Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2017/01047

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр            Дугаар 182/ШШ2017/01047        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох,

 

“Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Б нь Т ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд Хамгаалалт аюулгүй байдлын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан.

Энэ хугацаанд банкинд хамгаалалт аюулгүй байдлыг хангаж ажиллаж, Монгол банкны баярын бичиг, 2013 онд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн квот, Банк санхүүгийн 91 жилийн ойгоор банкны 2015 оны Манлайлагч ажилтнаар тус тус шагнуулж байсан.

Н.Б нь Т ХХК-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Хариуцаж байсан ажил, албан тушаалдаа мэдлэг, ур чадварын хувьд өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан учраас  сүүлийн VIII улирлын турш ажлын гүйцэтгэлээ 90-ээс дээш хувиар үнэлүүлж, үндсэн цалингийн 15-40 хувиар шагнуулж байсан.

Төрийн банкны гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан “орон тоог цөөрүүлж, зардал бууруулах”-ын тулд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд ажилтнуудаас “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох” шалгалт авсан.

Гэвч шалгалт авах тухай  Н.Бд урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын зорилго нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэх эсэхийг тогтоох байтал хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан.

Ажилтан Н.Б надаас авсан шалгалт нь Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг, ажлын байрны тодорхойлолтоор хүлээн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд огт хамааралгүй байсан.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шалгалтын материал, үнэлгээтэй танилцах хүсэлтийг “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-т удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээ болон “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтийг надад танилцуулаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны Хамгаалалт аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Бат-Эрдэнийн ажлыг хүлээж авсан. Миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй.

Гэтэл Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн ажилтан Т ХХК-ийн ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын комиссын дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд хийж  гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын хамрах хүрээ, тодорхойгүй, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажлыг хийж гүйцэтгэсэн болон одоо хийж гүйцэтгэж байгаа, цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй. Хамгаалалт аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Бат-Эрдэнийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр “Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Н.Бат-Эрдэнийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцсон. Н.Бат-Эрдэнийн дундаж цалин 1,017,552 төгрөгийн цалинтай. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 99 ажлын өдөр байгаа. Сарын дундаж ажлын өдөр болох 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 47,328 төгрөг гэж гарсан. Ажилгүй байсан хугацааны 4,685,472 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

 

Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүхэд хариу гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал гарсан. Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан.

Гүйцэтгэх захирлын баталсан энэхүү “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэхээр тогтоосон юм. Үүнд: Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний нийлбэр дүнгээр нэгдсэн үнэлгээг гаргахаар заасан.

Харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ гэдэг нь тухайн ажилтны харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээг авах ба уг үнэлгээнд ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачилга, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, зохион байгуулах тусгай чадвар, дүн шинжилгээ хийх тусгай чадвар зэргийг байдлаар дүгнэж, нийт 30 хувь,

Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл. үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ гэдэгт: шалгалтын комисс нь мэдлэг, ур чадварыг хөндлөнгийн шинжээчдийн бэлтгэсэн сорилын болон үзүүлэх сургууль, даалгаврын гүйцэтгэл шалгах болон ажлын байран дээрх үзлэг хийх байдлаар тухайн ажилтны мэргэжил, ажлын байрны онцлогийг тусгасан, нийт 30 хувь,

Оролцоо, чанарын үнэлгээ нь гэдэгт тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан ярилцлага, даалгавар гүйцэтгүүлэх 40 хүртэлх хувь оноогоор үнэлэгдэхээр тус тус зохицуулагдсан.

Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар тухайн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдсан ажилтнуудын арга хэмжээнд үнэлэгдсэн байдлыг харгалзан 60-аас дээш оноо авсан бол “Тэнцсэн”, 60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргахаар зохицуулсан. Мөн “Тэнцсэн” дүгнэлт гарсан ажилтныг “Цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах”, “Тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар журамласан.

Гүйцэтгэх захирлын баталсан дээрх журмын 2.1-д тус банкны ажилтны түвшин тогтоох ажиллагааг Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан комисс зохион байгуулахаар заасан тул Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг”, “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны Мэдлэг, ур чадварын болон Оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталж, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Түвшин тогтоох ажиллагааны тов /2016 оны 11 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд/, болон арга хэмжээний судлах материал нь тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, мөрдөх хууль тогтоомжийн хүрээнд хамрагдахыг зааж өгсөн. Мөн өдрийн комиссын 02/02 дугаар шийдвэрээр тухайн арга хэмжээний нэг хэлбэр болох Харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээний хуудасны загвар, үнэлэх аргачлал зэргийг баталж, батлагдсан үнэлгээний хуудас, аргачлалын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд үнэлгээг хийж комисст ирүүлэхээр зохицуулсан.

Дээрх байдлаар Гүйцэтгэх захирал болон Түвшин тогтоох ажиллагааны комисс нь олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүрэм, журам боловсруулан баталж ажилтнуудад мэдэгдэж ажилласан.

Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан “надад урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан “ гэх тухайд:

Түвшинг тогтоох ажиллагааны талаар Гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 дугаар тушаал болон Комиссын 2016 оны 11 дүгээр сарын 01, 02, 02/02, 03 дугаар шийдвэрүүдийг ажилтнуудад тухай бүр нь мэдэгдэж Түвшин тогтоох ажиллагааны хүрээ нь тухайн ажилтны Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байхыг зааж Түвшин тогтоох арга хэмжээнд оролцохыг урьдчилан мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл болох 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтсийн ажилтны жагсаалтын 7 дугаарт нэхэмжлэгч Н.Б танилцаж гарын үсэг зурсан байдаг.

Тухайн арга хэмжээг ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актуудыг тодорхой заасан бөгөөд банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг. Тухайлбал Н.Бат-Эрдэнийн Мэдлэг, ур чадварыг шалгасан Сорилгын нийт 30 асуудлын 100 хувь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарагдах буюу Харуул хамгаалалтын албаны стандарт, дүрэм, банкны дотоод үйл ажиллагаа, хамгаалалтын нэг бүрийн тусгай хэрэгсэл, болон ажлын байрны чиг үүрэгт хамаарагдах харуул хамгаалалтын албаны бүтэц зохион байгуулалт, банкны удирдлагын тогтолцоо зэргийг тусгасан байдаг.

Мөн оролцоо чанарын үнэлгээний асуулт нь “Төрийн банкны байранд нэвтрэгсдийн ангилал, тэдгээрт хяналт тавих харуул хамгаалалтын онцлог, банкны ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын бус багаар банкинд нэвтрэх талаарх дүрэм, журам, халдлагын болон сэжигтэй байдлын үед банкийг хэрхэн хамгаалах болон аюулгүй байдлыг авч хэрэгжүүлэх стандарт, мөнгөний зузаатгалын үеийн эрсдэлүүдийг хэрхэн тооцох, тусгай хэрэгсэл ашиглах стандарт болон ажлын байрны тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэж буй ажил үүрэг” зэргийг багтаасан асуулт хариултыг харилцан ярилцаж үнэлсэн байдаг.

Түвшин тогтоох ажиллагааны гол зорилго нь дан ганц мэдлэгийн үзүүлэлтээр сорилго авч дүгнэх бус тухайн ажилтныг олон талаас нь бодитойгоор дүгнэх үүднээс 3 үе шаттайгаар зохион байгуулсан болно.

Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан “мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй учраас үнэлгээтэй танилцах хүсэлтийг түвшин тогтоох комисст удаа дараа тавьсан боловч танилцуулаагүй “ гэх тухайд: Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03 -ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана.” гэж заасны дагуу Н.Бат-Эрдэнийн өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаж байгаагүй болно.

Нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлд дурдсан “ажлаас халсан, чөлөөлсөн тушаалгүйгээр ажил хүлээн авсан, ажил хүлээн авснаас хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй “ гэх тухайд:

Н.Бд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Н.Б гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан 2006 оны 33 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолын 15 дахь хэсэгт ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч ажилтанд олгоно гэж заасны дагуу ажил олгогч ажил хүлээлцүүлсэн хэдий ч ажилд ирэх, явах цагийн бүртгэл хийхгүйгээр 2017 оны 12 дугаар сард ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зүйн байдлыг дордуулаагүй юм.

Банк дээрх байдлаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно.

Нэхэмжлэгч Н.Б нь Харьяалах газрын захирлын үнэлгээ-21.00 Мэдлэг ур чадвар сорилго-12,00, Оролцоо, чанарын үнэлгээ 14.40 нийт 47,40 хувиар шалгагдаж “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 3.4.2-т зааснаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар шийдвэр, 1329380373 тоот дүгнэлт гарч Төрийн банкны Хүний нөөцийн газарт хүргүүлсэн. Хүний нөөцийн газар тухайн шийдвэр, дүгнэлтийг Удирдлагын хороогоор хэлэлцүүлж тус хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34 тоот хурлаас Хүний нөөцийн хороогоор хэлэлцүүлэх тухай чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлж 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарсан.

Иймээс дээрх шийдвэрүүд, дүгнэлтийг үндэслэн тус банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1764 дугаар тушаалаар Н.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл гардуулж, гарын үсэг зуруулж мэдэгдсэний дараа Ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцалсан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан.

Иймд Н.Бат-Эрдэнийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Н.Б нь Т ХХК-д холбогдуулан “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Н.Б нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/418 дугаар тушаалаар Төрийн банкны аж ахуй, материал хангамжийн хэлтэст мөнгөний хамгаалагчаар, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний Б/1811 тоот тушаалаар Төрийн банкны Аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын мэргэжилтнээр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТУЗ-ийн 19 тогтоолоор Төрийн банкны Хамгаалалт аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын мэргэжилтнээр томилогдон ажиллаж, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Н.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь  зохигчдын тайлбар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн 354 дугаар гэрээ”, ажлын байрны тодорхойлолт, Н.Бат-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1764 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ажил хүлээлцсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-8, 9-10, 11-12, 13-15, 17 дугаар тал/

 

Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийг Худалдан авалт, аюулгүй байдлын газрын Хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/1764 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, “Төрийн банкны дүрэм”-ийн 9.2.13, 9.2.20 дахь заалт, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэжээ.

 

            Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “...Төрийн банкны ажилтны “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр “Мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” нь тогтоогдсон тул Худалдан авалт, аюулгүй байдлын газрын Хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн Аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Бтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсүгэй” гэж Н.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1764 дугаар тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 17 дугар тал/

 

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шалгалт авах тухай Н.Бд урьдчилан мэдэгдээгүй, шалгалт хамрах хүрээ, үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлтийг танилцуулаагүй, зохих бэлтгэлийг хангуулах нөхцөл боломжоор хангаагүй болно.

...хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд огт хамааралгүй асуудлаар шалгалт авсан. ...шалгалт нь Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг, ажлын байрны тодорхойлолтоор хүлээн эрх, үүрэгт холбогдолгүй, гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд огт хамааралгүй байсан.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын үнэлгээ болон “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтийг надад танилцуулаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлыг хүлээж авсан.

Миний ажлыг ямар нэгэн ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан бөгөөд ажил хүлээж авснаас хойш ажил, үүрэг гүйцэтгүүлээгүй.

“Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт”-ын хамрах хүрээ, тодорхойгүй, үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлт байхгүй, ажлыг хийж гүйцэтгэсэн болон одоо хийж гүйцэтгэж байгаа, цаашид хийж гүйцэтгэх үйл ажиллагааг огт шалгаагүй.

мэргэжил, ур чадварын түвшинг тогтоогоогүй атлаа “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ын дүгнэлтээр “Мэргэжил, ур чадварын хувьд хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага татгалзаж буй үндэслэлээ “...Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтнуудын Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг явуулахаар тушаал гарсан. Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”, 2 дугаар хавсралтаар “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг, 3 дугаар хавсралтаар “Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүн”-ийг тус тус баталсан.

Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т зааснаар ...60 хүртэлх оноо авсан бол “Тэнцээгүй” гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргахаар зохицуулсан. Мөн... “Тэнцээгүй” гэсэн дүгнэлт гарсан ажилтны “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” зэрэг үр дүн үзүүлэх байдлаар журамласан.

Түвшин тогтоох ажиллагааны талаар Гүйцэтгэх захирлын 2016 оны А/352 дугаар тушаал болон Комиссын 2016 оны 11 дүгээр сарын 01, 02, 02/02, 03 дугаар шийдвэрүүдийг ажилтнуудад тухай бүр нь мэдэгдэж, ... мэдэгдэл болох 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтсийн ажилтны жагсаалтын 7 дугаарт нэхэмжлэгч Н.Б танилцаж гарын үсэг зурсан байдаг.

Тухайн арга хэмжээг ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөж ажиллах эрх зүйн актуудыг тодорхой заасан бөгөөд банкинд мөрдөгдөж буй хууль тогтоомж, холбогдох журам зааврын хүрээнд ажилтан мэдвэл зохих энгийн асуултуудаар сорилгын даалгавар боловсруулагдсан байдаг.

оролцоо чанарын үнэлгээний асуулт нь “Төрийн банкны байранд нэвтрэгсдийн ангилал, тэдгээрт хяналт тавих харуул хамгаалалтын онцлог, банкны ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын бус багаар банкинд нэвтрэх талаарх дүрэм, журам, халдлагын болон сэжигтэй байдлын үед банкийг хэрхэн хамгаалах болон аюулгүй байдлыг авч хэрэгжүүлэх стандарт, мөнгөний зузаатгалын үеийн эрсдэлүүдийг хэрхэн тооцох, тусгай хэрэгсэл ашиглах стандарт болон ажлын байрны тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэж буй ажил үүрэг” зэргийг багтаасан асуулт хариултыг харилцан ярилцаж үнэлсэн байдаг.

Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03 -ны өдрийн А/352 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “ажилтан өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээтэй танилцсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гомдлоо комисст гаргана.” гэж заасны дагуу Н.Бат-Эрдэнийн өөрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тухай комисст хандан өргөдөл гаргаж байгаагүй болно.

Н.Бд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1 сарын дараа ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдэж, банкны үйл ажиллагааны онцлог, аюулгүй байдлыг хангах бодитой хэрэгцээ шаардлагын улмаас ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх актад Н.Б гарын үсэг зурж, ажлаа хүлээлцсэн байдаг.

...ажил олгогч ажил хүлээлцүүлсэн хэдий ч ажилд ирэх, явах цагийн бүртгэл хийхгүйгээр 2017 оны 12 дугаар сард ажилтанд урьд авч байсан цалин хөлсийг олгосон.

Банк дээрх байдлаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, хэрэгжүүлж ажилласан болно.

Гүйцэтгэх захирлын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар комиссын дүгнэлтийг үндэслэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэл гардуулж, гарын үсэг зуруулж мэдэгдсэний дараа Ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн гэрээ цуцалсан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан...” гэж маргажээ.

 

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/1765 дугаар тушаалыг нэхэмжлэгч хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасантай нийцжээ.

 

Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу “Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг 1 дүгээр хавсралтаар, “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ыг 2 дугаар хавсралтаар, Хөндлөнгийн шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус баталжээ. /хх-ийн 47-51 дүгээр тал/ 

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг шалган тогтоох ажлыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь уг тушаал болсон байна. Уг арга хэмжээний хүрээнд шалгалтын ажлыг мэргэжлийн болон зохион байгуулалтын удирдлагаар хангах чиг үүрэг бүхий үндсэн хоёр багийг томилсноос шалгалтын комисс нь шалгалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, нэгтгэх, үнэлгээнд суурилан дүгнэлт гаргах чиг үүрэг хүлээсэн бол хөндлөнгийн шинжээчдийн баг нь шалгалтын асуулга, даалгаврыг боловсруулж, нууцлалыг ханган шалгалтын комисст шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Төрийн банкны гүйцэтгэх захирлын А/352 тоот тушаалаар баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 1.2-т заасны дагуу түвшин тогтоох ажиллагааг үндсэндээ харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, мэдлэг, ур чадварын үнэлгээ, оролцоо чанарын үнэлгээ гэсэн 3 төрлийн шалгалтаар авахаар заажээ. /хх-ийн 48 дугаар тал/

 

Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын А/358 дугаар тушаалаар Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагаанд хамрагдах ажилтны нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд уг нэрсийн жагсаалттай Н.Б танилцаж гарын үсэг зурсан байна. /хх-ийн 52-53, 62 дугаар тал/

Түүнчлэн ажилтнуудад шалгалтын талаар танилцуулж, 2016 оны 11 дүгээр сарын 10-наас 145-ны өдрүүдэд зохион байгуулах тухай Шалгалтын комиссын 02 тоот шийдвэр 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан байна. Иймд шалгалтын талаар гэнэт мэдэгдэж бэлтгэх боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Нөгөөтэйгүүр, ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажилтны ажлын байранд гүйцэтгэх үндсэн чиг үүргийн дагуу мэдвэл зохих хууль тогтоомж, журмын хүрээнд тогтоох тул шалгалтын арга хэмжээг дээрх хугацаанд зохион байгуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын даргаас банкны газар, хэлтсийн захирлуудад шалгалтанд хамрагдах ажилтнуудын нэрсийг нэг бүрчлэн танилцах боломжоор хангах, түвшин тогтоох ажиллагаа ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн актын хүрээнд явагдахыг тайлбарлах үүрэг өгөгдөж байсан нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр албан бичгээс харагдаж байна. /хх-ийн 71 дүгээр тал/

 

Журмын дагуу ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ, Мэдлэг ур чадвар /сорилго, даалгаврын гүйцэтгэл, үзүүлэх сургууль гэх мэт/-ийн үнэлгээ, Оролцоо, чанарын үнэлгээ гэсэн 3 арга хэмжээний үнэлгээгээр дүгнэх, нийт 60-аас дээш оноо авсан бол Тэнцсэн, 60 хүртэлх оноо авсан бол Тэнцээгүй гэсэн дүгнэлтийг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гаргах, Тэнцсэн дүгнэлт гарсан ажилтныг цалингийн шатлалыг ахиулан тогтоох, сургалтанд хамруулах, шилжүүлэн ажиллуулах, Тэнцээгүй гэсэн дүгнэлт гарсан ажилтны Хөдөлмөрийн гэрээ цуцлах зэрэг үр дүн үзүүлэх байдлаар зохицуулжээ. /хх-ийн 48-50 дугаар тал/

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.2-т “комисс нь мэдлэг ур чадварын үнэлгээг шинжээчийн багийн оролцоотой зохион байгуулна”, 3.3.3-т “комиссын даргын томилсон комиссын төлөөлөгч оролцоо, чанарын үнэлгээг гүйцэтгэнэ”, 3.4.4-т “комиссын дүгнэлт нь ажилтны цалин хөлсийг оновчтой тогтоох, сургалтанд хамруулах /мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх/, ажлын байранд шилжүүлэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах зэрэг цаашид авах арга хэмжээний үндэслэл болно” тус тус гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь дээрх холбогдох журмын дагуу Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын зохион байгуулсан түвшин тогтоох шалгалтанд оролцсон бөгөөд тэрээр Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам-ын 1.2.1, 1.2.2, 1.2.3-д заасны дагуу шалгалтуудыг өгч харьяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээгээр 21.00 оноо, мэдлэг, ур чадварын үнэлгээгээр 12.00 оноо, оролцоо, чанарын үнэлгээгээр 14.40 оноо гэсэн үнэлгээг, нийлбэр дүнгээр 47.40 онооны үнэлгээг авсан болох нь Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, түүний хавсралт болох 1329380373 дугаартай комиссын дүгнэлт, 9 үзүүлэлт бүхий Аюулгүй байдлын газар, хэлтсийн ажилтныг үнэлэх үнэлгээний хуудас, 30 асуулт бүхий сорилгын шалгалтын баримт, хариултын хамт, нийт 10 асуулт бүхий ажилтны оролцоо чанарын үнэлгээ хийсэн тухай баримтууд зэргээр нотлогдсон байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 3.4.2-т заасан шалгуурт хүрээгүй буюу 60 хувийн үнэлгээг авч чадаагүй байна. /хх-ийн 63-64, 65, 66-67, 68-670, 114-115 дугаар тал/

Ажлын байранд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн чанар, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн сахилга, ачаалал даах чадвар, ажил хэрэгч идэвх санаачилга, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тусгай чадвар зэрэг үзүүлэлтүүдээр нэхэмжлэгчийг харъяалах хэлтсийн захирал нь 27 оноо, газрын захирал нь 36 оноо өгч дүгнэн, нийт 30 оноо авахаас 21.00 оноо авсан байх бөгөөд энэ үнэлгээг гаргахад ажилтны хувийн хэрэг, дотоод ажлын үр дүнг суурь мэдээлэл болгохыг зөвлөмжилсөн байдал үнэлгээний хуудсанд тэмдэглэснээс харагдаж байна.

Хэрэгт авагдсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2 тоот шийдвэр авагдсан байна. Тус шийдвэрийн хавсралтаар ажилтнуудад үнэлгээ өгөх хуудасны загварыг баталжээ /хх-ийн 127-129 дүгээр тал/. Тус батлагдсан загварт ч мөн нэгэн адил хүснэгтийн зүүн дээд буланд “2016.11.01” гэх бичвэр байх тул нэхэмжлэгч Н.Бд өгсөн үнэлгээний хуудас /хх-ийн 66-67 дугаар тал/-ны зүүн дээд талд буй “2016.11.01” гэсэн бичвэрийг үнэлгээ өгсөн огноог илэрхийлсэн утгатай гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам 2016 оны 11 дүгээр сарын 03-нд, үнэлгээний хуудасны загвар 2016 оны 11 дүгээр сарын 05-нд тус тус батлагдахаас өмнөх хугацаагаар буруу бичигдсэнээр Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 1.2.1-д заасан харъяалах газар, хэлтсийн захирлын үнэлгээ өгч дүгнэх үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 01-нд явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Ажилтны мэргэжил, ур чадварын түвшин болон оролцоо, чанарыг хэрхэн яаж үнэлэх тухай тусгай журмыг Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа баталсан байна. Энэ журмын 4.1-4.3-т зааснаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшинг ажлын байрны онцлог, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан шинжээчийн багийн гишүүний урьдчилан боловсруулсан сорилгын хэлбэрээр авч дүгнэжээ. Сорилго 30 асуулттай, хариултыг өгөгдсөн хувилбаруудаас сонгох байдлаар хийгдсэн байна.

Нэхэмжлэгчийн ажлын байрны зорилго нь хэлтсийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн ажлууд болон учирч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангаж ажиллах, аюулгүй байдлыг хангах зорилготой харуул хамгаалалтын байгууллагын гэрээний хэрэгжилтэд өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлэх, банкны хэмжээнд аюулгүй байдалтай холбоотой журам, зааврыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих асуудал байна.

Сорилго нь нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэгт хамаарах асуудлыг хамарсан байх бөгөөд ажилтны ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх ажлын чиг үүргээс гадуур зүйл биш байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч “Төрийн банк ХХК нь ажилтан Н.Бат-Эрдэнийн мэргэжил, ур чадвар түвшин тогтоох шалгалтыг авахдаа түүний ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, огт хамааралгүй шалгуураар шалгалт авсан, мэргэжил, ур чадварын хувьд бүрэн гүйцэд үнэлээгүй, ажилтны эрх ашгийг хохироосон зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд шалгалт аван ажилтны мэргэжил ур чадварын түвшинг тогтоосныг буруутгах боломжгүй юм

Энэ шалгуураар 30 оноо авах ёстойгоос нэхэмжлэгч 12.00 оноо авсан байна. Үнэлгээг танилцуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 68-70 дугаар тал/

Нөгөөтэйгүүр Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/352 тоот тушаалаар томилогдсон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын бүрэлдэхүүнээс Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 3.3.3-т заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр түвшин тогтоох комиссын дарга Д.Ганбаатар тус банкны Аюулгүй байдлын газрын ажилтнуудын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны оролцоо чанарын үнэлгээг гүйцэтгэх комиссын төлөөллөөр Б.Дэлгэрбаяр, Д.Ганбатаар нарыг томилж, баталсан тухай баримт хэрэгт авагдсан ба дээрх комиссын төлөөлөл ажилтан Н.Бэс Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журмын 1.2.3-т заасан оролцоо, чанарын үнэлгээг тогтоох шалгалтыг авч үнэлгээний хуудсанд гарын үсгээ зурсан болох нь үнэлгээний хуудаснуудаар нотлогдсон гэж үзэхээр байна. /хх-ийн 113 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл уг шалгалтыг комиссын төлөөлөл болох Б.Дэлгэрбаяр, Д.Ганбаатар нар аваагүй, үнэлгээний 2 хуудсанд зурагдсан гарын үсэг тэднийх биш болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч энэ арга хэмжээг явуулахдаа ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна, ингэхдээ ажлын байр, харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзах, ярилцлага, бодлого, даалгаврын байдлаар явуулахаар журмын 6 дугаар зүйлд заажээ. Энд 2 гишүүн та таван асуултаар, тухайлбал, Төрийн банкны байранд нэвтрэгсдийг хэдэн төрлөөр ангилах болон аюулгүй байдлын эрсдэл, ажлын бус хувийн зорилгоор банкны ажилтантай уулзах аюулгүй байдлын үүднээс анхаарах зүйл, ажилтнуудын ажлын өдрийн цаг хэдэн цаг хүртэл үргэлжлэх, ажлын бус цагаар ажлын байранд нэвтрэх эрх бүхий албан тушаалтан, эзэнгүй албан тасалгаанд байгаа болон банкны байранд сэлгүүцэж байгаа гадны зочинтой таарсан үед, халдлага гарах үед халдагчийн онцгой байдлыг нүүлгэхэд анхаарах зүйлс, сэжигтэй байдал илэрч, халдлага гарсан байж болзошгүй нөхцөлд , дохиол дугарсан тухай мэдээлэл хүлээн авсан итгэмжлэгдсэн ажилтны хийх ажиллагаа, мөнгөний зузаатгалын үеийн эрсдэлүүд, ангилал, түүний шинжийг нэрлэж байгаа байдал, тусгай хэрэгслийг ашиглах журам гэсэн асуултуудаар нэхэмжлэгчтэй ярилцлага хийж үнэлэхэд нэхэмжлэгч 40 оноо авах ёстойгоос 14,40 оноо авсан байна. Ажилтны оролцоо, чанарын үнэлгээг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан дээрх үзүүлэлтүүдээр үнэлснийг буруутгах боломжгүй, үзүүлэлтүүд нь ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, тавигдах шалгууртай холбоотой үзүүлэлтүүд байна.

 

Түүнчлэн Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журамд ажилтны оролцоо, чанарыг үнэлгээг гаргахдаа үнэлгээний хуудсаар 10 асуултаар шалгах тухай заагаагүй бөгөөд шалгалтын комиссын 01 тоот шийдвэрээр баталсан Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадвар түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журмын 6.1-д “Оролцоо чанарын арга хэмжээг тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар зэрэг хүрээг багтаасан үнэлж дүгнэхүйц арга, хэлбэрээр явуулна”, 6.2-т “Оролцоо чанарын арга хэмжээг ажлын байр, ажилтны харъяалагдах нэгжийн онцлогийг харгалзан дүгнэнэ...”, 6.3-т “Оролцоо чанарын арга хэмжээ нь ярилцлага, бодлого, даалгавар зэргийг багтаасан байдлаар явагдана”, 7.1-д “Ажилтнаар тодорхой сэдвийн хүрээнд даалгавар өгч, гүйцэтгүүлэх хэлбэрийг түүний мэргэжил, ур чадварын түвшинг тогтооход ашиглаж болно. Сорилгын хувилбар болон оролцоо чанарын арга хэмжээний даалгавар нь байгууллагын нууцад хамаарна” гэж тус тус заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

            Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, дүгнэлт, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 74/01, 74/02 тоот шийдвэрүүд гарч, ажилтан Н.Бат-Эрдэнийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-нд өгч, мөн өдрөө түүний ажлыг Ажил хүлээлцэх тэмдэглэл, Н.Бат-Эрдэнийн хөрөнгө хүлээлцсэн актаар хүлээж аван, Н.Бат-Эрдэнийг 2016 оны 12 дугаар сарын 19-нд гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тухай Б/1765 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд ажиллуулаагүй байх боловч энэ хугацааны цалинг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ажил олгогчоос олгосон талаар зохигчид маргаагүй байна.

 

Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын хуралдааны дэг, ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээнд мөрдөх журмыг 01 дүгээр шийдвэрийн хавсралтаар баталж, мөн комиссын 2016 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн хуралдаанаар ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо, чанарын арга хэмжээний тов, тухайн арга хэмжээнд ажилтны мэдвэл зохих зүйл хүрээ нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу холбогдох хууль тогтоомж хүрээнд хамаарагдахыг заасан 02 дугаар шийдвэр, Түвшин тогтоох ажиллагааны нэг хэлбэр болох Харьяалах хэлтэс, газрын захирлын үнэлгээг хийх хүснэгтийн маягт, загвар, аргачлалыг баталсан 02/02 дугаар шийдвэрийг тус тус гаргаж ажилтнуудад мэдээлсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч байгууллага нь ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үйл ажиллагааг зохион байгуулж явуулахдаа Төрийн банкны ажилтны мэргэжил ур чадварын түвшин тогтоох журам, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадвар түвшин тогтоох ажиллагааны мэдлэг, ур чадварын болон оролцоо чанарын арга хэмжээнд мөрдөх журам зэргийг зөрчсөн, ажилтны эрх ашгийг хохироосон гэх үндэслэл тогтоогдоогүй, Төрийн банкны ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэр, түүний хавсралт болох 1329380373 дугаартай комиссын дүгнэлтийг үндэслэн Н.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн Төрийн банкны гүйцэтгэх захирлын Б/1764 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгмөгц ажлыг хүлээн авсан боловч ажлаас чөлөөлөгдөхөө 1 сарын өмнө мэдсэн байх ёстой нэхэмжлэгчийн эрхийг хангаж, мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, уг хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч Т ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 4,685,472 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 4,685,472 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” хариуцагч Т ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС