Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2022/00833

 

 

 

2022 04 13

181/ШШ2022/00833

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Х,

Нэхэмжлэгч: Х ХХК  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н газар,

Хариуцагч:  С ХХК нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Хариуцагч: Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Бум-Очир нар оролцов.

/Нэхэмжлэгч Ө.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 515 тоот шүүгчийн захирамжаар Ө.Х-аас 89,395,185 төгрөгийг гаргуулан Хинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Н газрын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Э.У шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сум 6 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 18696277559174 бүртгэлийн дугаартай 9.999 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн № 6/73 тоот тогтоолын дагуу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээний С XXК-ийн үнэлгээчин Г.О 693,244,928 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл миний бие 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний АТЕН ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 1,689,042,706,86 төгрөг гэж үнэлсэн. Энэ 2 үнэлгээний компани хоёулаа үнэлгээ хийх эрхтэй, хөндлөнгийн оролцоогүй үнэлсэн хэрнээ асар их их зөрүүтэй байгаа ба С ХХК-ийн хийсэн үнэлгээнд үнэхээр гомдолтой байна. Үүнд: С ХХК-ийн үнэлгээний тайланд 4.1-т үнэлгээний ажлын зорилго нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг тайлангийн өдрөөр бодитой хараат бусаар үнэлэхэд оршино /3 давхар 64-ийн тоосгон ханатай, 15х48 м.кв хэмжээтэй 70 хувийн барилгын гүйцэтгэлтэй үйлчилгээний барилгын төсвийг тооцоход л 2,1 тэрбум, харин газрын үнэ 161,1 сая төгрөг байна/, мөн 2.8.4-т Хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгийн хувьд орлого нь түрээсийн хэлбэрээр тухайн хөрөнгийг түрээслүүлснээс олж болох түрээсийн тооцоолсон орлого байдлаар тооцоолж болно гэсэн зарчмуудыг үнэлгээнд тусгасан мөртлөө түүнийг баримтлахгүй түрээсийн жиших хөрөнгө байхгүй тул орлогын хандлагын аргаар тооцоолоогүй, 5.3 Энэхүү үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагчаас ирүүлсэн албан хүсэлт, эрх бүхий байгуулагын шийдвэр, байгуулсан гэрээ, бидэнд гаргаж ирүүлсэн мэдээллүүдийг ... ашиглав гэх мэт шалтгааныг дурдан нэг тал /Захиалагч /-ын эрх ашгийг хэт дээдэлж үнэлгээ хийсэн ба миний өмчийг Үнэлгээний олон улсын стандартын 105-р зүйлийн 30.9-д зааснаар үнэлж буй хөрөнгөтэй ижил буюу төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар үнэлсэн эцсийн үнэлгээ 854,801,600 төгрөг гэж тогтоосон мөртлөө хамгийн багаар 693,244,928 төгрөгөөр үнэлж намайг хэт хохироох үйлдлийг хийсэн байна.

Мөн Барилгын чанарыг тогтоодог оношлогоо, судалгааны болон бусад мэргэжлийн байгууллагаар тогтоосон зүйлгүй мөртлөө үл хөдлөх болон газрын мэдээлэл хүснэгт 4 одоогийн барилгын чанарыг муу гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 7-д заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н газар, С ХХК-д холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №181/ШШ2018/00515 тоот захирамжаар хариуцагч Өргөндалайн Хишигмаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, зохигчид 88,899,629 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Н газрын шийдвэр гүйцэтгэгч Э.Уянга шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №18281185/03 тоот актаар битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №18281185/05 тоот тогтоолоор хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 1,6 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь бодит бус, зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээ байсан.

Банкны зүгээс төлбөр төлөгчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж, Н-ын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №6/73 тоот тогтоолоор С ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилсон.

Хөндлөнгийн шинжээч нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаартай, 2140 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, нэгж талбарын 000450441 дугаарт бүртгэлтэй 1 га газрыг чанар байдалтай нь танилцан фото зургаар баталгаажуулан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тайланд өнөөгийн зах зээлийн үнийг 693,244,928 төгрөгөөр үнэлсэн байна.

Тус хөрөнгийн үнэлгээний 27 хуудас тайлантай танилцан үзэхэд үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалт алдагдсан байдалтай танилцсан боловч ердийн ашиглаж болохуйц хөрөнгүүдтэй жишиж үнэлсэн, мөн харьцуулсан хөрөнгүүд нь Төв аймгийн Зуунмод хотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд байх ба энэхүү харьцуулсан байршлууд нь зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэргээр тэс ондоо тул харьцуулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 болон 9 дүгээр зүйлийн 9.2.3-т зааснаар үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаартай 2140 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, нэгж талбарын 000450441 дугаарт бүртгэлтэй 1 га газрыг 693,244,928 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 515 дугаар захирамжаар Ө.Х-гаас 88.899.629 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ө.Х өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9.999 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ө.Х өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9.999 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрыг тус тус битүүмжилж, хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөнд С" ХХК-иар үнэлгээг тогтоолгосон.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн томилоход төлбөр төлөгч Ө.Х өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9.999 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газрын хамт үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 693.244.928 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгч Ө.Х болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарт 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-153/10979 дугаартай үнэлгээний мэдэгдлийг биечлэн хүлээлгэн өгсөн. Анхны албан дуудлага худалдааны мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-153/11830 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч С ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

5. Нэхэмжлэгч Ө.Х-гаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 18281185 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 18281185/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Ч.М-д олгосон итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-183/10979 дугаар мэдэгдэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 181/ШЗ2021/07584 дугаар шүүгчийн захирамж, Б.Билгүүнд олгосон итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаар итгэмжлэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 4/153/10979 дугаар мэдэгдэл, С ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Э.Б-т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагч Н газраас шүүхэд 181/ГХ2018/00794 дугаар гүйцэтгэх хуудас, 181/ШЗ2018/09220 дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18281185 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 153/1 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Ө.Х мэдэгдэл, Мөнхжаргалын мэдэгдэл, итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 153/1 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 18281185/03 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 18281185/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 18281185/06 шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Н газар үнийн санал хүргүүлэх тухай Ч.Мөнхжаргалын хүсэлт, 6/73 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 18 дугаар итгэмжлэл, С ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-153/10979 дугаар мэдэгдлүүд, 7/28 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 4-153/11830 дугаар мэдэгдлүүд, ээлжийн амралт олгох хуудас, Д.Д-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Х, Х ХХК нарын Н газар, С ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2.1.Нэхэмжлэгч Ө.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө.Х миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2140 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 18696277559174 дугаартай 9.999 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг хэт багаар үнэлсэн, үнэлж буй хөрөнгөтэй ижил буюу төсөөтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар үнэлсэн эцсийн үнэлгээ 854,801,600 төгрөг гэж тогтоосон мөртлөө хамгийн багаар 693,244,928 төгрөгөөр үнэлсэн, барилгын чанарыг тогтоодог оношлогоо, судалгааны болон бусад мэргэжлийн байгууллагаар тогтоосон зүйлгүй мөртлөө үл хөдлөх болон газрын мэдээлэл хүснэгт 4-т одоогийн барилгын чанарыг муу гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн нь төлбөр төлөгчийн эрх ашгийг шууд хохироож байгаа тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.

2.2. Нэхэмжлэгч Х ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С ХХК-ийн үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалт алдагдсан байдалтай танилцсан боловч ердийн ашиглаж болохуйц хөрөнгүүдтэй жишиж үнэлсэн, мөн харьцуулсан хөрөнгүүд нь Төв аймгийн Зуунмод хотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд байх ба энэхүү харьцуулсан байршлууд нь зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэргээр тэс ондоо тул харьцуулах боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 болон 9 дүгээр зүйлийн 9.2.3-т зааснаар үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангахгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаагүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00515 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ө.Х-аас 88,899,629 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгох, хариуцагч Ө.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ө.Х өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2,140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999.6 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх21-22/

Н газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Ө.Х өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэгдсэн Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2,140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999.6 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №18281185/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №18281185/05 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх35-38/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ө.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч 1,689,042,000 төгрөг гэж үнийн санал гаргасныг төлбөр авагч Х ХХК зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 6/73 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-г шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна. /хх69-71/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Хариуцагч Н газар нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 6/73 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-г шинжээчээр томилж, шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх44-45/

Шинжээч С ХХК нь тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох Ө.Х өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэгдсэн Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2,140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999.6 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 693,244,928 төгрөгөөр үнэлснийг Н газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-153/10979 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна. /хх47-69,70-71,89/

Төлбөр төлөгч Ө.Х үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2021 оны 6 дугаар сарын 21ий өдөр, төлбөр авагч Х ХХК үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд С ХХК-ийн захирал Д.Дэлгэрсүрэн нь өөрийн компанийн үнэлгээчин Г.Отгонбаярт итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ. /хх46, 112-114/

С ХХК нь төлбөр төлөгч Ө.Х өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, зээлийн үнийг 693,244,928 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх90-116/

6.1. Нэхэмжлэгч Ө.Х нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний АТЕН ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 1,689,042,706,86 төгрөгөөр үнэлсэн, шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

С ХХК-ийн үнэлгээний тайланд Орлогын хандлагын аргаар тооцоогүй, Өртгийн хандлагын аргаар тооцоход 693,244,928 төгрөг, Жишиг үнийн хандлагын аргаар тооцоход 854,801.600 төгрөг. Дээрх гурван хандлагын тооцооллыг судалж үзээд өртгийн хандлагын аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг 693,244,928 төгрөгөөр тогтоов гэж дурдсан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13.1.1-т зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй тул өртгийн хандлагын аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг 693,244,928 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч Ө.Хг хэт хохироох үйлдлийг хийсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн, С ХХК-ийн үнэлгээчин тус үнэлгээг тогтоохдоо жишиг үнийн хандлагаар бус, өртгийн хандлагаар тооцож үнэлгээг 693,244,928 төгрөг гэж тогтоосон тул нэхэмжлэгч Х ХХК-ийн харьцуулах боломжгүй хөрөнгүүдтэй харьцуулсан гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Ө.Х, Х ХХК нарын Н газар, С ХХК нарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н газар, С ХХК нарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000027 дугаарт бүртгэгдсэн, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, Өвөржанчивланд байрлах 2,140 м.кв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Төв аймаг, Эрдэнэ сум, 5 дугаар баг, нэгж талбарын 18696277559174 дугаарт бүртгэлтэй 9,999.6 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 693,244,928 төгрөгөөр үнэлсэн С ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ө.Х, Х ХХК нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/07850 дугаар захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ