| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/00293/И |
| Дугаар | 181/ШШ2018/00675 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2018/00675
| 2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2018/00675 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Л-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГА-т холбогдох
Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг 83,703,620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч В.У, гуравдагч этгээд Ш.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхамхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 03928 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 50,130,000 төгрөгийг гаргуулан *******тод олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно.
Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6-р хороо Энхтайваны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг 83,703,620 төгрөгөөр үнэлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177.1-д заасны дагуу 70 хувиар тооцож 58,592,534 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдэх хуудсыг 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 3/472 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн болно.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад маш гомдолтой байна.
Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус байрыг 195,000,000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа өгсөн юм.
Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 181 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нь миний байрыг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлж байгаа явдалд гомдолтой байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205057283 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийг 6-р хороо Энхтайваны өргөн чөлөө 83 дугаар байрны 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг 83,703,620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03928 дугаар захирамжаар Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нараас 50,130,000 төгрөгийг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 83-р байр, 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нар барьцаа хөрөнгийг 195,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлгээ тогтоолгоход 83,703,620 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 3/472 тоот албан мэдэгдлээр мэдэгдсэн байна.
Анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 83-р байр, 20 тоот 44.95 м.кв талбайтай орон сууцыг үнэлэгдсэн үнэ 83,703,620 төгрөгийг 70 хувь буюу 58,703,620 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Лхамхүү нь 2 өрөө байраа 195,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уул байрыг хэт өндөр үнэлгээтэй байна гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний газрар үнэлүүлэхэд 83,703,620 төгрөг гэж тогтоосон.
10-р хороолол болон 3, 4-р хорооллын хуучин 2 өрөө байрны бодит гар дээрхи өгч авдаг үнэ нь 60,000,000-65,000,000 төгрөг дотор хэлбэлздэг юм байна лээ.
Харин ч Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газар нь зах зээлийн бодит үнээс арай өндөр үнэлдэг юм байна.
Иргэн Б.Лхамхүү нь удаа дараа элдэв шалтаг тоочин шүүх хуралыг хойшлуулсаар 1 жил 3 сар боллоо.
Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш төлбөр төлөгчийн зүгээс нэг ч төгрөгийн төлбөрийг хийгээгүй болно.
Иймд хэргийг үнэн зөв хурдан шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхамхүү нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 83-р байрны 20 тоот 44.95 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 83,703,620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь дээр дурьдсан орон сууцны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой гэж тайлбарладаг бол хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргадаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Лхамхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2016/03928 дугаар захирамжаар хариуцагч Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нараас зээлийн гэрээний үүрэгт 50,130,0000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 204,300 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас /хуучнаар/ үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 83-р байрны 20 тоот хаягт байршилтай 44.95 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 16/595 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 16/648 тоот тогтоолоор хураажээ.
Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 334 дүгээр магадлалын Хянавал хэсэгт ... төлбөр авагч *******д зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн барьцаанд бариулсан эсэх үйл баримт тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ хэмээн дүгнэсэн байдаг.
Гуравдагч этгээд *******т нь шүүхэд 2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулагдсан Барьцааны гэрээ-г шүүхэд гаргаж өгснөөр Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан асуудалд зөвтгөгдсөн гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан Барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанд уг гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар дурьдсан байдаг. /хх-20х/
Төлбөр төлөгч Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нарын барьцаа хөрөнгө болох орон сууцыг 195,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч ******* эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллага 2016 оны 12 сарын 15-ны өдөр Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нарын өгсөн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн үнийн санал /хх-25х/, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх-26х/, *******ийн гаргасан 2016 оны 12 сарын 05-ны өдрийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-27х/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 сарын 15-ны өдрийн шинжээч томилсон тогтоол /хх-28х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 230 тоот тогтоолоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ: гээд 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө; гэж заасантай нийцсэн байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон Бэсгэ ХХК-ийн дүгнэлтээр, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 83-р байрны 20 тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 83,703,620 төгрөгөөр үнэлсэн байх ба үнэлгээг тогтооход ашигласан арга, аргачлалыг тодорхой дурьдаж, холбогдох фото зургийг хавсаргажээ. /хх29-34х/
Бэсгэ ХХК-ийн тогтоосон үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны талаар төлбөр төлөгч Б.Лхамхүү, Б.Мөнх-Эрдэнэ нарт 2017 оны 01 сарын 04-ний өдөр, 2017 оны 01 сарын 18-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагджээ.
Иймд нэхэмжлэгч Б.Лхамхүү нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна гэж дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба шинжээч нь орон сууцны зах зээлийн үнийг 87,021,730 төгрөгөөр үнэлжээ.
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Бэсгэ ХХК-ийн адилаар үнэлгээг тогтооход ашигласан арга, аргачлалыг тодорхой дурьдаж, холбогдох фото зургийг хавсаргасан байдаг. /хх-63-72х/
Өөр өөр цаг хугацаанд Бэсгэ ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон орон сууцны үнэлгээ нь хоорондоо хэт зөрүүтэй байдал тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн үнийн санал буюу тухайн орон сууц нь 195,000,000 төгрөгийн зах зээлийн үнэ ханштай болох, мөн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн болох нь нотлогдохгүй байна.
Иймд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул нэхэмжлэгч Б.Лхамхүүгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэн, хуулийн этгээд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй ба төлбөр төлөгч нар энэхүү үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар хийгдэж байгаа ажиллагаа нь удааширснаас төлбөр авагч /иргэний хэргийн гуравдагч этгээд/ *******ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгааг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Лхамхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудас болон холбоо барих утсаар нь мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хийгдсэн учир тухайн хуулийг баримтлан маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 83-р байрны 20 тоот 44.95 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 83,703,620 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Б.Лхамхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР