Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
Хэргийн индекс | 114/2021/0016/З |
Дугаар | 114/ШШ2022/0014 |
Огноо | 2022-09-27 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 114/ШШ2022/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Энхтамир
Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батчулуун, Б.Золбаясах, Ц.Чулуунцэцэг, Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч *******оос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар болох Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 4-р байрны урд байрлах 0,1200 га хэмжээ бүхий газар анх “Нүнжигтхангай” ХХК, иргэн ******* гэсэн хүнээс дамжаад, эдийн засгийн эргэлтэд орж яваад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/489 дүгээр шийдвэрээр ******* миний нэр дээр 15 жилийн хугацаатай олгосон. Уг газрыг зориулалтын дагуу ашиглахаар 12 давхар 108 айлын орон сууцны барилга угсралтын ажлын нэгдсэн төсвийг мэргэшсэн төсөвчнөөр тооцуулан гаргуулж Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгын ажлын зургийг аймгийн ерөнхий архитектор зэрэг эрх бүхий албан тушаалтнуудаар хянуулсан. Барилгын эскиз болон план зургуудыг гаргуулж, барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ байгуулсан. Барилгын ажлын зургийг 2013 онд ******* ХХК-аар хийлгэсэн. Барилгын газар шорооны ажилд 32.000.000 сая төгрөг болсон. Зураг төсөл болон газар шорооны ажил бол барилгын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг огт газар дээрээ юм хийгээгүй биш, үе шаттайгаар хийсэн. Маргаан бүхий газар дээрээ манаач ажиллуулж сар бүр 100.000 төгрөгөөр цалинжуулж байсан. Дархан-Уул аймгийн Газрын албанаас шаардлага тавьсны дагуу маргаан бүхий газрыг бүхэлд хашаалсан. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01-А/160 тоот захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт 2020-2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж Монгол улс төдийгүй, дэлхий даяар хөл хорио тогтоож эдийн засаг доголдсон учраас барилгажилтаа шууд эхлэх боломж нөхцөл нь хараахан байсангүй. Энэ хугацаанд миний бие аюулт халдварт өвчин тусаж эмчилгээ хийлгэж эхэлсэн ба 8 сард Ковид-19-ын халдвар авч өвчилснөөс болж эрүүл мэнд доройтож, өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Мөн Дархан-Улаанбаатар хоорондын зам тээврийн асуудал өндөр эрсдэлтэй, барилгын материал ачсан ачааны том машин байтугай жижиг тэрэг явахад ч хүндрэлтэй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь маргаан бүхий газар дээр тодорхой зардлууд гаргаж, хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын зураг төслийг 120.000.000 сая төгрөг, техникийн нөхцөл болон хөрсний шинжилгээ 11.500.000, газар шорооны ажил буюу барилгын суурийг бэлдэхэд 30.000.000 орчим сая төгрөг, Нийт 160.000.000 сая төгрөгийн зардал гаргачихсан байна.
Маргаан бүхий газрын хүчингүй болгохдоо хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг бодитойгоор тогтоох гэсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж чадаагүй. 2014 оноос Дархан-Уул аймгийн эрх бүхий албан тушаалтнуудаас тавьсан шаардлагын дагуу ******* нь маргаан бүхий газрыг бүхэлд хашаалсан байдаг. 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт 2017 онд Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноос хойших хугацаа буюу Дархан–Уул аймгийн Аудитын албан шаардлага гарснаас хойш тоолж эхэлнэ. 2019 онд нэхэмжлэгчийн биеийн байдал, цар тахлын нөхцөл байдал, Дархан хоорондын зам, тээврийн асуудал байсан. 2017 оноос Захиргааны ерөнхий хууль батлагдаад эхэлчихсэн. Сөрөг үйлчлэл бүхий акт гаргахын тулд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан байгаа нь нөхцөл байдлыг тогтоох агуулга байх ёстой. Сонсох ажиллагааг захиргааны байгууллага хэлбэрийн төдий явуулсан. Учир нь сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсанчлан бүх баримтуудаа өгөөд газар дээрээ юм хийж байна гэж байхад үүнийг яг бодит байдал дээр тогтоохгүйгээр Аудитын дүгнэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэгчийн биеийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. *******д анх аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/400 дугаар захирамжаар “Нүнжигтхангай” ХХК-аас 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр №141 газар эзэмших эрх шилжүүлсний дагуу Дархан сумын 9 дүгээр багт 4 дүгээр хороололд Нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1200 м.кв талбай бүхий 080100417 нэгж талбартай газрыг 1 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, дараа нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №464-өөр 2 жилийн хугацаатай, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №387-оор 1 жилийн хугацаатай, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр №513-аар 2 жилийн хугацаатай, 2016 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр №489-өөр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах захирамжууд гарсан байдаг. Нэхэмжлэгч *******ы газарт Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсний дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэл болгон захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №803 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №563 тоотоор сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байсан. *******оос 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариу тайлбар, холбогдох баримтууд болох Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын дүгнэлт, 12 давхар 108 айлын орон сууцны барилгын угсралтын ажлын төсөв, тусгай зөвшөөрөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, зураг зэргийг ирүүлсэн байдаг.
2008 оны 15 дүгээр тогтоолын 1.10-т газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.16-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Төрийн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эсхүл хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэл гаргаагүй болно, удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдийг хангаж байсан байна. Сөрөг акт гарах хүртэлх хугацаанд тухайн захиргааны байгууллагуудаас газар эзэмшигчийн эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй бөгөөд аймаг, сумын Засаг дарга болон захиргааны байгууллага нь гэрээ, хуулийн дагуу ажилласан байдаг. Газрын тухай хуулийн 40.1.6-д “...гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг УДШ-ын тайлбарт газар эзэмшүүлэх тухайн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн Газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй байхыг ойлгоно гэсэн байдаг. 2010 оноос хойш одоог хүртэлх хугацааг тооцоход 12 жил, төрийн аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар тооцоход 8 жил өнгөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа орон сууц барих нь ганц хоёр сар, жилийн ажил биш гэдэг нь үнэн 1, 2 сар, 1, 2 жилийн ажил биш ч үүнийг хууль, гэрээний хугацаанд барьж байгуулахаар тохиролцож захирамж шийдвэрүүдийг гаргаж гэрээг сунгаж газар эзэмших, ашиглах боломжуудаар хангаж байсан. Газар эзэмшүүлэх гэрээний 4.1-т заасан гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавих эрхийн хүрээнд 4.2-т газар дээр буюу доор барих, ашиглахгүй байгаад хяналтыг хэрэгжүүлж, 4.3-т газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйл заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгохыг тусгасан заалтыг барьж ажилласан байдаг. *******ы тухайн газарт нийтийн орон сууцны зориулалтаар бодит байдал дээр ямар нэгэн бүтээн байгуулалт, объект байгууламж бариагүй байгаа нь тухайн газрыг ашиглаагүй гэж үзэхээр байна, нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй үндэслэл нь тогтоогдохгүй байна. Барилгын тухай хуулийн 4.1.15, 16.1 дэх заалтаар барилга байгууламж эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй байдаг.
*******ы 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймгийн Захирагчийн албанд гаргасан хүсэлтдээ 2019 оны 06 сарын 05-ны дотор барилга байгууламжаа барихгүй бол өөрийн хүч, хөрөнгөөр тухайн газрын хашааг буулгаж, нүхийг буулгана гэсэн байдаг. Үүнээс хойш иргэн ******* нь газраа ашиглаагүй, барилга байгууламжаа бариагүй, өөрийн хүсэлтэд дурдсан амлалтдаа хүрээгүй. Аймгийн Засаг даргаас барилга байгууламж барихгүй байгаа учраас газрыг чөлөөл гэсэн үүрэг даалгаврыг ГХБХБГ-т өгсөн. ******* нь газар эзэмших гэрээний зүйл заалтыг биелүүлэхгүй байгаа. Үүний нэг жишээ бол гэрээний 3.2-т заасан Газрын төлөв байдлын чанарын хянан магадалгааны дүгнэлтийг 5 жил тутамд хийлгэх ёстой, үүнийг хийлгээгүй. Нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг хугацаанд төлсөөр байхад ямар нэгэн байдлаар надаас асууж тодруулалгүйгээр гэдэг дээр газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” гэсний үндэс болгож төлүүлсэн байдаг.
Мөн Ковидын нөхцөл байдлыг дурдсан байдаг ч тухайн нөхцөл үүсэхээс өмнөх 2019 онд онд энэхүү асуудлууд хөндөгдөж эрх бүхий байгууллагын дүгнэлт, албан шаардлага, тоотууд гарсны дагуу нэгж талбарын хувийн хэрэгт бүртгэлтэй хаяг, утсаар хүргүүлж ажилласан. УДШ-ийн 2008 оны тайлбарын 1.11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “... мэдэгдэнэ ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ гэсний дагуу хүргүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг дахин хийж, санал тайлбар гаргах боломжоор хангасан байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 01-А-160 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв үү гэжээ.
Гэрч ******* мэдүүлэгтээ: Манай ажлын алба Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж тухайн аж ахуйн нэгжүүдийн хувийн хэргүүдийг авч үзлэг хийн google earth программ дээрээс тухайн аж ахуйн нэгжид олгосон гэх газрыг тулгаж хашаалсан эсэх, ямар нэгэн үйл ажиллагаа хийгдэж, барилга баригдаж байгаа эсэхийг шалгаж үйл ажиллагаа явуулаагүй, хашаалаагүй хоосон байсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж газар дээр нь очиж үзэн газрын албаныхантай сонсох ажиллагаа хийсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 400 дугаар захирамжаар 9 дүгээр баг 4 дүгээр хороололд орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1200 м.кв газрыг 1 жилийн хугацаатай “Нүнжигт Хангай” ХХК-аас шилжүүлэн авснаас хойш Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 464 дугаар захирамжаар 2 жил, 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 387 дугаар захирамжаар 1 жил, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 513 дугаар захирамжаар 2 жил, 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/489 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон ба дээрх захирамжийг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000662358 дугаартай гэрчилгээг олгож, 04501-2017/0050 дугаартай гэрээг байгуулсан байна.
Хариуцагч ******* нь маргаж буй 01-А/160 дугаартай захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар иргэн *******ы Дархан сум 9 дүгээр баг, 4-р хороолол, 4 дүгээр байрны урд байрлах 1200 м.кв талбай бүхий нэгж талбарын 4506101851 дугаартай, орон сууц, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 56 дугаар зүйлийн 56.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газар эзэмших гэрээний 3.1 дэх заалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд 40.1.6 дахь заалтад ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”
Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно ” гэж тайлбарлажээ.
Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардаж байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь газар эзэмших эрхийг орон сууц, үйлчилгээний зориулалтаар олж авсан байх боловч тухайн зориулалтаар газрыг ашигласан гэж үзэх үйл баримт шүүхээс газар дээр хийсэн үзлэг болон талуудын тайлбараар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/489 дүгээр захирамж түүнд үндэслэн газар эзэмших гэрээ хийгдсэн хуанлийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны хугацаанд хамаарч байх ба бодит байдал дээр нэхэмжлэгч ******* нь 2010 оноос хойш уг газрыг эзэмшиж байсан тус газарт 2014 онд нүх ухаж, хашаа барьснаас өөр хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламж, зам талбай бариагүй болох нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 41/14, дугаартай албан шаардлага, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно.
Нэхэмжлэгчийн “... дээрх хугацаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан, Дарханы зам, цар тахлаас шалтгаалсан ” гэх үндэслэл түүнд холбогдох эмчийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 23-аас 01дүгээр сарын 02 өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн гэх тэмдэглэгээ байх ба энэ нь гэрээний 2 жилийн хугацаанаас хойш болсон үйл баримт байх тул хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, 2013, 2014 онуудад хийгдсэн барилгатай холбоотой зураг, техникийн нөхцөлүүдийг үзэхэд дэлхий нийтийг хамарсан хамарсан Ковид-19 цар тахлаас өмнө төлөвлөсөн объектоо барьж байгуулах, эхлүүлэх боломжтой байсан байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий 01-А/160 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгасан нь үндэслэлтэй байх бөгөөд хууль бус акт болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу маргаж буй 01-А/160 дугаар захирамжийн 2 дахь заалтаар гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон талаар иргэн *******д мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд маргасан байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан ажиллагааг хуульд зааснаар явуулсан байна.
Сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасны дагуу иргэн *******д хүргүүлсэн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 2019 оны 11дүгээр сарын 25-ны өдрийн 803, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 563 дугаартай албан бичиг, *******ы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хариу тайлбар, хавсаргасан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага
ТОГТООХ нь
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй *******д холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01-А/160 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ