Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 225

 

 

                            

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Г.Цэцгээ, хохирогчийн төлөөлөгч И.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашдорж овогт Гунгаагийн Цэцгээд холбогдох эрүүгийн 201725030285 дугаартай, 186/2017/0223/э индекстэй хэргийг 2017  оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 73 дугаар гудамжны 815 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Дашдорж овогт Гунгаагийн Цэцгээ /РД:ХЗ69062702/,

Холбогдсон хэргийн талаар:        

Г.Цэцгээ нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 73 дугаар гудамжны 814 тоот хашааны үүдэнд И.Түмэнжаргалын ашиглаж байсан “Шинэ сар” ХХК-ийн захирал Ян Жин Гуангийн нэр дээр байдаг 24-53 УБТ улсын дугаартай Т.Тундра маркийн автомашиныг И.Түмэнжаргал, Ян Жин Гуан нарыг гэрлийн утас тасалж гэрэлгүй болголоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан сүхээр цохиж санаатай гэмтээж 387.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                          

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1. Шүүгдэгч Г.Цэцгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2016 оны 12 дугаар сарын 31-ний шөнө манай гэрийн тог тасраад 7 хоног орчим тоггүй байсан. Би өөрийн мөнгөөр цахилгааны утас авах гээд сүх барьчихсан цохиж байхад. хохирогч нөхөртэйгөө хамт ирсэн тэр үед би хохирогчид хандаж хэдэн жил тогны асуудалтай амьдарч байна гэхэд надад хамаагүй гэж хэлсэн. Би байнга цахилгаанчинд дуудлага өгч дуудлагын хөлсийг төлж байсан. Хохирогчийнх манай тогийг 2 удаа таслаж байсан. Тэрнээс болж маргасан би хоёр гартаа сүх бариагүй жижиг сүх барьчихсан шонгийн модон дээр юм хадах гэж байсан. Надад хамаагүй гээд хашхираад байхаар нь сүхнийхээ араар машиных нь урд талыг цохьсон гэв.

1.2. Хохирогч И.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараа гэртээ харих гээд явж байгаад манай нөхөр хашааны том хаалга онгойлгох гээд буусан. Шүүгдэгч хажуу айлын хашааруу авирчихсан байж байсан. Гартаа сүх барьсан эсэхийг нь хараагүй. Намайг машин дотор байхад нэг хүн юм ярьж байх шиг байсан. Шүүгдэгч 2 сүх гартаа барьчихаад нэгээр нь ирээд машин цохьсон. Би хаалгаа онгойлгоод яаж байгаа юм бэ гэхэд би сарын 700000 төгрөгийн цалин авдаг төлчихөнө за юу гэж хэлсэн. Манай нөхөр гарч ирээд яаж байгаа юм бэ энэ чинь компанийн машин гэж хэлсэн. Би хэрэлдсэн зүйл байхгүй. Би машиндаа суух гэхэд шүүгдэгч миний нүүрийг самардсан тэгээд би хаалгаа хаагаад түгжээд сууж байхад. Машины хаалга руу дахиж цохьсон тэгээд цагдаа дуудсан. Энэ хүнтэй хэрэлдсэн зүйл байхгүй. Шүүгдэгч хэл амаар доромжлоод уурлаад зогсож байсан. Тэгэхэд хажуугаар явж байсан хүн болиочээ гэхэд уурлаж байсан. Хажуу айлын хашааны хаалгыг сүхээрээ цохьсон байсан. Манай нөхөр болон хажуу айлын залууг сүхээрээ цохих гэж далайж байсан. Хажуу айлын эмэгтэйг гэдэс рүү нь өшиглөж унагааж байсан гэв.

      Хоёр: Шүүгдэгч, хохирогч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.Түмэнжаргалын:..2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн орчим би нөхөрийнхөө унадаг Toyota Tundra  маркийн машиныг унаад гадуур явж байгаад гэртээ ирээд хашаанынхаа үүдэнд машинаа тавьсан.  Тэр үед манай нөхөр Жингүй хаалга онгойлгож өгсөн.  Хашааны үүдэнд машин зогсож байтал манай хажуу айлын эмэгтэй, Цэцгээ гэгч ганцаараа хүрч ирээд манай машиныг шууд сүхээр цохьчихсон. Тэр үед би машин барьж явсан.  Тэгээд хаалга онгойлгоод буух гэж байхад тэр эмэгтэйг ямар учраас машин сүхээр цохьсоныг ойлгоогүй.  Би машинаасаа буугаад чи яаж байгаа юм бэ гэхэд би чамайг мэдэхгүй юм байна гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би Жингүйг дуудаад энэ хүн машин сүхдчихлээ гэхэд яаж байгаа юм бэ гэхэд тэр эмэгтэй би үүнийг чинь төлчихнө гээд байсан.  Би машиндаа жолоочийн эсрэг талын хаалгаар ороод суутал миний орсон хаалганы гаднаас дахин хүрч ирээд сүхээрээ дахин хаалга руу цохиод хөлөөрөө машин өшиглөөд байсан.  Тэр үед манай нөхөр наадах чинь согтуу байна цагдаа дууд гэж хэлсэн. Би цагдаа дуудсан. Цагдаа дуудаад байж байтал тэр хүүхэн хаалга онгойлгоод над руу дайраад байсан.  Тэгээд би хаалгаа хаагаад түгжчихсэн. Тэгтэл хаалга өшиглөөд байсан.  Тэр хүүхэн манай хашааны хаалгыг сүхээрээ цохиод цаашаа яваад манай баруун талын айлын хаалгыг сүхээрээ цохиод байсан Тэр залуу тэр эмэгтэйг түлхэсэн. Тэгээд жаахан байж байтал цагдаа ирсэн гэх мэдүүлэг. /хх-9/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ян Жин Гуанийн:..2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой манай эхнэр И.Түмэнжаргал намайг ажлаас ирж аваад бид хоёр хамтдаа харих гээд явж байсан. Бид хоёр 24-53 УБТ улсын дугаартай машинтайгаа хашааныхаа гадаа ирээд зогссон. Тэр үед манай эхнэр машин барьж явсан болохоор би хашааны хаалга онгойлгохоор буусан. Тэр үед манай хөрш айлын эмэгтэй Цэцгээ манай баруун талын айлын хашааны хаалганы үүдэн дээр зогсож байсан. Тэгээд намайг машинаас буунгуут надруу хараад орилсон. Тэгээд надад Зоригоо та хоёроос болж манай цахилгаан тасарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа танай цахилгааныг манай хоёр тасалж байдаг юм гэж хэлсэн. Тэгээд би жижиг хаалга онгойлгоод хашаа руугаа ортол түс гээд машины төмөрний чимээ сонсогдсон. Тэгээд би хашааныхаа том хаалгыг онгойлгоод гараад иртэл Цэцгээ хоёр гартаа сүх барьчихсан. Сүхээрээ машины карло дээр цохьсон байсан. Карло хонхойсон байсан. Тэгээд би гайхаад та яаж байгаад юм вэ наадах чинь албаны машин гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс танайхаас болоод манай цахилгаан дандаа тасардаг, сар болгон дуудалга өгч манайх мөнгө төлж залгуулдаг, гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай цахилгаан манай хашааны гадуур явдаг. Бүх юм ил байгаа ийм юмыг яахаараа манайх тасалдаг юм гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр намайг болио боль наадахтайгаа битгий хэрүүл хий цагдаа дуудья гэж хэлсэн. Тэгээд намайг машин руугаа орж суух хооронд Цэцгээ би наадах машины чинь эвдрэлийг төлчихнө, би сарын 700000 төгрөгний цалинтай яадаг юм гэж байсан. Тэгээд би машиндаа суусан. Тэр үед би жолооны ард суусан. Эхнэр хажууд суусан. Тэгээд хоёулаа машин дотор чимээгүй сууж байтал Цэцгээ улам орилсон эхнэрийн талын хаалгыг татаж онгойлгож манай эхнэр лүү дайраад шавар арслан чамайг мэдэхгүй юм байна гэж хэл амаар доромжилсон. Тэгээд манай эхнэр хаалгаа татаж байгаад хаагаад түгжсэн. Тэгтэл сүхээрээ баруун талын хаалга хэсгийг сүхээрээ цохиод доогуураа хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед бид хоёр машинаасаа буугаагүй . Тэгээд бид тэрийг нь тоохгүй болохоор Цэцгээ манай хашааны том хаалгыг сүхээрээ цохиод орилоод байсан. Тэгээд бид хоёр бас л тоохгүй болохоор баруун талын айлын хашааны хаалгыг сүхээрээ цохиод байсан. Тэгтэл баруун айлын Азаа гэдэг залуу гарч ирээд яаж байна наад хаалга эвдлээ шүү дээ гэхэд сүхээ далайгаад Азааг цохих гээд байсан. Тэгээд Азаа ноцолдож байгаад сүхийг нь булааж авсан. Тэгээд байж байтал дуудлагын цагдаа ирсэн. Ингээд Азаа Цэцгээс шал согтуу байна гэж ярьж байсан. Тэгээд цагдаа ирээд Цэцгээг аваад Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх 29-30/,

 2.3. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Г.Тунгалагийн:...2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19-20 цагийн үед би гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 73-813 тоотод байх гэртээ байж байтал хашааны үүдэн дээр очоод хэн бэ  яах гээд байгаа юм бэ гээд ярьж байсан. Цаана нь Цэцэгээ хаалгаа онгойлго Тука хаалга онгойлго гэж хашгирч байсан. Тэр үед би хаалга онгойлгоогүй, байж байтал араас  нөхөр Азбаяр гарч ирээд хаалганд тулсан модыг авч хаалга онгойлгосон. Тэр үед Азбаяр Цэцгээгийн гартаа барьж байсан сүхийг нь авах гэж ноцолдсон. Тэгээд Азбаяр сүхийг нь авсан, тэр үед Цэцэгээ газар уначихаад чи намайг цохьсон, манай тог танайхаас болж тасарсан гэж орилоод байсан. Цэцгээ босож ирээд надруу дараад миний гуяруу хөлөөрөө өшиглөсөн тэр үед манай нөхөр Азбаяр намайг ор гээд би гэртээ орсон.  Азбаяр гэрт араас орж ирээд би цагдаад дуудлага өгчихсөн. Цагдаагийн хэлтэс руу явчихаад ирье гээд яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-31/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Т.Азбаярын:..2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 19-20 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал хашааны хаалга хүчтэй цохиод байх чимээ гарсан. Манай эхнэр Тунгалаг гарсан. Тухайн үед би эхнэрийнхээ араас цонхоор харж байхад хаалга түлхээд хүн оруулахгүй байгаа бололтой түлхэлцээд байсан. Тэгээд би гараад очиход хашааны хаалганы цаана зүс таних Цэцгээ сүх барьчихсан хаалга цохиод зогсож байсан.  Хаалганы завсараар сүх орж гараад байхаар нь би хашааны хаалга тулдаг модыг аваад хашааны хаалга онгойлгоод гарсан. Тэгээд сүхийг булааж авах зорилгоор сүхийг барьж авахад Цэцгээ халтираад уначихсан.  Тэгээд хартал хажуу айлын эрэгтэй, эмэгтэй хоёр машинд сууж байсан. Машинаас нөхөр нь бууж ирээд наад эмэгтэй чинь миний машиныг сүхээрээ цохьсон  дараа нь танай хашааны хаалгыг цохисон гэж надад хэлсэн. Тэгээд би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд нөгөө эмэгтэйг авч явсан. Араас нь би хөрш айлныхаа эмэгтэй, эрэгтэй хоёртой цагдаагийн хэлтэс дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх-32/, 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Цэцэгсүрэнгийн:..Гунгаа овогтой Цэцгээ нь миний төрсөн эгч байгаа, бид эхээс 5 уулаа, Цэцгээ эгч дээрээсээ 2 дахь хүүхэд, би дээрээ 2 эгч, 1 ах, 1 дүүтэй, Цэцэгээ эгч маань Нийслэлийн 35 дугаар сургуульд сурч байгаад 37 дугаар сургууль нээгдэхэд тэнд шилжиж очсон. Эгч маань 10 дугаар анги төгсөөд монгол савхи гэдэг улсын үйлдвэрийн газар савхины оёдолчин хийж байгаад оёдлын үйлдвэр хаагдах үед гэрээрээ юм оёдог болсон гэх мэдүүлэг. /хх-33/,

2.6.Насанд хүрээгүй гэрч Ц.Золбоогийн:..2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой би Цэцгээ эгчийн гэрт 18 цагийн үед очсон. Намайг Цэцгээ эгчийнд очиход Цэцгээ эгч гудамжиндаа хужаагийн хашааны үүдэнд эрэгтэй, эмэгтэй, хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би яасан бэ гэж асуухад Цэцгээ эгч цахилгаанаа янзалж чадахгүй байна гэж байсан.  Тэгээд яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлээд би сүхийг нь аваад гэрлүү нь ороод шат аваад юм аа янзлах гэж байж байтал хүмүүс ирсэн. Тэр үед эгч, эх хоёр машиндаа ороод  суучихсан. Тэгээд би юмыг нь янзалж өгөөд яваад өгсөн. Намайг гэртээ харьсан байхад цагдаа ирээд Цэцгээ эгчийг аваад явсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг ./хх-34/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/, хохирогчийн мэдүүлэг /хх-9/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 29-34/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-40/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-41/, яллагдагчаар татах тогтоол /хх-42/, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Г.Цэцгээ нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 73 дугаар гудамжны 814 тоот хашааны үүдэнд И.Түмэнжаргалын ашиглаж байсан “Шинэ сар” ХХК-ийн захирал Ян Жин Гуангийн нэр дээр байдаг 24-53 УБТ улсын дугаартай “Тоёото Tundra” маркийн автомашиныг И.Түмэнжаргал, Ян Жин Гуан нарыг гэрлийн утас тасалж гэрэлгүй болголоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас шалтгаалан сүхээр цохиж санаатай гэмтээж 387.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч И.Түмэнжаргал, гэрч Ян Жин Гуан, Г.Тунгалаг, Т.Азбаяр, Г.Цэцэгсүрэн  нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, машины фото зураг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Г.Цэцгээгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Г.Цэцгээ нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Цэцгээд холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Цэцгээг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.   

Хохирогч И.Түмэнжаргал нь Г.Цэцгээгээс цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55.1.1, 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх  удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч Г.Цэцгээ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1  ширхэг сүхийг тогтоол  хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дашдорж овогт Гунгаагийн Цэцгээг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Цэцгээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэцгээд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэцгээд оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Чингэлтэй дүүргийн  Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн  88.1.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

            6. Шүүгдэгч Г.Цэцгээ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Цэцгээд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цэцгээд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ