2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/328

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү,

Шүүгдэгч: *** оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001936 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “CU” үйлчилгээний төвийн гадна тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч ***тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод уруул зөөлөн эдийн няцрал, салстын язрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хохирогчид 3 сая төгрөг дансаар 3 хувааж шилжүүлсэн” гэв.

Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой би өөрийн найз Баяраагийн гэрт очоод найзтайгаа хамт 0.7 граммын Эдэн нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд 00 цагийн орчим Толгойтын хуучин эцэс ороод харих гэж байгаад ганцаараа Толгойтын автобусны урд талын буудал дээр байсан караокед ороод дуулж байгаад гарч ирсэн чинь миний хажууд сууж байсан үл таних залуу тамхи татах гэж гарч ирсэн. Тэгээд би гоймон идэх санаатай CU орсон. Гэтэл би өөрийн мөнгөө гадуур хувцасны халаасанд үлдээсэн байсан, нөгөө залуу мөн мөнгө байхгүй гээд бид хоёр буцаад гарсан юм. Тэгээд би тухайн хүнд чи мөнгөгүй байж юм аваад гэж хэлээд бид хоёр маргалдсан юм. Гэтэл тухайн хүн намайг доош нь дарж байгаад миний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд CU ороод байж байсан чинь хажууд байсан залуу ирээд цагдаа дуудсан байсан. Би тухайн хүнийг огт танихгүй караокед сууж байгаад таньдаг болсон. ...Миний нүд хавдсан сэтэрсэн байна, уруул сэтэлсэн, хамар хөхөрч хавдсан, үүдэн шүд сэтэрсэн байна. Тухайн гэмтлийг надтай хамт CU орсон үл таних залуу намайг зодож миний биед гэмтэл учруулсан. Би тухайн үед их уусан байсан учир их согтуу байсан юм. ...тухайн гэмтлийг хамт байсан үл таних залуу миний нүүрэн тус газар 5-6 удаа өшиглөж учруулсан. ...Би тухайн хүнтэй мөнгөн дээрээс болоод маргаан үүссэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Шинжээчийн 15078 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 14-15/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3-4/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21-28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48, 51-75, 83/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “CU” үйлчилгээний төвийн гадна тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч ***тай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж түүнийг зодсон  үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР