| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2021/0012/З |
| Дугаар | 114/ШШ2022/0016 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 114/ШШ2022/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газар
Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” үндсэн шаардлагатай,
Нэхэмжлэлийн ”*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” тухай нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: , , ,
Хариуцагч байгаль орчин аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот захирамжаар “*******” ХХК-ийн Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалттай 1800 мкв бүхий ******* нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй” болгохоор заасан байдаг. Бидний зүгээс эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаж шатахуун түгээх станц барихаар холбогдох зураг төслийг гаргаж, цахилгааны техникийн нөхцөл болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хийлгэж, Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны 2021 оны 08 сарын 30-ны өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Барилгын зураг төсөлд 2021 оны 09 сарын 07-ны өдрийн дүгнэлтийг тус тус гаргуулсан бөгөөд “ ” ХХК-тай шатахуун түгээх станц барьж, ашиглалтад оруулах төслийг хэрэгжүүлэхээр 2018 оны 05 сарын 12-нд хамтран ажиллах гэрээ байгуулан зохих журмын дагуу ашиглахаар ажиллагааг хийж байсан болно.Улмаар энэхүү ажиллагааны явцад Дархан сумын Засаг дарга Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжээгүйн улмаас эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахааргүй нөхцөл байдал үүссэн.
Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т” Газрын хэвлийг ашиглагч нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгүүлнэ”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ ...” хэмээн тус тус заасан байдаг. Уг заалтын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг Дархан сумын Засаг даргад гаргахад 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 02/135 тоотоор “*******” ХХК-ийн эзэмшлийн Шатах, тослох материал түгээгүүрийн газар, ухуулах, ШТС-ын зориулалттай 1800 м.кв бүхий ******* нэгж талбарын дугаартай газарт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг дэмжих боломжгүй хэмээн мэдэгдсэн.
Улмаар Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дархан сумын засаг дарга дэмжихгүй тул танай хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж байгаль ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж өнөөдрийг хүртэл манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Газрын тухай хуульд зааснаар байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхгүйгээр тухайн газарт шатахуун түгээх станц болон холбогдох барилга байгууламж барих боломжгүй өнөөдрийг хүрээд байна.
Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр гож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид “хүндэтгэн үзэх шалтгаан” гэснийг гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ хэмээн заасан байна. Манай компанийн хувьд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамаарч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нөхцөл байдалд байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй гэж үзэхгүй нөхцөлд байгаа болно.
Иймд Дархан-Уул аймгийн засаг заргын 2022 оны 06 сарын 07-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа төрийн захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь тухайн материалыг хүлээн авч, ямар материал дутуу байгаа тухай хариуг өгөх ёстой байсан. Гэтэл ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Засаг даргын дэмжсэн санал байхгүй, татгалзсан учраас дэмжсэн санал ирсэн тохиолдолд хүлээн авах боломжтой гэсэн тайлбар өгсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т зааснаар тухайн сум дүүргийн Засаг даргын гэдэг нь дэмжсэн, татгалзсан саналын аль нь ч байж болно. Засаг даргын санал дэмжсэн эсэхээс үл хамаараад захиргааны байгууллага, иргэд хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх ёстой байсан. Гэтэл хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж эс үйлдэхүй гаргасан. Энэ нь зохих ёсны хариу өгөөгүй учраас хууль бус гэж үзэж байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хувьд талуудын хооронд байгуулагдсан Газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу газар эзэмшүүлэгч нь жил бүр гэрээгээ дүгнэх ёстой. Гэтэл хариуцагч талаас гэрээг огт дүгнээгүй байдаг. Энэ нь газар эзэмшигч нь гэрээнд заасны дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаа эсэх, газрын төлбөр, гэрээнд заасан нөхцөлийг хангаж байгаа эсэхийг тодруулах эрх зүйн ач холбогдолтой. 2016 онд газар эзэмшүүлэх захирамж гарсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захирамжийг хүчингүй болгож, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Үүнээс хойш гэрээ байгуулах асуудал хойш тавигдсаар Төрийн аудитын дүгнэлт гарсан. Газар эзэмшүүлэх гэрээ нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш мөн гэрээг огт дүгнээгүй. “*******” ХХК нь газрын төлбөрийг нэмэгдүүлсэн байдлаар төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д гэрээнд заасан зориулалт нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тухайлсан зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Бид эзэмшиж буй газраа 2 жилийн дотор заавал ашиглахаар хашаа хатгаж, барилга барих нь зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй юм. Зориулалтын дагуу ашиглахын тулд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. БОНБҮ эхлээд 2020 оны 02 сараас эхэлж Корона гарсан. Хөл хорио нийт хэд хоног хязгаарлалтын дэглэм тогтоосныг би мэдэхгүй байна. Давагдашгүй хүчин зүйл буюу FORCE MAJOR –т хамаарна гэж үзэж байна. Зөвхөн газраа 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгосон. Төрийн Аудитын дүгнэлт нь 2019 оны 6 сарын 05-ны өдөр гарсан. “*******” ХХК-ийн сүүлд газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан. 2020 онд гэрээг шинэчлэн байгуулж байгаа нь 2019 оны Төрийн аудитын газрын илрүүлсэн зөрчлөөс үл хамааран гэрээний харилцааг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж байна. 2019 оны Төрийн аудитын газрын “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага нь гэрээний зөрчил гэдэг утгаараа захиргааны зөрчилд тооцогдоно. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгэр зүйлийн 9.1-д заасан зөрчилд хамаарна. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил байна. Төрийн Аудитын газрын дүгнэлт гарсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Газрын гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь зөрчилтэй нь холбогдуулан эрх зүйн хариуцлага оногдуулж байгаа нэг хэлбэр юм. Иймээс энэ агуулгаар 2020.06.10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчилж байгуулсан. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёсгүй гэж үзвэл маш утгагүй байдал үүснэ. Газар эзэмших эрхийг Төрийн аудитын шаардлагыг үндэслэж хүчингүй болгох байсан бол 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр яагаад газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан юм. Энэ нь аж ахуйн нэгжийн төрийн байгууллагад итгэж үнэмших, бизнесийн харилцаа, итгэл үнэмшлийг үгүй хийж байна. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулсан. Маргааны үйл баримт нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойших хугацаа яригдана гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. “*******” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаар захирамжаар 1800 мкв бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшихээр олгосон байдаг. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төрийн аудитын 41/14 албан шаардлагад орж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцэхгүй байх тул зөрчлийг арилгуулах албан шаардлагыг Төрийн аудитын газраас ирүүлсэн. Тус албан шаардлагын дагуу “*******” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 712 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 735 дугаар албан тоотуудаар Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж, хариу тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэх тухай мэдэгдсэн. “*******” ХХК нь сонсох ажиллагааны мэдэгдлийн хариу тайлбартаа шаардлага хангаагүй баримтуудыг ирүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг заалтын 2 жилийн хугацааг газар эзэмшүүлэх гэрээ сэргэсэн хугацаанаас хойш буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хуанлийн бүтэн 2 жилийг, Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцвол 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааг гоно.
Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон учраас төрийн захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх гэрээг шинэчилсэн. Гэрээг шинэчлэхдээ 2016 оны Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжийг үндэслээд хугацаа, нөхцөл болзлыг өөрчлөлгүйгээр шинэчилсэн.
Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа Ковидын үеийн нөхцөл байдал бол нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй гэж үзсэн 2 жилд хамаарахгүй. Бусдын хууль бус үйл ажиллагаа гэдэгт Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дархан сумын Засаг дарга нарын татгалзсан шийдвэрийг үндэслэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. “*******” ХХК нь 2016 оноос хойш газар эзэмших эрхтэй болсон. Дунд нь газар эзэмших эрх хүчингүй болж, 2017 оны 81 дүгээр Засаг даргын захирамжаар сэргэсэн. Газар эзэмших эрх сэргэнэ гэдгийг 2016 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хэвээр байгааг гоно. Үүнээс хойш 2017-2019 оныг хүртэл газар дээрээ ямар ч ашиглалтгүй байсан, одоо ч энэ газар анх олгосон яг хэвээрээ байгаа. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” бол хүчингүй болгох тухай зохицуулалтын дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэсэн үндэслэлээр бус, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Иймээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаанд цар тахлын нөхцөл байдлыг оролцуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн аудитын 2019 оны шалгалтаар газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тогтоогдсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Байгаль орчин аялал жуучлалын газарт 2021 онд хандсан нь сонсох ажиллагааны мэдэгдлээс хойш бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлсэн нь харагдаж байна.
Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газраас нэмэлт тайлбар ирүүлсэн. Энэ тайлбарт дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаар оруулсан өдрөөс хойш газрын төлбөр тооцно гэж зохицуулсан. “*******” ХХК нь 2016 оны 135 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь анх үүссэн. Энэ тохиолдолд захирамж гарсан тухайн өдрөөсөө эхэлж газар эзэмшүүлэх гэрээг хүчинтэйд тооцно гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь иргэн, аж ахуйн нэгжийн гаргадаг хүсэлт биш хуулиар тусгайлан заасан төрийн үйлчилгээ юм. Энэ нь хуулиар заасан хугацаатай, бүрдүүлэх материалтай байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуучлалын яам болон түүний салбар нэгжүүд хариуцан ажилладаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулагддаг. Тухайн “*******” ХХК нь хүсэлт гаргасан. Гэтэл хуулиар заасан төрийн үйлчилгээ учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т бүрдүүлэх шаардлагатай баримтыг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Үүний дагуу бүрдүүлэх материалыг 100 % бүрдүүлж байж манай байгууллага ирсэн бичигт бүртгэж, газрын даргаар цохуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх боломжтой эсэхийг шийдвэрлэдэг. “*******” ХХК нь нэхэмжлэлдээ Засаг даргын дэмжсэн эсэх тодорхолт байгаагүй учраас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх боломжгүй тухай мэдэгдсэн гэж дурдсан. Гэтэл тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Төрийн үйлчилгээ ёстой учраас бүх материалыг бүрэн бүрдүүлсний дараа хандах ёстой гэсэн хариу өгсөн. Тухайн шатны Засаг даргын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг дэмжсэн эсэх нь хамааралтай биш.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь анх газар эзэмшүүлэх тухай захирамж гарснаас хойш 90 хоногийн дотор хийлгэх ёстой гэтэл 3 жилийн дараа үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* дугаар захирамжийн хавсралтаар 14 дүгээр багт Улаанбаатар хотоос Дархан явах авто замын дагуу Тэс петролиум Шатахуун Түгээх Станцын хойд талд Шатахуун Түгээх Станцын зориулалтаар 3000 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар, 8 дугаар багт Нарантолгойд Шатахуун Түгээх Станцын зориулалтаар 1800 м.кв талбай бүхий 4506102559 нэгж талбарын дугаартай газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмших эрх авч, маргаан бүхий газар болох 4506002559 нэгж талбарын дугаартай 1800 м.кв газрын газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр авч, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээг газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаартай захирамжаар 2016 оны ******* дугаар захирамжуудын хуулийн этгээдэд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон, Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/81 дугаар захирамжаар ******* дугаар захирамжийн “*******” ХХК.... нарын нийт 17 аж ахуй нэгж байгууллагуудын холбогдох хэсгийг 1 дүгээр хавсралтаар...тус тус хүчингүй болгосноор “*******” ХХК-ийн газар эзэмших эрх нь сэргэжээ.
Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 тоот шаардлагын 309 иргэн, хуулийн этгээд 274,2 га газрыг гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу хоёроос дээш жил ашиглаагүй зөрчилд “*******” ХХК багтсан байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь маргаж буй дугаартай захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байх бөгөөд тус захирамжаар “*******” ХХК-ийн шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах Шатахуун Түгээх Станцын зориулалтаар 1800 м.кв талбай бүхий ******* нэгж талбарын дугаартай газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж Засаг даргын 2016 оны ******* дугаар захирамжийн хавсралтын 15 дахь хэсэгт заасан хуулийн этгээдтэй холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6 дахь заалтад ”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг гоно”
Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг гоно ” гэж тайлбарлажээ.
Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардаж байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Шатахуун Түгээх Станцын зориулалтаар эзэмших эрх олж авсан 4506102559 нэгж талбарын дугаартай 1800 м.кв газартаа Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж гарч гэрээ байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төрийн аудитын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаартай албан шаардлага, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамж гарах хүртэлх хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой барилга байгууламж, зам талбай бариагүй болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, өмгөөлөгчийн “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Дархан сумын Засаг дарга Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын газар ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, 2020 оны оны 02 сараас 2022 оны 06 дугаар сарын хугацаанд хөл хорио тогтоож хөдөлгөөн хязгаарласан...” гэх тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байгаа болно.
Газрын харилцаа,барилга хот, байгуулалтын газар нь “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлүүлэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1-22 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээг тус тус шинэчлэн бичиж өгөхдөө Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших эрхийн 000012291 дугаартай гэрчилгээ, кю-аар код бүхий газар эзэмшүүлэх гэрээ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 871,753 дугаартай албан бичиг, “*******” ХХК-ний 1/1-52,2/82 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх ба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 ”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Иймд гэрчилгээ, гэрээгээ шинэчлэн бичүүлж авсан гэх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нь гэрээ хийгдсэн өдөрт хамаарахгүй байх тул “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жил болоогүй 3 хоног дутуу байхад Засаг дарга хүчингүй болгосон захирамж гаргасан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газраас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэх хуулийн заалтыг зөрчин байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгүүлээгүй “*******” ХХК-нд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан буруутай байгаа хэдий ч тус компани нь дээрх хуульд заасан хугацаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгүүлээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ.
Иймд дээрх үндэслэлүүдийг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч “*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ” гэж буруутгасан нь үндэслэлтэй, уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдуулан “*******”ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрыг “*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг Дархан сумын Засаг даргад гаргахад 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 02/135 тоотоор... дэмжих боломжгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дархан сумын Засаг дарга дэмжихгүй тул танай хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж байгаль орчны ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж, өнөөдрийг хүртэл манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа “ гэх,
Хариуцагчийн “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 –т заасан баримт бичиг дутуу байсан учир хүсэлтийг хүлээн авах боломжгүйг тайлбарлан тухайн сумын Засаг даргын саналыг авч баримт бичгийн бүрдлийг хангасан тохиолдолд хүлээн авдгийг зөвлөж буцаасан” гэх тайлбаруудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч хүсэлтээ, хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн он сар өдрөө тодорхж чадахгүй байгаа хэдий ч Дархан сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 02/135 дугаартай албан бичиг гарахаас өмнө, гарсны дараа, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамж гарахаас өмнө хариуцагч байгууллагад хандаж байсан байна гэж үзэхээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “ иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-д “энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа” 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана,14.3-т “шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”,14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тодорхсон байна.
Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхээс татгалзсан шийдвэрт” нь дээрх хуульд заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал хуулийн хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн атлаа 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрыг “*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага
ТОГТООХ нь
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Çàõèðãààíû õýðýã шүүхэд õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 54 äүгээð ç¿éëèéí 54.1.8 дахь хэсэгт çààñíûã áàðèìòëàí “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдох “*******”ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхээс татгалзаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрыг “*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй маргаан бүхий газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ