Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/153

 

      2021           2              9                                             2021/ДШМ/0153               

 

     О.Сад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч О.Сын өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/439 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч О.Сын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2007000000257 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Ш овгийн О-ны С,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулсан.

 

             Шүүгдэгч О.С нь 2020 оны 6 дугаар сард Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-08 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Б-ыг шөнө унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр үснээс нь зулгааж, үүдний амбаар хүртэл чирэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Налайх дүүргийн прокурорын газраас: О.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.С “... Үнэхээр хардах шалтгаан байгаа учраас л эхнэрээ харддаг. ...хохирогчийн хэлж байгаа үнэн. ...би цахилгаан байхгүй болчихвол намайг дуудах байх гэж бодсон. ...би цахилгааны мэргэжил байхгүй. Гэхдээ хувиараа барилгын ажил хийдэг болохоор цахилгааны янзлаад сурчихсан. Одоо амьдарч байгаа байшингийнхаа цахилгааны монтажийг хийсэн.”, хохирогч А.Ботажан нь “... би гэртээ унтаж байсан чинь над руу “чи хаана байсан” гээд үсдэж чирээд нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. ...10 дугаар сард намайг ажилдаа явсан хойгуур ирээд тог таслаад явсан. Тог цахилгаан таслахдаа байшингийн тогоос гадна хашааны гадна байх шонгийн модноос ирсэн эх үүсвэрийг нь тасалсан байсан. ...С машины хажууд зогсож байсан ба шууд л миний хоолойноос гараараа барьж аваад машины багааж онгойлгоод багаажинд хийгээд хоолой багалзуурдсан. Би хоёр гараас нь татаад “болиоч ээ” гээд орилсон. 3-4 минут хэртэй ноцолдсон. Тэгтэл хашаанд байсан хүмүүс сонсоодд Гаку, Марина нар нь гарч ирээд салгасан.” гэсэн мэдүүлэг, утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8/, 2020 оны 10 дугаар сарын 5-ны Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, тогны утас тасалсан фото зураг /хх 80-82/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/793 дугаартай дүгнэлт зэргээс дүгнэхэд хашаа, байшингийн тогийг хэзээ, ямар зорилгоор, хаана, хэдэн утсыг тасалсан эсэх, мөн машины багаажинд хийсэн үйлдэл нь хэзээ, ямар зорилгоор хоолойг багалзуурдсан, мөн хохирогчийн гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт дурдсан үйлдлийг нэмж шалгасны эцэст зохих зүйл заалтаар зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар бусад гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлтээр үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасны дагуу О.Сад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007000000257 дугаартай хэргийг Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч О.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие О.С нь эхнэр А.Ботажаныг Налайх дүүргийн 4 үгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 8 тоотод байрлах гэртээ 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шөнө унтаж байхад нь гэртээ ирэхгүй удсан болохоор нь хардаж үснээс нь зулгаан үүдний амбаар хүртэл чирч нүүрэнд гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Прокурорын зүгээс дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэссэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн явдалд санал нэг байна. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна.

 

Шүүх хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүхийн санаачилгаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь бид 2-ын хооронд болоод өнгөрсөн гэрийнхээ тогийг тасалсан, машины дугуйны хий гаргасан гэх манай эхнэрийн өгсөн мэдүүлэгт заасан үйлдлүүдийг шалгаж тогтоох шаардагагүй хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Би бусдын эд хөрөнгийг гэмтээгээгүй, өөрийн эзэмшлийн байшингийн тогийг тасалсан, тог тасарчихаар намайг дуудаж янзлуулна байх, машины дугуйны хий гарчихаар намайг дуудаж янзлуулах байх гэж бодсон. Энэ бүхнийг эхнэртэйгээ эвлэрэх гэж үйлдсэн юм.

 

Анхан шатны шүүхийн өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэж байна. Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хурал явагдах нь хуульд нийцнэ гэж ойлгож байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гэсэн хэсгийг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэг болгосон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... яллагдагч О.С нь өөрийн амьдарч байсан амины орон сууц болох байшингийн цахилгааныг тасалсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар нэгэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

 

Хохирогч А.Ботажаны “... 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэртээ орж иртэл тог байхгүй байхаар нь доод айл руугаа ороод асуутал тогтой байхаар нь эрчим рүү залгахад ирээд шалгаж үзээд манайхаас шалтгаалсан зүйл алга, танай дотор монтажид асуудал байна гэж хэлээд яваад өгөхөөр нь би өөрийнхөө тогны утсыг хөөгөөд явж байтал манай доод айлаас манайх руу ирсэн тогны утсыг салгасан байсан. Тэгээд би маргааш нь эрчим хүч дуудаж холболтыг дахиад залгуулсан” гэж мэдүүлсэн.

 

Харин шүүгдэгч О.С мэдүүлэхдээ “гэрийнхээ тогийг таслаад цахилгаангүй болчихвол намайг дуудах байх, надад хэлээд уулзах болов уу, уулзаад эвлэрэх болов уу гэж бодсондоо л тогийг тасалсан” гэж мэдүүлсэн. Энэ нь нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд уг үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй, мөн О.Сын өөрийн амьдарч байсан гэрийнхээ тогийг салгасан үйлдэл нь гэмт хэргийн сэдэлт санаа зорилго агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэлд гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго тогтоогдохгүй байна. Иймд шүүгчийн захирамжид заасан дээрх “... О.С гэрийнхээ цахилгааныг тасалсан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн байцаалтад буцааж шалгаж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.

 

Мөн шүүгчийн захирамжид “О.С нь хохирогчийг машины багаажинд хийсэн үйлдэл нь хэзээ, ямар зорилгоор хоолойг багалзуурдсан, мөн хохирогчийн гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтад дурдсан үйлдлийг шалгаж тогтоох” талаар дурдсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогч нарын мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлэгт О.С нь хохирогч А.Ботажаныг машины багаажинд хийсэн гэх үйлдэл, үйл баримт тогтоогдоогүй.

 

Хохирогч А.Ботажан мэдүүлэхдээ “... 2020 оны 9 дүгээр сард манай найз одон аваад би очоод машинаа шавартай байсан болохоор зайтай тавиад орж суугаад 00 цагийн үед гараад явахдаа эргээд харахад С ирээд зогссон байсан ба миний хоолойноос боогоод “чамайг ингэж байхаар алчихъя” гээд байсан. Тэгээд тавиулах гэж ноцолдож байгаад орилоод тусламж гуйхад айгаад тавихаар нь би машинаа унаад гэртээ харьсан, мөн 9 дүгээр сарын дундуур миний бичсэн салах өргөдлийг уншаад “би хэзээ тэгсэн юм, яасан юм” гээд аяганд ус хийгээд уугаад суухаар нь би “чи зайлаач яваад өгөөч” гэхэд урдаа байсан аягатай усыг нүүр рүү цацаад хана руу шидэж хагалаад, тэгээд босож ирээд хүзүүдээд коридоороор чирээд явтал манай хүү Нурсултан “та битгий миний ээжид хүрээд бай, яваач” гэхэд С хаалгаа хүчтэй хаагаад гараад явсан ...” гэж мэдүүлсэн.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж ... хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заажээ. Харин хохирогчийн мэдүүлэгт дурдсан шүүгдэг А.Сын дээрх хоёр үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, нэмэлт мөрдөн байцаалтад буцаж шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч А.Ботажаны бие махбодь болон сэтгэл санаанд гэм хор учруугүй. Энэ нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч С.Нурсултан, гэрч А.Ботокөз нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогддог. Иймд шүүгдэгч О.С, түүний эхнэр хохирогч А.Ботажан нарын хооронд 2020 оны 9 дүгээр сард болсон гэх дээрх үйлдэл нь харилцан хоорондоо маргалдсан маргааны шинжтэй гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан үйлдэл биш байна.

 

Мөн Эрүүгийн хуулинд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хохирогчийн эсрэг байнга үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Харин шүүгдэгч О.С нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.С нь анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан эрүүгийн хэрэгт холбогдсон, урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээж байгаагүй байна.

 

Иймд шүүгчийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан захирамжид заасан дээрх мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэхгүйгээр хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүгдэгч О.Сад холбогдох хэргийг прокурорын яллах дүгнэлтийн дагуу шүүх хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн 439 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Сад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, О.Сад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас О.Сыг Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 12-8 тоотод оршин суух гэртээ 2020 оны 6 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр А.Ботажаныг шөнө унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр үснээс нь зулгааж, үүдний амбаар хүртэл чирэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх О.Сын 2019 оны 10 дугаар сард хохирогч А.Ботажаныг ажилд явсан үед нь тогийг нь тасалсан, хоолойноос нь боож, машины багаажинд оруулан багалзуурдсан гэх үйлдлүүдийг шалгаж, байшингийн тогийг хэзээ, ямар зорилгоор, хаана хэдэн утсыг тасалсан эсэх, мөн машины багаажинд хийсэн үйлдэл нь хэзээ, ямар зорилгоор хоолойг багалзуурдсан, мөн хохирогчийн гаргасан өргөдөл болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт дурдсан үйлдлийг нэмж шалгах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Прокуророос О.Сын үйлдсэн дээрх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо шууд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх нь үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ гэм буруутай этгээдийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан бодитой хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай юм.

 

Иймд шүүгдэгч О.Сын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хүндрүүлэх шинж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоохын тулд О.С нь эхнэр А.Ботажаныг байнгын шинжтэй бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд оруулж байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч А.Ботажаны “... 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр О.С нь найз одон авсан гээд намайг дуудсан юм. ...О.С миний хажууд зогсож байснаа шууд л миний хоолойноос гараараа барьж аваад машины багаж онгойлгоод багажинд хийгээд хоолойг багалзуурдсан ба би хоёр гарнаас татаад “болиоч ээ” гээд орилон 3-4 минут орчим ноцолдсон. ... Тэгээд би зугтааж машинаа асаагаад гэртээ ирэхэд дугуйны хий гарсан байсан. ... Би сүүлд утсаар ярьж Саас асуухад “тиймээ би хийг нь гаргасан” гэж хэлсэн ..., ... 2020 оны 9 дүгээр сарын дундуур хэрүүл хийж байхдаа аягатай ус ууж байснаа усаа над руу цацаад, аягыг нь хана руу шидэж хагалаад босч ирээд хүзүүдээд коридор руу чирсэн ..., дараа нь 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэртээ орж иртэл тог байхгүй байхаар нь хартал доод айлаас манайх руу ирсэн тогны утасны холболтыг таслаад, янданд юм хийчихсэн байсан. Үүнийг би Сыг хийсэн гэж бодож байна. Тэгээд Стай утсаар ярихад “намайг гуйна гэж бодсон юм, эрчим хүчний хүмүүс олохооргүй газар тасалсан гэж хэлж байна лээ ...”  /хх 10-11, 16-17/,

 

насанд хүрээгүй гэрч С.Нурсултаны “... 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн орчим аав бага зэргийн архи үнэртүүлчихсэн орж ирээд ээжтэй хэрүүл хийж байгаад ээжийг элдвээр нь хэлээд, ууж байсан устай аягыг шидсэн. Тэгээд ээжийг бариад авахаар нь би “боль, та яв” гээд орилсон. ... 2020 оны 10 дугаар сарын эхээр гэртээ иртэл манайх тоггүй болчихсон байсан. Тэгээд ээж тогоо шалгаж яваад “тогийг албаар тасалсан байна. Аав чинь байх” гэж надад хэлсэн. ...” /хх 19-20, 22/,

 

О.Сын яллагдагчаар өгсөн “... би ууж байсан устай аягаа хана руу шидээд хагалсан. Тухайн үед цохиж, зодоогүй. ...байшингийн тогийг бол би тасалсан. Тогийг нь тасалчихвал надад хэлээд, надтай уулзах болов уу гэж бодсон. Янданд юм чихээгүй, машины дугуйны хийг бас гаргаагүй. ...” /42-43/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд, О.Сын дээрх 2020 оны 9 дүгээр сар болон 10 дугаар сард үйлдсэн хохирогчийг багалзуурдаж машины багажинд хийсэн эсэх, аягатай ус цацаж, хагалсан, хохирогчийн гэрийн тогийг тасалсан эсэх зэрэг үйлдлүүдийг нэмж шалган түүний үйлдэлд хохирогч А.Ботажанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.

 

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Сын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Сын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ