.900 төгрөг ба нийт 21 өдрийн цалин 837.900 төгрөг болж байна. Би зээлээ төлж чадаагүй тул Төрийн банкинд хүсэлт гарган эдийн засагчтайгаа тохирон 2019 оны 11 дүгээр сард төлөх зээлийг хойшлуулан, зээлийн хүүг бууруулан 2019 оны 12 дугаар сард төлөхөөр тохирсон.

Иймд миний бие болон хүү Ж.Тавто осолд орсноос болж эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан мөн миний ажилгүй байсан хугацааны, Улаанбаатар хот руу явсан, ирсэн замын зардал мөн Улаанбаатар хотод таксинд зарцуулсан зардал нийтдээ 1.930.820 төгрөгийг авто осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Агаргуулан авах нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Т.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хүүгийнхээ эрүүл мэнд болон өөрийн эрхийг хангах үүднээс өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хэрэг гараад бүтэн 3 сар өнгөрсөн байна. Хэрэг гарсан тухайн өдөр хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэхэд цаг эрт байсан. Тэгээд хүү маань машинаас тоглоомоо авмаар байна гэж хэлсэн. Тэр өдөр миний машиныг найз минь унаад явчихсан байсан учир хүү бид хоёр такси барих гээд зогсож байтал приус маркийн авто машин зогссон. Ингээд машинд суух гэтэл араас хүчтэй тас хийх чимээ гаргасан. Тэгээд би таксинд суух гэж байгаад унаад эргээд хартал миний хүү мөргөсөн машины дугуйн дор дээшээ хараад хэвтчихсэн байдалтай байсан. Яг энэ байдлыг хараад би шоконд орсон. Үүнээсээ болоод би өмдөндөө шээс алдсан. Нэг мэдсэн баахан хүмүүс биднийг тойроод зогсчихсон, хүүг минь нэг хүн тэврээд зогсчихсон, хүү минь уйлаад байсан. Тэгээд хүүгээ тэврээд саатуулаад байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирээд бид хоёрын биеийн байдлыг гайгүй юу гэж асуусан. Гэтэл хажуу талаас нэг эмээ хүүхдийн чинь толгойн дээр хавдар үүсчихсэн байна гэж хэлсэн. Хүүгийнхээ толгойг барьж үзтэл нэлээд том хавдар үүсчихсэн байсан учраас 103-т дуудлага өгсөн. Ингээд эмнэлгийн хүмүүс ирээд хүү бид хоёрыг аваад явсан. Эмнэлэг дээр очоод хүүгийнхээ толгойн зургийг авахуулах гээд үдийн цайны цаг хүртэл эмнэлэг дээр хүлээсэн. Энэ хугацаанд манай найз ирээд миний шээстэй өмдийг солиод аваад явсан. Үүнээс хойших хугацаанд хүү минь гэмтлийн гаралтайгаар зөөлөн эдийн гэмтэл авсан байна гэх онош гарсан ба 9 хоногийн дараа хүүд минь гэмтлийн шинж тэмдэг илэрч, идсэн уусан бүх зүйлээ шингээхгүй гүйлгэдэг, дараа өдөр нь бөөлждөг гэх мэт шинж тэмдгүүд илэрсэн. Энэ шинж тэмдэг нь тархины хурц доргилтоос болж үүсдэг юм билээ. Ингээд хүүхдийн минь бие өвдөөд байсан учир эх хүний хувьд ажилдаа явах боломжгүй болж, миний бие хүүгээ асарч сувилахаас өөр аргагүй болсон. Тухайн үед хүүг минь үзсэн мэс заслын эмч давтан үзүүлээрэй гэсэн учир хүү бид хоёр мэс заслын эмч дээр дахин очиж үзүүлэхэд тархины зөөлөн эдийн гэмтэл нь дотроо тархины судасны гэмтэл гэх зүйл зөндөө тохиолддог учир хот явж MRI аппаратанд ор гэж хэлсэн. Ингээд хамгийн ойрын бололцоотой хурдан үзүүлэхээр эмнэлгийг судлахад Эрдэнэт хотын Медиа пас гэх нэртэй эмнэлэг MRI хийдэг гэсэн учир Эрдэнэт хот руу явж Медиапас эмнэлэгт очиж үзүүлэхэд манай эмнэлэг 4 настай хүүхэд авахгүй. Учир нь 4 настай хүүхдийг унтуулж MRI аппаратнд оруулдаг учраас дараа нь эрсдэл өндөр гардаг. Иймээс 4 настай хүүхэд үзэхгүй, улсынхаа эмнэлгээр явж үзүүл гэж хэлсэн учраас хүү бид хоёр Эрдэнэт хотоосоо Улаанбаатар хот руу явж үзүүлсэн. Ингээд гэмтэл согогын эмнэлэгт үзүүлэхэд тархины эдийн гэмтэлтэй байгаа учир онош тодруулах шаардлагатай гээд 13А маягт бичиж өгсөн. Үүний дагуу үзүүлэх гэтэл энэ эмнэлэгт үзүүлэхийн тулд 1 сар хүлээх шаардлагатай, сарын очер дараалал үүссэн байсан. Ингээд хүү бид хоёрт ажлаа алдан байж 1 сар хүлээх ямар ч боломж бололцоо байгаагүй учир Сонгдо эмнэлэгт таньдаг эмчээрээ дамжуулж тархины нарийн мэргэжлийн эмчид өөрийгөө болон хүүхдээ үзүүлсэн. Тэгэхэд хүүхдийн минь толгойн хэсэгт хавдсан зүйлийг оношилж гаргадаггүй юм билээ. Харин яг хүүхдийн минь толгойд хавдсан зүйлийг оношилж гаргах зүйл нь имраа юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Мөн Сонгдо эмнэлэг миний хүүг үзээд 6 нас хүртэл нь MRI аппаратанд оруулж болохгүй гэж хэлсэн. Учир нь олон удаа дараалж компьютер оношилгоонд орсноор хүүхдийн таван цул эрхтнийг хордуулах эрсдэлтэй байдаг учир эмчийнхээ заавраар эмчилгээгээ хийлгээд, хүүхдийнхээ хөдөлгөөнийг сайн барьж, хүүхдээ 6 нас хүртэл нь сайн хар. Үүний дараа компьютер оношилгоонд ор гэж хэлсэн. Ингээд хүү бид хоёр буцаад ирсэн. Хэрвээ энэ хүн хариуцлагатай жолоогоо бариад явсан бол миний хүү эрсдэлд орж, энэ хүн болон би өнөөдөр ингээд зогсохгүй байх байсан. Миний хүүхэд одоо 4 настай бөгөөд тухайн үед толгойдоо бэртэл авсан сорви нь одоо хүртэл байдаг. Энэ сорвитой хэсэг газарт нь үс ургадаггүй, халцарсан, хавдсан домбойсон хэсэг нь одоог хүртэл ширгээгүй байгаа юм. Үүнийг харуулсан зураг нь хүртэл надад байгаа. Мөн миний хувьд тухайн үед гэмтэл авсан байсан. Учир нь намайг таксинд суух гээд зүүн хөлөө өргөтөл араас мөргөсөн учир бүдүүн гуя хэсэгт хөхрөлт үүсч, 2-3 хоногийн дараа миний даралт өөрчлөгдөж ихсэх болсон. Тэгээд би 3 хоногийн дараа эмч дээр очиж гуяны хөхрөлт болон даралтаа үзүүлсэн. Энэ хүн миний амьдрал болон хүүхэд бид хоёрын эрүүл мэндэд халдчихаад өнөөдрийг хүртэл би энэ хүнээс уучлаарай гэдэг үгийг сонсоогүй явна. Би энэ хүнтэй бэртэл гэмтэл авснаасаа хойших хугацаанд 2 удаа холбогдож үзсэн. Би хүний мууг үзэх гэж өнөөдөр энэ шүүх хурлын танхимд суугаагүй. Мөн сэтгэл санааны хохирол гэж энэ хүнээс нэхэмжлээгүй. Харин өнөөдрийг хүртэл гарсан бодит хохирлоо нэхэмжилсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох нотлох баримтуудаа ч мөн адил шүүхэд гаргаж өгсөн. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй, цалингийнхаа зээлийг төлж чадахгүйд хүрээд өөрийн болон хүүхдийнхээ эмнэлгийн магадлагааг банкинд үзүүлэн байж цалингийнхаа зээлийг 1 сарын хугацаатайгаар хойшлуулах хүсэлт тавьж хойшлуулсан. Хүү бид хоёрт тухайн үед тархины бүхий л гэмтэл тогтоогдсон байсан. Тархиндаа гэмтэл авснаас хойших хугацаанд миний баруун гар өргөгдөхөө байж ажиллагаагүй болсон учир би мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад би гарынхаа хөдөлгөөнийг сэргээлгэхийн тулд уламжлалын эмчилгээ хийлгэх шаардлагатай болж зүү эмчилгээг уламжлалын эмнэлгээр хийлгэсний үр дүнд миний баруун гар буцаад сэргэсэн. Тухайн үед энэ хүн урдах машиныхаа бензинийг асгартал, гупрыг нь хагартал мөргөсөн байсан. Би энэ хүнээс үл хайхрах, үл тоох гэх зүйлийг мэдэрсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Цаашид хүү бид хоёрт зардал гарахгүй байхыг үгүйсгэхгүй юм. Мөн осолд орсон өдрөө шүүхийн шинжилгээний алба дээр очиж шинжилгээ хийлгэдэг гэдгийг би мэдээгүй байсан учир Улаанбаатар хот явж ирснийхээ дараа буюу 20 гаруй хоногийн дараа шинжилгээний албанд хандсан. Хэрвээ осол гардаг өдрөө би шүүхийн шинжилгээний албанд хандсан бол өөр дүгнэлт гарах ёстой байсан байх гэж бодож байна. ...Хариуцагч Г.А-схохиролд нийт 1.930.820 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1769.200 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Үүнд: Миний Рэнчинжугнай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 245.000 төгрөг, хүү Ж.ТЭнх-Үрс хүүхдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний төлбөр 120.000 төгрөг, 2019 оны 09, 10 сард ажилгүй байсан 17 хоногийн цалин болох 676.280 төгрөг, Мөрөнгөөс Улаанбаатар хотруу явсан зардал 129.000 төгрөг, Улаанбаатараас Мөрөнд ирсэн замын зардал 78.700 төгрөг, Улаанбаатаар хотод такси үйлчилгээнд зарцуулсан 33.000 төгрөг, Эрдэнэт хотын эмнэлэгт эход харуулсны төлбөрт төлсөн 70.000 төгрөг, бариа засал хийлгэсний төлбөрт төлсөн 20.000 төгрөг, уламжлалын эмчилгээний төлбөрт төлсөн 250.000 төгрөг, эмчилгээний төлбөрт төлсөн 45.000 төгрөг, эм тариа худалдан авсан төлбөрт төлсөн 102.220 төгрөг, нийт 1.769.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Ашүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс намайг эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж үзэж эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны зардал, Улаанбаатар хот явсан унааны зардал зэрэгт нийт 1.930.820 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй байх тул Г.Аби нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 68-80 УНБ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашинаараа хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж байгаад Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр 8-р цэцэрлэгийн урд зам тээврийн осол гаргасан. Осол гаргах үед хүүхэд гэмтсэн байх гэж бодож аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж тархины зураг авахуулахад ямар нэгэн гэмтэлгүй байна гэсэн хариу гарсан. Тэгэхэд хүүгийн ээж аймгийн эмч нарт итгэхгүй байна шүүх эмнэлэгт үзүүлнэ гэсэн. Ингээд ослын хэргийг шалгах явцад гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч болон түүний хүүд гэмтэл тогтоогдоогүй. Дээр дурдсанаар шинжээчийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдоогүй тул намайг урдаа явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэлд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ....Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байгаа нь нэхэмлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж байна. Иймд нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлийг би ойлгож байна. Гэхдээ надад энэ хүнийг үл хайхрах болон үл хүндэтгэсэн зүйл байхгүй. Тухайн өдөр би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд явж байтал хажуу талаас машин шахаад ороод ирсэн. Энэ машинаас холдох гэж байгаад урдаа зогсож байсан приус маркын авто машиныг мөргөсөн. Тухайн үед урдаа яваа машиныг мөргөхөд тас хийх чимээ гараад тоормос гишгээд зогссон. Тэгтэл нэг эмэгтэй орилж, хашхираад элдэв хэл амаар хараагаад машины хаалга, үүд өшиглөөд байсан. Тухайн үед би гайхаад шоконд ороод хүүхэд мөргөөгүй байгаа гэж айж байсан. Тэгээд машинаас буутал хүүхэд мөргөөгүй. Харин урд талын машиныг мөргөхөд доргилтод нь хүүхэд толгойгоороо замын хажуу талын боржуур мөргөж унасан байсан. Мөргүүлсэн гэх приусын жолооч тухайн үед таксинд явж байгаагүй. Харин үсээ засуулах гээд үсчин хайгаад явж байтал хүн машины хаалга татахаар нь гэнэт тоормос гишгээд зогссон гэж хэлсэн. Энэ үед мөн цагдаа ирээд осол болсон газар хэмжилт хийсэн. Тэгээд хүүхдийн толгой хавдчихсан байсан учир 103-т дуудлага өгсөн. Эмч ирээд хүүхдийг эхтэй нь хамт аваад явахад нь би араас нь эмнэлэг рүү яваад очсон. Эмнэлэг дээр очоод эх, хүү хоёртой уулзаад хүүхдийг томографикт оруулж зургийг нь авахуулсан. Маргааш нь мөн би эмчтэй нь уулзахад ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Би өөрөө цэргийн хүн учраас хилийн застав руу явах, баяр наадам дөхчихсөн байсан учир харуулд гарах гэх мэт ажил ихтэй байсан. Гэхдээ би эх, хүү хоёрын биеийн байдлыг асуух гэж утсаар залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд Баасандалай өөрөө над руу 1 удаа залгахад нь би ажил ихтэй байсан учир ажилтай, завгүй байна гэдгээ хэлсэн. Сүүлдээ над руу залгах болгондоо намайг хэл амаар доромжилдог болсон. Хамгийн сүүлд хэн гэдэг хүн нь мэдэгдэхгүй хүнээс чамайг будаа болгоно, ална гэх мэт мессежүүд ирдэг болсон. Мөн Баасандалай нь шүүх эмнэлгийн дүгнэлтийг сүүлд нь хийлгэсэн байсан. Энэ гэмтлийн зэргээр биеийн байдал ерөнхийдөө гайгүй гэсэн учир санаа амарч тайвширсан. Түүнээс биш энэ хүнийг үл хүндэтгэсэн, үл хайхарсан зүйл байхгүй. Миний хувьд би тухайн үедээ энэ хүнээс уучлалт гуйж, уучлаарай гэдэг үгийг хэлж байсан. Би ч энэ хүнтэй адилхан л төрийн албан хаагч, цалингийнхаа 90 хувийг цалингийн зээлэндээ төлдөг. Хэрэг гардаг өдөр унаж явсан машиныг би хүнээс зээлээр худалдаж авсан машин байсан. Одоо хүртэл энэ өр төлбөрөө барагдуулаагүй яваа. Миний хувьд хүүд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир ийш тийшээ явахгүйгээр эндээ эмчилгээ хийлгэх боломжтой байсан гэж үзэж байгаа юм. Хэрвээ эндээ эмчилгээ хийлгээд тодорхой хэмжээний зардал гарсан бол би төлж барагдуулж болох байсан гэж бодож байна. Гэтэл энэ хүн таньдаг эмчтэйгээ яриад Улаанбаатар хот руу ажлаа орхиж яваад байгаа нь ойлгомжгүй байна. ...Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол төлбөрөөс би түүний Рэнчинжугнай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 245.000 төгрөг, хүү Ж.Тхүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 120.000 төгрөг, эх, хүү хоёрын Мөрөнгөөс Улаанбаатар хотруу явсан замын зардал 129.000 төгрөг, ирсэн замын зардал 78.700 төгрөг, Улаанбаатар хотод такси үйлчилгээнд төлсөн 33.000 төгрөг, нийт 605.700 төгрөгийн хохирол төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бнь хариуцагч Г.Ахолбогдуулж гэм хорын хохиролд нийт 1.930.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.729.200 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Г.Ань 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авто тээврийн осол гаргасан болох нь замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад М.Баттулгын Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан талаарх хариу мэдэгдэх хуудас, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Т.Бнь өөрийн болон хүү Ж.Тэрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй зардлыг хариуцагч Г.А-сшаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Т.Бнь хариуцагч Г.А-с2019 оны 09, 10 дугаар сард нийт 17 хоног ажилгүй байсан хугацааны цалин 676.280 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Рэнчинжугнай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 245.000 төгрөг, хүү Ж.ТХөвсгөл аймгийн Мөрөн сумын Энх-Үрс хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 120.000 төгрөг, Мөрөнгөөс Улаанбаатар хотруу явсан замын зардал 129.000 төгрөг, Улаанбаатар хотоос Мөрөн суманд ирсэн замын зардал 78.700 төгрөг, Улаанбаатар хотод такси үйлчилгээнд зарцуулсан 33.000 төгрөг, Эрдэнэт хотын Медипас эмнэлэгт эход харуулсны төлбөрт төлсөн 70.000 төгрөг, бариа засал хийлгэсний төлбөрт төлсөн 20.000 төгрөг, уламжлалын эмчилгээний төлбөрт төлсөн 250.000 төгрөг, эмчилгээний төлбөрт төлсөн 45.000 төгрөг, эм тариа худалдан авсан төлбөрт төлсөн 102.220 төгрөг, нийт 1.769.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл нь уг этгээдийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх явдал юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 1.769.200 төгрөг нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг арилгахад гарсан болон нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого байхыг шаардана.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2019 оны 09, 10 дугаар саруудад нийтдээ 17 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн ба уг шаардлагаа нотолж цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан 2 хуудас, /хх-ийн 5-6-р тал/ нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 7-р тал/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 03/951 дугаартай албан бичиг, /хх-ийн 4-р тал/ амбулаториор эмчлүүлэгдсийн карт 4 хуудас, /хх-ийн 13-16-р тал/, хүү Ж.Тамбулаториор эмчлүүлэгдсийн карт 2 хуудас, /хх-ийн 17-18-р тал/гэх баримтууд нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн байх боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Т.Баасандалайг хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу цалин хөлс авсан байна гэдгийг нотлох баримт болохгүй ба Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 518 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ -ийн дүгнэлт хэсэгт ...Т.Баасандалайгийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Т.Баасандалайгийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... гэх дүгнэлтээр нэхэмжлэгчийг гэмтлийн улмаас 2019 оны 09, 10 дугаар саруудад 17 хоног ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.Бнь Орхон аймгийн Медипас эмнэлэгт эход харуулсны төлбөрт төлсөн 70.000 төгрөг, бариа засал хийлгэсний төлбөрт төлсөн 20.000 төгрөг, эмчилгээний төлбөрт төлсөн 45.000 төгрөг, эм тариа худалдан авсан төлбөрт төлсөн 102.220 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж баримтаар ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-12-р тал/, 3 хуудас төлбөрийн Е-баримт /хх-ийн 32-34-р тал/ -ыг хавсаргасан байх боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Т.Баасандалайгийн гэх үйл баримт тогтоогдохгүй, эдгээр үйлчилгээ нь гэмт хэргийн улмаас олсон өвчнийг оношлох, эдгэрүүлэх, сэргээн засахад гарсан зардал болох нь тогтоогдохгүй байна.

Зүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг болохын хувьд өвчтөний хийсэн эмийн болон бусад эмчилгээ нь эмчийн онош, эмийн жороор баталгаажсан байвал зохино.

Хариуцагч Г.Агэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирол нотлогдсон байх шаардлагатай ба нэхэмжлэгчийн дээрх нэхэмжилсэн хохирол зардал нь Т.Баасандалайгийн эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохиролтой холбогдон гарсан зардал болох нь эргэлзээтэй байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж хохирол нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн Монгол Маарамбын Увидас уламжлалын эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал 10 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэсний төлбөр болох 250.000 төгрөгийг, мөн хариуцагчийн Рэнчинжугнай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 245.000 төгрөг, хүү Ж.Тхүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 120.000 төгрөг, эх, хүү хоёрын Мөрөнгөөс Улаанбаатар хотруу явсан замын зардал 129.000 төгрөг, ирсэн замын зардал 78.700 төгрөг, Улаанбаатар хотод такси үйлчилгээнд төлсөн 33.000 төгрөг, нийт 605.700 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1.769.200 төгрөгөөс 855.700 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 913.500 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 46.853 төгрөгийг төлсөн болохыг дурдаж хариуцагч Г.А-с855.700 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 25.087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Долгорсүрэн нь өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Г.А-с855.700 /найман зуун тавин таван мянга долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Баасандалайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 913.500 /есөн зуун арван гурван мянга таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.853 төгрөгийг улсын орлогод төлсөн болохыг дурдаж, хариуцагч Г.А-с25.087 /хорин таван мянга наян долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА