Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/151

 

      2021           2              4                                             2021/ДШМ/0151                           

 

 

     П.Цд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч П.Цгийн өмгөөлөгч О.Цэвэлмаа,

хохирогч О.Угийн өмгөөлөгч Ю.Батболд

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/2022 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Цд холбогдох эрүүгийн 20068952301 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

          Б овгийн П-гийн Ц,

          Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 8 дугаар гудамжны 3450/А тоотод иргэн О.Утай маргалдаж толгойгоор нь газар мөргүүлж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Цг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Цд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Цгээс 819,638 төгрөгийг гаргуулан хохирогч Осорын У /РД:ЙС69092907/-д олгож, хохирогч О.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Ц давж заалдах гомдолдоо: “... миний хувьд хохирогч эмэгтэйтэй ямар нэг таарамжгүй харьцаатай байгаагүй. Бидэнд өс хонзон өр, авлага байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн биеийг удирдаж чадахгүй байсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Миний хувьд айлын том хүү, амьдралын боломжгүй байдлаас болж сургуульд сурч чадаагүй. Бичиг үсгийн боловсролгүй, 1989 оноос хувиараа биеийн хүчний хөдөлмөр эрхэлж ирсэн. Би 2002 оноос 2015 оныг хүртэл хугацаанд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан. 2015 оноос эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай болсны улмаас ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн. 2013 оны 7 дугаар сард ээж Пүрэвсүрэн автын осолд орсны улмаас хагалгаанд орж, хөлийн дунд чөмөг, аарцгаа хадуулж, асрамж шаардлагатай болсны улмаас Бөмбөгөр худалдааны төвд ачигч хийж орлого олж ээжийгээ асарч байсан. Ээжийг минь асарч хамгаалах хүн төдийлөн байхгүй тул ээж маань надаас болж биеийн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хямарч бие нь муудах вий гэж бодон өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний бие өөртөө маш их дүгнэлт хийж, гэм буруугаа гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй сайхан амьдарч чаднаа. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан, ар гэрийн минь нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч П.Цгийн өмгөөлөгч О.Цэвэлмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтууд хэтэрхий нэг талыг барьсан бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх болон хувийн байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Хохирогч О.У “.... хамтран амьдрагч Ганбаяр нь Гурваа гэх найзтайгаа хамт хоёулаа халамцуу орж ирсэн. Намайг тухайн үед орон дээр хэвтэж байсан чинь Ганбаяр ирээд орноос татаж унагаагаад хоёр хацар руу алгадсан ...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Т.Ганбаярыг энэ хэрэгт холбогдолтой эсэхийг шалгаж тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий яллах талыг барьж явагдсанд өмгөөлөгчийн хувьд харамсаж байна. Тус шийтгэх тогтоолд шүүгдэгч П.Цг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хори ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. П.Цгийн хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн байдаг. П.Ц нь хохирогч болон хохирогчийн нөхөртэй хэрэг болохоос өмнө хэвийн харилцаатай байсан бөгөөд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй буюу урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хэрэгт холбогдохоос өмнө “Бөмбөгөр” худалдааны төвд ачигч хийж хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Ээж Пүрэвсүрэн нь 2013 оны 7 дугаар сард автын осолд орсны улмаас хүнд хагалгаанд орж аарцаг, дунд чөмгөө хадуулж, байнгын асрамж шаардлагатай болсон тул П.Ц нь ээжтэйгээ хамт амьдарч, ээжийгээ асардаг ганц хүүхэд нь юм. П.Цгийн хамаатан, садангийн хүмүүс нь хохирогч О.Угийн төрийн банкны 103100694704 дугаарын дансанд гэм хорын хохирол 819,638 төгрөгийг шилжүүлж бусдад төлөх хохиролгүй болгосон. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль буруу хэрэглээгүй, үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ц нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч О.Угийн удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Үүрийнтуяа, Алтанхишиг, Ганбаяр нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмт хэргийг хаана, хэн үйлдсэн, хэний цохилтын улмаас хохирогч О.Уд гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цгийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          Шүүгдэгч П.Ц нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 8 дугаар гудамжны 3450/А тоотод иргэн О.Утай маргалдаж толгойгоор нь газар мөргүүлж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          хохирогч О.Угийн “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 22-23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ ганцаараа сууж байсан чинь гаднаас миний хамтран амьдрагч Ганбаяр нь Гурваа гэх найзтайгаа хамт хоёулаа халамцуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр намайг “хоол хийгээгүй байна” гээд орон дээр хэвтэж байхад татаж унагаагаад хоёр хацар руу алгадсан. Тэгээд би босч ирээд “толгой эргээд байна” гэж хэлээд орон дээрээ гарч хэвтээд “чи өөрөө хоолоо хийгээд идчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ганбаяр намайг дахиад орноос татаж унагаагаад хацар руу алгадсан. Тэгсэн чинь Гурваа “та одоо нөхрийгөө ирэхэд нь хоол хийхгүй яасан юм бэ” гээд бас алгадсан. Тэгээд би “тэгвэл өөрсдөө хийгээд ид, миний толгой өвдөөд байна” гэж хэлээд гэрээс гарах гээд явсан. Тэгсэн чинь Гурваа миний араас татаж намайг унагаасан. Газар унагаагаад үүдний амбаар руу чирч гаргаад үснээс зулгааж байгаад амбаарын хана мөргүүлж зодсон. Би зодуулж байхдаа “Ганбаяраа энэ хүн чинь намайг аллаа” гэж хэлэхэд Ганбаяр над руу ойртож ирээгүй. Бүүр сүүлд хэзээ хойно нь Ганбаяр гарч ирж байсан. Гурваа намайг зодож байгаад өөрөө больсон. Хэн нь ч салгаагүй. ...2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байгаад гэнэт ухаан алдаж унасан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд эмнэлэгт сэрсэн. ...” /хх 61-62/,

 

          гэрч О.Үүрийнтуяагийн “... 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай эгч болох Энхтуяа нь надр уу залгаж “У Баянзүрх дүүргийн эмнэлэгт харвачихсан байна, чи яаралтай эмнэлэгт ир” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт ирээд яаралтай мэс засалд орох хэрэгтэй болсон ба эмч нарт нь гэмтлийн улмаас тархины ар хэсэг артерийн судас хагарсан, цус гарч бөөгнөрсөн байна, яаралтай хагалгаа хийх хэрэгтэй” гэж хэлсэн ...” /хх 66/,

 

          гэрч Б.Алтанхишигийн “... 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай нагац эгч О.У ухаан алдаж дүүргийн эмнэлэгт ухаангүй хүргэгдэн очсон. ... Тэгээд тэр өдрөө тархины хагалгаанд ороод эмчилгээний тасагт 4 хоног ухаангүй хэвтэж байгаад ухаан ороод эмнэлэгт сахиж байсан өөрийн төрсөн дүү Үүрийнтуяад “манай хамтран амьдрагч Ганбаярын найз Ц гэх хүн хоол хийсэнгүй гэх шалтгаанаар зодсон” гэж хэлсэн ...” /хх 67/,

 

          гэрч Т.Ганбаярын “... Тухайн үед 22 цаг болж байсан байх, Гурваатай хамт гэртээ орсон чинь гэрт эхнэр У ганцаараа байсан ба согтуу орон дээрээ хэвтэж байсан. ... Тэгээд У, Гурваа нар хоёр талаасаа хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд би “тэр хоёрыг больцгоо, би цай чанаад хоол хийе” гэж хэлээд гэрээс сүх авч гараад мод хагалсан. Намайг модоо хагалах гээд гарахад тэр хоёр гэрт үлдсэн. Тэгээд модоо хагалж байсан чинь У, Гурваа нар гэрээс гараад амбаарт гараад ирчихсэн, амбаар дотроос У “Ганбаяраа энэ чинь намайг аллаа шүү дээ” гээд орилж байсан. Тэгэхээр нь би хагалж байсан модоо орхиод гэрийн амбаарт очиход Гурваа нь Уг газар унагаагаад дээш нь харуулчихсан үснээс нь зулгаагаад, толгойг доошоо хөлдүү газар луу цохиулаад байж байсан. Тэгээд би Гурваад хандаж “тэнэг юм уу, хүн аллаа” гэж хэлээд болиулсан. ... Тэр үед эхнэр “толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Би тэгээд толгойнд нь хүйтэн хүйтэн жин тавьж өгөөд “даралт ихсээд байна” гэхээр нь даралтын эм уулгасан. ...Өдөр 12 цагийн үед Угийн бие гэнэт муудаад 2 гар нь таталт өгөөд эхэлсэн. Тэгээд би 99224851 дугаарын утаснаас 103 түргэн тусламж дуудаж өгсөн. Удалгүй түргэн тусламж ирээд эмч үзээд “энэ хүн харвасан байна” гэж хэлсэн. ...Тэр орой Уг Гурваа л зодож гэмтэл учруулсан. ...” /хх 68-69/,

 

          П.Цгийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 3 дугаар сарын 18-ны орой 20-22 цагийн үед Ганбаяр ахтай түүний гэрт очсон. Гэрт нь ороход Ганбаяр ахын эхнэр У эгч согтуу сууж байсан. Гэр нь хүйтэн, галаа ч түлээгүй, хоол цайгаа ч хийгээгүй байсан. Ганбаяр ах тэгээд гал түлээд, цай буцалгаад, тэгээд цай уучихаад өдөржингөө ажил хийчихсэн болохоор хэвтэх талдаа ороод гэрт нь хэвтсэн. Жоохон хэвтэж байгаад босоод ирсэн чинь хоол хийгээгүй байсан. Би тэгээд У эгчид хандаж “хоолоо хийхгүй юм уу, өлсөөд байна шүү дээ” гэж хэлсэн чинь У эгч миний урдаас хэрэлдээд байсан. Тэгээд У эгчтэй хэрэлдэж байгаад би У эгчийг барьж аваад эхлээд мөр рүү цохисон чинь надтай зууралдаад салахгүй байсан. У эгч пийшингийнхээ тэр хавиас юм авч над руу шидсэн. Тэр үед гаднаас Ганбаяр ах бие засчихаад орж ирсэн. Орж ирчихээд “юу болж байна, яаж байна, болиоч дээ, больцгоо” гээд хэлж байсан. Ганбаяр ах тухайн үед бас нилээн ноцолдож байгаад У эгч намайг заамдаад хүзүү рүү самардсан. Тэгээд намайг түлхээд унагаачихаар нь би босч ирээд У эгчийг газар руу дараад хэд хэдэн удаа мөргүүлсэн. У эгчийг дээшээ хараад уначихсан байхад нь дагзны хэсгээр нь газар мөргүүлсэн. Тэгээд гэрт нь ороод тал тал тийшээ хэвтээд өгсөн. ...” /хх 102-103/ гэсэн мэдүүлгүүд,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4022 дугаартай “О.Угийн биед баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, субарахноидал зайн цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдож байх бөгөөд дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 74-77/ дүгнэлт,

 

             хохирогч О.Угийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 0318811 дугаартай акт /хх 127/,

 

хохирогч О.Угийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн эмнэлгийн үзлэг, мэс заслын тэмдэглэл, сувилгааны тэмдэглэл /хх 20-47/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Цг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн П.Цгийн хохирогчид баруун зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархи доргилт, субарахноидал зайн цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч П.Ц болон түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын “... өөрийн хийсэн үйлдлийн хор уршгийг ухаарч ойлгон хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй болгосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн арга хэлбэр, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Цгийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялын хэмжээний дотор буюу 3 жилийн хорих ял оногдуулсан нь учруулсан хор хохирол, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрт болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хүнд биш ял байна.

 

             Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

             Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

            Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 8ы өдрийн 2020/ШЦТ/2022 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ