Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/00152

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/00152

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ө.Уянга, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.З ХХК /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Б.М /РД: ........./-д холбогдох

 

Гэм хорын төлбөр 10,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч Р.О, иргэдийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М нь Т.З ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн эзэмшлийн 43-30 УАВ улсын дугаартай тоёота ланд крузер маркийн 2019 онд үйлдвэрлэгдсэн шинэ авто машиныг Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд жолоодож яваад өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарган уг машиныг онхолдуулж, компанид хохирол учруулсан. Уг авто машиныг засахад 19,990,000 төгрөг гарсан. Иймд дээрх хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед Т.З ХХК-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Хүний нөөцийн ажилтан н.Эгиймаагийн ам яриагаар намайг үндсэн ажилтан болсон гэсэн аман тушаал өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 20 минутын үед Т.З ХХК-ийн төв кемпээс үйлчилгээний хэлтсийн дарга н.Аззаяагийн тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл төмөр замын 06 дугаар хэсгийн кемп дээр очих аман тушаалтайгаар хөдөлсөн. Явах замдаа 1, 2, 3, 4, 5 дугаар кемп дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зүйлсийг тарааж өгөөд 06 дугаар хэсэг дээр очих ёстой байсан. 06 дугаар хэсэг рүү явах замд замын эвдрэл болон техникийн буруутай үйлдлээс болж осолд орсон. Осолд орсны дараа дэд захирал н.Намсрайд мэдэгдсэн. Дэд захирал н.Намсрай осол болсон газар над дээр ирсэн. 5 дугаар хэсэг дээр хуралтай байсан захиалагчийн кемпийн хэлтсийн дарга н.Бат-Амгалан 22 цаг 30 минутын үед ирсэн. Тухайн үед би өөрөө осолд ороод шоконд орчихсон байсан. Цагдаа дуудах уу гэж асуухад н.Бат-Амгалан цагдаа дуудаж ослын газар дээр дүгнэлт хийлгэх шаардлага байхгүй, туслан гүйцэтгэгч компанид харагдалгүйгээр Сайншанд руу шөнөдөө яв гэсэн үүрэг даалгавар өгсний үндсэн дээр ослын газар дээр дүгнэлт хийлгэж чадаагүй явсан. Би ослыг техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас 50 хувийг төлөх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.З ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгээд явж байсан. Осол болох үед хариуцагч хурд хэтрүүлээгүй, 50-55 км цагийн хурдтай л явж байсан. Хариуцагч нь өөрөө маш анхаарал болгоомжтой явж байгаад машины осол болсон байдаг. Компанийн зүгээс жолоочийг буруутай гэж байгаа боловч тухайн үед Замын цагдаагийн газар дуудлага өгч газар дээр нь ослын тухай акт гаргаж, дүгнэлт хийлгээгүй. Осол гарсны дараа Б.М өөрийг нь хариуцаж байсан 2 хүнийг ирэхэд нь ослын тухай акт гаргуулъя, дүгнэлт гаргуулъя гэж хэлэхэд ослын акт гаргуулах шаардлагагүй, ачаад аваад явъя гэж дэд захирал н.Намсрай, Байгаль орчны н.Дүйриймаа нар ирээд газар дээр нь танилцаад явсан. Тухайн үед ослын газрын дүгнэлт хийсэн бол хэний буруутай үйлдлээс болж осол гарсан гээд бүх зүйл нь тодорхой байх байсан. Нэгэнт ослын дүгнэлт үйлдээгүй учраас Б.Мгийн буруутай үйл ажиллагаа гэж тогтоогдохгүй байна. Машиныг даатгуулсан байх гэж үзэж байна. Хэрэв даатгуулсан бол төлбөр төлөгдөх бүрэн боломжтой байсан. Ажил үүргээ гүйцэтгээд явж байх үед хүний нөөцийн ажилтан манай үйлчлүүлэгч рүү залгаж 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоод үндсэн ажилтнаар ажиллаж байгаа талаар мэдэгдсэн гэдэг. Б.М өөрөө хөдөө явж байсан болохоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэж заасан. Жолооч нарыг ажилд гарахад нь компанийн зүгээс зааварчилгаа өгч, техникийн үзлэг шалгалт хийсэн гэсэн баримт байхгүй байна. Иймээс компанийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байна. Мөн осол болох үеийн орчин нэлээн харанхуй зам нь эвдрэл гэмтэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай байсан учраас осол гарахад нөлөөлсөн. Тухайн авто машины дугуй буудсанаас болж осол гарсан. Иймд Б.Мгийн 100 хувь буруутай үйлдлээс болж осол гарсан гэдэг нь нотлогдохгүй байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.З ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан автомашинд учирсан хохирол 10,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь учирсан хохирлын 50% болох 5,495,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, зам тээврийн осол гарахад миний бие 30 хувийн буруутай тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан ХАГ-01134104 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Б.М нь Т.З ХХК-д жолоочийн ажлыг 2 сарын хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ ажиллагч болон ажиллуулагч аль аль нь биелүүлэх үүрэгтэй.

 

Б.М нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаянгийн чиглэлд тус компанийн эзэмшлийн өөрийн хариуцан хүлээн авсан ........... улсын дугаартай Тоёота ланд крузер 76 маркийн авто машиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан байх ба уг ослын улмаас автомашинд 10,990,000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Осол болсон даруйд талууд энэ тухай цагдаагийн болон даатгалын байгууллагад мэдэгдээгүйгээс осол гарахад чухам ямар хүчин зүйл нөлөөлсөн болохыг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, улмаар даатгалын нөхөн төлбөр олгогдоогүй үйл баримт тогтоогдож байна. /дээрх үйл баримтад талууд маргаагүй/

 

Нэхэмжлэгч нь Манай компани Б.Мтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, жолоочоор ажиллуулж байсан. Түүнд, 2019 оны үйлдвэрлэгдсэн шинэ ........... улсын дугаартай, тоёота ланд крузер 76 маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн. Гэтэл, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаянгийн чиглэлд явж байхдаа зам тээврийн осол гаргаж, авто машинд 10,990,000 төгрөгийн хохирол учруулсан. Шинэ автомашинд ямар нэгэн эвдрэл гарах үндэсгүй. Гэрээнд зааснаар авто машины бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг Б.М хариуцан арилгах үүрэгтэй. Өөрийн буруугаар авто машинд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бол хариуцагч нь Дорноговь аймгийн Зүүнбаянгийн чиглэлд явж байхдаа осол гаргасан. Замын ховилд цохигдож, дугуй хагарч, машин доргилтын хүчинд хажуу тийш холбирон, замын хажуугийн шороон зурвасыг давж унасан. Миний бие анхаарал болгоомжтой хурд хэтрүүлээгүй явж байсан. Осол гарахад 30 хувийн буруутай гэж үзэж байна. Авто машинд учирсан хохирлын 50 хувийг хариуцан арилгах боломжтой гэсэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Ослын газрын үзлэг хийгдээгүй, осол болсон даруйд ослын газрын орчин нөхцөл, автомашины байр байдал, байршлийн талаарх үйл баримтыг бэхжүүлэн буулгасан гэрэл зураг болоод дүрс бичлэг хийгдээгүй, ослын улмаас эвдэрсэн автомашин өнөөдөр бүрэн засварлагдсан үйл баримт байгаа нь шүүх жолоочийн буруутай үйлдэл, эсхүл замын нөхцөл байдал, цаашлаад техникийн бүрэн бүтэн байдлын алинаас шалтгаалсан хүчин зүйл осол гарахад нөлөөлснийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, маргааныг хэргийн баримт, талуудын тайлбарт үндэслэн шийдвэрлэхээр болов.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь авто машиныг чирэхэд 100,000 төгрөг, Шагбазар ХХК-аар авто машины кузов засварын хөлс 5,500,000 төгрөг, сэлбэгийн зардал 5,390,000 төгрөг, нийт 10,990,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 12-21 дэх тал/ Талууд хохирлын хэмжээнд маргаагүй болно.

 

Хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ...осол болсны улмаас эвдрэл гэмтэл үүссэн 43-30 УАВ улсын дугаартай Ланд крузер 76 маркийн авто машиныг засварлахад нийт 12,000,000 төгрөгийн зардал гарах бөгөөд уг төлбөрийг миний бие нэг дор гарган төлөх эдийн засгийн чадамжгүй тул компаниас төлбөрийг гаргуулан өөрийн сар бүрийн цалингаас 60 хувь хүртэл суутгуулан буцааж нөхөн төлөх хүсэлтэй байгаа юм гэж Т.З ХХК-ийн өмч хамгааллын комисст гаргасан хүсэлтэд дурьджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд зам тээврийн осол гарсан тул шүүх хохирлыг зөрчлийн улмаас үүсэх үүргийн нийтлэг зохицуулалтын хүрээнд бус, харин хөлсөөр ажиллах гэрээний улмаас учирсан хохирол гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний 9.3-т Энэхүү гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах, эд хөрөнгийн хариуцлагыг ажиллагч хүлээнэ. гэж зааснаар Б.М нь авто машины бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар гүйцэтгүүлэх ажил үүргийн хүрээнд түүнд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад импортоор орж ирсэн ба 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ авсан 43-30 УАВ улсын дугаартай Ланд крузер 76 маркийн авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд хүлээлцэх актад авто машины өнгө үзэмж, кабины өнгө үзэмж, цахилгаан тоноглол хянах самбар, гэрэл дохио, их гэрэл, дугуй, толь, шил арчигч, салхины шил зэрэг нь бүрэн ажиллагаатай шинэ гэж дурьдагджээ.

 

Энэ үйл баримтаас үзэхэд авто машины эвдрэл, гэмтлээс болж осол гарсан гэж үзэх боломжгүйн зэрэгцээ замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх осол гарахад жолоочийн буруугаас өөр хүчин зүйл нөлөөлсөн гэх үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг хөлсөөр ажиллах гэрээний дагуу хүлээсэн Б.Мгаас авто машинд учирсан хохирол 10,990,000 төгрөгийг гаргуулан Т.З ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Б.Мгаас 10,990,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.З ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧ Ө.УЯНГА

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ