Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/01165

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05сар ы 04дөр

181/ШШ2020/01165

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Г/РД/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б /РД:/-д холбогдох,

 

3,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 04 сарын 17-ны өдөр иргэн Ц.Бд өөрийн эзэмшлийн АААААУБЯ улсын дугаартай Соната 2 маркийн машиндаа 800,000 төгрөгөөр бүрэн засвар хийлгэхээр тохирч 3, 4 дүгээр хорооллын ногоон зоорины ойролцоох гараж түрээслэн ажиллаж байхад нь өөрийн биеэр аваачиж хүлээлгэн өгч, урьдчилгаа төлбөрт 400,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш машинаа авч чадахгүй 11 сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд түүний үгэнд итгэж цувуулсаар нийт 1,270,000 төгрөг өгсөн байна. Машиныг засварлаж өгөөгүй, буцааж өгөөгүй, 11 сар гаруй хугацаа өнгөрсөн тул засварын хөлсөнд төлсөн 1,270,000 төгрөг, автомашины үнэ 2,530,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Гнь хариуцагч Ц.Бд холбогдуулан автомашины засварын хөлсөнд төлсөн 1,270,000 төгрөг, автомашины үнэд 2,530,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 03 сарын 31-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааныг 2020 оны 04 сарын 28-ны өдөр товлон зарлаж, хариуцагчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягт байхгүй үндэслэлээр мэдэгдэх хуудас шүүхэд буцаж ирсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь заалтад заасан журмын дагуу дахин хийсэн боловч хариуцагч мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтад нэхэмжлэлд дурдсан хаягийг өөрийн оршин суугаа газрын хаяг гэж тэмдэглэсэн бөгөөд уг хаягаас өөр хаягт оршин сууж байгаа эсэх талаараа шүүхэд мэдэгдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалтад заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчид 2019 оны 04 сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн АААААУБЯ улсын дугаартай Соната 2 маркийн машинаа засуулахаар хүлээлгэн өгсөн, засварын хөлсөнд нийт 1,270,000 төгрөг төлсөн боловч хариуцагч машиныг засварлаж өгөөгүй, буцааж өгөөгүй, 11 сар гаруй хугацаа өнгөрсөн тул засварын хөлсөнд төлсөн 1,270,000 төгрөг, автомашины үнэ 2,530,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байх бөгөөд уг нэхэмжлэлийг хариуцагч гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй тул хариуцагчийг дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь 1993 онд үйлдвэрлэгдсэн, АААААУБЯ улсын дугаартай, Соната 2 загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийн засварын хөлсөнд хариуцагчид 1,270,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд дурдсаныг хариуцагч үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийг нэхэмжлэгчээс 1,270,000 төгрөгийн хөлс авсан гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн засварын хөлсөнд 1,270,000 төгрөг авсан атлаа тээврийн хэрэгслийг засварлах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 358 дугаар зүйлийн 358.1, 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардахад мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмыг баримтлах шаардлагатай бөгөөд  нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг засварлаж өгөхийг шаардахад цагаан сараас өмнө засаад өгнө гэж хэлсэн боловч засаж өгөөгүй гэсэн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийг хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь заалтад заасан тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчээс автомашины засварын хөлсөнд авсан 1,270,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан эд хөрөнгийн алдагдлийг хохиролд тооцохоор заасан тул засаж өгнө гэж хүлээн авсан боловч буцааж өгөөгүй автомашины үнэ болох 2,530,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ц.Бас автомашины засварын хөлсөнд төлсөн 1,270,000 төгрөг, автомашины үнэд 2,530,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ц.Бас 3,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 75,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 250 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ц.Бас 75,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР