| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0015/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзана,
шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М-д холбогдох 2416002980010 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* сумын **** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Т овогт С-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь Говь-Алтай аймгийн ****** сумын ***** багийн ****** гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед согтуурсан үедээ Г.Х-г гэртээ унтаж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар бид нь халдан түүний эрүүл мэндэд дархины доргилт буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Г.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед Говь-Алтай аймгийн ****** сум ******** баг ******** гэх газарт зуслан дээр нөхөр болох М.Б-тай хамт орондоо орсон унтаж амарч байсан. Тэгээд 23 цаг 30 минутад гадна машин ирж зогссон ба удалгүй хаалгаа нээ би М байна гээд орилоод байсан. Манай нөхөр орноос босоод хаалгыг нээсэн. Гаднаас М болон нөхөр М хүүхдээ тэврээд манай гэрт орж ирээд зүүн талын сандал дээр суусан ... Би М-с юу болсон талаар асуухад “надад орноосоо босоод ир” гээд байсан. Тэгээд би Мийн нөхөрт хандаж “чи эхнэрээ аваад явчих танай эхнэр согтуу байна” гэж хэлсэн. Би орноосоо босоод авдрын хажууд зогсож байгаад М-т хандаж “чи гэрийн юмнуудыг шидээд хагалаад байна би одоо цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Тэгэхэд “дууд дууд” гэж уурлаад байсан ... Тэгээд хэсэг байж байснаа ширээ тойрч баруун хаяндаа очиж миний биед учир зүггүй халдаж үснээс зулгаагаад ердөөсөө тавиагүй татаад байсан. Манай нөхөр салгах гээд дунд нь ороод зүтгээд байсан. Тэгээд М миний нүүрнээс маажаад толгойны үснээс татаад зулгаагаад газар унагаасан байсан ... Тэгээд манай нөхөр нэг мэдэхэд салгасан байсан. Дараа нь М намайг үгээр доромжилж байсан. Тэгээд тэр шөнө нь би халуураад толгой өвдөөд унтаж чадаагүй. Тэгээд маргааш нь босож чадаагүй өдөржин хэвтсэн тэгээд сумын эрүүл мэндийн төвд очиж биеэ үзүүлэхэд даралт нэмэгдсэн их айгаад цочсон байна, аймагт очиж үзүүл гэж хэлээд явуулсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/
2. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... М манай гэрийн тавиур дээр байсан аяга шаазан аваад манай эхнэр рүү шидсэн. Би “юу болоод байна” гэж босож ирээд М-н гараас татаж барьж аваад орон дээр суулгасан юм ... Манай эхнэр ээж нь болох П.Б-д утсаар холбогдож “манайд М орж ирээд амгалан тайван байдлыг алдагдуулаад байна” гэж ярьж байхад нь би “одоо болно” гэж хэлээд гар утсыг нь авсан юм. Тэгээд тэр хооронд М босож ирээд манай эхнэрийн үснээс нь барьж аваад баруун тийшээ газар чирээд унагаасан байсан ... Тэгээд би очиж “боль та нар юу болж байгаа нь энэ вэ М алив Х-н үснээс гараа аваадах” гэж хэлээд салгах гэхэд М нь тавихгүй үснээс зулгааж татаад байсан. Тэр үед нөхөр нь болох М нь хүүхдээ тэврээд сууж байсан юм. Тэгээд би эхнэрээ хамгаалах гээд М-н гараас нь хойш нь татаж салгасан юм. Тэгээд нөхөр М нь хүүхдээ тэврээд гадаа гараад явлаа гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгээд удалгүй М ардаас учир зүггүй гараад явсан юм ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
3. Гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Манай эхнэр Х-тай ойрхон очиж “найзаа найз нь ирлээ хоёулаа ярилцъя” гэж хэлсэн. Тэгэхэд Х орноос “чамтай ярих юм байхгүй” гэж салаавч гаргаад босоод ирсэн. Тэгээд Х манай эхнэрт “чи ер нь юм хийж чаддаг уу нөхрийнхөө хүчинд явж байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр “чи ч гэсэн нөхрийнхөө хүчинд ингэж явж байгаа шүү” гэж хэлсэн ... Тэгээд тэр үед манай эхнэр Х луу хэрэлдэж байгаад жижигхэн бөөрөнхий таг аваад шидсэн. Тэгээд М босоод нэг нэг рүүгээ дайрч байхад Б дундуур нь орж ирээд манай эхнэрийг орон дээр түлхэж хувцаснаас заамдаад орны толгой хэсэг руу шахаж барьж байсан. Тэгээд Х өөрийнхөө гар утсаар нэг эмэгтэй хүн рүү залгаж “манай гэрт М ирчихсэн хэрүүл хийгээд байна” гэж хэлээд байсан ... Нэг мэдэхэд манай эхнэр Х-тай барьцалдаж аваад хувцаснаас нь татаад зулгаагаад байсан. Тэр үед Х-н нөхөр нь салгаж тэр хоёрын дунд нь орж манай эхнэрийг татаж холдуулаад байсан. Манай хүүхэд уйлаад байсан болохоор хүүхдээ машинд оруулаад суулгачихаад ирье гэж бодоод хүүхдээ машинд суулгаж эргэж ороод ирэхэд гэр дотор орилоод байсан. Тэгээд гэртээ буцаад ороход манай эхнэрийг Б хувцаснаас барьж холдуулаад зогсож байсан. Тухайн үед Х зодуулсан үгүйг би анзаарч хараагүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/
4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 314 дугаартай “ ... Г.Х-н биед тархины доргилт, духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд цус хуралт, баруун эрүү, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... Дээрх гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “... сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй, миний биед учирсан хохирлоо нөхөн төлбөрөөр барагдуулж авсан ...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/ гаргасан, шүүгдэгч нь хохирогчид 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.М-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА