Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 525

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гантогтох, нэхэмжлэгч Х.А оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0674 дүгээр магадлалтай, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч А.Ч-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-аас Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч А.Ч-д холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын байцаагчийн 56 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0674 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Х овогтой А миний бие Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын байцаагчийн 56 тоот актыг хүчингүй болгуулах болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар өмнө нь шат шатны шүүхэд хандаж байсан бөгөөд уг Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 56 тоот актаар “ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул 76 хоногийн 1165460 төгрөгийг төлүүлнэ” гэсэн актыг хүчингүй болгуулахыг хүсч байгаа болно. Иргэний хэргийн 1606 тоот хэрэгт эх хувиараа байгаа.

Энэхүү актыг шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн 3 шатны шүүх болон Захиргааны хэргийн 2 шатны шүүхээр ороод байгаа болно. Анх миний бие ажлаасаа халагдмагц хуулийн дагуу зохих баримтыг бүрдүүлэн нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмжийг авсан. Ажилгүйдлийн тэтгэмж ногдох 76 хоногийн дотор ажилдаа ороогүй тул нийгмийн даатгалын дэвтрийг маань буцаан өгсөн.

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний бие “Эмт наран” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын тушаалаар ажлаасаа халагдаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байсан.

Миний бие Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор ажилдаа 280 хоногын дараа орсон болно. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн уг тогтоолд “ажлаас буруу халсан нь тогтоогдсон” тул ажилд нь эргүүлэн тогтоох нь зүйтэй, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь зүйтэй юм гэсэн байсан бөгөөд ажлаас халсан тушаал нь хүчингүй гээгүй.

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Эмт наран” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын тушаалаар ажилдаа эргүүлэн тогтоогдож орсон бөгөөд уг тушаалд мөн өмнөх тушаалыг хүчингүй гээгүй бөгөөд тухайн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийж шүүхийн тогтоолыг үндэслэж ажилд нь авав гэсэн байсан.

Дээрхээс дүгнэвэл хэрвээ ажилгүй болоод тухайн үед ажлаас халагдсан иргэн хэмээх бүх болзлыг хангаж байж нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмжийг авчихаад шүүхийн тогтоол шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон бол төлнө гэсэн Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн журмыг бариад уг авсан тэтгэмжээ төл гэх нь хуулийн үндэслэлгүй байна гэж миний бие үзэж байна. Нийгмийн   даатгалын   тухай   хууль   болон   Ажилгүйдлийн   тэтгэмжийн   тухай хуулиасаа давсан журмыг баримтлан тэтгэмжийг төлөх үндэслэл харагдахгүй байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд “...ажилгүйдлийн тэтгэмж...” гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэсэн  байгаа  бөгөөд хуулиаасаа давж журмаа бариад байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Гэтэл ажилдаа орсноор авсан цалингийн олговор буюу байгууллагын цалингийн сангаас гарч буй “Ажлаас нь хилсээр зайлуулсан буюу буруу халсан шийдвэрийн дагуу ажилтан иргэнийг орлогогүй болгож өр зээл тавих нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэртээ ногдох нөхөн төлбөрийг цалин гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ миний бие ажилдаа орсноор “Хөдөлмөрийн гэрээ маань үргэлжлээд авсан нөхөн төлбөр маань цалин гэж үзэгдээд явсан тохиолдолд төлөгдөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл маань өөрөөр төлөгдөж тэтгэврийн нэрийн дансан дахь мөнгө маань өсч улмаар цаашид хүү бодогдож явах байсан. “Энгийн ажилтан” ангиллаар нийгмийн даатгалын шимтгэл маань байгууллагаас 13 хувь, өөрөөс 10 хувь, нийтдээ 23 хувиар зохих төрлийн шимтгэлийн сангуудад орох байсан бөгөөд харин нөхөн төлбөрт маань ногдох шитмгэлийг 7,8 хувиар төл гэж төлүүлснээс иргэн би хохирсон. Мөн намайг ажилдаа ороод удаагүй байхад ажлаас өөрчлөх бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болох тухай асуудал яригдсан бөгөөд тэгэхэд миний бие дахин ажлаас халсан нөхцөлд иргэн миний бие ажилгүйдлийн тэтгэмж авах үндэслэлгүй болж хохирч байгааг бичсэний дүнд дээрх буруу халсан үеийн шимтгэлд ажилгүйдлийн тэтгэмжийг нэмж тооцдог болсныг хэлэх хэрэгтэй байна.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасанаар иргэн нь “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах, шударга шуүхээр шүүлгэх...” эрхэд маань халдсан байна гэж бодож байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хууль болон Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд байхгүй зүйл заалтаар тавьсан Нийгмийн даатгалын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү. Журам нь хуулиаасаа давсан байгаа нь зарим нэг дээр нь хэрэгжээд зарим нэгэнд үйлчлэхгүй байж болохгүй болов уу. Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг удаа дараалан давхардуулан төлөөд зогсохгүй, /Иргэний хэргийн анхан, давах, хяналтын 3 шатны шүүх болон Захиргааны хэргийн шүүхэд нийтдээ 5 удаа энэ асуудлыг шийдүүлэх гэж улсын тэмдэгтийн хураамж төлөх нь Үндсэн хуулиар олгосон Үндсэн хуулийн 14.1, 16.12, 16.14, 19.1, 47.3, 48.2 гэх мэт зүйл заалтуудыг зөрчиж байгааг анхаарч үзнэ үү. Иргэн хүн хуулийн зөрүү хийгээд буруу хэрэглээнээс болж хохирсон байхад хайхралгүй өч төчнөөн зардал чирэгдэл үүсгээд байгааг хэн анхаарч иргэний эрхийг хамгаалах юм бэ. Өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд хэд хичнээн хүн улсын тэмдэгтийн хураамжийн дарамтаас болж хохирч байгааг харгалзах ойлгох хүн байна уу. Иргэний 1606 тоот хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэргийн шүүгчид, туслахууд анхнаас нь салгаж Захиргааны хэргийн асуудал гэдгийг ялгаж салгаж өгсөн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.6 үүсэхгүй бөгөөд хамгийн чухал нь мөнгөн дүнгээр энэ бүхэн илэрч иргэн надад дарамт, чирэгдэл учруулахгүй байсан болов уу. Иймд нийгмийн даатгалын 56 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан /2015 оны 21, 2016 оны 22 дугаар тогтоол/ “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 4.6-д “Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ” гэсний дагуу гаргасан гэж тайлбарласныг буруутгах боломжгүй байна.

Учир нь, дээрх журам нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу хууль тогтоогчийн шилжүүлсэн эрхийн хүрээнд гаргасан хэм хэмжээ тогтоосон хүчин төгөлдөр эрх зүйн эх сурвалж бөгөөд уг журмыг Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, “ажилгүйдлийн тэтгэмж” гэдэг нь даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд даатгалын сангаас олгож буй мөнгөн тусламж юм, харин нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэрээр түүнийг хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр биелэгдсэн, ингэснээр түүний хөдөлмөрийн харилцаа хэвийн байдалдаа эргэж сэргээгдсэн, өөрөөр хэлбэл, тэтгэмж авах “ажилгүй” гэх нөхцөл болон тэтгэмжийн зорилго арилсан байна.

Иймээс дээрх журмын хүрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “...эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж...” гэснийг үндэслэн гарсан маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн “хуулиасаа давсан журмыг баримталж байгаа нь зүйд нийцэхгүй” гэсэн утгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргүүлэн тогтоогдоход өмнө нь халсан тушаалыг хүчингүй гээгүй бөгөөд тухайн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн, хэрвээ миний хөдөлмөрийн гэрээ үргэлжилсэн бол авсан нөхөн төлбөр маань цалин гэж тооцогдож нийгмийн даатгалын шимтгэл “энгийн ажилтан” ангиллаар байгууллагаас 13 хувь, өөрөөс 10 хувь, нийтдээ 23 хувиар зохих төрлийн шимтгэлийн сангуудад орох байсан, тэтгэврийн нэрийн дансан дахь мөнгө маань өсч улмаар цаашид хүү бодогдож явах байсан, харин нөхөн төлбөрт маань ногдох шитмгэлийг 7,8 хувиар төл гэж төлүүлснээс би хохирсон…” гэх зэрэг үндэслэл нь маргаан бүхий актад хамааралгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй, гэхдээ нэхэмжлэгч энэ талаар зохих журмын дагуу маргах эрх нь нээлттэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2017/0674 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Х.А нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 204 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ