Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/152

 

      2021           2              9                                             2021/ДШМ/0152                           

 

     У.Хт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/2176 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Солонгын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлийг үндэслэн У.Хт холбогдох эрүүгийн 2005027661599 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Х овгийн У-ын Х,

 

             Шүүгдэгч У.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10Б байрны 122 тоотод хохирогч Б.Аийн зүүн нүд, зулай хэсэг рүү 3 удаа цохиж, түүний биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Х, хохирогч Б.А нар нь эхнэр, нөхөр буюу албан ёсны баталгаа бүхий гэр бүлийн гишүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-д “... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хамааруулсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжийг “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...” гэж хуульчилжээ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байхыг шууд шаардсан байх буюу нэг удаагийн үйлдлийг нь хамааруулахгүй гэсэн агуулгагүй байна.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлүүд ойлгомжгүй байна. Үүнд:

 

Гэмт хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэж прокурор дүгнэсэн байтал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд гэмт хэрэг гарахаас өмнө буюу “2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөхөр зодсон” гэж, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналд “Ө.Шинэтулгад холбогдох” гэж тус тус бичигдсэн байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Цагдаагийн ASP сангийн мэдээллийг бүрэн гүйцэт авсан гэхэд эргэлзээтэй байгааг дурдаж, шүүгдэгч У.Хт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Солонго бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хэргийг хянавал, шүүгдэгч У.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Аийг “чи хүүхдээ дарчих байх хоёулаа байраа солиод хэвтэх үү ...” гэж хэлсний улмаас маргалдаж гараараа зүүн нүд, зулай хэсэг рүү гурван удаа цохиж, биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч У.Хын үйлдэлд нь байнгын шинжтэй гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин хохирогч Б.А нь шөнийн 00 цаг өнгөрч байхад нөхөр У.Хыг сэрээгээд “чи хүүхдээ дарчих байх хоёулаа байраа солиод хэвтэх үү” гэж хэлэхэд У.Х “... би хүүхдээ дарчих юм шиг байна уу, чи одоо юу гээд байгаа юм гэж ...” маргалдсаны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан болсон буюу гэнэт үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч У.Х, хохирогч Б.А нар нь эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна гэх агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй болж байна.

 

Түүнчлэн шүүгдэгч У.Х нь хэрэг болсон цаг хугацаанд өөрөө цагдаагийн байгууллагад “.. би эхнэрээ зодчихлоо ...” гэж дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Шүүгдэгч У.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн зүйлийн 1.5 дахь заалтад заасан үндэслэл буюу өөрийгөө илчилсэн зэрэг хуулинд заасан хөнгөрүүлсэн нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож, шүүгдэгч У.Хт холбогдох үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн хүндрүүлэхээр буцаасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд гэмт хэрэг гарахаас өмнө буюу “2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөхөр зодсон” гэж бичигдсэн нь хохирогчийн өгүүлэмжээр шинжээч тогтоолдоо бичсэн байна. Тухайн гэмт хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл авсан тэмдэглэл, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тухай саналд “Б.Шинэтулгад гэж бичигдсэн мөрдөгчийн техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба энэ нь зөвхөн мөрдөгчийн санал бөгөөд прокурор хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг хянаад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан бүрэн эрхийн дагуу У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна, прокурорын яллагдагчаар татсан тогтоолын дагуу мөрдөгч нь У.Хт хуулинд заасан эрх үүргийг эдлүүлэн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурор”-ын тогтоолыг танилцуулан тухайн өдөр мэдүүлэг авсан.

 

Мөн У.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцан мэдүүлэг өгсөн, яллагдагч У.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт” прокурорт гаргасан байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад буюу яллах дүгнэлтэд яллагдагчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, 2 дахь заалтад яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх зэрэг тусгагдсан бөгөөд дээрх мөрдөгчийн саналд техникийн шинжтэй гаргасан алдаа нь прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэнд ямар нэгэн алдаа зөрчилгүйгээр үнэн зөв бичигдсэн бөгөөд энэ талаар хохирогч болон яллагдагч нараас ямар нэгэн гомдол санал гараагүй бөгөөд хоорондоо сайн дураар эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

 

Цагдаагийн байгууллагын Асап сангийн мэдээлэл нь шүүгдэгчийн хувийн байдлыг харуулсан нотлох баримтанд хамаарахгүй, шүүх цагдаагийн Асап сангийн мэдээллээр яллагдагчийн хувийн байдлыг тогтоолгох гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Цагдаагийн байгууллагын Асап сангийн мэдээлэл нь нотлогдсон үйл баримт биш юм.

 

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Хт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, У.Хт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Хыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10б байрны 122 тоотод хохирогч Б.Аийн зүүн нүд, зулай хэсэг рүү нь 3 удаа цохиж, түүний биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх У.Хын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тогтоохын тулд шүүгдэгч У.Хын хувийн байдалтай холбоотой мэдээллийг тодруулах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Учир нь, шүүгдэгч У.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хүндрүүлэх шинж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоох шаардлагатай юм.

 

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.

 

Харин хэргийн материалд яллагдагчийн хувийн байдлыг тогтоохоор зохих ажиллагаа хийж, шаардлагатай баримтуудыг авч хэрэгт хийсэн эсэх нь эргэлзээтэй байх тул үүнийг дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тухайн баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Хын үйлдэл гэр бүлийн хүчирхийлэлд хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/2176 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Солонгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/2176 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Солонгын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                         Б.БАТЗОРИГ