Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2018/00377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Төв аймаг, ............. сум, 1 дүгээр багт байрлах Сум хөгжүүлэх сан

Хариуцагч: Төв аймаг, ............. сум, 4 дүгээр баг, Б8 гудамж, 9-1 тоотод оршин суух ............................................

Хариуцагч: Төв аймаг, ............. сум, 4 дүгээр баг, Б8 гудамж, 9-1 тоотод оршин суух ......................................................

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 000 000 төгрөг, хүү 297 500 төгрөг, алданги 49 000 төгрөг нийт 7 346 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Номин-Эрдэнэ, хариуцагч М.............., хариуцагч Л.............., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхцэцэг, Ш.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь Сум хөгжүүлэх сан-гаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүүний нэг ч төгрөг төлөөгүй Сум хөгжүүлэх сангийн эрх ашгийг хохироож байх тул үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 297 500 төгрөг, алданги 49 000 төгрөг нийт 7 346 500 төгрөгийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч М.............. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сум хөгжүүлэх сангаас 7 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 7 346 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үнийн дүнд маргах зүйлгүй. Харин тэр үед Л..............тай хамтран амьдарч байсан, энэ мөнгийг Л.............. үрсэн, би 2 жоохон хүүхэдтэй, ажилгүй байгаа тул төлөхөд хүндрэлтэй байна. Л..............тай хамтраад 3 сарын дотор төлж дуусгана. гэв.

Хариуцагч Л.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээл авсан нь үнэн. Ганцаараа энэ мөнгийг үрж дуусгаагүй, Л.............. Орос улс руу наймаанд яваад зээлээ дуусгасан. Ажил хийдэг цалингаасаа хуваагаад төлж болно. гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.............., Л.............. нар Сум хөгжүүлэх сангаас зээл авах гэсэн юм, барьцаа хөрөнгө дутаад байна гээд миний өмчилж буй газрын бичгийг барьцаа болгож өгөөч гэж гуйсны дагуу би газрын бичгээ өгсөн. Газар өмчлөх бичгийг хураачих вий гэхээс айж байна, миний газар өмлөх бичгийг шүүхээс чөлөөлж өгнө үү. гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.............., Л.............. нар Сум хөгжүүлэх сангаас зээл авах гээд миний газрын бичгийг барьцаалж улмаар эдгээр нөхөд нь зээлээ төлөхгүй өдий хүрч байна. Монгол Улсаас өгч байгаа өмч болох газрын маань шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Зуун мод сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч М.............., хариуцагч Л.............. нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 297 500 төгрөг, алданги 49 000 төгрөг нийт 7 346 500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна.

Талууд 7 000 000 төгрөгийг гахайн фермийн зориулалтаар 18 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1544 дүгээр зээлийн гэрээ байгуулж /х.х-ийн 6-9 тал/, зээлдүүлэгчийг төлөөлж нягтлан бодогч М.Номин-Эрдэнэ, зээлдэгчийг төлөөлж М.............., Л.............. нар гарын үсэг зуржээ.

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдэгчид авсан зээлээ хугацаандаа төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул зээлдэгчид зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлдэгч М.............., Л.............. нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул үүрэг гүйцэтгүүлэгч /зээлдүүлэгч/ нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгч /зээлдэгч/-ээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Сум хөгжүүлэх сан нь хариуцагч М.............., хариуцагч Л.............. нараас зээл, зээлийн хүүг буцаан шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч тал үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 297 500 төгрөг, алданги 49 000 төгрөг нийт 7 346 500 төгрөгийг төлүүлэх /х.х-ийн 1-2, 55 тал/ нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Сум хөгжүүлэх сан нь зээлийн барьцааны гэрээгээр бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр барьцаалсан боловч /х.х-ийн 10 тал/ нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаагүй улмаар С.Мөнхцэцэг, Ш.Мөнхцэцэг нар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан зээлдэгчдийн зээлийн барьцаанд тавьсан газар нь бидний өмчлөлийн газар тул чөлөөлж өгөх агуулга бүхий тайлбараар тогтоогдож байх бөгөөд шүүх хуралд нэхэмжлэгч талыг дэмжиж оролцож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.............., хариуцагч Л.............. нараас үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 297 500 төгрөг нийт 7 297 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн ............. сумын Сум хөгжүүлэх сан-д олгож, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д ... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасны дагуу Сум хөгжүүлэх сан-гийн анзын төрөл болох алдангид нэхэмжилсэн 49 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

С.Мөнхцэцэг, Ш.Мөнхцэцэг нар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй. гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдэд холбогдох асуудлыг нэхэмжлэгч бие даасан нэхэмжлэл гарган, өөр иргэний хэрэг шүүхэд үүсгүүлэх замаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

Хариуцагч М.............., Л.............. нарт холбогдох үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 297 500 төгрөг нийт 7 297 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас 7 297 500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131 710 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.............., хариуцагч Л.............. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 297 500 төгрөг нийт 7 297 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төв аймаг, ............. сум Сум хөгжүүлэх сан-д олгож, илүү нэхэмжилсэн 49 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.............., хариуцагч Л.............. нараас 131 710 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С .Мөнхцэцэг, Ш.Мөнхцэцэг нарт холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР