2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/302

 

  

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2408 00000 1908  дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын *******-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *****,***,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2408000001908  дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14821 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 25 дахь тал),Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 28 дахь тал), ********  яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал), гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), “...манай нөхөр намайг зодоод байна...” гэх дуудлагын  лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408000001908 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

шүүгдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ******** тоотод “... бусадтай хардан, хаагуур хэнтэй орой шөнө яваад байна...” гэх шалтгаанаар хохирогч болох эхнэр ******* маргалдаж нүүр болон толгойн хэсэг рүү гараараа давтамжтай цохиж, түүний эрүүл мэндэд  баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ********* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

  Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******** өгсөн “... Би нөхрийн хамт гэртэй өдрийн 11-12 цагийн орчимд амралтын өдөр гэртэй амарч байгаа юм чинь гэж бодоод 2.5 литрийн хэмжээтэй нэг пиво уусан тэрний Дараагаар нөхөр согтож улмаар надыг чи өчигдөр хаагуур хэнтэй яваад шөнө ирж байгаа юм гэх зэргээр асуухаар нь ажлынхантай яваад ирлээ гээд чамд хэлсэн ш дээ гээд хэлсэн боловч худлаа хэллээ чи өөр эрэгтэй хүнтэй явалдаад байна гээд маргаж миний хацар руу нэг удаа алгадсан тэрий дараагаар миний нүүр болон толгой руу гараа атгаж байгаад нэлээн хэдэн удаа /3-аас дээш/ цохихоор битгий намайг цохиод байгаач өвдөөд байна гэхэд болихгүй байсан тул гэрээс утсаа авч гараад цагдаагийн байгууллагад нөхөр намайг зодоод байна гэж дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),      

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14821 дугаартай “...****** биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),     

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 25 дахь тал),      

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 28 дахь тал), 

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* яллагдагчаар өгсөн“...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр архидан согтуурсан үедээ эхнэрийнхээ нүүр рүү 3-4 удаа алгадах цохих үйлдэл хийж эхнэрийнхээ биед халдсан бөгөөд энэ үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд дахиж ийм үйлдэл хийхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал), гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),  “...манай нөхөр намайг зодоод байна...” гэх дуудлагын  лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** нүүр хэсэг рүү нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Хэдийгээр шүүгдэгч хохирогч нар гэр бүлийн баталгаатай, эхнэр нөхөр боловч хохирогчийн “...урьд өмнө нь 2 удаа алгадаж байсан. Өөр гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 09, 55 дахь тал) зэрэг баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2408000001908 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан (хавтаст хэргийн 25 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас хохирогч ********* гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж, үйлчилгээний зардал 69,920 төгрөгийг /хх-ийн 28 дахь тал/ шүүгдэгчээс гаргуулах санал гаргасан боловч гэмт хэрэг гарсан цаг хугацаа болох 2024  оны 11 дүгээр  сарын 09-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа тул хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********* 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах...”, санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******,***********,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 90 (ер) хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан гэх 69,920 (жаран есөн мянга есөн зуун хорь) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ