Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 114/ШШ2022/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                 Нэхэмжлэгч: “*******” *******

                Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

                Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01- дугаартай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэх”” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд

    Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , Ц.Чулуунцэцэг нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” *******-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “*******” ******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот шийдвэрээр ******* дугаартай 427м2 газрыг 15 жилийн хугацаатай Дархан сумын 10-р баг, 5-р хороололд үйлчилгээний зориулалтаар авсан.Газар авснаас хойш манай компанийн хувьд эдийн засгийн нөхцөл тааруу байсан бөгөөд үүнээс үргэлжлүүлээд өнгөрсөн 2 жилийн турш дэлхий даяар КОВИД-19 цар тахал дэгдэж үүнтэй холбоотойгоор манай улсад ч гэсэн

бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Энэхүү цар тахлын байдал 2022 он гарсаар эрч нь суларсан. Бид 2019 оноос эхлэн тухайн газар дээрээ мэргэжлийн байгууллагаар эх загвар зураг хийлгэн холбогдох төрийн захиргааны байгууллагаар батлуулсан бөгөөд техникийн нөхцөлүүдээ авсан. Мөн хөрсний геологийн шинжилгээг хийлгэсэн. Үргэлжлүүлэн ажлын зураг төслөө гүйцэтгэн Барилга хөгжлийн төвийн зураг төсөл магадлалын хэлтсээр зураг төслөө магадлуулсан болно. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай байгууллагад 2012.12.20-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл гэж газар ашиглалтын талаар хийж гүйцэтгэсэн зураг төсөл, инженер геологийн дүгнэлт бусад техникийн нөхцөлүүдийг хийж гүйцэтгэсэн бол баримтаар ирүүлэхээр заасан байсан. Бид 26 хуудас хавсралт хийж гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэлээ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Гэтэл бид барилгын ажлаа 2022 оны 8 сараас эхлүүлэхээр төлөвлөн бичиг баримтаа бүрдүүлж байтал 2022 оны 6 дугаар сарын 18-нд манай эзэмшлийн газрыг хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн авлаа. Бид тус газар дээрээ 2019 оноос эхлүүлэн инженер геологи болон бусад зураг төсөлд багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан ба өөрийн газар эзэмших хугацаандаа барилга байгууламж барих бэлтгэл ажлыг өөрсдийн чадлын хэрээр гүйцэтгэж байсан. Мөн техникийн нөхцөл авах, зураг төслийг төрийн байгууллагуудаар хянуулж батлуулахад багагүй хугацаа зарцуулсан. Манай компанийн газрыг цуцалсан нь “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ээр нэр төдий цаасаар халхалж хийж гүйцэтгэсэн ажлыг маань үнэгүйдүүлж хууль зөрчсөн хэмээн үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022.06.07 өдрийн тоот захирамжийг хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хүсье гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад 2018 онд барилгын зураг төсөл хийлгэсэн боловч, энэ нь шаардлага хангаагүй учраас дахин 2021 онд барилгын ажлын зургийг дахин хийлгэсэн.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал гарч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хэдий ч инженер геологийн дүгнэлт зэргийг гаргуулж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулж, 2019, 2020, 2021 онуудад ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн. Тухайлбал хориод нэр төрлийн судалгаа, шинжилгээний дүгнэлтийг гаргуулж, нэлээд хөрөнгө мөнгийг зарцуулсан  2021 оны 12 сарын 17-нд шуудангаар сонсох ажиллагааны мэдэгдлийн ирүүлж, хариуг 23-ны өдрийн дотор хариуг ирүүлэхийг заасан байсан. Шуудангаас 23-ны өдөр хүлээн аваад 28-ны өдөр 26 хуудас материалын хамт Газрын албанд хүргүүлсэн. 2022 оны 08 сараас барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Барилгын материал орж ирэхгүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад цаг хугацаа алдаж байсан. Энэ нь ганц компанийн хөрөнгө мөнгөний асуудал, газраа эзэмших үүргээ биелүүлээгүй гэдгээс үл хамаараад бусад цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалсан байдаг.

Заавал нотлох баримтаар нотлох шаардлагагүйгээр хүн бүр мэдэж байгаа, барилгын материалын үнийн хөөрөгдөл зэргийг харж үзэлгүйгээр зөрчилд заасан бүх ажиллагааг хийсэн байхад газрын эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан гэсэн гомдолтой байдаг. Газар эзэмших эрхийг цуцалсан 2022.06.07-ны өдрийн 01- дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн тэмдэглэлд “*******” *******-ийн эзэмших эрх бүхий газрыг дөрвөлжилж заасан байна. Гэтэл кадастрын зурагт урт нарийхан хэмжээтэй зурагдсан байна. Кадастрын зургаас зөрүүтэй зурагдсан байна. Барилгын ажлыг эхлүүлэх гэтэл зарим хэсэгт  мод тарьсан, барилгын зургийн дагуу гүйцэтгэх боломжгүй болсон. 41 ширхэг модыг Буудайгаас тарьсан. Газрын эзэмших эрхийг 2022 оны 06 сард хүчингүй болгосон, гэтэл хүчингүй болгосон захирамж гарахаас өмнө ******* *******-ийн газрыг өөр этгээдэд ашиглуулж, мод тариулсан нь нэхэмжлэгч компанийг газраа зориулалтын дагуу ашиглах нөхцөл боломжоор хариуцагч тал хангаагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваад 2018 онд Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “*******” *******-д анх аймгийн Засаг даргын 2017 оны 06 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалтын дагуу Дархан сумын 10 дугаар багт 5 дугаар хороолол, Буудай зочид буудлын зүүн талд Үйлчилгээ, нийтийн орон сууцны зориулалтаар 427 м.кв талбай бүхий ******* нэгж талбартай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 тоот албан шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасантай нийцэхгүй байна гэсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах тухай албан шаардлагыг ирүүлсний дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 (хуучин хууль) хэсгийг үндэслэл болгон захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №843, дахин 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №788 тоотоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсний дагуу “*******” *******-аас 2021 оны 12 дүгээр сарын 28-ны өдрийн №01 албан тоотоор хариу тайлбар, холбогдох материалын хамт хавсаргаж ирүүлсэн байдаг.Ирүүлсэн материалыг судлахад Төрийн аудитын газрын “Зөрчил арилгуулах тухай” 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хугацаанд Дархан-Ус суваг ХК,  Дарханы  дулааны  сүлжээ  ТӨХК,  Холбоо  мэдээллийн   сүлжээ,  инженер  геологийн судалгааны дүгнэлт, барилгын ажлын зураг төсөл хийх гэрээ, эскиз зураг, техникийн нөхцөлүүдээ бүрдүүлж, батлуулж ирүүлсэн байдаг.

Удирдлагаас “Зөрчил арилгуулах тухай” аудитын албан шаардлагыг хангуулж ажиллах чиглэлийн дагуу захирамжийн төсөлд оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тухайн газар дээр буюу 10 дугаар багийн 5-6 байр, 1-В байрны оршин суугчдын эрүүл аюулгүй ая тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж болзошгүй барилга байгууламж, зам талбайн зураг төсөв батлагдаж байгааг эсэргүүцсэн оршин суугчид 2022 оны 05 дугаар сард аймгийн Засаг даргад хандсан байдаг үүний дагуу аймгийн Засаг даргаас тухайн газарт сонсох ажиллагааны дагуу тус газрыг өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хангуулах талаар чиглэл ирсэн байдаг. 3ахиргааны шийдвэр гаргах ажиллагааны урьдчилсан бэлтгэл ажил болох “Сонсох ажиллагааны мэдэгдэл” нь газрын тухай хуулийн 40.1.6, газар эзэмших гэрээний 3.1 дэх заалтыг зөрчсөн нь шалгах эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдож зөрчил арилгуулах тухай шийдвэр гарсан, мөн тухайн газрын оршин суугч болох 53 иргэний өргөдөл гомдол ирсэн байдаг. Ковидын нөхцөл байдалд 2020-2022 онуудад 2 жилийн хугацаанд тухайн газар эзэмшиж ашиглахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж, дүгнэлт гаргуулж ирүүлсэн байдаг, анх захирамж олгосон 2017 оны 06 дугаар сараас хойш 2019 оны 06 дугаар сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байгаагүй үед тухайн газраа ашиглаагүй байгаа нь ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаад байгаа нөхцөлд байдлууд нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гэрч ******* мэдүүлэгтээ: Манай ажлын алба Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж тухайн аж ахуйн нэгжүүдийн хувийн хэргүүдийг авч үзлэг хийн google earth программ дээрээс тухайн аж ахуйн нэгжид олгосон гэх газрыг тулгаж хашаалсан эсэх, ямар нэгэн үйл ажиллагаа хийгдэж, барилга баригдаж байгаа эсэхийг шалгаж үйл ажиллагаа явуулаагүй, хашаалаагүй хоосон байсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж газар дээр нь очиж үзэн газрын албаныхантай сонсох ажиллагаа хийсэн гэв.

                                             

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

        Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч  “*******” *******- нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* дугаар захирамжийн  хавсралтаар  10   дугаар   баг  5  дугаар   хороололд   Буудай   зочид  буудлын   зүүн   талд үйлчилгээний зориулалтаар 427.0 м.кв талбай бүхий ******* нэгж талбарын дугаартай газрыг 15  жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, дээрх захирамжийг үндэслэн  2017 оны 07 дүгээр сарын 16-ны өдөр Аж ахуйн нэгж байгууллагын  газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг олгож, ******* дугаартай гэрээг байгуулжээ.

     Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь маргаж буй 01- дугаартай захирамжийг  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар “*******” ******* ний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газар эзэмших гэрээний 3.1 дэх заалтуудыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6 дахь заалтад  ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй” гэжээ.

         Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”

         Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно ” гэж тайлбарлажээ.

          Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардаж байна.

           Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч  “*******” ******* нь  газар эзэмших эрхийг үйлчилгээний  зориулалтаар олж авсан байх боловч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай гэрээ хийгдсэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолоход 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор буюу хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд  тухайн  газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, уг газар нь атараараа   байгаа  нь  шүүхээс  маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургууд  Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 41/14, дугаартай албан шаардлага, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байгаа болно.

 

          Нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд барилгын зураг төсөл хийлгэсэн боловч шаардлага хангаагүйн улмаас 2021 онд  дахин хийлгэсэн, өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахал гарч, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хэдий ч инженер геологийн дүгнэлт зэргийг гаргуулж, тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулж 2019-2021 онуудад ихэнх ажлаа гүйцэтгэсэн гэж тайлбарлах боловч газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхээргүй, газраа ашиглаж эхлээгүй, бодитоор хөрөнгө оруулалт хийсэн, бүтээн байгуулалт хийсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлаас хамаарахгүйгээр газрыг үйлчилгээний зориулалтаар  ашиглаж, төлөвлөсөн обьектоо барьж байгуулах боломжтой байсан байна гэж шүүх үзлээ.

         Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу маргаж буй 01- дугаар захирамжийн 2 дахь заалтаар гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон талаар “*******” *******  мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд маргасан байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан  ажиллагааг хуульд зааснаар явуулсан  байна.

         Хэрэгт авагдсан газрын байршлын зураг, үйлчилгээний барилгын ерөнхий төлөвлөгөөний зургуудад өөрчлөлт орсон, төлөвлөгдөж буй газарт бохир усны шугам хоолой, кабелийн шугам орсон, барилгажих талбай 70 хувь, ногоон байгууламж 30 хувь байхаар төлөвлөх байтал оршин суугчдын цонхон доор авто зогсоол төлөвлөсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ээр нэр төдий цаасаар халхалж хийж гүйцэтгэсэн ажлыг маань үнэгүйдүүлж хууль зөрчсөн хэмээн үзэж байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч “*******” ******* Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий 01- дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил  дараалан ашиглаагүй ” гэж  буруутгасан нь үндэслэлтэй байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хууль бус болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага

                                                                         

                                                                  ТОГТООХ нь

  1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1 Газрын

тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан  нэхэмжлэгч “*******”

*******-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 01- дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах газар эзэмших эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНЧИМЭГ