| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2022/0031/З |
| Дугаар | 123/ШШ2022/0029 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 123/ШШ2022/0029
2022 10 12 123/ШШ2022/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК /РД:.../,
Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга нарын хоорондын Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээр дэх Б ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээр дэх Б ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын 2008 оны 3 сарын 06-ны өдрийн 119 дугаартай захирамжаар аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг болох Борнуур сумын Ар гууль орчмын газарт, нэгж талбарын 18581375585050 дугаар бүхий 5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж эхэлсэн.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй, газраа сүүлийн 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Б ХХК-ийн нэгж талбарын 18581375585050 дугаар бүхий 5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Төв аймгийн Газрын албанд 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 02/123 дугаар албан бичгээр газрын төлбөрөө жил бүр төлсөн, 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэхгүй байгаагаас газрын төлбөр төлөх боломжгүй байна, газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэж өгнө үү гэх хүсэлт гаргасан, Борнуур сумын Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/123 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 сарын 18-ны өдрийн А/215 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хүчингүй болгосон тул кадастрын мэдээлллийн санд бүртгэх боломжгүй учраас төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдэхгүй гэсэн хариу хүргүүлсэн. Уг албан бичгийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлин шаардлагын үндэслэлдээ:
1/ 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан төлбөрийг, гэрээнд заасан дансанд 2008-2019 онуудад төлсөн. 2020 оны нэхэмжлэлийг Төв аймгийн газрын албанаас үүсгэсэний дагуу газрын төлбөрийг төлсөн. 2021 оны төлбөрийг нэхэмжлэл үүсгээгүй тул албан бичгийг Төв аймгийн газрын албанд хүргүүлсэн. Манай компани нь газрын төлбөрийг жил бүр бүрэн төлсөн байхад "газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх" үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг зөрчөөгүй.
2/ Манай компани өөрийн эзэмшлийн газар дээр 2009 оноос 2019 он хүртэлх хугацаанд Монгол гэр, майхан барьж шувуу, шавьж сонирхогчид болон компаний ажилчид, тэдгээрийн гэр бүлийг амрааж тухайн газрыг аялал жуучлалын зориулалтаар эзэмшиж байсан, 2020, 2021 онд ковид-19 цар тахлаас болж дээрх үйл ажиллагаа зогссон. Байгаль орчинд ээлтэй, Ар гууль уулын өвөрмөц онцлогод тулгуурласан тодорхой сонирхол бүхий хүмүүсийн танин мэдэхүйн хэрэгцээнд тулгуурласан, аялагчдаа монгол гэр, майхан ашиглан амраадаг үйл ажиллагааг маань аялал жуучлалын үйл ажиллагаа гэж үзнэ. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчөөгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Б ХХК нь Төв аймгийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоот захирамжаар Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт "Ар гууль" гэдэг газар аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар эзэмшиж байгаа. Газрын төлбөрийг жил бүр төлсөн. Харин 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэх үүсээгүйгээс төлбөр төлөгдөх боломжгүй болоод манай компани нь 2021 оны газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэн өгөх хүсэлтийг Төв аймгийн газрын албанд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02/123 тоот албан бичгээр хүргүүлсэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн шууданг бид 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Шуудангаар Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/123 тоот албан бичгийг хуулбар хувь, мөн Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 тоот захирамж, захирамжийн хавсралтын хуулбарыг хүргүүлсэн байна. Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/123 тоот албан бичигт: Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 тоот захирамжаар 10 аж ахуйн нэгж байгууллага, иргэний 65,03 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул эдгээр иргэн аж ахуй нэгж байгууллагын газрын мэдээлэл газрын кадастрын мэдээлэлийн санд бүртгэгдэх боломжгүй байна. Уг захирамжийн хавсралтын 9-рт Б ХХК бичигдсэн бөгөөд танай компаний Борнуур суман дахь 5 га газрын эзэмших эрх хүчингүй болсон байх тул газрын кадастрын мэдээлэлийн санд бүртгэгдэх боломжгүй учраас газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдэхгүй болохыг мэдэгдэж байна. гэсэн. Манай компанид 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар ирүүлсэн энэхүү албан бичгээр л бид 2015 онд аймгийн Засаг даргын А/215 тоот захирамжаар манай эзэмшиж байсан 5 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосоныг мэдсэн. Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 тоот захирамжаар манай компаний эзэмшиж буй газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай манай компанид мэдэгдээгүй, түүнчлэн 2008 оноос 2019 он хүртэлх хугацаанд төлбөрийг хүлээн авч байсан, мөн 2020 онд төлбөрийн нэхэмжлэл үүсгэж газрын төлбөр төлүүлж байсан тул бид 5 га газрыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа гэж үзэж байсан. Маргаан бүхий акт Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Манай компанийн зүгээс дээрх захирамжийн үндэслэлийг доор дурдсан зүйлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:
1. 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн газрын албатай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.4-д заасан төлбөрийг мөн гэрээний 2.5-д заасан дансанд 2008 оноос 2019 оныг хүртлэх хугацаанд төлсөн. /төлбөр төлсөн баримтыг хавсаргав/ Харин 2020 оны нэхэмжлэлийг Төв аймгийн газрын албанаас үүсгэсэний дагуу газрын төлбөрийг төлсөн. /баримтыг хавсаргав/ 2021 оны төлбөрийг нэхэмжлэл үүсгэхгүй байсан тул манай компани дээр дурдсан албан бичгийг Төв аймгийн газрын албанд хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь хэсэгт заасан Газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосоныг хүлээн зөвшөөрөхгүй.
2. Б ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчөөгүй. Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Ар гууль гэдэг газарт оршдог. Ар гууль уул нь Хэнтий нурууны баруун урд салбар уулсын нэг бөгөөд Монгол Улсын улаан номд орсон ховор, ховордож болзошгүй зүйлийн хөхтөн амьтан, шавж, ургамал байдаг нэн содон эко систем юм. Манай компани шувуу ажиглах, шавж харах, ургамал харах зэрэг дагнасан, хэт хязгаарлагдмал хүрээний аялал жуучлалын үйл ажиллагаанд зориулж тухайн газрыг 2009 оноос хойш ашиглаж ирсэн. Тухайлбал: Махаон дэвүүр эрвээхий (Papilio machaon Linnaeus), Бэр цэцэгч шумбуур (Hemaris tityus Linnaeus), Модестус ухэр хэдгэнэ (Bombus modestus Eversmann) Спорадикус ухэр хэдгэнэ (Bombus sporadicus Nylander) зэрэг ховор шувуу, шавьж ажиглахаар шавьж шувуу сонирхогч, аялагчид ирдэг. Аялал жуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 аялал жуулчлал гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар бор газар нутагт аялан явахыг, Эрүүгийн хуулийн аутентик тайлбар болох тус хуулийн 13.6 дугаар зүйлд Тайлбар: Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж заасан. Манай компани өөрийн эзэмшлийн газар дээр 2009 оноос 2019 он хүртэлх хугацаанд орон байр болох Монгол гэр, Майхан барьж шувуу, шавьж сонирхогчид болон компаний ажилчид, тэдгэрийн гэр бүлийг амрааж тухайн газрыг аялал жуучлалын зориулалтаар эзэмшиж байсан ба 2020, 2021 онд Ковид-19 цар тахлаас болж дээрх үйл ажиллагаа зогсоод байсан. Бидний байгаль орчинд ээлтэй, Ар гууль уулын өвөрмөц онцлогод тулгуурласан тодорхой сонирхол бүхий хүмүүсийн танин мэдэхүйн хэрэгцээнд тулгуурласан, аялагчдаа монгол гэр, майхан ашиглан амраадаг үйл ажиллагааг маань аялал жуучлалын үйл ажиллагаа гэж үзэхгүй байгааг ойлгохгүй байна. ... Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж байна. Бид нар 2015 оны юм ярьж байгаа. Өнөөдөр 2022 он. 2013, 2014 онуудад энэ газрыг ашиглаж байсан талаарх нотлох баримт гаргаж өгөх шаардлага үүссэн. Тэрнээс хойш 7, 8 жил өнгөрсөн. Бид нар тухайн үед дараа нь ийм асуудал үүснэ гэдгийг мэдээгүй байсан учраас тухайн үед амарч байсан зураг, хөргийг тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн хувийн зурагнуудаас гаргаж өгсөн. Олон жилийн өмнөх болхоор тэр үеийн холбогдолтой баримт олдоход хэцүү байсан.. Манай компани энэ газрыг анх авахдаа ажилчиддаа зориулж амралтын газар, сувилалын газар үүсгэнэ гэж авсан. Бид зориулалтын дагуу ашиглаж байна л гэж явж байсан болохоор тэрийг заавал тэнд, энд мэдэгдээгүй. Гэрээ дүгнэх ажил хийгдэж байгаагүй. Төлбөр тооцоо нийлье, гэрээ дүгнүүлье гэсэн хүсэлт явуулангуут ийм зүйл болсоныг мэдсэн. Гэрээ дүгнүүл гэж шаардаагүй. Бид аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй энэ талаар туршлага дутагдсан зүйл байж магадгүй. Анхны зорилго маань ажилчдаа зориулж амралтын газар байгуулъя гэдэг зорилготой. Төсөв мөнгөтэй холбоотой тэрийгээ хэрэгжүүлж чадаагүй байсан болохоор Газрын албанаас ч шаардлага ирж байгаагүй. Шавьж, шувуу сонирхдог хүмүүс танай газар дээр 2-3 хоног судалгаа явуулж болох уу гэсэн хүсэлт гаргаад бид нар тухайн үедээ байгаль орчинд ямар нэг хор хөнөөлгүй учраас болно гээд явж байсан. Бид түүнтэй холбоотой манайхаас гарсан, манайд ирсэн албан бичиг байна уу гээд архив зэрэгт үзсэн. Тухайн үед хариуцаж байсан хүнээс асуухад хүсэлт гаргаад бид тэрийг нь зөвшөөрч байсан гэсэн зүйл ярьсан. Түүнтэй холбоотой зардал мөнгө авсан зүйл байхгүй юм байна лээ. 2015 оны юм ярьж байгаа болохоор нэлээд цаг хугацаа өнгөрчихөөд байна. Тийм баримт хайгаад олж чадаагүй. Ажилчдаараар 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад аялал зугаалганд явдаг байхдаа гаргасан бүх зардлын тооцоог санхүүгээс гаргаж өгсөн. ...Манай газрын кадастрын зураг дээр манай хажууд харагдаж байгаа газрын зургийг Э ХХК байна гэж бодож байна. Кадастрын зургаараа давхцалгүй зэрэгцээд харагдаж байгаа. Манайх 2008 онд хүсэлтээ гаргаад газар эзэмшээд кадастрын зураг харж байхад ямар нэгэн давхцалгүй байсан. Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 тоот захирамжийн хавсралтын 9-рт ******* ХХК -нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б ХХК нь тухайн газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй. Энэ нь Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07/52 дугаар тоот албан бичгээр Борнуур сумын Засаг даргад даалгасан байгаа. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас албан шаардлуудыг өгсөн байгаа. Энэ албан шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.5, 40.1.6-д заасныг үндэслэн 17 аж ахуй нэгжийн газрыг газраа ашиглаагүй байх тул хүчингүй болгох тухай албан шаардлага ирсэн. Энэ албан шаардлагын дагуу сум, аймгаас тухай газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг бүрэн хугацаанд нь төлсөн байх шаардлага байгаа. Хугацаанд нь төлбөрөө төлсөн боловч хугацааны хувьд сар, өдөр нь харилцан адилгүй байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг гэрээнд заасны дагуу ашиглах гэж байгаа. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа манайх ажилчин, албан хаагчдаа гэр, майхан бариад амраадаг байсан гээд хавтаст хэрэгт зураг өгсөн байгаа. Шувуу, шавьж хардаг, гэр майхан барьдаг байсан гэх зургууд нь хангалттай биш. Борнуур сумын Засаг даргаас Б ХХК нь 2008 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, одоо ч газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулж, барилга байгууламж барьж байгаагүй болно гэх албан тоотыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр үндэслэлүүд байгаа тул манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Гуравдагч этгээд Э ХХК-ийн захирал Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Төв аймгийн Борнуур сумын Аргуулийн аманд аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмшдэг. Манай компанийн эзэмшдэг сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/188 тоот шийдвэртэй, Төв аймгийн Борнуур сумын 4-р баг, Аргууль хаягт байрлах, нэгж талбарын 4115006733 дугаар бүхий 4 га газрыг Б ХХК-ийн эзэмшил газартай давхацсан эсэхийг бидний зүгээс огт мэдээгүй бөгөөд зохих хууль, дүрэм журмын дагуу тухайн газрыг эзэмшиж, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж барагдуулж яваа болно гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс газрын давхцалтай, үгүй эсэхийг тодорхойлчихвол энд байх шаардлагагүй гэж үзэж байна. Газрын кадастрын зургаар давхцаагүй, сансрын зургаар давхцаад байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Б ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:
1/ 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд заасан төлбөрийг, гэрээнд заасан дансанд 2008-2019 онуудад төлсөн. 2020 оны нэхэмжлэлийг Төв аймгийн газрын албанаас үүсгэсэний дагуу газрын төлбөрийг төлсөн. 2021 оны төлбөрийг нэхэмжлэл үүсгээгүй тул албан бичгийг Төв аймгийн газрын албанд хүргүүлсэн. Манай компани нь газрын төлбөрийг жил бүр бүрэн төлсөн байхад газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг зөрчөөгүй.
2/ Манай компани өөрийн эзэмшлийн газар дээр 2009 оноос 2019 он хүртэлх хугацаанд Монгол гэр, майхан барьж шувуу, шавьж сонирхогчид болон компаний ажилчид, тэдгээрийн гэр бүлийг амрааж тухайн газрыг аялал жуучлалын зориулалтаар эзэмшиж байсан, 2020, 2021 онд ковид-19 цар тахлаас болж дээрх үйл ажиллагаа зогссон. Байгаль орчинд ээлтэй, Ар гууль уулын өвөрмөц онцлогод тулгуурласан тодорхой сонирхол бүхий хүмүүсийн танин мэдэхүйн хэрэгцээнд тулгуурласан, аялагчдаа монгол гэр, майхан ашиглан амраадаг үйл ажиллагааг маань аялал жуучлалын үйл ажиллагаа гэж үзнэ. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг зөрчөөгүй гэж маргасан.
Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
- Төв аймгийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаартай захирамжаар аймгийн тусгай хамгаалалттай Борнуур сумын Ар гууль орчмын газраас сумын Газар зохион байгуулалтын 2008 оны төлөвлөгөөний дагуу аялал жуулчлалын зориулалтаар Б ХХК-д аялал жуулчлалын зориулалттай 5 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
- 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөрт жилд 120,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан
- 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн 138586 дугаартай гэрчилгээ олгож, тухайн өдөр газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18581375585050 дугаарт бүртгэсэн,
- нэхэмжлэгчээс 2010-2020 онуудад жил бүр 120,000 төгрөг, нийт 1,320,000 төгрөг төлсөн,
- Төв аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТӨАГ/2014/01-НА/14-65 дугаартай албан шаардлагад ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн хавсралтад дурдсан нийт 19 иргэн, аж ахуй нэгжийн 488.57 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож зөрчлийг арилгуулан аймгийн Аудитын газарт хэрэгжилтийг гарган хүргүүлэхийг шаардаж албан шаардлага өгөв. ...хавсралт 18. ******* ХХК, ...байршил Борнуур сумын Аргууль... гэсэн,
- Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Б ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
- Борнуур сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/123 тоот албан бичигт: Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 тоот захирамжаар газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул газрын кадастрын мэдээлэлийн санд бүртгэгдэх боломжгүй... учраас газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэгдэхгүй. гэсэн,
- Б ХХК-ийн ажилчдын аялал, зугаалгын 2013-2019 онуудын зардлын тооцоонд зардлын төрөл: гэр майхан-2,520,000, хоол хүнс-13,450,000, тэмцээний шагнал-6,400,000, шатахуун-2,640,000, нийт 25,010,000 төгрөг, тооцоо гаргасан Б ХХК-ийн ахлах нягтлан бодогч Г.Ганхүү гэсэн,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ...манай компани энэ газрыг анх авахдаа ажилчиддаа зориулж амралтын газар, сувилалын газар үүсгэнэ гэж авсан, төсөв мөнгөтэй холбоотой тэрийгээ хэрэгжүүлж чадаагүй байсан, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад ажилчдыг аялал зугаалсанд авч явдаг байхдаа гаргасан бүх зардлын тооцоог санхүүгээс гаргаж өгсөн, шавьж, шувуу сонирхдог хүмүүс танай газар дээр 2-3 хоног судалгаа явуулж болох уу гэсэн хүсэлт гаргаад бид нар тухайн үедээ байгаль орчинд ямар нэг хор хөнөөлгүй учраас болно гээд явж байсан. Бид түүнтэй холбоотой манайхаас гарсан, манайд ирсэн албан бичиг байна уу гээд архив зэрэгт үзсэн. Тухайн үед хариуцаж байсан хүнээс асуухад хүсэлт гаргаад бид тэрийг нь зөвшөөрч байсан гэсэн зүйл ярьсан, түүнтэй холбоотой зардал мөнгө авсан зүйл байхгүй... гэсэн зэргээр нэхэмжлэгч нь 2010-2020 онуудад газрын төлбөр төлсөн, маргаан бүхий захирамжийг гаргахдаа хариуцагч талаас нэхэмжлэгчид мэдэгдээгүй, уг захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдсэн, харин нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй, ажилчдын амралтад зориулан ашиглаж байсан нь тогтоогдлоо.
Дөрөв. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй: 5.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, Аялал жуулчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д аялал жуулчлал гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг, 3.1.2-т аялал жуулчлалын байгууллага гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг, 3.1.4-т аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг, 3.1.6-д жуулчны үйлчилгээний байгууллага гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг ойлгоно гэж тус тус заасан.
Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь Төв аймгийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 119 дугаартай захирамжаар Борнуур сумын Ар гууль гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн 5 га газрын төлбөрийг маргаан бүхий захирамж гарах үед болон 2021 он хүртэл бүрэн төлсөн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан үүргээ биелүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаар захирамжийн газрын төлбөр төлөөгүй гэсэн нь Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 5 га газраа аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж байсан хэмээн тайлбарлаж, тус компаны ажилчдын аялал, зугаалгын 2013-2019 онуудын зардлын тооцоо, мөн ажилчдын амарч аялаж байсан байдлын зураг гэх фото зургуудыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн, харин шавьж, шувуу сонирхож судлаж байсантай холбогдох баримт байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн ажилчид амарч аялсан нөхцөл байдлыг Аялал жуулчлалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4, 3.1.6-д зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулсан буюу аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн газрыг зориулалтаар нь эзэмшиж ашигласан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иймд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаар захирамжийн эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн нь Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бусаар зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт энэ хуулийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан тохиолдлын аль нэг нь бий болсон нь тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна. гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д ... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б ХХК-ийн эзэмшиж байсан нэгж талбарын 18581375585050 дугаар бүхий 5 га газар нь гуравдагч этгээд Э ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 4115006733 дугаар бүхий газартай давхцалгүй нь нэгж талбарын 18581375585050 дугаар бүхий газрын байршлын зургаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид газар давхцалтай талаар маргаагүйг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/215 дугаар захирамжийн хавсралтын 9 дүгээрт Б ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3, 108.4, 108.5, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН