| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0066/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.О-д холбогдох 2316002190072 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дорнод аймгийн ******* сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *********** хотын ********* дүүргийн ****-р хороо ********-р гудамжны ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************** регистрийн дугаартай, А овогт О-н О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээг завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр алдаатай гүйлгээгээр өөрийнх нь дансанд орсон 854,300 (найман зуун тавин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшлийн мөнгө гэж мэдсээр байж хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь:
1. Хохирогч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт байх үедээ цайны цагаараа гэртээ харьсан. Лизингийн төлбөр үлдэгдэл мөнгөө хийх гээд 854,300 төгрөгийг данс андуурч шилжүүлсэн. Миний мөнгөө шилжүүлэх данс ********** гэх данс руу хийх гэж байгаад андуураад ********** О гэх хүний данс руу тухайн гүйлгээгээ хийчихсэн байсан. Тэгээд би цагдаад өргөдөл гарсан... Надад одоо гомдол санал байхгүй . Миний 854,300 төгрөг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр андуурагдсан гүйлгээ гэх утгатайгаар орж ирсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/
2. Шүүгдэгч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
3. Шүүгдэгч О.О-н эзэмшлийн Хас банкны ******** дугаартай дансанд үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “... 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *********** дугаарын данснаас Л-н Г гэх гүйлгээний утгаар 854,300 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус данснаас гүйлгээ гарсан...” талаар тусгасан мөрдөгчийн тэмдэглэл/хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйгээ завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-т 854,300 найман зуун тавин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч “...Надад одоо гомдол санал байхгүй . Миний 854,300 төгрөг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр андуурагдсан гүйлгээ гэх утгатайгаар орж ирсэн...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/106 дугаартай захирамжийн дагуу шүүгдэгч О.О-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас албадан ирүүлж 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Цагдан хорих байранд хүлээлгэж өгсөн бөгөөд шүүх хуралдаан хүртэл 8(найм) хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 8(найм) хоногийн 1(нэг) хоногийг 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт О-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.О-д сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 8(найм) хоногийн 1(нэг) хоногийг 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас хассугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА