| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/01033/И |
| Дугаар | 155/ШШ2021/01237 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2021/01237
| 2021 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2021/01237 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгчид Б.Мөнхтуяа, С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 11-06 тоотод оршин суух Ач хариад Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн 3-13 тоотод оршин суух Цагаан-Ураад Хн О-д холбогдох
Гэм хорын хохирол 14.037.207 (арвандөрвөн сая гучин долоон мянга хоёр зуун долоо) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2021/01033/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд, нэхэмжлэгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч овогтой М нь 2021 оны 05 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө X.Од толгойн тус газарт банз модоор цохиулж Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр зүүн талын чамархайд цус харвалтын голомтот өөрчлөлттэй, тархины зүүн талын чамирхайн хэсгээс доод суурь хүртэл 6,5 см хэмжээтэй шугаман хугаралтай, баруун нүдний дотор хана 1,3 см хэмжээтэй этмойд хөндий рүү 0,5 см цөмөрсөн хугаралтай, баруун дээд 1 дүгээр шүдэнд эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдож эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргээр гэмтлийн зэрэг тогтоогдсон. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр X.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч X.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Ч. М миний эрүүл мэндэд учруулсан гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж, 2021 оны 07 сарын 30-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ч. М би гэмтэл авснаас хойш Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлээд улмаар Улаанбаатар хотын Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлэн эмчилгээ хийлгэж байна.
Эмнэлэгээс гарснаас хойш одоог хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. Тархины гэмтлийн эмчилгээг 1,6 жил харъяа дүүргийн гэмтэл, мэдрэлийн эмчийн хяналтад улирал тутам заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн заалттай байгаа. Өдийг хүртэл эмчилгээ хийлгэхэд гараад байгаа бодит зардал 6,146,757 (зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин долоо) төгрөг, нүдний ухархайн хагалгааны үнэ 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг, Улаанбаатар хот явах унааны зардал 259,200 (хоёр зуун тавин есөн мянга хоёр зуу) төгрөг. Цаашид хийгдэх эмчилгээний эм тарианы үнэ 5,831,250 /таван сая найман зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг, нийт 14,737,207 (арван дөрвөн сая долоон зуун гучин долоон мянга хоёр зуун долоо) төгрөг. Үүнээс хариуцагч X.О 700,000 (долоон зуун мянга) төгрөг төлсөн. Иймд хариуцагч X. Огээс миний эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр болох 14,037,207 (арван дөрвөн сая гучин долоон мянга хоёр зуун долоо) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батхүрэл овогт Баярмаа нь хариуцагч Х.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч Ч.Маас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.М нь үндэслэлгүйгээр 14,037,207 төгрөгийг нэхэмжилж байна гэж үзэж байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч Ч.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Х.О нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний ойлгосноор Х.О нь миний эрүүл мэндэд учирсан хохирлоо бүрэн барагдуулна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан юм болов уу гэж ойлгож байгаа. Миний тархинд учирсан гэмтэл 1,6 жилийн дотор эмчлэгдэх тухай эмчийн дүгнэлтийг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан. Тархины гэмтэлд саруул байх үе гэж байдаг ба энэ нь хэдэн сар, жил ч үргэлжилж болдог. Эмчилгээний үр дүн болоод тархины эдгэрэлт муу байх юм бол гэмтлийн зэрэг нь хүндрэх ч магадлалтай байдаг юм. Хариуцагчаас санхүүгийн хувьд хүндрэл учруулсан гэж тайлбарлаж байгаа ч надад 700,000 төгрөг л өгсөн. Санхүүгийн хүндрэл учруулсан гэж бодохгүй байна. Би өөрөө эмчилгээний зардлаа гаргаж эмчлүүлж байгаа учраас эмчилгээний зардал их гарч байгаа төдийгүй сэтгэл санаа болон ажил хөдөлмөрийн хувьд маш их хохирол учирсан. Эрүүгийн хэргийг Прокурор шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Би 2021 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг хавсаргасан байсан. Шүүхээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Ингээд 2021 оны 9 дүгээр сард тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт 2021 оны 9 дүгээр сараас хойшхи хугацааны эмчилгээний зардал ороогүй. Би одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж байгаа. Миний судалснаар нүдний ухархайн хагалгаанд Улаанбаатар хотод орвол 2,500,000 төгрөг болох юм. Энэ хагалгаанд яаралтай орохгүй бол хараагүй болох эрсдэлтэй. Би нэхэмжлэлдээ цаашид гарах эмчилгээний зардал болох эмчийн бичиж өгсөн эмүүдийг эмчилгээний заалтад үндэслэн тэдгээрийн зах зээлийн үнэлгээг тооцож нэхэмжилсэн байгаа. Гэмтэл авч дархлаа суларснаас болж би ковед 19 өвчнөөр өвчилсөн. Дархлаагаа сайжруулахаар витамин авч ууж байсан.Дандаа нэг эмийн сангаас эм аваагүй, өөр эмийн сангуудаас ч авсан. Энэ эм тариануудыг эмчийн бичиж өгсөн зааврын дагуу авч хэрэглэсэн. Унааны зардалд 195.000 төгрөг гарсныг нэхэмжлсэн.Тэрнээс зунжин хэрэглэсэн бензины үнэ нэхэмжлээгүй.Цаашид хийгдэх эмчилгээний зардлаа дараа нэхэмжилхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгая. Харин эмчилгээний зардалд нийт 6.146.757 төгрөг гарснаас хариуцагч Х.Огийн прокурорын шатанд өгсөн 700.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Нью адонис ХХК-ний эмийн сангаас авсан эм буюу витамины баримт нийт 95736 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зуун наст эмийн сангаас авсан эмийн баримт 26.300 төгрөг, нийт 822.036 төгрөгийг хасч, үлдэх 5.324.721 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн орой манай гэрийн гадаа Ч.М, Үүрийнбаяр гэх 2 залуу ирж, манай нөхрийн бүл дүүтэй нийлж архи ууцгааж, шөнийн 10, 11 цаг болгосон учраас манай нөхөр Х.О одоо архиа боль, тарцгаа гэх шаардлага тавихад бүлэглэн манай нөхрийг зодсон. Би нөхрөө болоод Ч.М хоёрыг салгахаар дундуур нь орж, толгойдоо цохиулж, бид хоёр 2-лаа тархиндаа доргилт авсан. Тухайн үед би цагдаа дуудъя гэж бодсон боловч Ч.М, н.Үүрийнбаяр нар нь хоёулаа согтуу байсан учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасчих ч юм болов уу гэж бодоод цагдаа дуудалгүй явуулсан. Ингээд хэрэг явдал болсноос хойш 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ч.М манайд ирж, томограммийн зураг бидэнд үзүүлж, 850,000 төгрөгийн үнэтэй нүдний хагалгаанд орох гэж байна. 1,000,000 (нэг сая) төгрөг өгөөч гэж ирсэн учраас бид Ч.Мт өгөхийг зөвшөөрсөн. Энэ явдлаас хойш нөгөөдөр нь Ч.М Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Цагдаагийн байгууллагаар хэрэг шалгагдаж байх үед Ч.М нь зургаан сая төгрөг нэхэмжилж байсан. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 14,037,207 төгрөг нэхэмжилсэн.Үүнийг зөвшөөрөхгүй. Баримт юм нь эргэлзээгүй байвал гарсан бодит зардлыг төлнө. Гэртээ амарч байхад гэрийн гадаа ирж, согтууруулах ундааны зүйл хэрэглэж асуудал үүсгэчихээд одоо 14,037,207 төгрөг нэхэмжлээд байгааг бол зөвшөөрөх боломжгүй. Санхүүгийн байдал ч хүнд байна. Нөхөр маань байнгын цагдаагийн газраар явж, одоо аав маань Улаанбаатар хотод өнөө маргаашгүй болсон байдалтай байна. Манай нөхөр аавыгаа сахиж байгаа. Х.О бид хоёрын биед ч гэмтэл учирсан. Хөнгөн гэмтэл, хүнд гэмтлээрээ ялгагдаад байна. Хоорондоо зууралдаад байсан учраас би салгах гэж дундуур нь ороод толгой руугаа олон удаа цохиулсан. Ч.Мыг хуурамт баримт бүрдүүлсэн байна гэж үзэж байна. Ч.Мын авсан эмүүд нэг эмийн сангаас бүгдийг авсан байна. Ч.Мын эхнэр Нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогч ажилтай. Түүний эхнэр нь эмийн сангаас баримт бүрдүүлээд байдаг юм болов уу гэсэн бодол төрч байна. Ч.М анх 15,000,000 төгрөг өг гэж хэлж байсан. Амандаа орсон мөнгөө нэхэмжилж байна шүү дээ. Бодит хохирол гарсан бол зөвшөөрнө. Би Ч.Мтай хамт Улаанбаатар хот явж, эмчилгээ хийлгэе гэсэн боловч тэрээр надтай хамт яваагүй. Харин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн тухай баримтыг хавтаст хэрэгт өгсөн байна. Гэвч 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ч.М Мөрөн суманд эмнэлэгт хэвтэж байсан. Ямар учиртай баримт өгсийг нь ойлгохгүй байна. Мөн Ч.М нь нүдний хагалгаанд орно гэж тайлбарлаж байна. Нүдний хагалааны талаар эмнэлгийн байгууллагаас тодруулахад 0,5 сантиметрийн нүдний цөмрөл нь 14 хоногийн дотор эмчлэх боломжтой. 14 хоногоос дээш хоносон бол хагалгаад оруулах боломжгүй гэж тайлбарлаж байсан. Ч.М хавар ажлаа хийж чадахгүй байна гэж ярьсан учраас байгууллагын захиралтай нь очиж уулзахад ковид 19 өвчнөөр өвчилснөөс бусад үед ажилдаа ирж байгаа гэж хэлсэн. Хэрвээ хагалгааны зардал гээд бодит баримт байх юм бол би зөвшөөрнө. Мөн баримтууд витамин авсан талаарх баримтууд байдаг. Би ч ковид 19 өвчнөөр өвчилсөн. Витамин ууж л байсан. Нотлох баримтгүйгээр, амандаа орсон мөнгөө нэхэмжилж болохгүй шүү дээ.Мын гэмтэл учруулсан асуудал дээр маргах зүйлгүй байхгүй, тодорхой хэмжээний эмчилгээ хийлгэсэн байхыг үгүйсгэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,738,069 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Үүнээс 700,000 төгрөгийг төлсөн учир хасч, үлдэх 2,038,069 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Х.Од холбогдуулан гэм хорын хохиролд 14.037.207 (арван дөрвөн сая гучин долоон мянга хоёр зуун долоо) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эмчилгээний зардалд....төгрөг, замын зардалд....төгрөг, нийт 5.324.751 /таван сая гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун тавин нэг / төгрөг гаргуулахаар багасгасан.
Гэм буруугийн асуудлаар зохигчид хэн аль нь маргаагүй боловч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлоо тодорхойлон бүрдүүлсэн баримт нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.038.069 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,нэр,төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч Х.О нь 2021 оны 5 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө нэхэмжлэгч Ч.Мын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 5.129.751 төгрөг, замын зардалд 195.000 төгрөг, нийт 5.324.751 /таван сая гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун тавин нэг / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд...эмчилгээний зардалд нийт 6.146.757 төгрөг гарснаас хариуцагч Х.Огийн прокурорын шатанд өгсөн 700.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Нью адонис ХХК-ний эмийн сангаас авсан эм буюу витамины баримт нийт 95736 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зуун наст эмийн сангаас авсан эмийн баримт 26.300 төгрөг, нийт 822.036 төгрөгийг хасч, үлдэх 5.324.721 төгрөгийг гаргуулна...хэмээн тайлбарласан.
Гэвч тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд түүнд хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг танилцуулсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, эмчилгээний болон замын зардалд нийт 5.324.721 /таван сая гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадахгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Ч.М нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.038.069 /хоёр сая гучин найман мянга жаран ес/ төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.286.682 /гурван сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 9-15 дугаар хуудсанд авагдсан 700.000 төгрөгний хаан банкны шилжүүлгийн мэдээлэл хуулбар 1 хуудас, Тунамал эмийн сангийн НӨАТ-ын хуулбар 2 хуудас, Иргэнд очих баримтын хуулбар 2 хуудас, Нью адонис ХХК-ний НӨАТ-ын хуулбар 6 хуудас, Оюу эмийн сангийн НӨАТ-ын хуулбар 1 хуудас, Зуун наст иргэнд очих баримт хуулбар 1 хуудас, Монос Хөвсгөл ЭС НӨАТ-ын хуулбар 1 хуудас, нийт 13 хуудас бүхий эм худалдан авсан НӨАТ, Ник ХХК-иас шатахуун худалдсан авсан НӨАТ-ын хуулбар 5 хуудас, Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэгийн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлбөрийн дүн гэх хуулбар 1 хуудас зэрэг баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй,
Тодруулбал Хөвсгөл аймгийн прокурорын газар нь өөрийн байгууллагаас гаргасан бичмэл баримтанд өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарж баталгаажуулах байтал өөр байгууллагын гаргасан бичмэл баримтад Хөвсгөл аймгийн Проукрорын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгуужуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасныг зөрсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 100.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШЗ2021/02988 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 128.136 төгрөг төлөхийг хойшуулсан боловч нэхэмжлэгч уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 128.136 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 2.038.069 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 47.559 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Х.Огээс гэм хорын хохиролд 2.038.069 /хоёр сая гучин найман мянга жаран ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.286.682 /гурван сая хоёр зуун наян зургаан мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.000 / нэг зуун мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хойшуулсан 128.136 / нэг зуун хорин найман мянга нэг зуун гучин зургаа/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Х.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 47.559 /дөчин долоон мянга таван зуун тавин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.ОЮУНЖАРГАЛ