| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/202 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408035471759 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Well mart” дэлгүүрийн орчим байрлуулсан байсан хохирогч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***т 2.058.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед автобусаар явж байхад миний сольсон хуучин машин дэлгүүрийн гадна зогсож байсан. Надад мөнгөний хэрэг байсан тул очоод өөрт үлдсэн байсан илүү түлхүүрээр онгойлгож асаагаад авч яваад хөдөөний хүнд зарсан. Хохирлыг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн худалдаж аван *** маркийн *** улсын дугаартай цагаан өнгөтэй авто машинаа өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Велл март дэлгүүрийн гадна талд цоожилж үлдээгээд ажил руугаа орсон. Тэгээд 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад гарч ирэхэд миний машин байхгүй алга болсон байсан. Тэгээд тэнд ажиллаж байсан манаачаас асуусан чинь мэдэхгүй гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн журмын хашаа орсон чинь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний машин *** маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн машин байсан. Машины урд талын гупер саарал өнгөтэй, ар талын улсын дугаар байхгүй байсан. 2003 онд үйлдвэрлэсэн. Монголд 2012 онд орж ирсэн машин байсан. Би 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Машинаа олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 16-24/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк дээр *** байна тулах машин байна уу“” гэсэн зар тавьсан. Тэгээд надтай “***” гэх фэйсбүүк хаягаас *** байна гэсэн. Тэгээд бид хоёр машинаа солихоор болоод 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр орой 22 цагийн үед автомашинаа Билгүүтэй гэх хүнтэй сольсон. Орой болчихсон байсан болохоор машины гэрчилгээгээ солиулж чадаагүй. Тэгээд надад яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэхэд *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаагүй. Учир нь би энэ машиныг *** улсын дугаартай Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслээр сольж авахдаа нэрийг нь солиулж аваагүй. Нэрийг солиулж авах гэхээр Билгүүтэй надад “Ажилтай амжихгүй байна, би өөрөө бас хүнээс авсан юм нөгөө хүн нь надаа шилжүүлж өгөөгүй байгаа гэр нь Тахилтад байдаг гэсэн. Танайх бас тэнд байдаг юм чинь чи өөрөө очоод шилжүүлээд авчих гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 37-41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70-73, 90-97/зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Well mart” дэлгүүрийн орчим байрлуулсан байсан хохирогч ***ын эзэмшлийн *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***т 2.058.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***ын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын 52-49 дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлан авч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 74/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 01 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэл эдэлж байсан, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хийдэг талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нар шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн дээрх зорилгыг хангахгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Улсын яллагчийн шүүгдэгчээс эд зүйлийн үнэлгээгээр гаргасан тээврийн хэрэгслийн үнэ болох 2.058.000 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас хохирогчид эд зүйлийн үнэлгээгээр 2.058.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид дээрх хохирлыг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн байхад эд зүйлийн үнэлгээгээр гаргасан үнэлгээг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.41, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР