Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 114/ШШ2022/0017

 

    Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг

           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нарын нэхэмжлэлтэй *******д холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-А/228 дугаар захирамжийн 1000м2 газраас төлөвлөж байгаа 10 давхар 40 айлын орон сууцанд хамаарах 411 м2 газрыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлт ирүүлснийг хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгаас  Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байрны урд талд бидний маргалдаж буй талбайд “Минж Проперти” ХХК нь орон сууцны барилга барихаа больсон гэсэн. Мөн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын  удирдлагын хэлтсийн дарга Б.Нямдорж нь уг газрыг СӨХ-ийн мэдэлд шилжүүлэх боломжтойг дурдаж байсан болно. Иймд бидний шүүхэд гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/228 тоот захирамжийн “Минж Проперти” ХХК-д холбогдох 2 дугаар блокийн газарт хамаарах газрыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “ нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн эсхүл хэсэгчлэн татгалзах” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2021/0013/3 дугаар бүхий индекстэй  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нараас хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай 01-А/228 дугаар захирамжийн 2 дугаар блокийн газарт хамаарах /1000м2 газраас төлөвлөж байгаа 10 давхар 40 айлын орон сууцанд/  411 м2 газрыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Д.НАРАНТУЯА