Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/01142

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2021/01142

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 2-08 тоотод оршин суух, Шар малгайт овогт Гончигийн Мөнхцэнгэл /ШВ69011004/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдох,

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2021/01031/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл, хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.23-ны өдрийн 697 дугаартай шийдвэрээр Г.Мөнхцэнгэл намайг ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан. Гэтэл Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэл нь 2021.07.09-ний өдөр Б/4 дугаартай тушаал гаргахдаа ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай тушаал гаргасан. Шүүхээс ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гарсаар атал намайг түр тушаалаар ажилд авсан нь хууль зөрчсөн үйлдэл тул дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие Г.Мөнхцэнгэл 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр худ болох Эрдэнэ-Очир нь яаралтай хагалгаанд орох болж бэр болон зээ охиноо хүргэж өгөх, бэр гуйх олон ажлууд давхцсан тул чөлөө авахыг хүсэж өргөдөл гаргахад М.Сарангэрэл дарга өргөдлийг хүлээн авч 1 сарын цалингүй чөлөө өгсөн. Ингээд чөлөөний хугацаандаа ирсэн байхад намайг 2021.09.06-ны өдрийн Б/58 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан мэтээр тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Иймд Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэлийн 2021.07.09-ний өдрийн Б/44, 2021.09.06-ны өдрийн Б/58 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Г.Мөнхцэнгэлийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Г.Мөнхцэнгэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл нь Ахмад настны асрамж үйлчилгээний төвд өмнөх дарга Ц.Баярсайхан 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тус байгууллагад ээлжийн тогоочийн ажилд томилогдон ажиллаж байгаад Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар чөлөөлөгдөн Г.Мөнхцэнгэлийн гаргасан нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарч 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар түүнийг ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн томилсон. Г.Мөнхцэнгэл нь ажилд томилогдоод удаагүй чөлөө хүсэж, хүсэлтээ төвийн түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэлд өөрийн биеэр өгч цохолт хийлгүүлэх байтал байгууллагын харуул хамгаалалтын ажилтанд үлдээгээд явсан байсан. Түүний өгсөн хүсэлтийг харгалзан үзээд сарын цалингүй чөлөө олгосон. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.Мөнхцэнгэл ажилдаа ирэхгүй ажлаа тасалж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирж зээ охиноо харан гэртээ сууж байгаа тул гэх утгатай ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэлийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаартай тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэлийг ажил явдалтай болоод чөлөө хүссэн гэж бодож байтал тэр чөлөө хүссэн хугацаанаасаа эхлээд Хөвсгөл Ус Суваг ХХК-д 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амраагчаар ажиллаж, ажил олгогчийн итгэлийг өөрт ашигтай байдлаар ашигласан. Мөн Г.Мөнхцэнгэлийг анх ажилд томилох үед Ц.Баярсайхан 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан ба ээлжийн амралт авахдаа ээлжийн амралтын саналаа ирүүлээгүй, амралтын мэдэгдлийг аймгийн Засаг даргаас аваагүй, ийм учраас аймгийн Засаг даргын баталсан Агентлаг байгууллагын дарга нарын 2021 оны ээлжийн амралт-ын хуваарьт ороогүй байсан бөгөөд дур мэдэн амралтын мэдэгдэл гаргаж энэ хугацаандаа Г.Мөнхцэнгэлийг ажилд томилон тушаал гаргасан нь хүчин төгөлдөр бус тушаал бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар ээлжийн тогоочоор томилогдон ажиллаж байгаад тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Дээрх тушаалыг би хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс намайг ажилд маань эгүүлэн тогтоосон. Гэтэл төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэл нь шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр намайг ажилд томилсон тушаал гаргахдаа Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай гэсэн нь хууль зөрчсөн явдал болсон. Энэ ажлын байр нь байнгын ажлын байр юм. Тухайн үед энэ тухай М.Сарангэрэл даргад хэлсэн боловч хүлээж аваагүй, ойшоохгүй өнгөрөөсөн. Ажилд томилогдсны дараа дарамт шахалт их ордог байсан, хувийн шалтгааны улмаас чөлөө авах шаардлага гарч 2021 оны 08 дугаар сард чөлөө хүсэхэд 1 сарын цалингүй чөлөө олгосон. Миний ажил 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэхэд цэгцэрсэн тул би ажилдаа орохоор очсон. Гэтэл М.Сарангэрэл дарга оронд чинь хүн авсан тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Би цалингийн зээлтэй, урд ажилгүй хугацаанд зээлээ төлж чадалгүй хуримтлагдсан байсан тул Хөвсгөл Ус Суваг ХХК-д хүний оронд амраагчаар ажилласан юм. Тухайн үед надад өөр арга байгаагүй. Нэгэнт М.Сарангэрэл дарга надад 1 сарын цалингүй чөлөө олгож, энэ хугацаанд ажилдаа орох боломжгүй гэсэн тул цалингийн зээлээ ажиллаж төлөхөөс өөр боломжгүй болсон.

М.Сарангэрэл дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх төдий түр тушаалаар, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажилд томилсон. Мөн ажиллаж байх хугацаанд маш их дарамталдаг байсан. Өөх ихтэй мах өгчихөөд өөхтэй хоол хийлээ, хоол руу давс хийх зэргээр дарамталдаг байсан. Асрагч, сувилагч, эмч, нийгмийн ажилтан өдөр болгон орж ирээд хоол хутгадаг. Мөн ногоо арилгаж байсан ч ирж шалгаж, ногооны хальсыг ялгадаг байсан. Энэ байгууллагад ажиллах надад маш хүнд байсан. Дээр нь би гэр бүлийнхээ хүнийг алдаад удаагүй байсан болохоор сэтгэл санааны хувьд хүнд байсан. Би 1 дүгээр зэргийн тогоочийнхоо урамшууллын 20 хувийг авъя гэхэд шалгалт авч, тэнцэх эсэхээс шалтгаалж өгнө. Манай байгууллага тогоочийн 3 орон тоотой. Таны орон тоо байхгүй, чи Төмөрбаатар, Баярсайханы хүн гэх зэргээр дарамталдаг. Надад ийм ажил явдал гарлаа дотоод журмынхаа дагуу цалинтай чөлөө өгөөч гэж гуйхад өөрсдөө хурлаа хийгээд энэ хүнийг ажилд нь байлгах эсэх талаар ярихдаа солгой гартай юм байна, ажлын байранд тэнцэхгүй хүн зэргээр ярилцаж Адъяасүрэн гэх тогоочийг та шалгалтын материал боловсруулаад ир, Мөнхцэнгэл тэнцэнэ, тэнцсэн байсан ч чи унагаачихаарай гэх зэргээр хүмүүст хэлсэн. Фэйсбүүк дээр хүртэл ажилчдын дунд хүний нэр хүндэд халдаж байсан. Мөн чи энэ гал тогоог засварлахгүй бол ажиллахгүй гэхээр нь би өөрөөсөө Шинэ-Мөрөн худалдаа үйлчилгээний төвийн барилгын материалын дэлгүүрээс 33,000 төгрөгийн будаг авч гал тогооны ар талын тамбарыг будаж янзалсан. Тэгээд би чөлөө авсныхаа дараа эргээд ажилдаа орох гэтэл 9 дүгээр сарын 6-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан байсан. Энэбиш намайг таны тушаал гарсан, өргөдлөө бичиж өг гээд байсан тул би аргагүй байдалд орж, түр чөлөө олгоно уу гэсэн өргөдөл өгсөн. Миний тушаал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж гарсан. Гэвч энэ худлаа. Иймд ажилд түр томилсон тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Мөнхцэнгэлийг Ахмад насны асрамж үйлчилгээний төвд 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б/21 дугаар тушаалаар өмнөх дарга Ц.Баярсайхан ээлжийн тогоочийн ажилд томилсон байдаг. Ц.Баярсайхан 2021 оны ээлжийн амралтын саналаа Засаг даргад ирүүлээгүй, Засаг даргын баталсан Агентлаг, байгууллагын дарга нарын 2021 оны ээлжийн амралтын хуваарьт ороогүй байтал амралтын мэдэгдлээ өөртөө дур мэдэн гаргаж амарсан. Ингэж амарч байхдаа Мөнхцэнгэлийг ажилд томилсон байдаг.

Үүнээс харвал Мөнхцэнгэлийг ажилд томилогдсон тушаал нь эхнээсээ хүчин төгөлдөр бус тушаал гэж харагдаж байгаа юм. Аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар М.Сарангэрэл нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Мөнхцэнгэлийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар чөлөөлж уг тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарч 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай тушаалаар үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон. Тухайн ажил нь байнгын ажлын байр мөн боловч Мөнхцэнгэл ажилд томилсон түр тушаалыг зөвшөөрөхгүй байсан бол тушаал гарснаас хойш 1 сарын дотор зохих газарт нь гомдлоо гаргах эрх нь байсан.

Гэтэл гаргаагүй, одоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагыг зөвшөөрөхгүй. Г.Мөнхцэнгэл нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэг сарын чөлөө хүссэн байдаг. Ингэхдээ М.Сарангэрэл даргад хүсэлтээ өөрийн биеэр өгөлгүй, харуул хамгаалалтын ажилтанд үлдээгээд явсан байсан. Г.Мөнхцэнгэл 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө хүссэн байсан тул түүнд нэг сарын цалингүй чөлөөг Дотоод журмын 3.15 дугаар зүйлд зааснаар олгосон. Чөлөөний хугацаа дуусах хүртэл ажилдаа ирэхийг нь хүлээсэн.

Гэтэл Г.Мөнхцэнгэл 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа ирэхдээ өөрөө надад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэж хэлж байсан. Би түүнд таныг түр чөлөөлөх үндэслэл байхгүй байна. Та удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэх юм уу, эсхүл сурах гэж байгаа юм уу гэхэд өрөөнөөс юм хэлэхгүй гараад явсан. Тухайн үед бичиг хэргийн ажилтан миний хажууд байсан. Ингээд өөрийнх нь хүсэлтийн дагуу түүнийг 2021 он 9 дүгээр сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Урд Г.Мөнхцэнгэлийн хувийн байдлыг харгалзан үзээд дарга чөлөө олгосон. Гэтэл ажил олгогчийнхоо итгэлийг алдаж 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Б/107 дугаар тушаал, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/132 дугаартай тушаалуудаар чөлөөний хугацаанд Хөвсгөл Ус суваг ХХК-д 8-10 дугаар сар хүртэл амраагчаар ажилласан байсан.

Нэхэмжлэгч нь нийгмийн ажилтан Адъяа, эмч Номин-Эрдэнэ нарын талаар дурдлаа. Номин-Эрдэнэ бол эмчийн албан тушаал эрхэлдэг бөгөөд давхар хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлыг гүйцэтгэдэг. Иймд хоол хүнсэнд хяналт тавьдаг.

Нийгмийн ажилтан Адъяа нь дотоод хяналтын даргаар ажилладаг. Тийм учраас өдөр тутам хяналт тавьдаг. Хоолонд давс нэмсэн асуудал ярьж байна. Тогоочийг хоол хийж байхад өөр хүн гал тогоонд очиж хачир нэмнэ гэсэн асуудал огт байдаггүй, энэ боломжгүй зүйл юм. Мөн ямар нэгэн байдлаар ажлын байрны дарамт учруулсан зүйл байхгүй. Г.Мөнхцэнгэл нь шаардлагын дагуу ажиллаагүй. Амт чанартай хоол хүнсээр хангаж чадаагүй. Манай байгууллагад тогоочийн 4 орон тоо байдаг. Үүнд 5 тогооч ажиллана гэсэн үндэслэл байхгүй. Мөн Г.Мөнхцэнгэл нь өөрийгөө 1 дүгээр зэрэгтэй гэдэг боловч байгууллагад хувийн хэрэг бүрдээгүй, энэ талаарх баримт байдаггүй.

Г.Мөнхцэнгэл нь анх тус байгууллагад 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажилд томилогдсон. Үүнээс хойш 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баярсайхан дарга Засаг даргын Б/04 дугаартай захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд Мөнхцэнгэлийн хувийн хэрэг бүрдээгүй, анхнаасаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Тэгээд М.Сарангэрэл дарга хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж дуудсан боловч Мөнхцэнгэл нь ирээгүй, ганцаараа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үлдсэн байсан. Өөрийн саналаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.

Иймд ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл нь хариуцагч  Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдуулан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай тушаалыг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад Г.Мөнхцэнгэл нь  Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочоор томилогдон  ажиллаж  байсан  болох нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэг. Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...шүүхээс намайг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч, би эргэж ажилдаа орсон боловч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ээлжийн тогоочийн ажил байнгын ажлын байр байхад намайг түр тушаалаар ажилд томилсон нь хууль зөрсөн...хэмээн тайлбарласан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, дээрх ажлын байр нь байнгын ажлын байр боловч Г.Мөнхцэнгэлийг анх ажилд ороход нь хөдөлмөрийн гэрээ огт байгуулагдаагүй байсан. М.Сарангэрэл дарга хөдөлмөрийн гэрээ байгуулъя гэж дуудсан боловч Г.Мөнхцэнгэл ирээгүй. Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно.

Г.Мөнхцэнгэлийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэж, 2021 оны 10 дугаар сарын 04ий өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасантай нийцэж байна.

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Г.Мөнхцэнгэлийг ажлаас халсан нь буруу байна гэж дүгнэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 697 дугаартай шийдвэр гарсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ,

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно гэж тус тус хуульчилсан.

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэл нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгууллахыг хориглоно гэх заалтуудыг баримталсан байх боловч Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай гэсэн нь ойлгомжгүй,

Мөн шүүхийн шийдвэрээр Г.Мөнхцэнгэлийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон, тухайн ажлын байр нь байнгын ажлын байр байхад Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтан Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд ямар үндэслэлээр түр томилсон нь тодорхойгүй,

Түүнчлэн ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж Г.Мөнхцэнгэлтэй бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгүйгээр ээлжийн тогоочийн ажил үүргийг гүйцэтгүүлж байсан, Г.Мөнхцэнгэл нь ажил олгогч байгууллагатай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь түүний буруугаас болсон болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байхад энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 04ий өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй ба ажил олгогч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв нь Г.Мөнхцэнгэл ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Ажилтан Г.Мөнхцэнгэлийн ажлаас халсан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/58  тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй.

Тодруулбал ажил олгогч нь нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан заалтуудыг баримталжээ.

Дээрх тушаал гарснаар ажилтан Г.Мөнхцэнгэл нь тус байгууллагын ээлжийн тогоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөж, улмаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажилтны санаачилгаар дуусгавар болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

Гэвч нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэл нь шүүх хуралдаанд...шүүхээс намайг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарч, эргэж ажилдаа орсон боловч ажлын байранд дарамт шахалтад их ордог байсан, таны тушаал гарсан, өргөдлөө бичиж өг гэсэн тул би аргагүй байдалд орж, түр чөлөө олгоно уу гэсэн өргөдөл бичиж өгсөн, ажлаасаа гарах хүсэл огт байгаагүй...гэх тайлбар, мэдүүлэг өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Г.Мөнхцэнгэлийн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт зэргээс үзэхэд Г.Мөнхцэнгэл нь өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл гаргаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Түүнчлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Г.Мөнхцэнгэлийн ажил олгогчид хандаж гаргасан хүсэлт нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох агуулга бүхий хүсэлт гэж үзэх боломжгүй байгаа болно.

Иймд Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэлийн Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь дээрх  гомдлоор авч хэлэлцэх  нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба  ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч байгуулагаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд:

 Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар тушаал, нэхэмжлэгч болон Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн захиргаанд өргөдөл гаргах учир нь гэх Гончиг овогтой Мөнхцэнгэлийн гараар бичсэн өргөдлийн хуулбарууд нь нотариатчаар гэрчлэгдээгүй, хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаар Г.Мөнхцэнгэлийг ээлжийн тогоочийн ажилд түр томилох тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар Г.Мөнхцэнгэлийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Мөнхцэнгэлийг Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58  дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс  чөлөөлөгддөг  болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч  Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200  төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ