Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 151/шш2020/00660

 

 

 

 

 

 

2020 05 19

151/ШШ2020/00660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар 41 байр 09 тоотод оршин суух, Боржигин овгийн Доржийн ““““““““““ /НЭ56111763/,

Хариуцагч: Төв аймгийн ““““““““““газарт холбогдох,

Тэтгэмж, ээлжийн амралтын нөхөн олговор, алданги нийт 24.886.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”“““““““““, өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанхуяг, нарийн бичгийн дарга Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.”“““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь Төв аймгийн ““““““““““газарт нягтлан бодогчоор 1991 оны 08 сарын 20-нээс 2018 оны 03 сарын 01 хүртэл тасралтгүй 28 жил ажилласан. Тус байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд улсын төсвөөр санхүүждэг 100 хувь төсвийн байгууллага билээ. Миний бие ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй, харин ч тухайн байгууллагын мөнгө санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг олон улсын стандарт болон хуулийн хүрээнд гүйцэтгэсний дагуу төрөөс намайг үнэлж 2008 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол, 2010 онд Сангийн яамны хүндэт тэмдэг, 2011 онд Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдэг, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Алтан гадас одон, 2017 онд Улсын шилдэг санхүүч тэмдгээр тус тус шагнаж байсан.

Гэтэл миний бие өөрийн болгоомжгүй байдлаас болж, зам тээврийн осол гарган хохирогчийн гомдол тэмцэл болон түүнээс нэхэмжилсэн их хэмжээний мөнгийг өгч чадахгүйн улмаас 2017 оны 12 сарын 22-ний өдөр шүүхээс 2 жил 6 сарын ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр болсон.

Энэ хугацаанд ““““““““““газрын дарга 2018 оны 03 сарын 01-ны өдөр Б/6 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө ажилласан хугацааны ээлжийн амралтын цалинг олгохоор шийдвэрлэсэн ба надад хуулиар олгох ёстой байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг шийдээгүй орхисон байсан. Би хорих байгууллагаас 2019 оны 01 сарын 31-ний өдөр суллагдан гараад эмчилгээ сувилгаанд явж ирээд, Төв аймгийн спортын газрын даргад нэг удаагийн буцалтгүй тэтгэмжээ авах талаар хандсан боловч, надад 2020 оны санхүүжилт болон төсөвт суугаагүй уичр та шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Би төрийн байгууллагад тасралтгүй 28 жил ажилласан боловч авах ёстой тэтгэмжээ авч чадаагүй хохирч байна.

2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалын 3-д заасны дагуу ажил хүлээлцэх комисс нь одоог хүртэл надаас нягтлан бодох бүртгэл, төсвийн тухай хууль, бодлогын баримт бичгийн дагуу ажлаа хүлээж аваагүй. Иймд надад 2017 оны 12 сарын 07-ны өдөр шинэчилсэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу үндсэн цалингийн дундаж болох 633.221 төгрөгийг 36 сарын цалинтай тэнцэх төрөөс нэг удаагийн буцалтгүй тэтгэмж болох 22.795.956 төгрөг мөн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/06 тушаалаар олгогдох ёстой байсан ээлжийн амралтын цалин 1.393.458 төгрөг, тус тушаал гарсан өдөр амралтын тооцоог хийхээр гаргасан боловч, одоог хүртэл олгоогүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3-д заасны дагуу хожимдуулсан хоног тутам 0.3 хувийн алданги тооцож, биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 696.729 төгрөгийн хамт нийт 24.886.187 төгрөгийг Төв аймгийн ““““““““““газраас гаргуулж өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд: 2017 оны 12 сарын 07-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу үндсэн цалингийн дундаж 633.221 төгрөгийг 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тэтгэмж, 22.795.956 төгрөгийг Төв аймгийн ““““““““““газрын төсөвт суулгаж өгөхийг даалгах,

2. 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/06 тушаалаар олгох ёстой байсан ээлжийн амралтын цалин 1.393.458 төгрөг, тушаал гарсан өдөр амралтын тооцоо хийхээр гаргасан боловч одоог хүртэл олгоогүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3-д заасны дагуу хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, биелүүлээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 696.729 төгрөг буюу 2.090.187 төгрөг нийт 24.886.187 төгрөгийг Төв аймгийн ““““““““““газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.”“““““““““ хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн ““““““““““газарт нягтлан бодогчоор 1990 оны 08 сарын 01-нээс 2017 оны 12 сарын 22 хүртэл тасралтгүй 27 жил, улсад нийт 46 жил ажилласан. 2016 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн боловч 2017 оны 11 сард болгоомжгүй гэмт хэргийн улмаас хорих ял эдэлж 2019 оны 12 сард суллагдсан.

Төв аймгийн ““““““““““газрын даргын 2018 оны 03 сарын Б/06 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр гарах хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-д зааснаар ажлаас чөлөөлсөн боловч нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна. Энэ талаар байгууллагын даргатай уулзахад төсөвт суугаагүй тул мөнгөн хөрөнгө байхгүй гэсэн хариу өгсөн.

Миний бие төрийн үйлчилгээний албан тушаалаар нийт 27 жил ажилласан бөгөөд сүүлийн 3 жилийн дундаж үндсэн цалин 633221 төгрөг, 36 сарын нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг тооцоход 22 795 956 төгрөгийг ““““““““““газрын төсөвт суулгаж өгөхийг даалгаж, 22 795 956 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Намайг ажлаас чөлөөлсөн 2018 оны Б/06 тоот тушаалд ээлжийн амралтын цалин 1 393 458 төгрөгийг тушаал гарсан өдрөөс тооцоо хийх гэж гарсан боловч би одоог хүртэл аваагүй тул ээлжийн амралтын мөнгийг гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн хуульд алданги тооцож болохоор заасан боловч алданги тоооцсон шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа... Иргэн Дорж овогтой ““““““““““ нь Төв аймгийн Биеийн тамир сплортын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад санамсаргүй байдлын улмаас зам тээврийн осол гарган 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 447 дугаар шийтгэх тогтоолоор хоригдсон. Төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 сарын 21-ний 1/198 тоот албан тоотоор өргөдөл хүсэлтээ ирүүлсний дагуу 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/06 тоот үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иргэн Д.”“““““““““ын тэтгэвэр тэтгэмжийн зардлыг 2017 оны төсөвт суулгасан байсан боловч, 2017 оны 12 сарын 22-нд шүүхийн шийдвэр гарсан учраас тэтгэмжээ аваагүй нь үнэн болно. Иймд нэхэмжлэлийг манай байгууллага хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Д.”“““““““““ нь манай байгууллагад 27 жил нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байгаад 2017 оны 12 сард болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. 2018 оны 3 сард өөрөө хүсэлт гаргаснаар түүнийг Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-д зааснаар ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлөх тушаалд амралтын тооцоо хийх талаар заасан боловч амралтын мөнгөө аваагүй байна. Манай байгууллагын төсөвт нэхэмжлэгч Д.”“““““““““д олгох 36 сарын тэтгэмж суугаагүй тул одоогоор олгох боломжгүй байна. Төсөвтөө суулгаад түүнд олгоход татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.”“““““““““ хариуцагч Төв аймгийн ““““““““““газарт холбогдуулан төрийн албан хааагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгахыг даалгаж, тэтгэмж 22 795 956 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 393 458 төгрөг, алданги 696 729 төгрөг, нийт 24 886 187 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаан дээр зөвхөн алданги 696 729 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, бусад шаардлагыг дэмжиж оролцсныг хариуцагч тал маргаагүй байна.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар хамгаалах нь зүйтэй гэж үзлээ.

Төв аймгийн ““““““““““газар нь нэхэмжлэгч Д.”“““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр цуцалсан байх хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг Төрийн албаны тухай хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заажээ.

Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д Төрийн албан тухай хуулийн 46.2.2, 46.2.3-д заасан үндэслэлээр /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн/ төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө гэжээ.

Дээрх журмаар нэхэмжлэгч Д.”“““““““““ тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь Төв аймгийн ““““““““““газрын даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлж, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 46 жил 01 сар 04 өдөр ажилласан гэж тооцож 2018 оны 09 сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоосон тухай тушаал, тэтгэврийн дэвтрээр тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацааг оруулж тооцно гэжээ.

Д.”“““““““““ нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан албан тушаал эрхэлж байсан болох нь Төв аймгийн Биеийн тамир Спорт хорооны нягтлан бодогчоор 1991 оны 08 сарын 20-ны өдрөөс ажилд томилсон бичилт бүхий 110786 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1995 оноос 2004 он хүртэл хугацааны цалин хөлс нийгмийн даатгалын бичилттэй 001255 тоот дэвтэр, 2004 оноос 2010 он хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилттэй 763948 тоот дэвтэр, 2011 оноос 2017 оныг дуустал хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилттэй 0394838 тоот дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундажаар тооцно. /Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт орсон/

Төв аймгийн ““““““““““газраас нотлох баримтаар гаргасан Д.”“““““““““ын 2018 он, 2017 он, 2016 оны цалингийн картын 1-12 дугаар сарын хүснэгтээс үзэхэд нэг сарын үндсэн цалин нь тогтмол 633 211 төгрөг байх бөгөөд 3 жилийн дундажаар тооцоход 633 211 төгрөг болно.

Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна гэж зааснаар Д.”“““““““““ын 36 сарын албан тушаалын үндсэн цалинг тооцож үзэхэд 22 975 956 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Төв аймгийн ““““““““““газар нь нэхэмжлэгч Д.”“““““““““д нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаагүй гэсэн тайлбарыг гаргасан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагчид даалгах шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.”“““““““““ын 2018 оны ээлжийн амралтын олговрыг олгоогүй талаар зохигч талууд маргаагүй байх тул хариуцагчаас 1 393 458 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тэтгэвэр, тэтгэмж нэхэмжилсэн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас тэмдэгтийн хураамж 279 794 гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.”“““““““““д холбогдох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох-д шаардагдах хөрөнгийг тухайн байгууллагын төсөвтөө тусгуулахыг Төв аймгийн ““““““““““газарт даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ““““““““““газраас төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 22 975 956 төгрөгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар ээлжийн амралтын олговор 1 393 458 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.”“““““““““д олгосугай.

3. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 279 794 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН