2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/277

 

 

 

 

                                                                                                                  

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Б.Урангоо,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн 2410 04604 2009 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, **** оны ***** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайн зураг зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн ********* тоотод оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *********,**,**********

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2410 04604 2009 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч ******* өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 18 дахь тал), гэрч ********** өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14196 дугаартай  шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 28-29 дэх тал),  “*********” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Т-084/2024 албан бичиг (хавтаст хэргийн 89 дэх тал), ****** сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2410046042009 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “...ажил  руу чинь  хүргээд  өгье, сүүлийн  удаа тэвэрчихье ...” гэж   өмнө нь үерхэж байсан найз охин ********** улсын дугаартай кроун 204 маркийн тээврийн хэрэгсэлд суулган  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын энгэрт очиж “...хардалтын улмаас...” хэрүүл маргаан үүсгэж, толгойн ар дагзаар нь машины суудлын дэрний төмөрт цохиж, машинаас буулган түлхэж унаган, нүүрэн тус газарт нь гараараа давтамжтай цохиж,  мөн хамар хэсэг рүү нь тохойгоороо цохиж эрүүл мэндэд  нь тархи доргилт, хүзүү, зүүн хацар, зүүн шуу, зүүн даланд зулгаралт, зүүн шуу, сарвуу, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ************ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********* 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...Манай салсан найз залуу *******нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нууцалсан дугаараас бараг 40 удаа дуудлага ирсэн, тэгээд дуудлага хадгалах үйлчилгээний мессежийг хартал ******** өөрийнхөө ***** дугаараас залгасан байсан, тэгээд тэр өдрөө ажил дээр очсон байсан ба намайг асуусан байсан. Тэгээд би 10 дугаар сарын 27-ны өдөр Хүннү молл худалдааны зөвлөхийн ажилдаа очих гээд 118 дугаар сургуулийн автобусны буудлын гарцаар зам хөндлөн гарах гээд замынхаа хойд талд зогсож байтал ******* улсын дугаартай машинтайгаа автобусны буудал дээр зогсож байсан. Тэгээд машинаасаа бууж ирээд над руу ирээд намайг машиндаа суулгах гээд миний гараас татсан юм. Тэгээд би машинд чинь суухгүй гээд хэлтэл би удахгүй явах гэж байгаа ганц удаа тэвэрчихье, ажилд чинь хүргэж өгөөд явлаа гэж хэлсэн тухайн үед 14 цаг 40 минут орчим болж байсан. Тэгээд би өөрөө сайн дураараа машинд нь суусан юм. Тэгээд яармагийн урд талын замаар явж байгаад ажил руу эргэхгүй чигээрээ яваад Богд вилла хотхоны ертөнцийн зүгээр зүүн талаар явдаг засмал замаар Богд уул руу өгссөн юм. Тэгээд би ийшээ явж яах гэж байгаа юм бэ? гээд асуутал үзүүлэх юм байна гэхээр нь би явахгүй гээд бүсээ тайлтал тоохгүй чигээрээ яваад байсан юм. Тэгээд уулын энгэр хэсэгт очоод зогссон. Тэгээд миний утсыг аваад кодоо хий гээд гээд байхаар нь үгүй гээд маргалдсан юм. Тэгээд ******* миний сууж урд талын суудал дээр хаалга хаагаад суучихсан ба би буух гэтэл буулгахгүй байсан. Тэгээд кодоо хий гээд бид хоёр удаан маргалдсан ба миний толгойг суудлын дэр ордог хэсгийн хатуу зүйлд 2-3 удаа цохисон, тэгээд би бие засмаар байна, шээмээр байна гэж хэлсэн чинь утасныхаа кодыг гаргачхаад буу гэж хэлсэн ба тэр хүнээс архи үнэртэж байсан бөгөөд жак даниелс нэртэй вискиг шилээр уугаад байсан юм. Тэгээд "би өнөөдөр мэдрэл муутай болох гээд шийдчихсэн байгаа, мэдүүлгээ сайн өгөөрэй" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад би машинаас нь 18 цагийн орчимд буусан. Тэгээд эргэж суухгүй гээд машинаас нь буугаад хол очоод зогсож байтал над руу ирээд намайг түлхээд би арагшаа саваад уначихсан, тэгээд намайг уначихсан байхад миний нүүрэн тус газар ээлжлээд 2-3 удаа алгадсан, тэгээд босож ирээд газар сууж байтал "би бүгдийг нь ална" гээд орилоод байсан. Тэгээд би нэлээн орилоод уйлаад байсан чинь гараа зангидаж байгаад 2 удаа баруун зүүн хацар хэсэгт 1 1 удаа цохиод, заамдаж босгож ирж байгаад машин руу намайг суулгах гээд түлхээд байсан, тэгж байхад миний хамар хэсэг рүү тохой хэсэг нь цохигдчихсон. Тэгээд машинаас нь буугаад гадаа уйлаад сууж байж байсан чинь би доор очоод чамайг буулгана чи суучих гэхээр нь би машинд нь суусан. Тэгээд замынхаа урд талд байдаг Шунхлай дээр намайг буулгасан, тэгээд ******** согтуу машинаа бариад яваад өгсөн ба би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би 2021 оны 12 сараас ****** үерхэж эхэлсэн. Тэгээд хоёр гэрийнхэн маань үерхдэг гэдгийг маань мэднэ. Ерөнхийдөө салж нийлээд явдаг байсан. Хамт амьдарч байгаагүй. Тэгээд 2024 оны 08 сард бид хоёр салсан... Би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Эмчилгээтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй...Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Тийм учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********* 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...Тухайн өдөр ******** надаас утсаа өгч байгаач гэхээр нь би утсаа өгсөн, тэгээд би кино үзсэн талаараа найзууд руугаа бичсэн байсан чатыг хальт харчхаад буцаагаад надад өгсөн, тухайн үед би ай фоне 16 авчихсан байсан болохоор намайг өөр хэн нэгнээр шинэ гар утас авхуулсан байна гэж бодсон юм шиг байсан. Тэгээд уулан дээр очсоныхоо дараа дахиад утсаа өгч байгаач гэж асуухаар нь би утсаа өгөөгүй... Би тухайн өдөр ажилтай байсан бөгөөд тухайн өдрөөс хойш 1 сар ажилдаа явалгүй чөлөө авсан. Учир нь би хүнтэй харилцдаг ажил хийдэг бөгөөд миний зүүн хацарт алганы алгадсан оромны дагуу хөхөрчихсөн, хамар хэсэг хавдаад хөхөрчихсөн байдалтай байсан юм. Тэгээд би ажилдаа явж чадаагүй юм. Тиймээс би ажилдаа яваагүй хугацааныхаа цалинг ******* нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тарчхаад 14 цаг 30 минутад ирсэн юм. Тэгээд манай охин ******* нь тухайн өдөр ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд би гэртээ амраад, хичээлийн материалаа хийгээд үлдсэн юм. Тэгээд орой 20 цагийн орчимд охин ********* руу залгасан юм. Тэгээд утсаа авсан, шууд уйлсан, тэгээд уйлаад ээжээ би Богд виллагийн энд байрны орцны үүдэнд байна, та намайг ирээд аваач гэж хэлсэн, тэгэхээр нь би чи чинь ажилдаа яваагүй юм уу, ажилдаа явлаа гээд гарсан биз дээ, яасан юм бэ? гээд асуусан чинь ***** намайг 118 дугаар сургуулийн автобусны буудал дээрээс машиндаа суулгаад аваад явсан, тэгээд уулын энгэрт очоод архи уугаад, машинаасаа буулгахгүй, утасныхаа кодыг тайл, хэнтэй явалдаад байгаа юм бэ? явалдсан хүнээ хэл гээд нүүр гар руу алгадаж цохиод, машинаасаа огт буулгахгүй байсан, тэгээд би шээмээр байна аа гээд гуйгаад байхад хүртэл буулгаагүй гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаа дууд гэж хэлсэн чинь манай охин ****** би цагдаа дуудчихсан, сая л утсаа аваад машинаас буугаад зугтаагаад энд ирчихсэн байна, ******* чамайг энд алчхаад булчхаад явахад хэн ч мэдэхгүй ш дээ гэж надад хэлсэн, тэгээд би аймар их айсан, амьд гарахын тулд тэр хүний үгээр байсан, тэгээд намайг элдвээр харааж зүхээд байсан, та намайг Богд вилла дээрээс ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарсан, тэгээд охин дээрээ очоод утас руу нь залгаад гараад ирээ зам дээр зогсож байна гэж хэлсэн, тэгээд манай охин гарч ирээд, уулзаад байж байтал, цагдаа нар ирсэн. Тэгээд охины маань хамар хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд цагдаа дээр ирээд манай охин мэдүүлэг өгчхөөд, шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн юм... 2024 оны 08 дугаар сард ********, ******** хоёр машин дотроо зодолдсон гээд цагдаа дээр ирсэн, тэр нь анхных одоо энэ хоёр дахь нь болж байна. Тэгээд 2024 оны 08 дугаар сард болсон асуудлыг нь цагдаагийн байгууллагаас шалгаад шүүхээр саяхан шийдвэрлэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14196 дугаартай “... ********* биед тархи доргилт, хүзүү, зүүн хацар, зүүн шуу, зүүн даланд зулгаралт, зүүн шуу, сарвуу, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, 2024.10.27-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 “******” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Т-084/2024 дугаартай  “********/ нь тус компанийн Борлуулалт үйлчилгээний албанд Худалдааны зөвлөх албан тушаалд сарын 1,500,000 /Нэг сая таван зуун мянга /төгрөгийн үндсэн цалин, түүн дээр борлуулалтын нэмэгдэл, мөн улирлын урамшуулалт цалин авдаг. ****** нь 2024 оны 11-р сарын 02-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 24-ний өдөр хүртэл хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авсан бөгөөд доорх хуваарийн дагуу ажиллаж нийт 1,342,045.4 төгрөгийн цалин авах байсныг тодорхойлж байна” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 89 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ****** сэжигтнээр өгсөн “...би 15 цагийн орчим *******  яармагийн оргил худалдааны төвийн урд  зам дээрээс авсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд вива ситигийн урд талд бадаг уулын  зогсоол  дээр очсон. Тэр үеэс эхлэн маргалдаж эхэлсэн. Маргалдаж эхэлсэн шалтгаан нь надтай үерхэж байхдаа өөр залуутай бэлгийн харьцаанд орж намайг хуурснаа хүлээн зөвшөөрөөгүй учраас хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд би эхлээд ******** утаснаас найзуудтайгаа бичсэн чат болон өчигдөр шөнө нь болсон үйл явдлын талаар уншиж мэдэж  авсан. Тэгээд тэр хэрүүл нь яг тийм зүйлээс болж үргэлжилсээр байгаад 3  цаг орчим  болсон. Нэлээн удаан хэрэлдсэн. Би цоо эрүүл байсан. Би тэр үед өөрийн *********** улсын дугаартай авто машиныг унаад явж байсан. ******** уулын дэргэдэх зогсоол дээрээс буугаад алхах гээд байсан. Тэгээд би больё хэрүүл хийхээ ч больё энэ хүнээс бас больё гэж бодоод машинд суучих би гэрт чинь хүргээд өгье, эсвэл төв зам дагуу буулгаад  өгье гэсэн чинь тэр чигтээ алхсан. Би явбал яваг дээ явуулах гэсэн чинь малгай цүнх нтр байхаар нь хүргээд өгье гэж бодоод машин руу суулгах гээд 10-20 метр зай байхад нь араас нь очоод гараас нь татаад суучих гэсэн чинь муухай орилоод газарт хэвтээд өгсөн. Тэр үед цас орчихсон байсан. ********цасан дээр  хэвтчихсэн болгох гээд нэлээн оролдсон бөгөөд 5-10 минут  орчим болсон. Машин дээр аваачаад онгойлгох гэтэл дахин сөхөрч унаад  бас орилоод  байсан. Тэгж байснаа юу ч болоогүй юм шиг босож  ирээд намайг тэвэрч аваад машинд суусан. Вива ситигийн замын урд талын шунхлай  колонк дээр зогссон. Тэр хүнийг цохиж  зодсон зүйл  байхгүй...”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

-

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүний хамар хэсэг рүү  нь тохойгоороо   нүүрэн тус газарт гараараа тус тус цохиж, толгойн ар хэсгээр нь суудлын төмөр мөргүүлэн зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2  дахь заалтад зааснаар  “...энэ  хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна...” гэж заасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ****** биед хүч хэрэглэн удаа дараа халддаг болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, ******** “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 808 дугаартай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2410046042009 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан...” мэдүүлэг гаргасан (хавтаст хэргийн 16 дахь тал) байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

Хохирогч ***** энэ гэмт хэргийн улмаас нь 2024 оны 11-р сарын 02-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 24-ний хооронд ажлаасаа чөлөө авсан байх бөгөөд тухайн хугацаанд 1,342,045.4 төгрөгийн цалин авах байсныг “*********” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Т-084/2024 дугаартай албан бичигт тодорхойлсон байна /******* нь 2024 оны 11-р сарын 02-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 24-ний өдөр хүртэл хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авсан бөгөөд доорх хуваарийн дагуу ажиллаж нийт 1,342,045.4 төгрөгийн цалин авах байсныг тодорхойлж байна”(хавтаст хэргийн 89 дэх тал)

 

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ****** хохирогчийн “...хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого..” болох 1,342,045.4 төгрөгийг гаргуулж, хохирогч ****** олгох нь зүйтэй.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч ****** 720 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******** Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 808 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ял бүрэн биелэгдэж  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх (хавтаст хэргийн 110 дахь тал) тул  энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2410046042009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********,************,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ****** хохирогчийн “...хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого..” болох 1,342,045.4/ нэг сая гурван зуун дөчин хоёр мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******** олгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ