Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0254

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, гуравдагч этгээд Л.Цэрмаа нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Моностойн нуруу” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Ерөө сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжууд нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400204 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ёндонжамц давж заалдах гомдолдоо: “...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “...Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Үүнд:

Нэг. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт “1. Шинжлэгдэж буй “2007 оны 04 дүгээр сарын 17 өдөр, Дугаар 52, “Тавин”, “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн баруун зах ирмэгээс 70 мм, доод зах ирмэгээс 92 мм зайд, “ЗАСАГ ДАРГА”, “С.ГАНБОЛД” гэсний гол хэсэгт үл уншигдах гарын үсгийн зураглал дээр дарагдсан тамганы дардас” нь 2007 оны 04 дүгээр сард болон 2007 оны 12 дугаар сард дарагдаж үүсгэгдсэн тамганы дардас биш байна. 2. Шинжлэгдэж буй тамганы дардас нь 2007 оны 12 дугаар сараас хойш цаг хугацаанд үүсгэгдэж дарагдсан тамганы дардас байна” гэж дүгнэсэн нь тухайн захирамжийг хуурамчаар бүрдүүлснийг нотлохгүй зөвхөн цаг хугацааны хувьд тухайн тамгыг 2007 оны 12 дугаар сараас хойш дарагдсан гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр уг 52 дугаартай захирамжийг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна гэж шүүх шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 102 дугаар зүйлийн 102.3, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй, шүүх нотлох зарчим, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/435 дугаартай захирамжаар Ерөө сумын Засаг даргын 52 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо захирамжийн агуулга, хууль зүйн үндэслэлийн талаар шалгаж тогтоогоогүй зөвхөн хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл, уг 52 дугаартай захирамж зайлшгүй гарах хууль зүйн үндэслэл байсан эсэх, иргэн Л.Цэрмаа нь 94 га газраа эзэмших явцдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрөө төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан эсэхийг шалгаагүй байна” гэж дүгнэсэн нь

- Тамгын газрын дарга Х.Дэлгэрмаагийн “Бусад захирамжууд дээр дарагдсан тамга нь 2007 онд дарагдсан байсан хуучин тамга 2010 онд шинэчлэгдсэн. 52 дугаартай захирамжид дарагдсан тамга нь 2010 оны тамга байгаа” гэсэн мэдүүлэг,

- Ерөө сумын иргэн Л.Цэрмаагаас аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын А/366 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж ажилласан Ч.Даваадоржийн “Миний зүгээс нүдээр харахад хуурамч гэдэг нь харагдаж байсан. Бусад захирамжуудаас өөр өнгөтэй, дунд нь хавчуулсан байдалтай байсан. Тухайн үед бичиг хэргийн ажилтан нь шинэ ажилтан байсан. Тамгын дарга нь хуурамч баримт гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. 2007 оны бүх захирамж хөх тамгатай,

хуурамч гэх захирамж улаан өнгийн тамгатай, мөн цаасны өнгө нь бусдаасаа ялгарч харагдаж байсан” гэсэн мэдүүлэг,

- Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамж хуурамч гэдгийг тогтоосон Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч З.Хишигжаргалын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар дүгнэлт,

- Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжид дарагдсан тамганы дардас нь 2007 оны 04, 12 дугаар сард дарагдсан тамганы дардас биш бөгөөд 2007 оны 12 дугаар сараас хойших хугацаанд үүсгэгдэж дарагдсан тамганы дардас болохыг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Д.Одбаярын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дүгээр дүгнэлт,

- Ерөө сумын газрын даамал Э.Ариунбат нь захирамжийг 2007 онд биш сүүлд нөхөж гаргасан гэдгээ 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн зэрэг гэрчийн мэдүүлэг, улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээр Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамж хуурамч болох нь тогтоогдсон тул хуулийн үндэслэлийг шалгах ач холбогдолгүй, шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй.

Гурав. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/435 дугаар захирамжийн талаар дүгнэхдээ “...хууль зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдлийг нотолсон баримтыг иргэний өргөдлийн хамт харьяалах хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж уг захирамжийг хуурамчаар үйлдсэн эсэхийг тогтоосны эцэст хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйд нийцнэ” гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгтээ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435, тус аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4-д заасан зохицуулалттай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК нь “...Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжид дарагдсан тамга цаг хугацааны хувьд хожуу дарагдсаныг ашиглаж, хуурамч захирамж гэж байгаа нь үндэслэлгүй... иргэн Л.Цэрмаа 52 дугаар захирамж гарснаас хойш 8 жил 4 сар 16 хоног өнгөрсний дараа аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн байхад хөөн хэлэлцэх хугацааг харгалзаж үзээгүй. Тус компанид Ерөө сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр захирамжаар 23 нэгж талбар бүхий 813.92 га газрыг үр тарианы зориулалтаар 55 жилийн хугацаатай эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад газар давхцуулан олгосон...” гэж маргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435, тус аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжуудыг  хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар Л.Цэрмаад олгосон 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар Л.Цэрмаад үр тарианы зориулалтаар 94 га газар эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжаар газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр Л.Цэрмаагийн үр тарианы 94 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Иргэн Л.Цэрмаагаас дээрх захирамж хуурамчаар үйлдэгдсэн тул хүчингүй болгуулж, гэрчилгээгээ шинэчлүүлэх талаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол[1] гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/366 дугаар захирамжаар гомдлыг хянан шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж шалгахад Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан нь нотлогдсон учир маргаан бүхий А/435 дугаар захирамжийг гаргажээ.

Дээрх байдал нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн “...шинжлэгдэж буй захирамжид дарагдсан тамганы дардас нь 2007 оны 04 дүгээр сар болон 2007 оны 12 дугаар сард дарагдаж үүсгэгдсэн тамганы дардас биш байна, 2007 оны 12 дугаар сараас хойш цаг хугацаанд дарагдсан тамганы дардас байна” гэх дүгнэлт, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал Э.Ариунбатын “...Л.Цэрмаа 2015 онд 52 дугаар захирамжийн хуулбарыг надаас аваад гомдол гаргасан. Л.Цэрмаад хуулбарлаж өгөхөөс өмнө буюу 2015 оны хавар тамга дарагдаагүй байсныг шинэ улаан тамга дарсан. Захирамжийн хувьд 2015 онд нөхөж хийсэн” гэх тайлбар[2] зэргээр тогтоогдсон байна.

Нэгэнт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр иргэн Л.Цэрмаагийн үр тарианы 94 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамжийг нөхөн хийсэн болох нь тогтоогдсон учир түүний газар эзэмших эрхийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүй гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх арга хэмжээ авахыг Ерөө сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжаар Хонгорын нуруунд байрлах шинэчлэгдсэн кадастрын зургаар 18626493798517 дугаар бүхий 84.36 га газрыг иргэн Л.Цэрмаад үр тариа тарих зориулалтаар 46 жилийн хугацаагаар сэргээн эзэмшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

Учир нь, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан  байх бөгөөд Ерөө сумын Засаг дарга нь 2007 оны 52 дугаар захирамжийг хуурамчаар нөхөн бүрдүүлж, иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн учир түүний дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг дарга захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нөгөө талаар маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамж нь зөвхөн Ерөө сумын Засаг даргын 52 дугаар захирамжийг “хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон болохоос иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байсан эсэхийг хянан шалгаж шийдвэрлээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх “Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/435 дугаар захирамж зайлшгүй гарах хууль зүйн үндэслэл байсан эсэхийг шалгаагүй, ...Л.Цэрмаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн болох нь тогтоогддог...” гэж дүгнэн, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн түүнчлэн шүүх “гуравдагч этгээд Л.Цэрмаа нь 52 дугаартай захирамжийг 94 га газар эзэмших эрх нь хүчингүй болсныг 2012 онд мэдсэн байхад түүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн” гэж Сэлэнгэ аймгийн Засаг даргыг буруутгасан нь үндэслэлгүй байна. Учир нь, Ерөө сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гомдол гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэж, доод шатны албан тушаалтныхаа шийдвэрийг хянаж шийдвэрлэсэн байх учир энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжийн дагуу Л.Цэрмаад олгосон 170400204 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                           ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                           ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

                           ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр тал