Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                      Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                    Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа

             Шүүгдэгч                                                Б.Дамдин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Дамдинд холбогдох 201718020060 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймаг Мандал овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4. Эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо Мандал овоо 2-61 тоотод оршин суух, Улаан хошуу овогт Баатарын Дамдин. РД: ЗЛ:91061011

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Дамдин нь 2017 оны 03 дугаар сарын 04-нд орой 23:00 цагийн орчим Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Тайлжийн нуруу”ххк- ийн  ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт архи ууж байсан иргэн З.Хасены зүүн дал, зүүн гарын булчин, хэвлий тус газар нь 4 удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дамдин мэдүүлэхдээ: ... : 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгонд байрлах “Тайлчийн нуруу” ХХК-нд ажиллаж байсан. Тэгээд дарга Бямбасүхийнх цай уу гээд бид даргынд орж цай уусан. Тухайн Даргынх бэлэг гээд 5000 төгрөг хүн бүрт өгсөн. Тэгээд бид нар даргынхаас гарч мөнгөө нийлүүлээд архи авч уусан. Тэгтэл Баяраа ах энэ Хасен намайг гаргүй гээд дандаа дээрэлхдэг гэсэн. Тэгэхээр нь би өмөөрөөд гарлуу нь ажилчдын байранд байдаг хөрөөгөөр хийсэн хутгаар 4 удаа хутгалсан гэв. 

                  Мөрдөн байцаалтанд хохирогч З.Хасен мэдүүлэхдээ: ... Баярсайхан архи ууж байхдаа нэлээн согтохоор нь би авч явах гээд урагш өндийлгөөд сугадах гээд гараа явуултал Баярсайхан урагшаа гараа тулж чадахгүй нааран дээрээс тонгорцоод нүүрээрээ газар харуулдан унасан. Учир нь Баярсайханы баруун гар нь шуугаараа мухар юм. Дамдин бид 2 хамжаа^ босгоход Баярсайхан “та нар намайг яагаад байгаа юм” гэхээр нь өөрөө газар унасан талаар хэлээд нааран дээр суулгасан. Тэгээд би жаахан холдоод цонхны хажуу сандал дээр суухад Дамдин босож ирээд миний далруу дараа нь зүүн хавиргаруу, зүүн гарлуу 2 удаа хутгалсан... Би сүүлд бодож байхад гаргүй ядарсан хүнийг зодож дээрэлхдэг гээд Дамдин эмзэглээд намайг хутгалчихавуудаа гэж бодсон... Дамдин намайг хутгалах үед ямар нэгэн юм яриагүй, дайрч довтлоод байсан юм байхгүй, шууд хутгалсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Бямбасүх мэдүүлэхдээ. ... 23 цагийн орчим унтаж байсан чинь гаднаас Хасен ханцуйнаас нь цус гарчихсан “намайг Дамдин хутгалчихлаа” гэж орж ирсэн.Муудалцаж маргалдсан талаар тэр яриагүй... Эмнэлэгрүү явж байхад замд Хасен “Баярсайхан л намайг дээрэлхдэг гэж тэд нарт ярьсан чинь Дамдин намайг хутгалчихлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч С.Баярсайхан мэдүүлэхдээ: Хасен урьд нь намайг зодож дээрэлхэж байаагүй. Маргаж муудалцаж ч байгаагүй. Хэрэг гарах үед “Хасен намайг зоддог дээрэлхдэг, намайг одоо зодно”гэж хэлсэнээ санахгүй байна. Тасартлаа уучихсан байсан. Унаж нүүрээ шалбалсанаа ч санахгүй байна гэх мэдүулэг /хх-ийн 26-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч А.Мөнхсайхан мэдүүлэхдээ: Баяраа ах нааран дээр сууж байхад Хасен ах “явъя” гэж хэлээд гарнаас нь татсан чинь Баяраа ах урагшаа шургаж унаад хамраас нь цус гараад байсан. Тэгээд Хасен Дамдин 2 цусыг нь арчиж өгсөн юм. Тэр үед Баяраа ах “энэ Хасен намайг дандаа дээрэлхэж байдаг, одоо гараад намайг зодно” гэж хэлэхэд Дамдин хасенд хандаж “үнэн юм уу” гэхэд Хасен “Баяраа чи арай ч дээ” гэхэд нь би боль боль гээд болиулсан... Тэгээд би хэсэг зүүрмэглэсэн. Тэгээд хүн хашгирахаар нь босоод хартал Дамдин баруун гартаа хутга барьчихсан байсан. Хасен модны тайрдас дээр сууж басан /хх-ийн 28-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Дамдин мэдүүлэхдээ: Баяраа ах нааран дээр сууж байхад Хасен “явъя” гээд гарнаас нь татсан чинь Баярсайхан өөрөө харуулдаад унасан. Тэр үед Баярсайхан ахын нүүр шалбараад цус гараад байхаар нь Хасен бид 2 нүүрийг нь арчиж өгсөн. Тэгэхэд Баярсайхан ах “энэ Хасен намайг гаргүй болохоор дээрэлхэж зоддог, одоо гараад намайг зодно” гээд байсан. Тэгэхээр нь би Хасен ахад “та энэ өрөөсөн гаргүй хүнийг ингэж дээрэлхээд байдаг юм уу” гэж хэлсэн чинь “наадах чинь худлаа ярьж байна” гэж хэлсэн. Тэгэхэд би гаргүй хүнийг дээрэлхээд байдаг юм байна гэж бодоод Баяраа ахыг өмөөрөөд гэнэт уур хүрээд хутгалсан. Яг хутгалах үедээ хааш нь яаж хутгалсанаа санахгүй байна. Би айлгая гэж бодсон чинь хутгалчихсан байсан. Би дотороо Баярсайхан ахыг өмөөрөх сэтгэл төрсөн./хх-ийн 42-р хуудас/ 

            Шинжээч Г.Ган-Эрдэнийн гаргасан 2017.03.07-ны өдрийн шүүх эмнэлэгийн 69 тоот дүгнэлт: Хасений биед зүүн далны дээд хэсэг, зүүн гарын бугалга, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/

 

            Шүүгдэгч Б.Дамдины хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний лаюлагаа /ХХ-ийн 44-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 62-65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: Шүүгдэгч Б.Дамдин нь 2017 оны 03 дугаар сарын 04-нд орой 23:00 цагийн орчим Мандал сумын Түнхэл 5-р багт үйл ажиллагаа явуулдаг “Тайлжийн нуруу”ххк- ийн  ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ бусдыг дандаа дээрэлхдэг” гэх улмаас хамт архи ууж байсан иргэн З.Хасены зүүн дал, зүүн гарын булчин, хэвлий тус газар нь 4 удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.Б.Дамдин анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, хохирол төлсөн,   хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Дамдинд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11.6 см, 7.5 см урт бариулгүй  хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Б.Дамдинд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Улаан хошуу овогт Баатарын Дамдиныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Дамдинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Дамдиныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 11.6 см, 7.5 см урт бариулгүй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

        4. Б.Дамдин нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        5. Б.Дамдинд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

       6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ