| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзана,
хохирогч Ч.Х,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2416000000299 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг ***** сумын ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Х овогт Ц-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1. Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын ********* баг ********** гэх газарт байх Д.П-н гэрт болон гэрийн гадна талд “...азаргандаа миний гүүг тавиулахгүй гэлээ...” гэх шалтгаанаар хохирогч Ч.Х-тэй маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд доод зовхи, баруун бугуйнд цус хуралттай, баруун нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд хавдар, баруун хацар, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, духанд зулгаралт буюу хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч Ч.Х-н шүүх хуралдаанд өгсөн “... Би Алтай явж байгаад замаараа айлд очоод айлын хүнтэй уулзаж байхад араас Ц.Б ирсэн. Тэгээд айлд ороод айлын хүн бид хоёрт цай хийж өгсөн. Цай уугаад сууж байхад намайг аягатай цайгаар цохисон. Тэрнээс барилцаж авсан. Тэгээд нэг цохисон. Айлын хүн гар гэхээр нь гадаа гарч зодолдоод хэсэг зуур ухаан алдсан байсан. Тэгээд ухаан ороход алчихъя гэж хэлээд араас мотоциклоор дайрсан. Тухайн үед азарганаас болсон. Манай азарганд гүү тавья гэхээр нь би мэдэхгүй, миний мэдлийн юм биш гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Х хочтой айл буюу П-н очиход Х тэр хоёр байсан. Тэгээд гэрт ороход П аяганд цай хийж өгөөд Х бид хоёр хоорондоо юм яриад сууж байсан. Тухайн үед Х-н азарганд би гүү тавих талаар ярьж байгаад маргалдаад би Х-н зүүн гар талд цай ууж сууж байгаад цайны аягаараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон ... Бид хоёр гэрийн гадаа гараад барилцаж аваад нэг нэг цохилцсон. Тэгсэн Х ах ирээд та хоёр боль гээд намайг яв гэж хэлээд миний гараас татсан. Харин тэр үед Х чи намайг зодоодох гээд толгойгоо өгөөд байхаар нь хүзүү хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас/
3. Хохирогч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед Говь-Алтай аймгийн ******* сум, ********** баг, ********** гэх нэртэй газар малчин айл Х гэдэг айлд очсон. Тухайн үед тэднийд Б мотоциклтой ирсэн, гэрт нь юм яриад бид 3 цай уугаад сууж байтал Б аягатай цайгаа ууж сууж байгаад аягаараа миний толгой руу нэг удаа цохисон. Дахиад босож ирээд гараараа 2 удаа цохихоор нь би одоо болиоч гэж хэлээд гэрээс аваад гарсан. Гэрийн гадаа гарч ирчхээд миний нүд рүү нэг удаа гараараа цохиод намайг хөлөөрөө өшиглөсний дараа би зөрүүлээд нэг удаа нүд рүү нь гараараа цохисон. Хөхөө ах хажууд зогсож байгаад одоо болиоч гэж хэлсэн. Тэгээд миний дух руу хөлөөрөө өшиглөсний дараа би хэсэг хугацаанд ухаан алдаад унасан байсан. Ухаан алдаад босож ирээд сууж байхад Б бүх хувцсаа тайлчихсан над руу дайраад байсан. Тэр үед миний шанаа хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-24 дүгээр хуудас/
4. Гэрч Д.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тухайн өдөр 17 цаг өнгөрч байх үед дөнгөж хониноосоо гэртээ ирээд байж байтал Б мотоциклтой манай гадаа ирсэн. Тэгээд Б бид хоёр гэрт ороод цай уугаад сууж байсан чинь Х гаднаас орж ирсэн ... Хоорондоо нэг азарганд гүү тавих талаар ярилцаж байгаад Б аягатай гараараа буюу аягаараа Х-н дух хэсэг рүү цохичихсон. Би “...та хоёр болиоч телевизор хагаллаа алив гэрээс гар...” гэж хэлээд гэрээс гаргасан. Би гэрт үлдээд халуун савтай цай асгачихсан байхаар нь цэвэрлэчихээд араас нь гарсан чинь Б Х-г газарт унагаачихсан зодож байхаар нь “...хүн аллаа...” гэж хэлээд Б-н гараас татаад салгасан. Б намайг барьж авснаа “...чи юу юм...” гэхээр нь би “...яв харь гэр лүүгээ яв...” гэж хэлээд дээлийг нь өмсүүлээд мотоциклтой явуулсан ...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/
5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 299 дугаартай “... Ч.Х-н биед хамар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд доод зовхи, баруун бугуйнд цус хуралттай, баруун нүдний алимны салстад цус харвалт, хамрын нуруунд хавдар, баруун хацар, баруун чихний дэлбэн, зүүн шанаа, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ ... Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно ... Ч.Х-н биед учирсан гэмтлүүдээс хамрын ясны хугарал, тархины доргилт, баруун нүдний алимны цус харвалт гэмтлүүд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй ...” гэх агуулга бүхий дүгнэлт. / хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-н хохирогч Ч.Х-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэх агуулга бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/
2. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт. /хэргийн 64-65 дугаар хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ч.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын Эрүүл мэндийн төвд 635,076 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 38,767 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 50,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1,532,934 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 60,000 төгрөг, нийт 2,347,826 төгрөгийн үйлчилгээ авсан байна ... Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 2,347,826 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна ...” гэх мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/
4. Хохирогч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд. /хавтаст хэргийн 79-94 дүгээр хуудас/
5. Шүүх хуралдаанд хохирогчийн шинээр гаргаж өгсөн орон нутаг, аймаг хоорондын 4 ширхэг зорчих тасалбар, *********** ХХК-н эмийн сангийн НӨАТ-н баримт.
7. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 2,347,826 (хоёр сая гурван зуун дөчин долоон мянга найман зуун хорин зургаа) төгрөг төлсөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт гэсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Харин хохирогч Ч.Х-н гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гаргаж өгсөн баримтуудаас хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтаар тогтоогдсон замын зардал, шатахууны зардал, эмчилгээ сувилгааны зардал болох нийт 1,818,022 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хэрэгт хамааралгүй буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хохирогчийн суурь өвчинтэй холбоотой гарсан эмчилгээ, сувилгаатай холбоотой бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5(тав) дахин нэмэгдүүлснээс 12,99(арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр тогтоогдсон зэрэглэлийн аль хэсэгт хамаарч байгаагаас шалтгаалан нөхөн төлбөрийг хэмжээг шүүх тогтоох зохицуулалт гэж хоёрдмол утгагүйгээр ойлгогдохоор байна. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 7(долоо) дахин нэмэгдүүлж хохирогч Ч.Х-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 4,620,000(дөрвөн сая зургаан зуун хорин мянга)төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 2,347,826 (хоёр сая гурван зуун дөчин долоон мянга найман зуун хорин зургаа) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1(нэг) ширхэг, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 4(дөрөв) ширхэг зорчих тасалбар, НӨАТ-ын баримт 1(нэг) ширхгийг тус тус хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б-с энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардалд 6,438,022(зургаан сая дөрвөн зуун гучин найман мянга хорин хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Х-т олгож, эмчилгээ сувилгаатай холбоотой нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 2,347,826 (хоёр сая гурван зуун дөчин долоон мянга найман зуун хорин зургаа) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1(нэг) ширхэг, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 4(дөрөв) ширхэг зорчих тасалбар, НӨАТ-ын баримт 1(нэг) ширхгийг тус тус хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА