Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/380

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421004210419 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг хорооллын тоотод оршин суух иргэн хашаанд байх пинд нэвтэрч монгол гэрийн тооно, 2 ширхэг баганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 220,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ойрын өдрүүдэд гэртээ ганцаараа амьдарч байгаа. Би өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гарах үедээ гэрийн хаалга, дайман хаалгаа түгжээд гарсан. Тэгээд гадуур ажил амжуулж байгаад орой 17 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга гэрийн хаалганууд цоожтой, харин гэрийн хойд талд байрлах пингэний хаалга онгорхой байхаар нь очоод үзэхэд дотор нь байсан 4 ханатай монгол гэрийн тооно, 2 ширхэг багана хулгайд алдагдсан байхаар нь би Цагдаагийн газар руу дуудлага мэдээлэл өгөх гээд явж байгаад зүс таних гэх залуутай таарахад архи уучихсан байхаар нь “чи манай гэр рүү орсон уу, тооно, багана байхгүй байна” гэж хэлэхэд “би мэдэхгүй, аваагүй” гэж хэлээд явсан. Тэгээд би Зангиат хороололд элдэв янзын юм авдаг газар руу очиж хашаа руу нь ороход миний хулгайд алдсан монгол гэрийн тооно, багана байж байхаар нь би тухайн газрын эзэнтэй уулзаж асуухад өнөөдөр нэг залуу авчирч 40,000 төгрөгөөр зарсан гэхээр нь би шууд Цагдаагийн газарт очиж дуудлага мэдээлэл өгсөн. ... нь миний эзэмшлийн 4 ханатай монгол гэрийн тооно, хос баганыг зарсан газраасаа буцааж бүрэн бүтэн авч өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 21/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр монгол гэрийн тооно болон багана 40,000 төгрөгөөр зарна гэж ирэхээр нь би 40,000 төгрөгөөр худалдаж авсан. нь тооно, багана авчрах үедээ гэр хоолгүй болчихлоо гэж хэлээд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад гэрийн хойно байрлах тоглоомын талбай дээр очоод ганцаараа нэг шил архи уугаад хэсэг сууж байгаад тэндээсээ зүүн зүгт хорооллын тоотод танил гэрт нь очиход дайман хаалга нь онгорхой байхаар нь би дотогш ороод гэр рүү орох гэхэд гэр нь цоожтой байсан. Тэгээд гэрийнх нь хойд талын пин рүү очиж цоожийг нь эвдэж онгойлгоод дотор нь байсан монгол гэрийн тооно, 2 ширхэг баганыг аваад хашаанаас нь гарч Зангиат хороолол руу хашаандаа элдэв янзын юм зарж авдаг айл руу очоод тухайн гэрийн тооно болон 2 ширхэг баганыг 40,000 төгрөгөөр зарж тэндээсээ тоглоомын талбай руу буцаад явсан. Би тоглоомын талбай руу явж байх үедээ хүнсний дэлгүүр орж Агар нэртэй 0,75 граммын 2 шил архи, тамхи аваад тоглоомын талбай дээр очоод ганцаараа авсан архиа уусан. Тэгээд тэндээсээ би гэр рүүгээ явж байхад замд цагдаа таараад намайг дагуулаад цагдаагийн газар ирсэн. Би хохирогч монгол гэрийн тооно, хос баганыг зарсан газраасаа буцаан худалдан авч өгсөн. ...Би архи нэмж уух зорилгоор пингэний цоожийг эвдэж тооно, 2 ширхэг багана авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 52-53/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10/

- Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-34/

-  Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-230 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 39-42/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-60/

- иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61-62/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг хорооллын тоотод оршин суух хохирогч хашаанд байх пинд нэвтэрч монгол гэрийн тооно, 2 ширхэг баганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 220,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-221 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дамно үнэлгээ ХХК-ний РЦ-24-230 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.    

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт,  шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 3 сар 16 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.  

            Уг гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 220,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “******* миний эзэмшлийн 4 ханатай монгол гэрийн тооно, хос баганыг зарсан газраасаа буцааж бүрэн бүтэн авч өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 3 сар 16 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА