Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б-т холбогдох 2316000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээвэрт явдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******** сумын ****** багийн *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********** регистрийн дугаартай, О овогтой А-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б-н 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумын ************** тоотод байрлах өөрийн гэртээ болон гадаа гудамжинд эхнэр Э.Н-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь бэлгийн их уруулын завсар, хэлүүний баруун талд шарх, зүүн хацарт цус хуралт, эрүүний ооч, хүзүүний ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын **************** тоотод байрлах өөрийн гэртээ болон гадаа гудамжинд эхнэр Э.Н-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь бэлгийн их уруулын завсар, хэлүүний баруун талд шарх, зүүн хацарт цус хуралт, эрүүний ооч, хүзүүний ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 16-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд манай нөхөр Б согтуу гэртээ ирээд намайг “...гөлөг минь, лалар минь, бос зайл...” гээд орноос татаж босгоод гэрээс чирээд хөөж гаргасан ... Манай нөхөр Б нь араас ирээд миний шилэн хүзүүнээс базаад явган хүний зам руу газарт унагаасан. Би босоод нөхөртөө “...аавынд очлоо...” гэж хэлэхэд “...гэр рүүгээ ор пизда минь...”  гээд миний нуруунаас түлхээд гэр рүү явсан. Байрны хажуу талын нарийн гудамж руу орох гэж байхад миний үснээс зулгаагаад газарт чирээд хэсэг явсан... Маргааш бүх юмаа аваад зайлаарай гээд хөлөөс татаад буйдан дээрээс унагаагаад гараа атгаж байгаад миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон... Миний толгой руу манай нөхөр гараараа 3 удаа, зүүн шанаа руу 1 удаа, баруун доод зовхи руу утсаараа 1 удаа цохисон... Миний хэлүүг гараараа оролдсоноос болж, шарх үүссэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

2. Шүүгдэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Э.Н нь манай эхнэр байгаа юм. Бид 2 анх 2010 онд танилцаад 2014 онд гэр бүл болж хуримаа хийсэн. Дундаасаа нэг охин, нэг хүүтэй ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

3. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаартай “...1. 2. Э.Н-н биед бэлгийн их уруулын завсар хэлүүний баруун талд шарх, зүүн хацарт цус хуралт, эрүүний ооч, хүзүүний ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүдээс бэлгийн их уруулын завсар хэлүүний баруун талд үүссэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь түүнчлэн гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон. Мөн уг хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор хуульчилжээ.

Үүнээс дүгнэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садангийн хүмүүс болон гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн нэг талын давамгай байдлыг тогтоох зорилготой бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгохоор тодорхойлсон байна. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхнэртэйгээ үүссэн гэр бүлийн хувийн харилцааны шинжтэй удтал үргэлжилсэн маргааны явцдаа түүний биед санаатай халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгч А.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50  дугаар хуудас/, Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаартай “... А-н Б нь тус багийн 8-58 тоотод ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг...” гэх агуулга бүхий тодорхойлолт/хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, хохирогч Э.Н-н 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцаад “... танилцлаа санал хүсэлт байхгүй...” гэсэн хүсэлт/хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч О овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-т сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА