2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/90

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000002151 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа *** болон түүний найзуудтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар ширээн дээр байсан архины шилийг авч ***ын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Прокурорын дурдсаны дагуу архины шилээр толгойгоо хагалуулаад 14 оёдол тавиулсан. Дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илрэх учраас 7 хоногт эмнэлэгтээ хэвтээрэй гэж хэлсэн. Миний хувьд сорвио дарах гэж эмнэлэг судлаад явсан. Гантулга түрүүн хохирол төлөх гэж ярьсан гэж хэллээ. Тухайн үед би толгойгоо хагалуулаад томографикийн зураг авхуулсан мөнгө л байсан. Өөр баримт байгаагүй. Чи надад хоёрын хооронд 150.000 төгрөг өгч байхаар миний үс шилжүүлэн суулгах хагалгааны мөнгийг өгөөд намайг гомдолгүй болго гэж хэлсэн. Энэ хүн болохоор саяхан шүүх хурлын тов гарсны дараа залгаад ярихад энэ мөнгийг чинь өгөх боломжгүй юм байна шүүхээр шийдүүлье гэж ярьсан” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 23-наас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** бааранд найз ***, ***, ***, *** нарын хамт орж үйлчлүүлж байхад хажуу ширээний хоёр залуу бид нартай хамт явж байсан ***аа, *** хоёрыг өдөөд хандраад бид нарыг доош нь хийгээд маргаан үүсгэх гээд байсан тэгж байгаад манай найз *** бид нарыг өдөөд байсан 2 залууд хандаж одоо болчих зүгээр бай гэж хэлсэн чинь нэг залуу нь манай найз ***тай маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрын маргааныг болиулах гээд дундуур орсон чинь нөгөө залуу нь өөрсдийнхөө ширээн дээрээс Евок нэртэй архины шил аваад миний толгой дээр цохиод хагалчихсан. Тэгээд би ухаан алдаад уначихсан байсан, тэгээд хэсэг хугацааны дараа ухаан ороод сэртэл цагдаа нар ирчихсэн байсан, тэгээд би Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтэл дээр очиж үзүүлээд толгойдоо 16 оёдол тавиулсан. Тэгээд миний толгой дээр шилээр цохиж хагалсан залууг цагдаа нар аваад явсан. ...Манай найзууд болон тэр 2 залуугийн аль аль нь бэртэж гэмтээгүй миний толгойг л хагалсан байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч С.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02 цаг орчим би найз ***, ***, ***, Яруу нартай ***  гэх бааранд үйлчлүүлж байхад хажуу ширээнд байсан 2 залуу манай 2 эмэгтэй найз руу наад пиво ууж байгаа банди нараараа яах гээд байгаа юм гэж 2, 3 удаа дуудсан. Тэгээд бид хэд маргалдахад арай өндөр шар залуу нь шууд ***гийн нүүр рүү цохиод, барьцалдаад авахад манай найз *** хойноос нь очин салгах гээд тэр залууг түлхэхэд, буцаагаад тэр шар залуу ***ыг цохисон. *** уурлаад тэр залууг цохиход нөгөө намхан залуу нь ***ын толгойг архины шилээр хагартал нь цохиход тэр залууг би цамцнаас бариад доошоо дарахад тэр залуу миний цээж рүү 2 удаа цохиод байхаар нь би буцаагаад цохиод барьцалдаж байхад хамгаалагч нар ирээд салгасан. Хамгаалагч нарт наад хоёроо харж байгаарай гээд найз *** руу очиход нойлын үүдэнд ухаан алдаад хэвтэж байсан. 5 минут орчмын дараа *** сэрээд нөгөө 2 залуутай хэрэлдэж байхад цагдаа нар ирээд цагдаагийн байгууллага руу явах гэж байхад би тэр намхан залуу очоод чи хүний толгой руу архины шилээр цохидог ямар аймар юм бэ, гэхэд шууд намайг нэг цохисон. Тэгээд цагдаагийн байгууллага руу явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Г.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02 цаг орчим би найз ***, ***, ***, Яруу нартай *** гэх бааранд үйлчлүүлж байхад хажуу ширээнд байсан 2 залуу манай 2 эмэгтэй найз руу наад пиво ууж байгаа банди нараараа яах гээд байгаа юм гэж 2, 3 удаа дуудсан. Дараа нь дахин асуухад миний уур хүрээд бид хэд маргалдсан. Тэгээд арай өндөр шар залуу нь шууд миний нүүр рүү цохиод барьцалдаад авахад манай найз *** хойноос тэр залууг цохиход *** нойл руу гүйгээд гүйх замдаа ухаан алдаж унасан. Тэгэхэд баарны хамгаалагч нар ирээд салгаад цагдаа иртэл наад хоёрыг чинь хараад байж байя гээд аваад явсан. Удахгүй цагдаа ирээд цагдаагийн газар руу явсан” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч ***ийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 02 цаг орчим би найз Гантулгын хамт *** гэх нартай бааранд байж байхад 2 охин 4 залуу хажуу талын ширээнд сууж байсан. Тэр үед найзтайгаа ажлын юм ярьж байхад тэр хүмүүс хэтэрхий чанга яриад байсан болохоор бид хоёр энэ хүмүүс жоохон аяархан ярьж болдоггүй юм байхдаа хэд хэдэн шил пиво уучхаад гэж бид хоёр хоорондоо ярихад тэр хүмүүс сонсоод тар хоёр архи уугаад би нар пиво уусан гэж бид нарт баярхлаа гэж уурлаад босоод ирсэн. Тэгээд над дээр ногоон нүдтэй намхан махлагдуу залуу, цэнхэр цамцтай туранхай бор залуу хоёр хүрч ирээд цэнхэр цамцтай залуу намайг шууд заамдаад босгоод ирсэн би гарыг тавиулах гэхэд миний гарыг доош нь даран нөгөө залуу нь намайг боогоод нүүр рүү 2-оос 3 удаа цохисон тэр үед гар дарцан байсан болохоор ямар ч хөдлөх боломж байгаагүй. Тэр үед миний хоолойг боогоод цохиж байсан болохоор миний ухаан балартаж эхэлсэн яг ухаан алдаж унахын даваан дээр хамгаалагч ирж салгасан тэгэхэд миний хамраас цус гараад нойл руу цусаа цэвэрлэхээр орсон. Нойлоос гараад ирэхэд тэр хэддээ сууж байсан охин ирээд танай найз чинь хүний толгой архины шилээр цохичихлоо гэж хэлсэн. Дараа нь тэнд байсан гурван залуу нь та хоёр манай найзын толгойг хагалчихлаа гээд дайрсан тэр үед хамгаалагч салгаад бид хоёр ойртуулаагүй. Удаагүй цагдаа ирээд авч явах гэж байхад нөгөө цэнхэр цамцтай залуу нь намайг хэд хэдэн удаа дахиад цохисон. Тэгээд цагдаагийн газар ирсэн. ...Одоо гэмтэл шарх байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 14059 тоот дүгнэлтэд: “...***ын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 28-29/,

Яллагдагчаар *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөр наг залуу босож ирээд намайг заамдаад цохихоор нь би ууж байсан архины шилээрээ тэр залууг цохиж унагаасан....” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 30-32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46, 48-54, 68-71/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 58-60/ зэрэг болно.

   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байхдаа *** болон түүний найзуудтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар ширээн дээр байсан архины шилийг авч ***ын толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч С.***, Г.***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж, түүнийг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж түүнийг архины шилээр цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй ба хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа, мөн дээрх гэмт хэргийн улмаас дээрх хохирол гарсан тул баримттай 162.425 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөг, нийт 3.462.425 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь дахин эмчилгээ хийлгэн гэж мэдүүлсэн тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ас хавтаст хэрэгт авагдсан баримтаар 162.425 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, нийт 3.462.425 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР