2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/325

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000001377 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 129 дүгээр байрны 3-104 тоот гэртээ байхдаа өөрийн эхнэр, хохирогч ***тэй маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж уруулд няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, дух хэсэг рүү нь гар утсаар цохиж няцарсан шарх, баруун тохой, зүүн бугалга, тохойн үе хамарсан цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “эхнэр бид хоёр 2024 онд асуудалтай маргаантай байсан. Эхнэр маань өөр хүнтэй болсон асуудал байгаа. Бид хоёр 9 сард маргалдаад асуудал болсон. Би гэмшиж байгаа, эхнэр бид хоёр эвлэрсэн, ямар ч асуудалгүй байгаа” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, *** гэртээ хүүхдийнхээ хамт байж байхад манай гэр бүлийн хүн *** орж ирсэн. Бид хоёр 3, 4 дүгээр сараас хойш гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан ба тухайн өдөр *** нь гэртээ орж ирээд намайг өмнө нь таньдаг байсан хүнтэй хардаад юм яриад байсан. Тэгээд *** нь гэртээ 3-4 пиво уусан. Бид хоёр ойлголцохгүй маргалдаад байсан. *** 3-н хүүхдээ унтлагын өрөөнд оруулж унтуулна гээд явсан. Би *** “чи бид хоёр ойлголцохгүй юм байна, чи ажлын өрөөндөө унтчих би хүүхэдтэйгээ унтлаа” гэсэн чинь *** ажлын өрөөнд орсноо буцаж унтлагын өрөөнд орж ирээд маргалдаж байснаа миний дээд уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би цагдаа дуудлаа гэсэн чинь миний утсыг булааж авах гээд ноцолдож байгаад миний дээр гараад хоолойг боогоод утас булаацалдаж байгаад би утсаа өгөөгүй. Тэгээд *** унтлагын өрөөнөөс гарч явснаа эргэж орж ирээд намайг унтах гээд орон дээрээ хэвтэж байхад *** нь дахин хэрүүл хийж байснаа өөрийнхөө гар утсаа гартаа барьж байгаад миний толгой руу цохиод миний толгойн баруун дээд дух орчимд яз цохисон. Тухайн үед би цагдаа руу дахин залгах гэсэн чинь утас булааж аваад шидсэн. Тэгээд *** над руу баахан хашигчиж байгаад гэрээсээ гараад яваад өгсөн. Би утсаа олохгүй гэрийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Миний дух хэсэг язарсан байсан гэмтлийн эмнэлэг орж 4 оёдол тавиулсан ...миний хамар хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь бусдад зодуулж гэмтсэний улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 246.300 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.***ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

Шинжээчийн 12700 тоот дүгнэлтэд: “...***ийн биед дух, уруулд няцарсан шарх, нэг шүдний паалангийн эмтрэл, баруун тохой, зүүн бугалга, тохойн үе хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо” гэжээ. /хх-н 23-24/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг зургийн үзүүлэлтүүд /хх-н 25/, аюулын зэргийн үнэлгээ /хх-н 5-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45, 47-61/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ буюу 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кинг таур хотхоны 129 дүгээр байрны 3-104 тоот гэртээ байхдаа өөрийн эхнэр, хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж уруулд няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, дух хэсэг рүү нь гар утсаар цохиж няцарсан шарх, баруун тохой, зүүн бугалга, тохойн үе хамарсан цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***ийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэр ***ийг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Гантулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж үйлдсэн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “... эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч *** нь эхнэр ***ийг гараараа болон утсаараа цохисон дээрх үйл явдал тодорхой хугацаанд үргэлжилсэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийг цохисон үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Мягмарцэрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн дээрх гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан баримтаар тогтоогдож байгаа 246.300 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахаар шийдвэрлэв.

   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*** 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ас 246.300 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                       

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР