Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/154

 

 2021           2              9                                        2021/ДШМ/0154                                

 

 

     Д.Ч, Д.М нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/2754 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 88 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Ч, Д.Мэ нарт холбогдох эрүүгийн 1806033521467 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б овгийн Д-гийн Ч,

 

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад тус тус зааснаар нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

 

          Р овгийн Д-ын М,

 

          Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

 

          Яллагдагч Д.Ч нь ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171г байранд байрлах хохирогч С.Одын эзэмшлийн ажлын байранд нэвтэрч 25.046.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

 

          Яллагдагч Д.Ч, Д.Мэ нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч Д.Батмагнайгийн эзэмшлийн Тоёота Приус 10 загварын автомашинд түлхүүр тааруулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Чад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан 2 хэрэгт тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулах нь зүйн хэрэг боловч тус 2 хэргийг нэгтгэж нэг хэрэг болгосон атлаа прокурор яллах үйлдэх үедээ эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол үйлдэх процесс ажиллагаа хийлгүй яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Хулгайлах хоёр үйлдэлд тус тусад ял оногдуулахаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан бол нэг гэмт хэрэгт тооцно, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн зарчим алдагдаж байна.

 

Ингэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжтэй 2 үйлдэлд тус тусад нь яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол ойлгомжгүй” гэж заасанд хамааруулан авч үзлээ.

 

Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан. Гэвч тус шүүхийн 2020/ШЗ/2754 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж нь чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл зэрэг нь тодорхойгүй байна.

 

Мөн яллагдагч Д.Чын ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 171г байранд байрлах иргэн С.Одын эзэмшлийн ажлын байранд нэвтэрч 25,046,000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан, яллагдагч Д.Мэтэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Батмагнайгийн эзэмшлийн Тоёота Приус-10 загварын автомашиныг түлхүүр тааруулж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл буюу “Хулгайлах” гэмт хэрэг боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн өөр өөрөөр зүйлчлэгдэх тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Дээрх гэмт хэргүүдэд прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасны дагуу үйлдэл тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж улмаар яллагдагчид холбогдох хэргүүдийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан дээрх мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллагдагч Д.Ч, Д.Мэ нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, “Д.Чад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн атлаа прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн яллагдагч Д.Чын хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хоёр үйлдэлд тус тусад ял оногдуулахаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан бол нэг гэмт хэрэгт тооцно, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн зарчим алдагдаж байна” хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийг прокурор эс зөвшөөрч “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Хэргийн материалд Д.Чын үйлдэл тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, улмаар түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Д.Ч, Д.Мэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсэн хэвээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус захирамжийг прокурорт гардуулж, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг анхан шатны шүүх хүлээн авсан хэдий ч 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1/64 тоот албан бичгээр хэргийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан даруйд хэргийг хянуулахаар зохих шатны шүүхэд хүргүүлэх зохицуулалттай байтал анхан шатны шүүх 4 сар 6 хоногийн дараа хэргийг хүргүүлсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

 

Иймд цаашид дээрх зөрчил, алдаа дутагдлыг гаргахгүй байхыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хатуу анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/2754 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Ч, Д.Мэ нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч Д.Ч, Д.Мэ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ