| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 184/2020/03344/И |
| Дугаар | 151/ШШ2021/00769 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2021/00769
| 2021 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2021/00769 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ,
Хариуцагч: Ж.И
Түрээсийн гэрээний үүрэгт нийт 9.191.880 төгрөг гаргуулах, мөн хүлээн авсан булан, хэв, тулаас зэрэг нийт 40 ширхэг, 1.488.000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биетээр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюут нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ““““““““-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.”“““““““ нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 17-327 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, манай компаниас 10х10 хэмжээтэй 4 ширхэг булан, 60х120 хэмжээтэй 28 ширхэг хэв, V-2 цагаан өнгийн тулаас 8 ширхэгийг тус тус түрээсэлж авсан ба одоо хүртэл тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөөгүй. Иймд Ж.”“““““““гоос тус бараа бүтээгдэхүүнийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ашигласан хугацааны түрээсийн төлбөр 9.191.880 төгрөг гаргуулах, мөн булан, хэв, тулаас зэрэг нийт 40 ширхэг, 1.488.000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биетээр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн үед гэрээнд гарын үсэг зураад авсан, энэ хугацаанд манай компаниас өөртэй нь олон удаа холбогдож энэ талаар хэлээгүй тул Гарын үсэг зураагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.
Хариуцагч Ж.”“““““““ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр захын хажууд машинтайгаа ачаа бараа зөөхөөр ачаа хайгаад зогсож байтал Мягмарсүрэн гэх танихгүй залуу ирээд надаар ачаа ачуулна гэсэн тул түүнийг дагаад нэг газар очсон. Тэгээд Мягмарсүрэн надаас миний иргэний үнэмлэхийг асуусан ба би үнэмлэхээ өгсөн. Мөн түүний ачуулна гэсэн барааг аваад Тэрэлж рүү хүргэж өгсөн. Би тэр залуутай уулзаад нэг газраас барилгын материал аваад нөгөө газарт хүргэж өгсөн нь үнэн. Тухайн үед яагаад миний иргэний үнэмлэхийг авсныг ойлгоогүй. Дараа нь энэ нэхэмжлэгч компанийн захирал ярихад нь энэ асуудлыг мэдсэн. Гэхдээ би Мягмарсүрэнг олоогүй, түүнийг Улаанбаатар хөгжил гэсэн компанийн захирал болохыг Голден жим ХХК-ийн захирал Ц.Баянмөнхөөс олж мэдсэн. Мягмарсүрэн тухайн үед Голден жим ХХК-ийн захиралтай тохироод Тэрэлжид ажил хийж өгөхөөр тохирсон боловч тухайн ажлаа хийгээгүй ба Голден жим ХХК-ийн захирал нь Мягмарсүрэнг бас олж, мөнгө төгрөгөө нэхэмжилмээр байна гэж байсан. Тухайн үед би ямар нэгэн гэрээ болон бараа хүлээн авсан зарлагын падаан дээр гарын үсэг зураагүй. Энэ асуудлаа шүүхэд өмнө нь мэдэгдэж байгаагүй миний буруу. Би бичиг үсэг тааруу мэддэг тул гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр бичдэг, гэтэл сая гэрээнээс үзэхэд миний нэрийг товч, таталсан байдалтай бичсэн байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”“““““““-иас хариуцагч Ж.”“““““““д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт нийт 9.191.880 төгрөг гаргуулах, мөн хүлээн авсан булан, хэв, тулаас зэрэг нийт 40 ширхэг, 1.488.000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биетээр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийн 7-9 дүгээр хуудаст 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17-327 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ авагдсан ба уг гэрээг ““““““““ болон иргэн Ж.”“““““““ нар байгуулж, Ж.”“““““““ нь тухайн компаниас 60х120 хэмжээтэй 28 ширхэг хуучин хэв, 10х10 хэмжээтэй 4 ширхэг хуучин булан, V-2 загварын цагаан өнгийн 8 ширхэг тулаас зэрэг бараа, материалыг түрээслэн авсан байна.
Мөн хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар дээрх бараа, материалыг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-19 өдөр хүртэл хугацаанд түрээслэн ашигласан тухай тооцоог гаргаж, нийт 9.191.880 төгрөгийг, мөн тухайн бараа материалыг биетээр хариуцагч Ж.”“““““““гоос гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ж.”“““““““ нь Би тухайн бараа материалыг Улаанбаатар хөгжил констракшн ХХК-ийн захирал Д.Мягмарсүрэнгийн гуйлтаар Голден жим ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот Гацууртад байрлах газарт аваачин буулгаж өгсөн. Тухайн бараа материалыг би өөртөө авч ашиглаагүй, миний иргэний үнэмлэхийг ашиглаж Д.Мягмарсүрэн миний өмнөөс ““““““““-тай гэрээ байгуулсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан ба тухайн хариуцагчийн тайлбарыг шалгах үүднээс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШЗ2021/01761 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээч томилж, дээрх гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийнх мөн эсэхийг тогтоолгохоор заасан.
Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1, 10.4.2, 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар тухайн шинжилж буй баримтаас өмнөх онд албан баримтад зурагдсан гарын үсгийн загвар, тухайн он буюу түүнээс хойш цаг хугацаанд зурагдсан гарын үсгийн загвар баримтуудыг хариуцагч ирүүлээгүйн улмаас шинжилгээ хийх боломжгүй болж, шүүгчийн захирамж буцаагдсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн гарын үсгийн загвар болох баримтуудаа ирүүлээгүйн улмаас шинжилгээ хийх боломжгүй болсон тул шүүх бусад баримтаар тогтоогдох эсэхийг шалгасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голден жим ХХК-иас Улаанбаатар хөгжил констракшн ХХК-тай байгуулсан гэрээ байгаа эсэхийг тодруулахад тус компанийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр Ийм гэрээ хэлцэл байгуулаагүй гэсэн хариу өгсөн, мөн гэрчээр оролцсон Ц.Баянмөнх нь Улаанбаатар хөгжил констракшн ХХК-ийн захирал Д.Мягмарсүрэнтэй гэрээ байгуулаагүй боловч түүнд 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн, тэрээр тухайн мөнгөндөө таарсан ажлаа хийж, 00-ын өрөөний суурийг цутгасан гэх мэдүүлэг өгсөн байна.
Харин дээрх баримтууд нь хариуцагч Ж.”“““““““гийн ““““““““-тай гэрээ байгуулан авсан хэв хашмалуудыг иргэн Д.Мягмарсүрэн авсан болохыг нотлохгүй байх бөгөөд гэрч Д.Баярсайханы Манай компани иргэн Ж.”“““““““той гэрээ байгуулсан, тэрээр өөрөө тухайн нэхэмжлээд байгаа бараа, материалыг хүлээн авч, ачаад явсан. Түүнээс бид гэрээний үүргийг шаарддаг байсан гэх мэдүүлгээр хариуцагчийн тайлбар няцаагдаж байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч ““““““““ нь хариуцагч Ж.”“““““““гоос түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хариуцагч Ж.”“““““““гоос Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүрэг 9.191.880 төгрөгийг, мөн гэрээний дагуу хүлээн авсан 60х120 хэмжээтэй 28 ширхэг хуучин хэв, 10х10 хэмжээтэй 4 ширхэг хуучин булан, V-2 загварын цагаан өнгийн 8 ширхэг тулаас зэрэг нийт 40 ширхэг, 1.488.000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биетээр тус тус гаргуулж нэхэмжлэгч ““““““““-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200.808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.”“““““““гоос 200.808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”“““““““-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хариуцагч Ж.”“““““““гоос Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүрэг 9.191.880 /есөн сая нэг зуун ерэн нэгэн мянга найман зуун ная/ төгрөгийг, мөн гэрээний дагуу хүлээн авсан 60х120 хэмжээтэй 28 ширхэг хуучин хэв, 10х10 хэмжээтэй 4 ширхэг хуучин булан, V-2 загварын цагаан өнгийн 8 ширхэг тулаас зэрэг нийт 40 ширхэг, 1.488.000 төгрөгийн үнэ бүхий бараа, материалыг биетээр тус тус гаргуулж нэхэмжлэгч ““““““““-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”“““““““-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200.808 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.”“““““““гоос 200.808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”“““““““-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА