Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,

улсын яллагч Б.Түвшинтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

хохирогч Г.М,

шүүгдэгч М.А,

иргэний нэхэмжлэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  М.А-д холбогдох 2316001400150 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, казах үндэстэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймгийн ******* сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ****** сумын ***** багийн ***** тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ****** регистрийн дугаартай, Т овогт М-н А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.А-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг ************* гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ********** ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 11.14-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас 0383 ГАҮ улсын дугаартай Бонго-3 загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн машинд зорчиж явсан Д.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч М.А нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг ******** гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ***** ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо **** ГАҮ улсын дугаартай         Бонго-3 загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн машинд зорчиж явсан Д.Б- эрүүл мэндэд зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл, Г.М-н эрүүл мэндэд зүүн өвдөгний үений шингэн хуралт, зүүн чагтан холбоосны зөөлөн эдийн гэмтэл, хамрын муруйлт буюу хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Д.Д-н эзэмшлийн автомашинд 6,737,000 (зургаан сая долоон зуун гучин долоон мянга) төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч М.А-н шүүх хуралдаанд өгсөн “... Манай хамаатны хүн тархины хорт хавдраар хагалгаанд ороод нас барсан. Би тэр хүнийг ачиж явж байх замдаа их ядарсан. Тэгээд ийм асуудал гаргалаа. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч Г.М-н шүүх хуралдаанд өгсөн “... Би тухайн өдөр машин барьж явсан. Түр зогсоол дээр зогсчихоод хөдлөөд 200-300 метр явж байхад ардаас маш хурдтай машин ирж мөргөж замын хажуу тал руу машиныг унагаасан...нэхэмжлэх зүйл хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Иргэний нэхэмжлэгч Д.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... Миний бие 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байтал төрсөн ах болох Д.А машинаа өгөөч гэсэн. Тэгээд машинаа өгч явуулснаас болоод ийм осол гарсан байдаг. Тухайн үед надад хэлэхдээ машин мөргөчихсөн, өвчин зовлонтой байна гэсэн. Машиныг журмын хашаанд хийсэн. Хэрэг шийдэгдсэний дараа машинаа авах байх гэж бодсон. М.А-д тухайн үед нь “...би энэ машиныг авахгүй, чи борлуул, араас нь мөргөөд унагаасан тул рам нь хөдөлчихсөн байх, хүн амьтан эрсдээгүй бол машин тэрэг төлөх асуудалд битгий санаа зов...” гэж хэлсэн. Тэр үеэс өдийг хүртэл М.А-д итгээд машинаа журмын хашаанаас авахгүй байж байгаад өчигдөр авах гээд очсон журмын хашааны төлбөр 170,000 төгрөг гарсан байна. 6 сарын хугацаанд журмын хашаанд байсан. Би хохиролтой байгаа тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

4. Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Аймаг чиглэлд явж байгаад би эргээд харсан чинь цагаан өнгийн аваарын гэрлээ асаачихсан цагаан жийп машин хурдтай ирж байгаа харагдсан...М-д араас их хурдтай машин ирж байна баруун гар тал руугаа шахаад замаа чөлөөл гэж хэлэхэд түс тас гэсэн чимээ гарсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна... Миний сууж явсан машин замын хажуу тал руу унасан байсан... Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Зүүн талын үений далд хавчаар ясны хугаралтай гэсэн...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

4. Шинжээч М.Д-н 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “... Бонго-загварын **** ГАҮ улсын дугаартай автомашины жолооч Г овогтой М-д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна...Шинжээчийн дүгнэлтээр М овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, 11.14-д заасан журмыг зөрчсөнөөс осол үйлдэгдсэн гэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/

5. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын шинжээч Ч.Эрдэмболор, Н.Энхцолмон, М.Золжаргал нарын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 671 дугаартай “... Д.Б-н биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/

6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Даваахүүгийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай “... Г.М-н биед зүүн өвдөгний үений шингэн хуралдалт, зүүн чагтан холбоосны зөөлөн эдийн гэмтэл, хамрын муруйлт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/

7. Ашид Билгүүн ХХК-н 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаартай **** ГАҮ улсын дугаартай машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 6,737,000 (зургаан сая долоон зуун гучин долоон мянга) төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан. /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар хуульчилжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. а хэсэгт заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14 дэх хэсэгт заасан  “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчин нойрмог ядарсан үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас урдаа явсан автомашины араас мөргөж замын хажуу руу онхолдуулж нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, автомашинд эвдрэл учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.А-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

1. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/

2. Хохирогч Д.Б-н зүгээс хохиролтой холбоотой мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 83-95 дугаар хуудас/

3. Хохирогч Г.М-н зүгээс хохиролтой холбоотой мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас/

4. ХААН банкны 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 37,300 (гучин долоон мянга гурван зуун) төгрөгийг “эм Б” гэх утгаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт. /хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/

5. ХААН банкны 2023 оны 05 дугаар сарын 16-н өдрийн 86,300  (наян зургаан мянга гурван зуун) төгрөгийг “эмний үнэ шилжүүлэв” гэх утгаар Д.Б-т шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт. /хавтаст хэргийн 165 дугаар хуудас/

6. ХААН банкны 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгийг “А-с эмчилгээний зардал” гэх утгаар Д.Б-т шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт. /хавтаст хэргийн 166 дугаар хуудас/

7. ХААН банкны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1,737,000 (нэг сая долоон зуун гучин долоон мянга) төгрөгийг “хохирлын үлдэгдэл төлбөр М.А” гэх утгаар Д.Д-д шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт. /хавтаст хэргийн 167 дугаар хуудас/

8. ХААН банкны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг “үнэлгээний төлбөр М.А” гэх утгаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт. /хавтаст хэргийн 226 дугаар хуудас/

9. ХААН банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2,260,000 (хоёр сая хоёр зуун жаран мянга) төгрөгийг “М.А-с Д.Б-н үлдэгдэл хохирол” гэх утгаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт. /хавтаст хэргийн 229 дүгээр хуудас/

10. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Б-н сэтгэл санааны хохиролд 4,000,000 (дөрвөн сая) төгрөг төлсөн ХААН банкны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт.

11. ХААН банкны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1,680,000 (нэг сая зургаан зуун наян мянган) төгрөгийг “иргэний хохирол” гэх утгаар Г.М-д шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллийн баримт.

12. Хохирогч Д.Б-н шүүхэд гаргасан “... М.А нь автын осол гаргаж миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээ сувилгааны зардал төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тул миний бие нь цаашид болон одоогоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол төлөгдсөн болно...” гэх агуулга бүхий хүсэлт.

13. Хохирогч Г.М-н шүүх хуралдаанд өгсөн “... нэхэмжлэх зүйл хохирол төлбөр байхгүй..” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял  оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Тус хэрэгт Г.М-г  2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хавтаст хэргийн 108 дугаар хуудас/ иргэний нэхэмжлэгчээр, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/ тус тус тогтоосон байх бөгөөд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг тул хөнгөн болон эд хөрөнгийн хохирол учирсан хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ. Иймээс Г.М-н хувьд тус хэрэгт хохирогч бус харин иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр байна.

Шүүгдэгч нь хохирогч Д.Б-т 6,586,300 (зургаан сая таван зуун наян зургаан мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.М-д 1,680,000 (нэг сая зургаан зуун наян мянга) төгрөг төлсөн бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Д-н эзэмшлийн автомашинд нийт 6,737,000 (зургаан сая долоон зуун гучин долоон мянга) төгрөгийн эвдрэл гэмтэл учирснаас даатгалаас 5,000,000 (таван сая) төгрөгийн төлбөр орж, шүүгдэгч нь үлдэгдэл 1,737,000(нэг сая долоон зуун гучин долоон мянга) төгрөг төлсөн байх тул шүүх түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Д.Д-н эзэмшлийн автомашиныг эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн талаарх мөрдөгч, прокурорын шийдвэр албан ёсны шийдвэр гараагүй тул түүний гаргасан “...журмын хашааны төлбөр 170,000 төгрөг гарсан байна. 6 сарын хугацаанд журмын хашаанд байсан. Би хохиролтой байгаа тул гомдолтой байна...” гэх агуулга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. Харин хууль ёсны шийдвэргүйгээр бусдын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж автомашиныг журмын хашаанд удаан хугацаагаар байлгаж мөн төлбөр нэхэмжилдэг асуудал нь хүний эрхийн зөрчил болохыг мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлдэг, түүнд хяналт тавьдаг байгууллагад анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.Б-т 6,586,300 (зургаан сая таван зуун наян зургаан мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.М-д 1,680,000 (нэг сая зургаан зуун наян мянга) төгрөг, Д.Д-д 1,737,000(нэг сая долоон зуун гучин долоон мянга) төгрөг төлсөн  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т овогт М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.А-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.Б-т 6,586,300 (зургаан сая таван зуун наян зургаан мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.М-д 1,680,000 (нэг сая зургаан зуун наян мянга) төгрөг, Д.Д-д 1,737,000(нэг сая долоон зуун гучин долоон мянга) төгрөг төлсөн  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА