| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/238 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: М.Билгүүтэй /томилолтоор/,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007420964 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Сайн Финанс банк бус санхүүгийн байгууллагын хойд замд Toyota Isis маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан скүүтэр унаж явсан ***тай мөргөлдөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Jet түрээсэлж яваад урагшаа зам гараад БСБ электрон барааны дэлгүүрийн урдаас зүүн чиглэлд унаад явсан. Тэгээд андуудын автобусны баруун талын замаар явж байсан чинь гэнэт зүүн гар талаас нэг шаравтар машин гарч ирээд намайг мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь нийт 2.631.080 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.631.080 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ....дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,
Шинжээчийн 12008 дугаартай дүгнэлтэд: “...*** биед зүүн эгэм ясны дунд 1/3-ийн сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, зүүн зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 37-39/,
Мөрдөгчийн 1766 тоот магадалгаанд: “...32-02 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-н 53/,
Яллагдагчаар ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа...” гэжээ /хх-н 74/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-9/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-н 45-49/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-67/, хохирлын баримтууд /хх-н 78-79/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 09 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Сайн Финанс банк бус санхүүгийн байгууллагын хойд замд Toyota Isis маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган”, мөн дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан скүүтэр унаж явсан ***тай мөргөлдөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч *** мэдүүлэг, шинжээчийн 12008 тоот дүгнэлт, мөрдөгчийн 1766 дугаар магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа цахилгаан скүүтэр унаж явсан *** мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч *** эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан баримттай хохирол 611.750 төгрөгийг хохирогч *** руу шилжүүлсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг тус тус гаргаж өгсөн болно.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба тухайн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.
Дээр гэмт хэргийн улмаас хохирогч *** нь 2.631.080 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас авсан ба шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1.631.080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримттай хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР