Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2019/00990

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2019/00990

Төв аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух Д.Б

Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух Х.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........тоотод оршин суух Т.А  

Хариуцагч: .......... тоотод оршин суух Т.Ч, нарт холбогдох

Т.Э-аас. 5,000,000 төгрөг гаргуулах, Т.Ч.аас 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б., түүний өмгөөлөгч А.Оюун, нэхэмжлэгч Д.Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, хариуцагч Т.Энх-Амгалан, гэрч В.Ганзориг, Х.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нар нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ:

2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Энх-Амгалан нь Алтан дорнод Монгол компанийн талбайд хаягдал галь эфелийн овоолгыг дахин боловсруулж, техникийн нөхөн сэргээлт хийхээр боллоо, гэрээгээ өнөөдөр хийх хэрэгтэй байгаа учир яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж иргэн Б., Х.Б.нараас 100,000,000 төгрөгийг мөнгө хүлээн авсан баримт үйлдэн авсан байдаг.

Мөнгө өгсөн энэхүү асуудал нь Алтан дорнод Монгол компанид холбогдох эрүүгийн хэрэгтэй хамтатган шалгагдсан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь, 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү нийт мөнгөнөөс 15 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд Энх-Амгалан буцаан төлж,

85,000,000 төгрөг үлдсэн байна.

Хэрэг шалгах хугацаанд Монгол улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасарсан тул Монгол улсын Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу хугацааг сэргээн, иргэний хэрэг үүсгэж, дээрх 85,000,000 төгрөгийг иргэн Т.Э-аас. гаргуулж, тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нар нь 2019 оны 6 дугаар саын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч болох Энх-Амгалан нь Алтан дорнод Монгол ХХК-ийн талбайд хаягдал галь эфелийн овоолгыг дахин боловсруулж, техникийн нөхөн сэргээлт хийхээр болж харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар болсон юм.

Ингээд яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд иргэн Б., Х.Б.нараас 100,000,000 төгрөгийг мөнгө хүлээн авсан баримт үйлдэн авсан байдаг.

Ингээд 80,000,000 төгрөгийг Сайнжаргал, Б., Б., Энх-Амгалан нар нь машинд хамт байхдаа Чинбатыг дуудаж өгсөн. Харин 20,000,000 төгрөгийг нь Чинбат Даваасамбуу захиралд оруулаад өгчих гэж хэлсэн тул Чинбат Энх-Амгалан нар дотогш хамт орж, Энх-Амгалан Даваасамбуугийн өрөөнд оруулж өгсөн.

Энэ мөнгийг Даваасамбуу нь мөрдөн байцаалтын шатанд 20,000,000 төгрөгийг Энх-Амгаланд буцаан өгсөн боловч Энх-Амгалан 5,000,000 төгрөгийг хувьдаа авч үлдэн 15,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн данс руу хийж, Энх-Амгалан 5,000,000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд дээрх 5,000,000 төгрөгийг Энх-Амгалангаас гаргуулж, бэлнээр авсан 80,000,000 төгрөгийг хариуцагч Т.Ч.аас тус тус гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /хх-160,161/

Нэхэмжлэгч Х.Б.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 6 дугаар сарын эхээр нэг орой манай хүргэн Сайнжаргал над руу утасдаад Алтан дорнод Монгол компани барьцаа 100.000.000 төгрөг аваад нөхөн сэргээлтийн гэрээ хийе гэж байна. Хоёулаа очиж тэр хүмүүстэй уулзъя гэж утсаар ярьсан. Маргааш нь дүү бид хоёр дэлгүүрээс өөрсдийн гэр бүлийн мөнгө болох 70.000.000 төгрөгийг аваад, үлдсэн 30.000.000 төгрөгийг авахаар Ард кино театрын урд Д.Б.той уулзсан. Д.Б.ыг би танихгүй. Анх удаа харж байгаа нь тэр. Д.Б. иргэн Ганзоригоос 30.000.000 төгрөгийг Ард кино театрын Хаанбанк банкнаас авч өгсөн. Нийт 100.000.000 төгрөг болсон. Т.Ганзоригийг цуг явж гэрээтэйгээ танилцахгүй юм уу гэхэд Д.Б. ах та явчих гэсэн. Д.Б., Сайнжаргал, бид 3-ыг Алтан дорнод Монгол-ын үүдэнд очиход Т.Энх-Амгалан уулзсан. Т.Энх-Амгаланг тэгэхэд би анх удаагаа харсан. Гэрээ яах уу гэхэд оффисоос 2 хүн гарч ирнэ гээд Т.Ч., согтуу орос хоёр гарч ирсэн. Машинд суухад нь яалт ч үгүй 100.000.000 төгрөгийг Т.Ч.ад хүлээлгэж өгсөн. Т.Ч. өөрийгөө энэ компанийн ерөнхий геологич гэж танилцуулсан. 100.000.000 төгрөгийг Т.Ч. аваад өөрөө оффис руугаа орсон. Улаан цайм би аваагүй гээд байхаар нь арга ядаад шүүхэд хандсан. Мөнгөө авъя гэж ярьж байсан. Ажил явуулах боломжгүй болох үед Улаанбаатараас гарч явж байхад нь Налайхын зам дээр тааралдсан. Хажуугаар нь сигналдаад байсан зогсохгүй болохоор нь араас нь хөөсөөр байгаад зогсоогоод, мөнгөө буцаамаар байна гэхэд та байж бай жаахан тайвшир, бид газар ярьж зохицуулна гээд бид нарыг хуурсан.

Т.Энх-Амгалантай уулзахад Д.Б.ын машинтай Д.Б., Сайнжаргал, бид 3 очсон гэв. Энэ хэргийн талаар Мөрдөн байцаах газар гэрчээр мэдүүлэг авах гээд дуудсан. Цогтбаатар гэдэг мөрдөгч байсан байх. Бид нар хохирогч нь болохоос Т.Энх-Амгалан биш, яагаад гэрчээр асууж байгаа юм бэ гээд Цогтбаатар байцаагчтай маргаж байсан. Сүүлд нь Цогтбаатар мөрдөн байцаагч энэ хэргийг дээрээс хаа гээд байна гэхээр нь би ширээгээ цохиод босож ирж байсан. Цогтбаатар мөрдөгчөөс асуувал мэдэж байгаа. Намайг харваад эмнэлэгт байхад, хэл ярианы чадваргүй байхад Энх-Амгалан гэдэг байцаагч намайг хайж, сурж байгаад эмнэлэгт ирээд, өөрөө яриад сүүлд нь надаар гарын үсэг зуруулсан. Би асуусан асуултад нь дохиогоор хариулсан. Түүн дээр ч хүртэл хэлж байсан. 2016 оны 10 сарын сүүлээр намайг ажлаар урд явж байхад дүү маань бурхан болсон. Сайнжаргал яагаад энэ асуудлыг хөөцөлдөх болсон бэ гэвэл би хоёр ч удаа харваад, бие муутай болсон болохоор ахыг байн, байн шүүхэд дуудаад яах вэ гээд Сайнжаргал өөрийнхөө нэрээр мөнгөө нэхэмжилж байсан. Дүү маань гэнэт нас бараад дүү маань шоконд орсон. Хүүхэд нь Орчлон сургуульд сурдаг. Би дүүгийнхээ хүүхдийн сургалтын төлбөр амьдрал, ахуйд нь дэмжлэг үзүүлж байсан. Түрүү өгсөн банкны дансны хуулгаар, мөн бэлнээр шилжүүлж байсан. Энэ авах ёстой мөнгө минийх юм гэдгийг та бүгдэд ойлгуулах гэж байгаа юм. Дүү маань амьд сэрүүн байхдаа надад Т.Энх-Амгалан ах ярьсан. Миний данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэнийг нь зээлж авсан гэж ярьж байсан. Тухайн үед буюу 2013-2019 онуудад би хэл муутай, ярьж чадахгүй, юм барьж ч чадахгүй байсан. Одоо арай л дээр, хүнтэй ярьж, харьцаж чадаж байгаа. Яалт ч үгүй энэ мөнгө миний мөнгө. Яалт ч үгүй Т.Ч. хэрэгтэн. Улаан цайм өөдөөс харж сууж байгаад мөнгө авсан хүн бол Т.Ч.. Мөнгөө ширхэглэж тоолоогүй. Багцалж тоолсон. Манай дэлгүүрээс авсан мөнгө нь резинэн боодолтой, Ганзоригийн авчирсан мөнгө нь банкнаас авсан нь банкны боодолтой байсан. Их яриад байхаар хэл ээдрээд байна. Үүнийг л та бүхэнд чадан ядан ойлгуулах гэж байгаа юм. Т.Энх-Амгалан гэрээг бариад гарч ирэхээр нь бид нар хэлсэн. Кассынх нь баримт хаана байна гэхэд гэрээ чинь баримтаа гэсэн гээд баримт өгөөгүй байсан. Түүнээс мөнгийг Т.Ч. гардаж авсан. Миний хүсэлтийг хангаж 80.000.000 төгрөгийг Т.Ч.аас гаргуулахыг чухалчлан үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Х.Б.ын өмгөөлөгч А.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед Т.Энх-Амгалан, Х.Б.нар бие биеэ танихгүй, Т.Энх-Амгалан Алтан дорнод Монгол ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээ хийгээд, гэрээ зурагдаж гарч ирсэн. Гэрээ зурагдаж гарч ирэхэд Алтан дорнод Монгол ХХК-ийн удирдлагууд Чинбатад гээд цохолт хийсэн байдаг. Т.Ч.тай харьцаж байсан. Т.Ч. өөрийгөө Алтан дорнод Монгол ХХК-ийн ерөнхий геологич гэж танилцуулсан байдаг. Гарч ирэхдээ Данилов гэдэг оросыг дагуулж ирсэн байдаг. Тэр орос нь Заамар авто баазын дарга хүн байсан юм байна лээ. Энэ хугацаанаас хойш 1 сарын дараа Данилов гэдэг хүн нутаг руугаа буцсан байдаг. Би энэ асуудлыг Нийслэлийн прокурорын Архиваас орж үзсэн. Тэгэхэд 17 хавтаст хэрэг байсан. Алтан дорнод Монгол ХХК нь аж ахуйн нэгжүүдээс тодорхой зардал гарна гэж мөнгө аваад, 19 аж ахуйн нэгжээс 20.000.000-100.000.000 төгрөг авсан асуудал нь хуучин Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар зүйлчлэгдээд явж байсан. Нэлээн олон жил болсон, 6, 7 жил болсон. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар гэм буруугийн асуудлыг хөнгөрүүлээд байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгт тооцуулаад, хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 2017 оны 8 дугаар сарын 11-нд хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ Т.Ч-ын.үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа боловч Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж шинэ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Интерполоор Даниловыг эрэн сурвалжилсан байдаг. Би мөрдөн байцаагчийн даалгаврыг нэхэмжлэл гаргахдаа л өгсөн. Яагаад гэвэл мөрдөн байцаагч ажиллагаа хийхдээ хэн нь ямар оролцоотой байсан, юу болсон талаар бүгдийг нь бичсэн учраас үүнийг гол нотлох баримт гэж байгаа. Тийм учраас мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдал гэдэгт Т.Ч-ын.үйлдэл, мөнгө өгсөн үйлдлүүд дэлгэрэнгүй бичигдсэн. Үүнийг хавтаст хэрэгт шинжлэн судлуулах гэж байгаа учраас би үүнийг нуршмааргүй байна. 80.000.000 төгрөгийг Т.Ч. авсан нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Тухайн үед Т.Энх-Амгалан, Д.Б., Сайнжаргал, Х.Б.нар бүгдээрээ машинд сууж байхад Т.Ч. гарч ирэхдээ согтуу оростой гарч ирсэн. Т.Ч.ад мөнгөө өгсөн. Мөнгөө өгөхөд 20.000.000 төгрөгийг Даваасамбуу даргад оруулаад өгчих гээд тухайн үед Т.Энх-Амгаланд өгөөд оруулсан байдаг. Дотогшоо цүнхтэй мөнгийг үүрээд Т.Энх-Амгалан, Т.Ч. хоёр орсон байдаг. Тэгээд Т.Энх-Амгалан 20.000.000 төгрөгийг Даваасамбуу даргынх нь өрөөнд оруулж өгсөн. Т.Ч. 80.000.000 төгрөгийг авсан асуудал болсон. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд Алтан дорнод Монгол ХХК-ийн удирдлагууд бүгд шалгагдаж байсан. Гүйцэтгэх захирал Бямбаа, орлогч захирал Даваасамбуу нар шалгагдаж байгаад Даваасамбуу ах нь төрийн өндөр одон, медаль авах гэж байна, наад асуудлыг чинь цэгцэлмээр байна гээд 20.000.000 төгрөгийг нь буцаагаад Т.Энх-Амгаланд өгсөн байдаг. Т.Энх-Амгаланд 20.000.000 төгрөгийг өгөхдөө бүрэн өгөөгүй, дундаас нь 5.000.000 төгрөгийг нь авч үлдээд, 15.000.000 төгрөгийг Сайнжаргал руу шилжүүлсэн учраас энэ 100.000.000 төгрөгөөс 85.000.000 төгрөг үлдсэн. 85.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг нь Т.Ч.аас, 5.000.000 төгрөгийг нь Т.Э-аас. гаргуулахаар шүүхэд нэхэмжилж байгаа. Бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хавтаст хэргийн 10 дугаар талд мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн байдаг. Энэ Баруун Сөрт ХХК-ийн Т.Энх-Амгалан би иргэн Д.Б.оос 100.000.000 төгрөгийг амаар хэлцэл хийж, хүлээн авсан гэсэн баримтыг бичгээр үйлдэж, хавтаст хэргийн 10 дугаар талд хавсаргасан. Бичгээр үйлдсэн мөнгө хүлээн авсан баримт нь Д.Б.оос гэсэн бичгийн нотлох баримтаар тухайн үеийн иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэгчээр тогтоогдож байгаа юм. Нэг ёсондоо энэ хэрэгт 70.000.000, 30.000.000 төгрөг гэж салж байгаа боловч Д.Б.ын 30.000.000 төгрөг байгаа учраас энэ иргэний эрх зүйн харилцаанд үндсэн нэхэмжлэгч учраас Д.Б. өнөөдөр 30.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Бичгийн нотлох баримтаар Т.Энх-Амгалан 100.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан Т.Энх-Амгалангийн бичгийн тайлбарууд, Сайнжаргал, Оросын холбооны улсын иргэн Даниловын мэдүүлэг зэрэг ач холбогдол бүхий мэдүүлгүүдээр Т.Ч. 80.000.000 төгрөгийг авсан юм, Т.Энх-Амгалан 5.000.000 төгрөгийг авсан юм гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас өнөөдөр бид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад Т.Ч.аас 80.000.000 төгрөг авна, Т.Э-аас. 5.000.000 төгрөгийг гаргуулна гэсэн шаардлагыг сүүлд тодруулж гаргасан. Эдгээр 100.000.000 төгрөгийг хэн хэний оролцоотой, хэн, хэн, хэрхэн яаж бүрдүүлсэн, хэн хэний, хэдэн төгрөг байгаа гэдгийг товчхон ярихыг хүсч байна. Хариуцагч болох Т.Энх-Амгалан нь Алтан дорнод Монгол компанийн тухайн үеийн удирдлагуудтай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан, ашигт малтмал олборлохоор тохирсон байдаг. Ингээд Д.Б. буюу миний төлөөлүүлэгчид хариуцагч Т.Энх-Амгалан санал тавиад 100.000.000 төгрөг бүрдүүлэх талаар хэлсэн байдаг. Ингээд Д.Б. бэлэн мөнгөгүй байсан учраас өөрийн танил Ганзоригоос асуухад зөвшөөрч, Ганзориг нь 30.000.000 төгрөгийг гаргаж өгч, Сайнжаргалаас 70.000.000 төгрөгийг авч 100.000.000 төгрөг бүрдсэн. Сайнжаргал 70.000.000 төгрөгийг бүрдүүлэхдээ эхнэрийн ах болох Х.Б.тай хамтарч бизнес хийдэг юм гээд дундаасаа 70.000.000 төгрөгийг бүрдүүлсэн байдаг. Ганзориг нь 30.000.000 төгрөгийг өөрийнхөө данснаас гаргаж өгсөн боловч энэ мөнгө Д.Б.ын мөнгө юм. Энэ мөнгийг тухайн үеийн техник хэрэгсэл зараад, 30.000.000 төгрөгөө Д.Б. авна гэсэн байдлаар тодорхойлолт бичиж өгсөн байдаг. Хэрэгт ач холбогдол бүхий тул гэрчээр хүртэл дагуулаад ирж байгаа. Алтан дорнод Монгол компанийн гадаа очоод Т.Энх-Амгалан Т.Ч.ыг дуудаад, Т.Ч. нь согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй орос хүнтэй гарч ирээд боодолтой мөнгийг тоймлон хараад, 20.000.000 төгрөгийг Даваасамбуу даргад оруулаад өгчих гээд, Т.Энх-Амгалан 20.000.000 төгрөгийг нь Даваасамбуу даргад оруулж өгөөд, гэрээн дээрээ гарын үсэг зуруулсан байдаг. Намайг орос иргэн учраас гүтгэж байна. Би ямар ч мөнгө төгрөг аваагүй гэдэг ач холбогдол бүхий мэдүүлгийг Данилов өөрөө мөрдөн байцаагчийн даалгавраар өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Т.Ч. Орос хүнийг өнгөлөн далдлалтаар, нутаг буцахыг мэдсээр байж авч гарч ирчихээд өнөөдөр тухайн үед Данилов гэдэг хүнтэй гарч ирсэн. Би тухайн үед орчуулагч хийж байсан гэж худал хуурмаг яриад, хэрэгт ач холбогдолгүй баримт өгөөд байгааг нь ойлгохгүй байна. Ингээд Т.Ч.ыг 80.000.000 төгрөгийг авсан юм гэдэг нь Данилов болоод Т.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Сайнжаргалын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаагчийн даалгавраар хэргийн нөхцөл байдлыг тогтоосон Оросын холбооны улсын иргэн Даниловын тайлбар зэрэг баримтаар Т.Ч.ыг 80.000.000 төгрөг авсан юм гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Тийм учраас бид сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан. Т.Энх-Амгалан гарын үсэг зурагдсан гэрээгээ барьсаар ирсэн учраас 2011 оны 7 дугаар сарын 01-нээс Баянголын голдрил гэх газарт очоод нөхөн сэргээлт явуулах гэсэн эрүүл газар байсан. Удалгүй 7 дугаар сарын 6-ны өдөр гэхэд ус ундраад, ажил зогссон. Бүх уул уурхайн техникээ ачиж аваачсан. Тухайн газар дээр нөхөн сэргээлт явуулах, алт олборлох ямар ч боломжгүй болоод үйл ажиллагаа зогссон. Ингээд бид нар мөнгөө авч чадахгүй тухайн үед эрүүгийн хэрэг үүсгээд явж байсан. Т.Ч.ыг гэмт хэргийн шинжтэй, гэмт хэрэгт яллагдагчаар татаад явж байсан нь Алтан дорнод Монгол компани болон Т.Ч. хангалттай эрүүгийн гэмт хэргийн шинжтэй иргэн, аж ахуйн нэгжүүдээс нөхөн сэргээх нэрийдлээр мөнгө авч байсан гэдэг нь хангалттай тогтоогдож, нотлогдож байсан юм. Мөрдөн байцаагчийн даалгавар, мэдүүлгүүд зэргээр хэргийн нөхцөл байдал тогтоогдож байгаа. 30.000.000 төгрөг нь Б.ын мөнгө мөн. Ганзоригийн хаан банкны данснаас гаргаж авсан. Ганзориг гэхдээ 30.000.000 төгрөгөө Д.Б.од өгсөн. Энэ 30.000.000 төгрөг нь энэ хоёрын хоорондын наймаа, тохиролцооны үндсэн дээр хавтаст хэрэгт өөрсдөө тодорхойлолт бичээд, нотариатаар гэрчлүүлээд өгсөн учраас Т.Ч.аас 80.000.000 төгрөг гаргуулах, Т.Э-аас. 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Алтан Дорнод компанийн талбайд хаягдал эфелийг ашиглаж нөхөн сэргээлт хийх тухайд болон анхны ашгаас нөхөн төлөх мөнгө хэрэгтэй болсон тухайд нэхэмжлэгч талтай би ямар ч яриа хийгээгүй, гэрээ байгуулаагүй. 100,000,000 төгрөгийг би аваагүй бөгөөд өөрсдөө Алтан дорнод Монгол компани геологич Чинбат, дарга Даниел нарт гардаж өгсөн. ...Цүнхтэй мөнгөнөөсөө 20,000,000 төгрөгийг Даваасамбууд оруулан өгөх болоход өөр цүнхэнд тусад нь авч, Б.тай хамт явж үүдний өрөөнд Б. үлдэж би авч орсноор өгсөн. ...Дараа нь бид аль ч үгүй үлдэхэд 20,000,000 төгрөгийг өгсөн ч юм уу гэсэн асуудал гарсан болохоор энэ мөнгөн дээр би унах юм байна гэж ойлгоод, мэдүүлгээ буцаж, заль хэрэглэн Даваасамбуугаас 20,000,000 төгрөгийг буцаан авч Бадамаар дамжуулан нэхэмжлэгч талд өгсөн. ...Энэ ажилд манай компаний нэр дээр л орсноор өөрөөр хариуцлага хүлээх үүргийг би хүлээгээгүй учир би 85,000,000 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч Т.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алтан дорнод Монгол компанитай 6 дугаар сарын 06-ны өдөр уулзахдаа гэрээ хийх тухай ярьсан. Даваасамбуутай уулзахад Т.Ч.тай очоод уулзчих. 6 дугаар сарын 06-нд гэрээ хийх болчихлоо одоо яах уу гэхэд Даваасамбуу захирал 100.000.000 төгрөг 11 цаг гэхэд аваад ир, тэгвэл оруулъя, тэгэхгүй бол дараачийн компанийг оруулах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хүн рүүгээ ярьсан. 100.000.000 төгрөг гэж байна. Яах уу байгаа юм уу гээд ярьсан. Би эд нарыг танихгүй. 1 цаг гээд хүрээд ирсэн. Яг 100.000.000 төгрөгөө цүнхэнд хийчихсэн, машинтай ирсэн. Мөнгөө өгсний дараа гэрээг бичээд өгчих гэсэн. Та 20.000.000 төгрөгийг нь Даваасамбуу захиралд оруулж өгчих гэсэн, би яагаад оруулж өгөх юм. Та нар өөрсдөө өгчих гэхэд та ороод гэрээгээ хийчих, гэрээн дээр чинь гарын үсэг зурна гэсэн. Тэгээд би дагаад 20.000.000 төгрөгийг нь аваад дагаад орсон. Хамгаалагч нь миний бичиг баримтыг шалгасан. Тэр хоёр хашаанд ороод оффис руугаа ороогүй. Би оффис нь ороод, тэр хоёр орос айл руу орсон. Би Даваасамбуутай уулзаад, Т.Ч. танд энийг өгчих гэж байна гээд манайх ямар баримт авах юм гэсэн манайх цалингаа тавьж чадаагүй, татвар бүх юмыг хаасан, тэгэхээр чамд гаргаж өгөх юм алга. Чи одоо гэрээгээ хийчих гэсэн. Т.Ч.ыгаа дуудаад, Т.Ч. нь ороод ирсэн. Аль газрыг өгөх гэж байгаа юм боломжтой газраа заагаадах гэсэн Т.Ч. газрын зураг дээр энд гээд заасан. Бид нар газраа ч мэдэхгүй, хаана өгөх гээд байгааг нь ч мэдэхгүй. Даваасамбуу нь өөрөө 290А гэж байна. Энэ газар чинь асуудалгүй юм уу, эрүүл газар биз дээ гэсэн. Т.Ч. асуудалгүй газар гэсэн. Тэгээд нөгөөдөх нь шалгаж үзээд, энэ дээр гэрээ хийчих гээд гэрээгээ хийж, гарын үсэг зуруулаад, 20.000.000 төгрөгийг нь өгчхөөд гараад ирсэн. Дараа нь газар дээрээ очоод Т.Ч. өөрөө газраа хэмжиж, зааж өгсөн. Тэгсэн эд нар эрүүл газар байна. Урт нэртэй хуульд хамрагдах газар байна гэсэн. 500 метр гэсэн бараг 5 км юм байна л даа гээд бид нар орсон. Техник хэрэгслээ татна гээд 7 хоног Сэргэлэн сумаас техникээ зөөсөн. Очоод 4 хоног ажиллаад Алтан дорнод Монгол ХХК-ийн хамгаалалтынхан нь ирээд ажиллах боломжгүй болсон. Нөгөө хийсэн гэрээг хамгаалалт нь аваад явсан. Даваасамбуу дээр очоод таны хийсэн гэрээ хүчингүй болчихлоо. Одоо яах уу гэсэн. Хөөцөлдсөөр байгаад гэрээгээ олж ирсэн чинь 2, 3 ухаад ус нь түрээд, гараад ирсэн. Тэгээд ажиллах ямар ч боломжгүй болоод, тэр хавийн уурхайд техникээ хийгээд бид нар яваад өгсөн. Тэнд ганц гэртэй би үлдсэн. Би техникгүй хүн чинь хэзээ тэрийг ухах уу. 14 хоног ажилласан нэртэй болсон. О.Дарханбаатарын асар их ашиг олсон, маш олон хоног ажилласан гэдэг үнэн бол баримтаар гарч ирнэ. Т.Ч. 80.000.000 төгрөгийг авсан юм. Эрүүгийн хэрэг үүсэх шалтгаан нь Заамарын цагдаагийн хэлтэст би өөрөө өргөдөл өгсөн. Алтан дорнод Монгол ХХК-тай гэрээ хийгээд, 100.000.000 төгрөгөө өгсөн. Бид нар ажиллаж чадсангүй гэсэн. Заамарын цагдаагийн хэлтсээс Мөрдөн байцаах газар руу шилжээд, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг үүсгээд 10-аад хоносон. 10-аад хоногийн дараа Даваасамбуу над руу өөрөө утсаар ярьсан. Миний утсыг хаанаас олсон юм бүү мэд. Чи өргөдөл өгсөн юм уу. Эрүүгийн хэрэг үүссэн байна. Чи, бид 2 адил насны хүмүүс бие, биеийнхээ мууг үзээд яах уу, би гавьяат хуульч гэсэн шагнал авах гээд байгаа. Бидний хооронд үл ойлголцол гараад Т.Энх-Амгалан 20.000.000 төгрөгийг дундаас нь авсан гэсэн асуудал гарч ирсэн. Би авсан 20 сая төгрөгөө өгчих тэгвэл би чамайг оролцуулахгүй гэсэн. Энэ тухайгаа мөрдөн байцаагчдаа хүртэл хэлсэн. Мөрдөн байцаагч уурласан. Би ямар ч байсан худлаа хэлээд ч болов хүний 20.000.000 төгрөгийг гаргаж өгье гээд авчихлаа гэсэн. Цагдаагийн урд Самата бааранд Даваасамбуу, Төмөрбаатар гэдэг хүн ирсэн. Би гар утсаараа бичлэг хийгээд, ярилцлагыг нь авсан. Та надаас 20.000.000 төгрөг авсан тэрийгээ санаж байгаа биз дээ гэсэн. Би тэрийг чинь санадаггүй хог байгаа юм гээл байдаг. Тэр тухай юу ч яриагүй 20.000.000 төгрөгөө өгчихөөд, би ч эд нарт өргүй боллоо гэж баярлаад явсан. Ингэж 20.000.000 төгрөгөө гаргуулаад 15.000.000 төгрөгийг нь шилжүүлээд, 5.000.000 төгрөгийг нь аваад үлдсэн. Бид нарын хоорондын ярьсан асуудал байгаа. Эд нар гаргуулж авна гэвэл би өгнө. Т.Ч. эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 10-аад хоногийн дараа шөнө над руу ярьсан. Хоёулаа уулзъя гэсэн. Би тэгэхээр нь олон зуун сая төгрөгийн өртэй хүн надтай уулзъя гэхээр нь дотроо эмээгээд, гарахдаа эхнэртээ би энэ хүнтэй 10-аад минут уулзана. 10-аад минут болоод намайг ирэхгүй бол миний утас руу залгаад үзээрэй гэж хэлчихээд би гарсан. Манай гудамжны үзүүрт хар машинтай ганцаараа ирсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Би таньд өөрийнхөө ажиллуулж байгаа уурхайг өгье гэсэн. Би ганцаараа шийдэх асуудал биш, наад 100.000.000 төгрөг чинь миний ч мөнгө биш, нөгөө хүмүүстэйгээ ярьж байж шийднэ. Түүнээс би ямар ашигтай гэж чиний уурхайг авах юм гэсэн. Би уурхайг нь мэднэ л дээ. Хогийн хажууд Оросуудтай газар ухаж байсан юм. Амгалан гэдэг хүний тухай ярьсан. Амгалан гэдэг хүнийг би танихгүй. Энх-Амгалан, Амгалан гэхээр ах дүү нар гэж бодсон юм уу. Би ерөөсөө мэдэхгүй. О.Дарханбаатар өөрөө хуульч хүн гэхэд сонин хүн байна лээ. Та бүхэн ажигладаг уу. Шүүх хуралдаанд суухад намайг их дооглоно. Албаар юм шивнээд байна. Амгалан гэдэг хүний утсыг харуулаад энэ рүү чинь ярина шүү гэдэг. Би танихгүй, чи ярь, ярь гэж хэлсэн. 80.000.000 төгрөгийг Т.Ч. гаргаж өгөх ёстой, би өөрийнхөө 5.000.000 төгрөгийг өгнө гэв.

Хариуцагч Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарханбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

1. Баруун сөрт ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Алтан дорнод Монгол ХХК-тай 007/03 тоот гэрээг байгуулсан байдаг.

Энэхүү гэрээг байгуулах эрхийг олж авахаар нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нар нь Алтан дорнод Монгол ХХК-ийн тухайн үеийн удирдлагуудтай тохиролцсон байдаг. Харин миний бие 2011 онд Алтан дорнод Монгол ХХК, мөн харилцан хамаарал бүхий Бумбат ХХК-д орчуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Тиймээс Баруун сөрт ХХК болон Алтан дорнод Монгол ХХК-ын хооронд үүссэн төлбөр тооцооны харилцаанд бие даан оролцоогүй бөгөөд тийм боломж ч байхгүй юм.

Өөрөөр хэлбэл дээрх 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд энэхүү гэрээ хэлцэлд Т.Ч. миний бие ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй, үр шимийг нь хүртээгүй, аливаа үүрэг амлалт өгөөгүй, хэн нэг этгээдийг төлөөлөн гарын үсэг зураагүй болно.

2. Баруун сөрт ХХК-ийн захирал Т.Энх-Амгалан гэдэг хүнийг би тухайн үед таньдаггүй байсан. Харин Данилов гэгч нь ОХУ-ын иргэн бөгөөд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт орших Алтан дорнод Монгол ХХК-ийн эзэмшлийн Бааз /кемп/-ын даргаар ажиллаж байсан юм.

2008-2012 онуудад Алтан дорнод Монгол ХХК нь олон улсын арбитрын шүүхийн асуудалтай холбоотойгоор хууль хүчний байгууллагууд үйл ажиллагааг нь зогсоож, битүүмжлэгдсэн байсан бөгөөд Заамар сум дахь Бааз /кемп/-ыг Монгол улсын Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Т.Энх-Амгалан нь 805 дугаар ангийн захирагч байсан гэх хурандаа Т.Амгалан гэгч хүний ах байсан учраас түүгээр дамжуулан Даниловтой холбогдож энэхүү гэрээг хийхэд зуучлан Алтан дорнод Монгол ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 290А тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд газар сонгон гэрээ хийхээр харилцан тохиролцож 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Алтан дорнод Монгол ХХК-тай 007/03 тоот гэрээг байгуулсан юм шиг байна лээ.

3. Т.Энх-Амгалан болон Данилов нар тохиролцож гэрээ хийх болоод надад хандаж гэрээ хийх үеэр орчуулагчийн туслалцаа шаардлагатай гэж хандсаны үндсэн дээр утсаар ярихад нь орчуулга хийж Даниловын хэлсэн үгийг дамжуулж байсан болно.

Тодруулбал 2011 оны 6 дугаар сард Данилов надад хэлэхдээ хүмүүс ирж гэрээ хийнэ, 100 сая төгрөгөө авчраад гэрээ хийнэ. Хэрэв мөнгөө авчраагүй бол өөр хүмүүс гэрээ хийнэ гэж хэл гэсэн учраас би Даниловын утсаар ярьж байсан хүнд орчуулж хэлсэн. Тухайн үед хэнтэй яриулж байгаагаа Данилов надад хэлээгүй.

Ийнхүү миний бие Баруун сөрт ХХК болон Алтан дорнод Монгол ХХК-ийн хооронд хийсэн гэрээ хэлцлийн талаар ойлголттой болсон.

4. Энэхүү гэрээг байгуулан Баруун сөрт ХХК өөрсдийн хүссэн газраа бууж ажилласан бөгөөд тухайн үед энэхүү талбайд ажиллаж байсан талаар дүрс бичлэг, зураг бий. Энэхүү гэрээ байгуулан ажилласан Баруун сөрт компанийн хувьд 6-7 сард хангалттай сайн ажиллаж гэрээ байгуулсан зорилгодоо хүрч, тодорхой үр дүн гарсан гэж хэлж болно.

5. Баруун сөрт ХХК өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, гэрээний дагуу зөвшөөрлийн талбайд галь эфель дахин боловсруулах замаар алт олборлох үйл ажиллагааг Алтан дорнод Монгол ХХК-ийн эзэмшлийн 290А тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөц бүхий, эрүүл, хөндөгдөөгүй, мөн хуулиар хориглосон талбай /Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар/-д ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж маш их хэмжээний алт авч байгаль, экологийн хохирол учруулсан байдаг.

6. Нэхэмжлэгчдийн гаргасан мөнгө хүлээлцсэн баримт дээр Т.Ч. миний бие мөнгө хүлээж аваагүй. Хэргийн материалын 10 дахь нүүрэнд мөнгө хүлээлцсэн баримт дээр 100,000,000 төгрөгийг Т.Ч.ад хүлээлгэж өгсөн тухай нэг ч үг үсэг байхгүй.

100,000,000 төгрөгийг гэрээ хийгдэхийн өмнө Данилов намайг орчуулга хийлгэхээр дагуулан машинд суух үед Данилов 80 сая төгрөг хүлээн авч байсан юм. Эдгээр хүмүүсийг тэгэхэд би анх удаа харж байсан бөгөөд нэрийг нь сайн мэдэхгүй байсан. энэхүү 100,000,000 төгрөг нь Баруун сөрт ХХК-ийн зүгээс бусад этгээдээс түрүүлж давуу эрхээр гэрээ байгуулан ажиллах эрхийг олж авч байгаа төлбөр гэдгийг мэдэж байсан.

7. 100 сая төгрөгийн гарал үүсэл нь Эрүүгийн 201201000296 тоот хэргийн материалын гэрч Д.Сайнжаргалын мэдүүлэгт энэ нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нар нэг ч төгрөгийг өөрсдөөсөө гаргаагүй харин Д.Сайнжаргал 70 сая, Ганзориг 30 сая төгрөгийг гаргасан тухай тодорхой байдаг. Иймд нэхэмжлэгч нар 1-рт гэрээний оролцогч тал болох Баруун сөрт ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш, 2-рт мөнгө гаргасан этгээдүүд биш гэж үзэж байна. Тиймээс надад гаргуулахаар нэхэмжилж байгаа 80 сая төгрөг нь огт үндэслэлгүй хамааралгүй хилс хэрэг, цэвэр гүтгэлэг гэж үзэж байна.

8. Эрүүгийн хуулийн 201201000296 тоот хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгасан бөгөөд дээрх мөнгийг Т.Ч. авсан гэж баримтаар тогтоогдоогүй. Харин ч бүр эсрэгээр Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан.

Иймд огт үндэслэлгүй, баримтгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад гэм буруутай нь тогтоогдохгүй байхад гэм буруутай гэж үзэн надаас нэхэмжилж байгаа 80 сая төгрөгийг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.Б., Х.Б.нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т.Э-аас. 85,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагчаар Т.Ч.ыг татаж, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Т.Э-аас. 5,000,000 төгрөг гаргуулах, Т.Ч.аас 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нар нь Т.Энх-Амгалан, Т.Ч. нарт 100,000,000 төгрөг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгээр хийсэн хэлцэл, эрүүгийн хэргийг шалгах явцад авсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож, эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын явцад 15,000,000 төгрөгийг буцаан авч, 85,000,000 төгрөгөө авч чадаагүй, нөхөн сэргээлт хийгдэхгүй эрүүл газар зааж нөхөн сэргээлтийн гэрээ хийгдсэн, хэдхэн хоног ухаад ус гараад олборлолт явуулаагүй, хохирсон тул Т.Э-аас. Алтан дорнод Монгол ХХК-ийн албан тушаалтан Даваасамбуугаас буцааж авсан мөнгөний үлдэгдэл 5,000,000 төгрөгийг, Алтан дорнод Монгол ХХК-ийн геологичоор ажиллаж байсан Т.Ч.аас 80,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр буцаан шаардаж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Т.Энх-Амгалан нь ...Намайг Даваасамбууд 20,000,000 төгрөгийг өгөөгүй ч юм шиг хардсан байдлаар хандаад байхаар нь би эрүүгийн журмаар шалгуулахаар өөрөө цагдаад гомдол өгсөн, ... шалгаж байх явцад Даваасамбуу төрийн өндөр шагнал авах гэж байхад асуудал боллоо гээд 20,000,000 төгрөгийг буцааж өгсөн, ... түүнээс 5,000,000 төгрөгийг нь авч үлдээд 15,000,000 төгрөгийг буцаагаад өгсөн, 5,000,000 төгрөгийг авна гэвэл өгнө. Бидний дунд яриа бас бий гэж 5,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх саналыг шүүх хуралдаанд гаргасан хэдий ч нэхэмжлэгч нар эвлэрэх саналгүй гэснээр шүүхийн хэлэлцүүлэг явуулсан болно.

Хариуцагч Т.Ч-ын.итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар нь нэхэмжлэгч ... нартай ямар нэг эрх зүйн харилцаанд бие даан оролцоогүй, ...2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баруун-Сөрт ХХК нь Алтан дорнод Монгол ХХК-тай 027/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. ... Т.Энх-Амгалан, Данилов нарт орчуулга хийж, Даниловын хэлсэн үгийг дамжуулж байсан, ... нэхэмжлэгч нараас ямар нэг мөнгө хүлээн авсан, баримт үйлдсэн зүйл байхгүй, үүрэг хүлээгээгүй, эрүүгийн журмаар шалгаад надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон ...тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна /хх-247-249/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчаар хэнийг тодорхойлон шаардлага гаргах нь түүний эрх тул шүүх хариуцагчаар тодорхойлон заасан Т.Энх-Амгалан, Т.Ч. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд гэрч Х.Наранзул нь миний нөхөр Сайнжаргал маргаж буй

100,000,000 төгрөгийг бүрдүүлэхэд 50,000,000 төгрөг оруулсан, явцын дунд 15,000,000 төгрөгийг дансаараа буцаан авсан, 5,000,000 төгрөгөө аваагүй байгаа, үлдсэн 30,000,000 төгрөгийг миний ах Х.Б.авах эрхтэй гэж тайлбарлан, шүүхэд хүсэлт бичгээр гаргаж өгсөн, гэрч В.Ганзориг нь 100,000,000 төгрөгийг бүрдүүлэхэд 30,000,000 төгрөгийг би данснаасаа бэлнээр гаргаж Б.од өгсөн, бидний дунд тооцоо байсан учраас энэ мөнгийг миний өмнөөс Б. нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлаж, бичгээр хүсэлт гаргаснаа иргэний хэрэг үүсгэснээс хойш тус тус шүүхэд ирүүлсэн байх хэдий ч уг хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Учир нь Сайнжаргал, Х.Б.нарын хооронд болон Б. В.Ганзориг нарын хооронд мөнгө өгсөн, авсан асуудал нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, тусдаа харилцаанууд байх бөгөөд тухайн этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах, харилцан тооцох зэрэг нь тэдний эрхэд хамаарна.

Баруун Сөрт ХХК-ийн захирал Т.Энх-Амгалан нь 2012 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Заамар сум дахь цагдаагийн хэлтэст Алтан дорнод Монгол ХХК-ийн захирал Бямбаа, тэргүүн дэд захирал Даваасамбуу нартай тус компанийн Заамар сум дахь Баянголын гольдрол гэх газарт 290А талбайд ажиллах гэрээг хийхээр тохиролцож гэрээ байгуулах нэрээр дэд захирал Даваасамбууд 20,000,000 төгрөг, Чинбатад 80,000,000 төгрөг өгч залилан мэхэлснийг шалгаж өгнө үү гэх өргөдөл гаргасныг эрүүгийн журмаар шалгажээ. Алтан дорнод Монгол ХХК-ийн дэд захирал Д.Даваасамбуу, тус компаний ажилтан Т.Ч. нар нь 2011 оны 6 дугаар сард нөхөн сэргээлтийн гэрээ байгуулах нэрээр 100,000,000 төгрөгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт ...Баруун Сөрт ХХК-ийн захирал Т.Энх-Амгалан нь хохирогчоор тогтоогдон эрүүгийн журмаар шалгагдаж байсан, тус эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт ... заасан байх ба уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон болох нь Баруун Сөрт ХХК-ийн захирал Т.Энх-Амгалангийн өргөдөл, Т.Энх-Амгаланг хохирогчоор байцаасан тэмдэглэл, прокурорын тогтоол, Оросын Холбооны Улсын иргэн Данилов Александр Анатольевичийг мөрдөн байцаагчийн даалгавраар гэрчээр байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-11-15, 29,30, 146-152/

Ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас Алтан дорнод Монгол ХХК /захиалагч/-ийг тэргүүн дэд захирал Ч.Бямбаа, нөгөө талаас Баруун Сөрт ХХК /гүйцэтгэгч/-ийг захирал Т.Энх-Амгалан нар Төв аймгийн Заамар сумын нутагт Баянголын гольдрол нэртэй газарт орших Захиалагчийн 290А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хязгаарт хаягдал, галь-эфелийн овоолгыг дахин боловсруулах, 290А тусгай зөвшөөрөлтэй талбайд 11,4 га-д техникийн нөхөн сэргээлт хийхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба энэ талаар талууд маргаагүй байна. /хх-34-37/

Зохигчид 100,000,000 төгрөгийг Баруун Сөрт ХХК-ийн захирал Т.Энх-Амгаланд хүлээлгэн өгсөн 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Мөнгө хүлээн авсан тухай баримтад хүлээн авсан Т.Энх-Амгалан, хүлээлгэн өгсөн Б. гэж гарын үсгийн тайлалтайгаар гарын үсгээ зурсан бөгөөд уг баримтын талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж хуульд заажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч нь Баруун Сөрт ХХК-ийн захирал Т.Энх-Амгаланд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10 дугаар тал/

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн, хариуцагч нар түүнийг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул талуудын хооронд үүрэг үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нар нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Т.Энх-Амгалан, Т.Ч. нараас шаардах эрхгүй, талуудын хоорондын үүрэг үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... заасан үндэслэлээр хариуцагч Т.Э-аас. 5,000,000 төгрөг, Т.Ч.аас 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б., Б. нараас бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагч иргэн Т.Энх-Амгалан, Т.Ч. нарт хөрөнгө шилжүүлсэн, тухайн мөнгөн хөрөнгийг олж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нарын хариуцагч Т.Э-аас. 5,000,000 төгрөг, Т.Ч.аас 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэж, хариуцагч Т.Энх-Амгаланд нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардуулж, хариу тайлбар гаргах хугацаа олгож, хамтран хариуцагчаар Т.Ч.ыг татах тухай нэхэмжлэгч нарын хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хангаж шийдвэрлэснээс хойш хариуцагч Т.Ч. нь шүүхэд хүрэлцэн ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжууд гаргаснаар тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүрэлцэн ирж нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан байна.

Хэргийг хянан шийдвэрлэх 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Т.Ч-ын.итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын хүсэлтээр, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч Х.Б.ын өмгөөлөгч А.Оюуны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээр, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодруулсаныг дахин гардуулж, хариуцагч нарт хариу тайлбар гаргах хуулийн хугацаа олгохоор, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Т.Ч-ын.итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар нь даргалагч шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасныг үндэслэн татгалзан гаргах хүсэлт гаргаснаар түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тус тус хойшлуулсан байна.

   Тус шүүхийн ерөнхий шүүгч нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн ба шүүгчээс татгалзсан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан учир тухайн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14.00 цагт товлон, шүүх хуралдааны товыг зохигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарт 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр утсаар, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн байна /хх- 239-244/.

Шүүх хуралдаанд хариуцагч Т.Ч-ын.итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар ...миний бие Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хуралтай байна. Уг хурал нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болсон боловч холбогдогч Д.Туяа хүсэлт ирүүлэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Ингэхдээ шүүх хурлын товыг жич зарлахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон болохыг надад мэдэгдсэн. ...шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх хүсэлтэй байгаа болно гэсэн хүсэлт ирүүлэн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Тус хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагт эхэлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хэргийн оролцогч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан учир шүүх хүсэлтийг хэлэлцээд зохигч нарт шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхийг хангах боломжит хугацаагаар хангасан, шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаа, журмын дагуу мэдэгдсэн, сүүлд товлогдон зарласан шүүх хуралдааны тов давхардсан нь тухайн шүүх хуралдааныг хойшлуулах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б., Х.Б.нарын хариуцагч Т.Э-аас. 5,000,000 төгрөг Т.Ч.аас 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН