2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Хохирогч:  ***,

Гэрч: ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305042402048 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны автомашины зогсоол дээр аавыгаа өмөөрч бусадтай маргалдах үедээ утсаараа бичлэг хийж байсан ***гийн биед халдаж нүүр хэсэгт 2 удаа цохиж, хэвлийн хэсэг рүү 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой, би тухайн үед 12 дугаар ангид сурч байсан, маргааш нь аялалд явах гээд усанд ороод 22 цагийн үед унтаж байхад ээж аавыг чинь хүмүүс зодсон байна, гялс гараад цүнхтэй юмнуудыг нь аваад ороод ир гэсэн. Би хувцсаа өмсөөд гарахад аав байсан бас 3 хүн байсан. Аавыг зодсон хүн муухай харьцаад байсан. Би тэр хүнийг яагаад аавыг зодсон юм бэ гэсэн чинь цаана нэг хүн бичлэг хийгээд байхаар нь би болиулах гээд цохисон юм. Гэм буруугаа ойлгож байна, миний буруу гэв. ” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 10 цаг 30 минутад би нөхрийгөө найзтай нь нэг газраас очиж авсан. Би машин барьж байсан. Найзыг нь гэрийнх нь үүдэнд буулгах гээд ирсэн. Манай найз залуу нэг ахтай муудалцаад байсан. Манай хүн тэр хүнийг хавираад унагаасан. Би машинаасаа бууж ирээд боль гэсэн мөн найз нь бас салгасан. Тэр хооронд маш хурдтай нэг залуу гүйж ирсэн, хараалын үг хэлж, муудалцаж, заамдалцсан. Тэр үед би айгаад хол зогсож байсан. Би 8 сартай жирэмсэн байсан. Би айгаад нилээн хол бараг 500 метрт очоод утсаа гаргаж ирээд ямар нэг юм болж магадгүй гээд бичлэг хийгээд зогсож байхад бичлэг хийж байгааг хараад миний утсыг булааж авах гэхэд би утсаа өгөхгүй гэхэд миний нүүр рүү цохисон, яаая гээд унасан байхад дахин миний толгойны баруун тал руу бас цохисон бас дээрээс дэвссэн. Би цагдаа руу залгаж дуудлага өгсөн, бичлэг хийсэн тэрийгээ цагдаад өгсөн. Би ажилгүй 1 сар байсан, ажилгүй байсан үеийн цалин, эмчилгээ хийлгэсэн хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед нөхөр ***ын хамт найз болох ***г гэрт нь хүргэж өгөхөөр *** хотхоны урд талын машины зогсоол руу орох гэж байтал тухайн байрны бололтой ах хажуу талаар алхаж орж ирээд чипгүй машин ордоггүй гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр мэдэж байна, битгий өндөр дуугаар яриад бай гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн янз бүрээр хэлээд манай нөхөр машинаас буугаад тухайн ахтай хэрэлдээд байж байтал тэр ах манай нөхрийг түлхээд, манай нөхөр буцаагаад тэр ахыг хавираад газарт унагаасан. Манай найз буугаад тэр хоёрыг салгасан. Нөгөө ах хэрүүл хийгээд буцаад ирсэн. Тэгээд бид нартай хэрүүл хийгээд зогсож байхад тэр ахын хүү ууртайгаар орилоод гүйж ирээд есөн шидийн үгээр хараагаад байсан. Манай нөхөр тэр залууг “чи одоо ямар сонин юм бэ” гээд маргалдаад зогсож байтал тэр залуу ирээд миний нүүр, дух, хамар хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон. Би тэр үед газарт унаад би жирэмсэн гэж хэлэх үед миний гэдэс рүү өшиглөсөн. Би гэдсээ хамгаалсны дараа дахиж өшиглөсөн. Миний нүүр хэсэг хавдсан, толгой баруун талын зулай хэсэг овойсон байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би бууж тухайн хүнтэй хэрэлдээд бид хоёр барилцаж аваад салсан. Тэгсэн хүүхэд нь гэмээр залуу цаанаас гүйж ирээд хэл амаар доромжлоод янз бүрийн үгээр хэлсэн. Тухайн үед манай эхнэр гар утсаараа бичлэг хийж байсан. Тэр залууг ээж нь цааш холдуулах гээд түлхэж байсан. Нэг мэдсэн тэр залуу цаагуур тойрч байгаад манай эхнэрийн нүүр хэсэг болон гэдэс рүү нь өшиглөөд авсан. Манай эхнэрийн дух, хамар, толгой гэдэс хэсэг рүү гар болон хөлөөрөө өшиглөсөн, одоо нүүр хэсэгт хавдсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч П.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цаг өнгөрч байхад ***, *** гэх хоёр найзтайгаа явж байгаад *** хотхоны гадна хаалтын хэсэгт хотхон руу орох гээд зогсож байсан. Тэгтэл манай найз *** машинаас гарч яваад гадаа нэг хүнтэй маргалдаад байх шиг байсан. Би тэр үед машинд зүүрмэглэчихсэн байсан учир гарсныг нь мэдээгүй. *** нь 45 орчим насны дунд зэргийн нуруутай улбар шар өнгийн ажлын хувцастай нэг ахтай хэрэлдээд зогсож байтал хотхоны хашаанаас хар куртиктэй өндөр туранхай залуу гүйж ирээд *** руу дайрах гэтэл тэр залуугийн аав нь бололтой байх шиг байсан, яах гэсэн юм, хэрэггүй боль гэх утгатай юм хэлээд зуурчихсан байсан. *** машинаас буугаад ирчихсэн гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгтэл нөгөө өндөр туранхай залуу аавынхаа гараас мултраад *** руу дайрч очоод шууд нүүрэн хэсэгт нь цохиход *** хоёр машины завсар унасан. Уначихсан байхад нь хүртэл очиж өшиглөсөн. Тэр үед туранхай залуугийн аав, ээж нь ирээд салгаад “эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм” гээд хүүгээ загнаад байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой томилолтоосоо бууж зогсоод машины багажаас ачаа, тээшээ аваад гэр рүүгээ орохоор *** хотхоны машин ордог хэсгийн гарц дээр явж байтал гарц тулаад нэг машин зогсож байсан. Тэр машинд сууж байсан залуу “чи яагаад муухай хараад байгаа юм” гэхээр нь энэ хотхон руу гадны машин ордоггүй юм, хаалт сөхөгддөггүй юм гэж хэлээд хойшлоод зам тавьж өгөөд зогсож байтал тухайн машины жолоочийн хажуу талд сууж байсан залуу бууж ирээд хэл амаар доромжлоод намайг хавираад унагаасан. Би босож ирээд энэ хавиар камертай шүү, зүгээр явчих гэж хэлсэн. Машин дотроос найз нь гэмээр залуу гарч ирээд салгаад цааш аваад явсан. Би манаачийн путикний дэргэд барьж явсан хоёр цүнхээ тавьчхаад утсаа гаргаж ирээд цагдаа дуудах гэтэл нөгөө залуу хүрч ирээд зүүн чих рүү цохиод намайг түлхсэн. Би газар унасан чинь миний дээр гарч байгаад намайг цохисон. Тэр үед хамт явж байсан найз нь ирээд салгасан. Тэр хүмүүс нь машиндаа суухаар нь би машиных нь зургийг дараад эхнэр рүүгээ залгаад “гараад ир, машинтай хүмүүс намайг зодчихлоо” гэж хэлээд нөгөө хүний машиныг хайгаад явж байтал Материал импексийн зогсоолд машинаа тавьсан байсан. Намайг харчхаад машинаасаа гарч ирээд дахиж зодох гэж дайрсан. Тэр үед би цагдаа дуудаж өгнө шүү гэж хэлээд байж байтал манай эхнэр, хүүхэд гарч ирсэн. Манай хүү “чи яагаад манай аавыг зодож байгаа юм” гээд чиглээд явахаар нь би хүүгээ хориглоод цааш явуулсан. Тэгсэн манай хүү рүү янз бүрийн үг хэлсэн, би тухайн залууд чи маш муу хүн байна, жаахан хүүхдэд гай болох юм байна гэж хэлсэн чинь амандаа янз бүрийн үг хэлээд манаачийн пүтикний хажууд зогсож байсан. Тэр залуугийн эхнэр хоёр машины дунд бөгсөөрөө суусан байсан, тэр залуу эхнэр рүүгээ очоод эхнэрээ хараагаад байсан, тэр эмэгтэйн утас газарт унасан байхаар нь би очоод утсыг автал бичлэг хийж байсан би тухайн бичлэг зогсоосон чинь тэр эмэгтэй утсаа булаагаад авсан. Би хүү, эхнэр хоёроо гэр рүүгээ оруулчхаад буцаад гараад иртэл хоёр цагдаа ирсэн байна” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/,

Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн үед миний утсанд дуудлага ирээд манай нөхөр “согтуу залуу намайг зодож байна, чи гарч ирээд цүнхтэй юм ав” гэж хэлсэн. Тэгээд хүүгийн хамт очсон. Очиход согтуу залуу хашхичаад ална хядна, шоронд сууж байгаад гарч ирсэн. Ална хөгшин өвгөн минь гэж хэлсэн. Нэг жижигхэн залуу болиулаад хориглоод байсан. Эхнэр нь бол ерөөсөө хориглохгүй бичлэг хийгээд яваад байсан. Эхнэрт нь хандаж бичлэг хийж байгаа юм уу, хэл амаараа учраа олж ***оггүй юм уу гэхэд манай хүүхэд утсыг нь авах гээд ойртоод очсон чинь нөгөө эмэгтэй хойшоо ухрахдаа унасан уу, яасныг нь мэдэхгүй ямар ч байсан утас нь газарт унасан. Тэгээд тэр үед нөгөө залуу манай нөхөртэй цаана муудалцаад байсан. Тэгсэн эхнэр нь өөрөө “яаа, яаа” гээд цохиж зодсон зүйл байхгүй байхад орилоод байсан. Тэгээд би хүүгээ татаад холдуулсан. Яаж байгаа юм хүний үнэтэй цайтай утас эвдчихлээ гэж хэлээд бид нар бүүр холдсон байхад нөгөө залуу эхнэртэйгээ муудалцаад гичий минь, янхан минь гээд муудалцаад эхнэр нь уйлаад орилоод байсан. Тэгээд би хүүгээ аваад, цүнхээ аваад гэртээ орсон. ..Манай хүү Энхдалай овогтой Гомбосүрэн нь тухайн хүнийг цохиогүй би “чи миний дүү бичлэг хийгээд байгаа юм уу” гэж асуухад манай хүү Гомбосүрэн утсыг нь авах гээд очиход утас нь газар унаад орилоод эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 41/,

Шинжээчийн 14267 тоот дүгнэлтэд: “...***гийн биед дух, баруун өвдөгт цус хуралт, баруун дээд, доод зовхи, хамрын уг орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, умайн доргилт, ихэсийн бүрэн бус ховхрол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ. /хх-н 67-68/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 110-117/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 121, 123-126/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны орой Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны автомашины зогсоол дээр аавыгаа өмөөрч бусадтай маргалдах үедээ утсаараа бичлэг хийж байсан ***гийн биед халдаж нүүр хэсэгт 2 удаа цохиж, хэвлийн хэсэг рүү 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, П.***, ***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***г утсаараа бичлэг хийлээ гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 44.340 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөг, нийт 3.344.340 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарах цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 550.000 төгрөг байсан тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэнэ, мөн ажилгүй байсан хугацааны олох орлогоо нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 2 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй буюу өсвөр настай байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс хавтас хэрэгт авагдсан баримтаар 44.340 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, нийт 3.344.340  төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  5. Хохирогч *** нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР