2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/326

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Б.Одонтуяа,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408037031024 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны зам 7 дугаар хорооны автобусны буудлын хойд замд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж hyundai sonata маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “би хоёр ихэр хүүхэдтэй. Манай хүү тархины даралттай төрсөн, байнга уйлж байдаг, хүнээр харуулах дургүй. ...би өмнөх өдөр нь архи уугаад машинаа орхиод явсан. Маргааш нь ирж машинаа унасан. Гэм буруугаа зөвшөөрч байна, миний үйлдэл буруу” гэв.

Яллагдагчаар ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байдаг нэг найз Намсрайн хамт 2 шил Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд найзынхаа гэрт унтаж амарч байгаад маргааш өглөө нь би өөрийн машинаа жолоодоод гэртээ харих гэж явж байгаад цагдаа тааралдаад намайг шалгаад драгер багаж үлээлгэсэн. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 53/,

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-н 3-4/, согтуурлын зэрэг шалгасан баримт /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 7-30/, шүүгдэгч ***гийн урьд зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх материал /хх-н 31-36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны зам 7 дугаар хорооны автобусны буудлын хойд замд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж hyundai sonata маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтуурлын зэрэг шалгасан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан …үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонгэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/245 дугаар шийтгэврээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан /хх-н 32-34/ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 4 сартай хоёр ихэр хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаанд тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР