Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

- шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

  • хохирогч, шүүгдэгч Д.Энхбаатар, С.Чинбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Сэнгэдоржийн Чинбат, Сүүж овогт Далайн Энхбаатар нарт холбогдох Эрүүгийн 201719000287 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт баг, Уурхайн 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Тугчин овогт Сэнгэдоржийн Чинбат /РД:НХ78072118/

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1961 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт баг, Сүж 7-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Сүүж овогт Далайн Энхбаатар /РД:НХ61031010/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Энхбаатар нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн нутагт С.Чинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан муудалцаж улмаар цээжин тус газар нь хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Чинбат нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн нутагт Д.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан муудалцаж улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5958 дүгээр

-      Энхбаатарын биед зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-25 тал/,

 

 Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн

-      С.Чинбатын биед цээж, баруун сарвууны 3, 4, 5-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хатгагдаж зүсэгдсэн гэмтэл байна.

- Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх 2017 оны 04 сарын 27-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь хэдийн хугацаанд бүрэн эдгэрэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-27 тал/,

 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 тал/,

- мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого /хх-12-13 тал/,

- эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-18 тал/,

- Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-47 тал/,

 

  • шүүгдэгч С.Чинбатыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-34-35 тал/, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-40 тал/,
  • шүүгдэгч Д.Энхбаатарыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-41-42 тал/, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-46 тал/,

 

  • Шүүгдэгч С.Чинбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад “үгүй” гэх хуудас, /хх-48 тал/

 

  • Шүүгдэгч Д.Энхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад “үгүй” гэх хуудас, /хх-49 тал/ зэргийг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Энхбаатар нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн нутагт С.Чинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан муудалцаж улмаар цээжин тус газар нь хутгаар хатгаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Чинбатын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “..2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш болж байсан Энхбаатарын гэрт яваад ороход Энхбаатар гэртээ ганцаараа зурагт үзээд сууж байсан. Надад босоод цай хийж өгөөд би цай уугаад сууж байсан чинь Энхбаатар ах чи манай хүүхдийг барлаг хийлгэж байсан гээд над руу дайраад байсан би тэр үед та хаанаас хэнээс барлаг хийлгэж байсан гэж сонссон юм ямар хүний ямар үгээр ингээд байгаа юм гээд бид хоёр маргалдаж байсан тэгээд намайг явах гээд гарах гэтэл Энхбаатар ах босоод чамайг хэмжээтэй хутга шаана гээд байсан тэгээд үүдний гал тогооны түмбүүшик хавиас хутга аваад над руу дайраад ирсэн тэгээд миний зүүн талын хөх махны дээр хутгаар хатгаад би ирэн дээрээс нь бариад авсан. Би хутгыг нь ирнээс нь барьж аваад хутгыг нь гартай нь түлхээд шанаа тус газар нь нэг удаа цохьсон тэгээд л гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн С.Чинбатын биед цээж, баруун сарвууны 3, 4, 5-р хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хатгагдаж зүсэгдсэн гэмтэл байна, Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх 2017 оны 04 сарын 27-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь хэдийн хугацаанд бүрэн эдгэрэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт болон шүүгдэгч Д.Энхбаатарын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Чинбат нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн нутагт Д.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан муудалцаж улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын төвд гэртээ байж байхад гаднаас Чинбат манай гэрт орж ирсэн юм. Тухайн өдрийн үдээс хойш 16 цагийн орчимд орж ирсэн Чинбат гаднаас орж ирэхдээ архи уусан согтуу орж ирсэн. Манай гэрт орж ирсэн би цай хийж өгсөн чинь цай ууж сууж байгаад чи хүүхдээ надаас аваад төсвийн байгууллагад оруулаад баяжиж байгаа биздээ. Чи манай эхнэрийг байнга дарамталдаг гэх зэргээр элдэв зүйлийг яриад байсан. Намайг ширээний ард талд сууж байхад гараараа мангасдаад чи их лалар гэх шиг олон зүйлийг яриад хэрүүл өдөөд байсан... Би тухайн үед чи манай хүүхдийг дээрэлхэж байсан одоо намайг битгий дээрэлхээд бай гээд хэлсэн. Тэгсэн чинь надад Чинбат салаавч өгөөд миний үүдэн шүд рүү цохьсон чинь миний үүдэн хиймэл шүд дундуураа хуваагдаж хугарсан. Би уур хүрээд чи яаж дээрэлхээд байгаа юм гээд хиймэл хугарсан шүдээ амнаасаа аваад хэрэлдсэн. Тэр үед чиний наад хиймэл шүд хугарах юу юм гээд гэрийн баруун талд сууж байгаад хутга бариад зогсож байхаар би айсандаа суган доогуур нь хоёр гараа оруулаад тэврээд авсан тэгээд авсан чинь Чинбат намайг түлхээд  унагаасан би суун тусаад хутга барьсан байхаар нь хутгыг нь гарнаас шүүрээд авахад баруун гарын хурууг нь зүссэн тэгээд цустай гараараа намайг цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан тэгээд нөгөө гараараа цохих гэхээр нь би хутга барьсан гараараа цээжин тус газар нь нэг удаа хатгасан тухайн үедээ бол хаана нь хатгаснаа сайн мэдээгүй тэгтэл Чинбат гараа өвөртөө оруулаад гаргах ирэхэд гар нь цус болсон байсан тэгээд Чинбат цустай гараа гаргаж ирээд чи намайг хутгалсан байна чамайг би наад хутгаар чинь хутгалан гэхээр нь би хутгаа гэрийн хоймор луу шидсэн чинь намайг барьж авч унагаагаад дээрээс 2-3 удаа цохиод гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5958 дүгээр дүгнэлтэнд “Энхбаатарын биед зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт” болон шүүгдэгч С.Чинбатын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Д.Энхбаатар нь шүүгдэгч С.Чинбаттай, хохирогч С.Чинбат нь шүүгдэгч Д.Энхбаатартай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Энхбаатар, С.Чинбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Д.Энхбаатар, С.Чинбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “12 см урттай пявор иштэй хар өнгийн” хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Сэнгэдоржийн Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

    Шүүгдэгч Сүүж овогт Далайн Энхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Энхбаатар нь шүүгдэгч С.Чинбаттай, хохирогч С.Чинбат нь шүүгдэгч Д.Энхбаатартай сайн дураараа эвлэрсэн байх тул Д.Энхбаатар, С.Чинбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Д.Энхбаатар, С.Чинбат нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай пявор иштэй хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Д.Энхбаатар, С.Чинбат нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Энхбаатар, С.Чинбат нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ю.ЭНХМАА