Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 27-3 тоот хашааны гадаа иргэн *******ыг “Баянхонгорын гуйлгачин Өвөрхангайд очоод том болжээ” гэх зэргээр хэл амаар доромжилсны улмаас иргэн *******ын толгой, цээж, гар хэсэг рүү гараараа цохисны улмаас биед зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 80-81 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 11 дүгээр сарын 28-ны орой найз Ц.*******тай уулзаад ээжийнд нь хамт очоод тэндээс гараад Баянхонгор аймаг Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг Дунд захын “Буянт богд” гэх нэртэй караоке ороод 2 литрийн “Сэрүүн” гэх нэртэй нэг том пиво хувааж уугаад дуулж байгаад 01 цагийн үед гараад хамт алхаад Эрдэнэмандал 3 дугаар сургуулийн тэндээс гэр, гэр рүүгээ салаад явсан утасныхаа батарейгаа өгчих нэг хүүхэнтэй ярьчхаад өгье гээд байхаар нь би өгөөгүй тэгээд би гэр рүүгээ явсан. Тэгээд би 02 цаг өнгөрөөгөөд гэртээ очоод дээгүүр өмсөж явсан хувцсаа тайлаад орондоо ороод хэвтэх гээд байж байсан чинь гаднаас , эхнэртэйгээ хамт манай гэрт ороод ирэхээр нь чи одоо манайд орж ирэх хэрэггүй шууд яв зайл гэж хэлсэн яасан их хөөж туудаг юм гаръя гэхээр нь би хамт гараад хашааны гадаа гарсан чинь миний нүд рүү, толгой руу, цээж рүү гар руу хоёр гараараа цохиж аваад зодсон. Би урдаас нь ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй шууд зодуулсан тухай үед эхнэр нь хамт байсан гадаа харанхуй юм үзэгдэхгүй байсан хэсэг зодож байгаад Ц.******* машинаа унаад хөдлөөд явах гэхээр нь би машины урдуур нь ороод зогсоосон машины хамар дээр нь тээгээд хэвтсэн чинь машинаа зогсоосон тэгээд цагдаа дуудсан. Миний толгой өвдөж байна нүд хөхөрсөн, тагларсан юм харахгүй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Зодуулсандаа гомдолтой байна..гэх мэдүүлэг / хх-ийн 09-10 /,

....Одоо миний бие өвдөж байгаа зүйл байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтээгүй гэрээрээ эм тариа дусал авч хийсэн эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: : Бид хоёр 11 сарын сүүлээр уулзаж гадуур явж байгаад аажуу болоод хоёр тийшээ амрахаар явсан. Тэгээд амрах гээд байж байтал ******* эхнэр хүүхэдтэйгээ араас ирсэн. Хашааны гадаа гарж байгаад намайг шууд зодсон. Цагдаа ирээд авч явсан. Эмнэлгээр яваад эм тариа хэрэглэсэн. Цаашид шүд, тархи толгойгоо үзүүлэх шаардлагатай байгаа. Эм тариагаа хэрэглээд явж байгаа. Нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би ийн жаргалын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 69,949 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 16/

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Манай нөхөр 20 цагийн үед найз гэх хүнтэй караоке руу явсан. Тэгээд гэртээ шөнө алхаад ороод ирсэн тэгээд намайг манай найз гэртээ очсон болов уу хоёулаа гэрт нь хүргээд өгье гээд байхаар нь хоёр жаахан хүүхдээ унтуулчхаад явах гэсэн чинь манай нөхөр эхнэр рүү нь залгаад “ очсон уу” гэж асуусан чинь ирээгүй байна гэхээр нь бид хоёр яваад гэрт нь очсон чинь нь гэртээ орж ирсэн байсан. Тэгээд нь та муу хоёр яах гэж ирсэн юм манайхаас зайл гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би нөхрөө явъя гээд гарсан чинь араас гарч ирээд манай нөхрийг Баянхонгорын гуйлгачин Өвөрхангайд очоод том болжээ гээд байсан. Тэгээд хашаанаас гараад манай нөхрийг заамдаж аваад байсан тэгээд би дундуур нь ороод салгах гэсэн чинь чи зайл гээд намайг түлхсэн. Тэгээд гэр рүү нь очоод эхнэрт нь нөгөө хоёр чинь зодоон хийх гээд байна гэж хэлчхээд эргээд тэр хоёр дээр очсон чинь манай нөхөр нүд рүү нь хоёр цохиод авсан байсан. Тэгээд би нөхрийгөө машинд суулгаад явах гэсэн чинь нь машины хамар дээр тээж хэвтчихээд явуулахгүй байсан тэгээд цагдаагаа дууд энэ хүн чинь үхлээ ш дээ гэж хэлсэн. Тэр хоёр заамдалцаад авахаар нь би гэр рүү нь гүйгээд эхнэрт нь хэлчхээд эргээд ирсэн чинь манай нөхөр цохиод авсан байсан. нь манай нөхрийг цохиж авсан уу, аваагүй юу гэдгийг мэдэхгүй. Манай нөхөр нүд рүү нь хоёр цохиж авсан гэсэн би салгах гээд дийлээгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,

7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Өглөө босоод байж байсан чинь ******* залгаад сүхээ өгөөч мод хагалчхаад өгье гэсэн ирээд манай нөхрийг аваад явсан. Тэгээд орой 22 цагийн үед нөхөр рүүгээ залгасан чинь ******* бид хоёр караокед байна гэсэн. Тэгээд би хүүхдүүдтэйгээ унтаад өгсөн шөнө 02 цаг өнгөрөөгөөд манай нөхөр согтуу гэртээ орж ирсэн унтах гээд байж байсан чинь араас ******* эхнэртэйгээ хамт манай гэрт орж ирээд “чи чинь яав тэр чигээрээ алга болчих юм пизда минь гэсэн” тэгээд “би шөнө болж байна унтаа гэсэн чинь танай нөхөртэй ярих зүйл байна” гээд хамт гэрээс гарсан. Тэгээд байж байсан чинь гадаа пижигнэлдээд байхаар нь гарсан чинь манай нөхөр машины хамар дээр тээгээд хэвтсэн байсан. Тэгээд хөөе юу болж байна яасан гээд наад хүн чинь подволктой байна шүү дээ гээд гэртээ орж ирээд хувцсыг нь аваад гарсан чинь тэд нар яваад өгсөн байсан. Тэгээд эргээд гэртээ орж ирээд унтсан чинь шөнө нь манай нөхөр цагдаа дээр байж байгаад ирлээ гээд нүд нь хөхөрсөн ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн:....1. *******ын биед зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, шүүгдэгч Ц.*******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******тай  согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж  2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 27-3 тоот хашааны гадаа иргэн ******* нь шүүгдэгч Ц.*******ыг “Баянхонгорын гуйлгачин Өвөрхангайд очоод том болжээ” гэх зэргээр хэл амаар доромжилсны улмаас иргэн *******ыг толгой, цээж, гар хэсэг рүү гараараа цохиж түүний биед зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 22 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч болон хохирогч нар нь согтууруулах ундаа хамтдаа хэрэглэж улмаар хохирогч шүүгдэгчийг хэл амаар доромжилж, үүний улмаас шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 200.000 төгрөг эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт байхгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын 69.949 төгрөгийн зардал гаргаж хохирогч *******ын эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******аас 69.949 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  нөхөн төлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нь 200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ