2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Б.Очгэрэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000000437 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал *** нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “***” ХХК-с 11 ширхэг падаанаар 636.363.631 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63.636.358 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...Татварын алба Монгол улсын хэмжээнд татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж үйл ажиллагаа явуулдаг. Мөн татвар төлөгчдийн тайланд хяналт тавьж ажилладаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын падан, и-баримт олгодог ийм үйлдэл татвар төлөгчдийн дунд сүүлийн 18 жил яваад байгаа. Ялангуяа Нарантуул, Дэнжийн мянга, Барс худалдааны төвүүд дээр падан дээр бичилт хийж татварыг бууруулах явдал их гарч байгаа. Татварын албанаас татвар төлөгчдөө бүгдийг нь бүртгээд кодлуулсан. Худалдаа хийж байгаа хүн бүр тэр кодыг авсан и-баримтын аппликейшинаар уншуулаад баримт авч байх ёстой. Энэ татвар төлөгчийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг зөрчиж улсад төлөх татварыг бууруулсан зөрчил гаргасан. Татварын алба сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байгууллагыг бүртгэдэггүй боловч хуулиараа 50.000.000 төгрөг хүрсэн түүнээс дээш борлуулалттай байсан бол татварын албанд бүртгүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар шууд төлөх ёстой. Татварын албанаас удаа дараа татвар төлөгч зах худалдааны төвүүд дээр аян зохион байгуулж хяналт тавьж өргөдөл гомдлыг шийдвэрлэж ажилладаг. *** ХХК нь *** компаниас 2022 оны жилийн эцсийн тайлангаар 636.000.000 төгрөгийн баримтыг хуурамчаар бичүүлж 66.060.000 төгрөгийн хохирлыг улсад учруулсан учраас бид цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанд очиж хэрэгтэй танилцаж мэдүүлэг өгсөн. Хуулийн дагуу хохирлыг барагдуулах саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд: “...Шинжээчийн дүгнэлт магадалгаагаар “***” гэх аж ахуйн нэгжээс “***” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 11 ширхэг падаанаар 636.363.631 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 63.636.358 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн Улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банканд ***, ***, *** тоот дансыг 2018 оноос 2023 оны 6 дугаар сарын хүртэл ашигласан. Надаас өөр хүн бол ашигладаггүй. Би “***” ХХК-ний талаар мэднэ, фэйсбүүкээр болон утсаар ***холбогдож байсан. Тус компанийг НӨАТ-ын илүүдлээ зардаг компани гэж мэднэ. ...Миний бие фэйсбүүк зах дээрээс “***” ХХК-ийг НӨАТ-ын баримт компани шивдэг талаар мэдсэн ба утсаар нь ярьж үзсэн ба компанийн РД болон ямар чиглэлээр НӨАТ шивүүлэх, хэдэн төгрөгт шивүүлэхээ хэлчих юм бол НӨАТ-н баримт шивээд өгчихнө гэж хэлж байсан. Үүний дагуу миний бие фэйсбүүкт 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн Ганзориг гэх фэйсбүүк хаягаас НӨАТ-ын илүүдэл байна, зарна чат бичээрэй гэж зарыг байршуулсан ба зарын дагуу над руу 14-15 хүн холбогдсон, тухайн хүмүүст бүгдэд нь НӨАТ шивнэ гэж хэлээд тухайн байгууллагынх нь регистрийн дугаар, хэдэн төгрөгт НӨАТ шивэх мэдээллийг нь аваад “***” ХХК-ний хүн рүү холбогдоод НӨАТ шивүүлэх компанийн мэдээлэл болон НӨАТ-ийн хэмжээг хэлээд тухайн компани руу нь НӨАТ-н баримтыг нь шивүүлээд мөнгийг өөрийн хаан банкны *** тоот данс руу авдаг байсан ба өөрөө тухайн мөнгөнөөс тодорхой хувийг аваад үлдэгдэл мөнгийг Хаан банкны 5517184268 тоот *** ХХК-ний *** гэх хүний данс руу шилжүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ХХК-н ***гийн компани, үйл ажиллагаа явуулдаггүй, тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард НӨАТ-ын баримт зарна” гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гэх аж ахуйн нэгжээс *** нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний *** дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг *** руу явуулахад *** нь *** гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би *** ХХК-н захирал болон нягтлан бодогч нарыг танхигүй урьд өмнө харж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

Шинжээчийн 97 тоот дүгнэлтэд: “...Эрүүгийн цагдаагийн албан эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгааг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь уг дүгнэлтэд дурдагдсан асуудлуудаас 1, 2, 9, 10, 11, 12 нь үндэслэлтэй, 3, 4, 5, 6, 7, 8 нь үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. /хх-н 63-93/,

 

Мөрдөгчийн магадалгаа /хх-н 32-58/, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 134, 164-174/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ний удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал *** нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “***” ХХК-с 11 ширхэг падаанаар 636.363.631 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худалд тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63.636.358 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, эдийн засгийн  шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь “***” ХХК-ний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо барагдуулах хүсэлт гаргасан ба шүүгдэгч нь хохирол барагдуулаагүй тул шүүгдэгчээс 63.636.358 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 3.500 нэгж буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 63.636.358 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР